Ерөнхий чуулган
Ганц хувь сайжруулах
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Ганц хувь сайжруулах

Учир нь наманчлахад гаргадаг хүчин чармайлт маань бидэнд өчүүхэн мэт санагддаг ч таны амьдралд хамгийн том өөрчлөлтийг авчирч болно.

Их Британийн дугуйн спортын үндэсний шигшээ баг зуу гаруй жил дугуйн спортын ертөнцийн элэг доог болсон юм. Британийн дугуйчид амжилт гаргаж чадахгүй явсаар олимпын тэмцээнээс 100 жилд ердөө цөөн хэдэн алтан медаль хүртэж, 3 долоо хоног үргэлжилдэг Тур дэ Франс гэх дугуйн спортын хамгийн алдартай, тэсвэр тэвчээр шаардсан, хүнд бэрх уралдаанд 110 жилийн турш нэг ч удаа түрүүлээгүй нь бүр гайхал төрүүлж байв. Дугуй үйлдвэрлэгч компаниуд маш их хөлс хүчээр олж авсан нэр төрөө үүрд гутаалгах вий гэж айсандаа британичуудад дугуйгаа зарахаас татгалзсан нь Британийн дугуйчдын нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, бэлтгэл сургуулилалтын шинэ дэглэмд асар их нөөц бололцоогоо зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй аж.

Зураг
Британийн арлууд

Британийн дугуйн спортын хөгжлийг эгнэгт өөрчилсөн өчүүхэн, үл анзаарагдам өөрчлөлтийг 2003 онд хийх хүртэл тэдэнд юу ч тус болсонгүй. Уг шинэ арга зам нь өөрсдийгөө илүү сайжруулах гэж одоо бидний эрэлхийлдэг мөн ихэнхдээ тийм амар байдаггүй, мөнх бус амьдралын эрлийн талаарх амлалт бүхий мөнхийн зарчмыг бас илчилж байна. Тэгвэл Бурханы илүү сайн охид, хөвгүүд байх бидний хувийн эрэл хайгуулд хэрэг болох юу Британийн дугуйн спортод тохиолдсон бэ?

2003 онд Дэйв Брэйлсфорд гэдэг хүнийг ажиллуулахаар болжээ. Ганц хоногт огцом өөрчлөлт гаргах гэсэн өмнөх дасгалжуулагчдаас ялгаатай нь, ноён Брэйлсфорд “жижиг өөрчлөлтүүдээс том өөрчлөлтөд хүрэх зарчим” гэж нэрлэдэг стратегиа хэрэгжүүлсэн байна. Энэ нь хийдэг бүх зүйлээ үл ялиг сайжруулна гэсэн үг юм. Үүнд байнгын гол үзүүлэлтүүдийг хянах, тодорхой сул тал руу чиглэсэн бэлтгэл сургуулилт хийх зэрэг нь багтсан байна.

Энэ нь лемен үндэстэн бошиглогч Самуелын “хянамгай алха[х]” 1 гэж нэрлэсэнтэй төстэй. Илүү өргөн цар хүрээнд цогцоор нь авч үзсэнээр, бид зөвхөн ойлгомжтой асуудал эсвэл ил тод нүгэл дээр ихэвчлэн төвлөрөх урхинаас зайлсхийх болно. Брэйлсфорд ийн хэлсэн. “Энэ зарчим нь та дугуй унахад шаардагдах бүх зүйлийг задалж салгаад, ганцхан хувиар сайжруулж, дараа нь тэдгээрийг нэгтгэхэд л мэдэгдэм сайжирч буйг мэдрэх болно гэсэн санаанаас үүдэлтэй юм.” 2

Түүний хандлага 99 хувийн зардал гарсан байсан ч 1 хувийн ач холбогдлыг нь бидэнд заасан Их Эзэний хандлагатай гойд нийцэж буй мэт санагдсан. Мэдээж хэрэг, Тэрээр тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хайж олоход сайн мэдээ зайлшгүй болохыг зааж байсан. Харин бид сайн мэдээний гайхамшигт, хүсэмжит хоёр дахь зарчим болох наманчлалд үүнтэй адил зарчмыг хэрэгжүүлбэл ямар байх вэ? Нүгэл, наманчлал хоёрын хоорондох эцэс төгсгөлгүй мэт санагдах үймээн самуун, урам хугарал, огцом савлагаанд арга мухардахын оронд бид анхаарлаа илүү нарийн төвлөрүүлж, өргөн хүрээгээр сайжруулах хандлагатай байсан бол яах вэ? Бүх зүйлийг төгс төгөлдөр болгох гэж оролдохын оронд нэг зүйлийг шийдвэрлэх гэж оролдвол ямар байх бол?

Жишээлбэл, та өөрийн нөхцөл байдлыг шинэ өргөн өнцгөөр харахдаа, Мормоны Номыг өдөр бүр уншихгүй байгаагаа олж мэдвэл яах вэ? Тэгээд нэг шөнийн дотор 531 хуудсыг бүгдийг нь шахаж уншихын оронд та зөвхөн ганцхан хувийг нь, өөрөөр хэлбэл таван хуудсыг юм уу одоогийн нөхцөл байдалдаа тохирсон өөр арга замыг туршиж үзвэл ямар вэ? Бидний амьдрал дахь жижиг боловч тогтмол өөрчлөлтүүдийн нийлбэр биднийг хамгийн их зовоодог хувийн алдаа дутагдлуудаа ялах эцсийн арга зам байж болох уу? Өө сэвээ бага багаар дарах хандлага үр дүнтэй байдаг уу?

Нэр хүндтэй номын зохиолч Жэймс Клийр математикаар бол энэ стратегийг амжилтад хүргэнэ гэж хэлсэн байдаг. Тэрээр “Дадал бол өөрийгөө хөгжүүлэхийн ‘нийлмэл хүү’ юм. Хэрэв та өдөр бүр ямар нэг зүйлд ердөө ганцхан хувь сайжирч чадвал жилийн эцэст 37 дахин сайжирсан байх болно. 3

Брэйлсфордын жижиг сайжруулалтууд сэлбэг хэрэгсэл, хувцас өмсгөлийн материал, бэлтгэл сургуулилт хийх хэв маяг зэрэг ойлгомжтой зүйлүүдээс эхэлсэн. Гэхдээ түүний баг үүгээр зогсоогүй. Тэд хоол тэжээл, засвар үйлчилгээ зэрэг анзаарагддаггүй, санаанд оромгүй зүйлүүдээ ганц хувь сайжруулахыг үргэлжлүүлэн эрэлхийлсэн. Цаг хугацаа өнгөрөхөд эдгээр болон тоолж баршгүй бусад бичил сайжруулалтын нийлбэр нь хэний ч төсөөлж байснаас илүү хурднаар гайхалтай үр дүнд хүргэжээ. Үнэн хэрэгтээ, тэд “шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг” 4 гэх мөнхийн зарчмыг хэрэгжүүлж байв.

Эдгээр жижиг сажиг залруулга таны хүсэж буй “хүчит өөрчлөлтийг” 5 авчрах болов уу? Зөв зохистой хэрэгжүүлбэл энэ нь танд тохирно гэдэгт би 99 хувь итгэлтэй байна. Гэхдээ энэ хандлагад анхаарах ёстой нэг зүйл бол хэрэгтэй жижиг өөрчлөлтийг гаргахын тулд өдөр шөнөгүй, тууштай хичээж чармайх явдал юм. Бид төгс төгөлдөр байж чадахгүй ч тэвчээрээ тууштай зантайгаа хослуулахыг шийдсэн байх шаардлагатай. Үүнийг хийвэл, зөв шударга байдлаа нэмэгдүүлсний тань сайхан шагналд таны хайж буй баяр баясгалан, амар амгаланг авчрах болно. Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан. “Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.” 6

Зураг
Гичийн үр
Зураг
Гичийн мод

Энэхүү наманчлалын өмнөх итгэлийн талаар судруудад тодорхой дурдсан байдаг. Эхлээд шаарддаг зүйл бол “итгэлийн жижиг хэсэг” 7 төдийхөн юм. Хэрэв бид “гичний үр” 8 төдийхөн сэтгэлгээтэй болж чадах л юм бол, амьдралдаа гэнэтийн болон онцгой сайжралтыг хүлээн авах болно. Гэхдээ бид Аттила хаан байж байснаа Тереза эх болох гэж нэг өдрийн дотор оролддоггүй шиг, сайжруулах хэв загвараа үе шаттайгаар чиглүүлэх ёстой гэдгийг санаарай. Та амьдралдаа олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй байсан ч бага багаар эхэл. Ялангуяа таныг наманчлалаас болж цөхрөх юм уу сэтгэлээр унахыг мэдрэх үед энэ нь үнэн байдаг.

Энэ үйл явц үргэлж шув шулуун хэв загвараар явагддаггүй гэдгийг сана. Хамгийн шийдэмгий хүмүүст ч гэсэн ухрах хэрэг гардаг. Өөрийнхөө амьдрал дээр энэ бухимдлыг мэдэрсэн болохоор энэ нь заримдаа 1 хувь урагш, 2 хувь арагш алхан явах мэт санагддаг гэдгийг би мэднэ. Гэсэн ч, хэрэв бид тэрхүү ганц хувийн өөрчлөлтийг яаж ийж байгаад тогтмол гаргах шийдэмгий байдалдаа шантрахгүй хэвээр байвал “өвчин зовлонг маань үүр[сэн]” 9 Тэрээр биднийг үүрэх нь дамжиггүй.

Мэдээж, хэрэв бид ноцтой гэм нүгэл үйлдсэн бол нүгэл үйлдэхээ зогсоож, бишопоосоо тусламж аван, нэн даруй уг зан үйлээсээ татгалзах хэрэгтэйг Их Эзэн тов тодорхой хэлсэн. Гэхдээ ахлагч Дэвид А.Бэднар “Сүнслэг байдлаа бага боловч тогтмол байдлаар улам бүр сайжруулдаг байх нь Их Эзэний биднээс хийхийг хүсдэг алхам юм. Бурханы өмнө гэмгүй алхахад бэлтгэх нь мөнх бус амьдралын үндсэн зорилгуудын нэг бөгөөд насан туршийн эрэл хайгуул билээ. Энэ нь түр зуурын хүчтэй сүнслэг үйл ажиллагаанаас үүдэлтэй биш юм” 10 гэж заасан.

Зураг
Британийн арлууд

Тэгэхээр наманчлалд болон бодит өөрчлөлтөд хандах энэхүү бяцхан зөвлөгөө үнэхээр үр дүнтэй байдаг уу? Баталгаа нь дугуйны дөрөөг жийхэд байна уу? Энэ философийг хэрэгжүүлснээс хойших сүүлийн хорин жилд Британийн дугуйн спортод юу тохиолдсоныг олж мэдэхийг зөвлөж байна. Британийн дугуйчид домогт Тур дэ Франст зургаан удаа гайхамшигт ялалтыг үзүүлээд байна. Өнгөрсөн дөрвөн олимпын наадмын турш Их Британи дугуйн спортын бүх төрөлд хамгийн амжилттай оролцсон орноор тодроод байна. Саяхан болж өндөрлөсөн Токиогийн олимпын дугуйн спортын төрөлд Их Британи бусад орноос илүү олон алтан медаль хүртсэн билээ.

Зураг
Олимпын аваргууд

Британийн дугуйчдын зураг (цагийн зүүний дагуу зүүнээс) Фрийдэмэнн Вогэл, Жон Жайлс, Грэг Бэйкэр/Getty Images

Гэвч дэлхийн алт, мөнгөнөөс хамаагүй илүү чухал, мөнх амьдралд хүрэх замын бидний үнэ цэнтэй амлалт бол бид үнэхээр “Христ дотор ямагт ял[даг]” 11 явдал юм. Мөн биднийг бага боловч тогтмол сайжруулахаар амлахад бидэнд “алдрын гандашгүй титмийг” 12 өгөх болно. Тэгээд би таныг ч мөн адил алдар сууны бүдгэршгүй гэрэлд жаргаж суухын төлөө амьдралаа хянаж, гэрээний зам дээр таныг юу удаашруулж эсвэл бүр царцааж байгааг олж харахад урьж байна. Дараа нь илүү өргөн хүрээгээр хараарай. Бага зэрэг л сайжрахын баяр баясгаланг авчирч болох даруу мөн боломжит засваруудыг амьдралдаа хий.

Давид дийлдэшгүй мэт харагдах аварга том биетийг ялахдаа ганцхан жижиг чулуу ашигласан гэдгийг санаарай. Гэхдээ тэр өөр дөрвөн чулуу бэлдсэн байсан. Үүнтэй адилаар, залуу Алмагийн ёс бус зан авир, мөнхийн хувь заяаг нэгэн энгийн боловч өвөрмөц бодол буюу Есүс Христийн аврагч ач ивээлийн тухай аавынх нь сургаалыг санагдуулсан бодол өөрчилсөн юм. Мөн бидний хувьд ч, нүгэл үгүй Аврагчийн хувьд ч гэсэн “эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа.” 13

Зураг
Есүс Христ

Энэ бол бор шувууны хэзээ унахыг мэддэг шиг, бидний амьдралын цаг минут, чухал мөчүүд дээр төвлөрч, энэ чуулганаас үүдэн өөртөө зориулах ганц хувийн өөрчлөлтөд тань туслахад яг одоо бэлэн байдаг Тэр юм. Учир нь өөрчлөхөд гаргадаг хүчин чармайлт бүр маань бидэнд өчүүхэн мэт санагддаг ч таны амьдралд хамгийн том өөрчлөлтийг авчирч болно.

Ийм зорилгоор ахлагч Нийл А.Максвэлл “Шударга хүслийн нотолгоо бүр мөн үйлчлэлийн үйлдэл бүр мөн шүтэн бишрэх үйлдэл бүр нь хэдий өчүүхэн, урт хугацааных байсан ч бидний сүнслэг мөчийг нэмэгдүүлдэг” 14 гэж заасан. Үнэндээ өчүүхэн, энгийн, мөн тийм ээ, бүр ганцхан хувь зүйлс ч гэсэн улиран авчрагдаж болдог. 15 Эцсийн ялалт бол бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн хүч чадал, ач тус, нигүүлслээр дамжуулан “бидний хийж чадах бүхний дараа” 16 100 хувь баттай байдаг. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.