Ерөнхий чуулган
Эмх цэгц, дэс дарааллын өргөө
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Эмх цэгц, дэс дарааллын өргөө

Их Эзэний хүүхдүүддээ чухал зарчмуудыг заах энгийн, бодит, үр дүнтэй арга зам бол “дэс дараа” юм.

Ажил мэргэжлийн хувьд ч, Сүм дэх дуудлагын хүрээнд ч би олон удаа үг хэлж байсан ч ард сууж байгаа 15 ахын өмнө бол анх удаа үг хэлэх гэж байна. Би та бүхний мөн тэдний залбирлыг мэдэрдэг.

Ах, эгч нар аа, би Номхон далайн өмнөд хэсэгт орших Тонгагийн Вант улсын уугуул иргэн боловч Хойд Америкт өссөн. Дэлхий даяар үйлчилж буй олон зуу, магадгүй мянга мянган, залуухан тонга номлогч цар тахлаас болж хил хаагдсаны улмаас хайрт эх орондоо буцаж ирэх боломжгүй байна. Зарим тонга ахлагч гурван жил, эгч нар хоёр жил гаруй хугацаанд номлолдоо үйлчилж байна. Манай ард түмний таниулсан итгэлтэй байдлыг тэд харуулж, тэвчээртэй хүлээсээр байна. Танай тойрог, гадсанд үйлчилж буй тэдний зарим нь энэ хооронд үс нь бууралтаж, нас нь ахиж, надтай илүү адилхан харагдаж эхэлбэл бүү санаа зовоорой. Цар тахлын улмаас, төлөвлөж байснаасаа илүү удаан эсвэл богино хугацаагаар хичээнгүйлэн үйлчилж буй номлогчдын чин сэтгэлийн үйлчлэлд бид талархаж байна.

Дикон байхдаа, нэгэн ням гарагт сүмийн үүдний танхимд ариун ёслолын усыг түгээж байхад минь нэг эмэгтэй хоцорч орж ирлээ. Үүргийнхээ дагуу, намайг түүн рүү очин, уснаас өгөхөд, тэрээр толгой дохин инээмсэглээд, аягатай уснаас авсан. Тэр талх хүртэх ёслолоос хоцорсон байв. Үүний дараахан, манай гэрийн багш Нэд Бримли надад Есүс Христийн сайн мэдээний олон тал болон адислалууд бидэнд дэс дараатай өгөгддөг талаар зааж билээ.

Нэд Бримли хамтрагчтайгаа долоо хоногийн сүүлээр манайд ирж, мартахын аргагүй нэгэн хичээлийг заасан. Бурхан дэлхийг хэрхэн дэс дараатай бүтээснийг Нэд бидэнд сануулсан. Их Эзэн Мосед дэлхийг бүтээсэн дэс дарааг их анхааралтай тайлбарласан байдаг. Эхлээд Тэрээр гэрлийг харанхуйгаас, дараа нь усыг хуурай газраас салгав. Тэр шинээр үүсгэсэн гараг дээр ургамал, амьтдыг нэмж, дараа нь Өөрийн хамгийн агуу бүтээл болох Адам, Ева хоёроос эхэлсэн хүн төрөлхтнийг танилцуулсан.

“Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. …

Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа” (Эхлэл 1:27, 31).

Энэ бүгд Их Эзэнд таалагджээ. Тэгээд Тэр долоо дахь өдөр нь амрав.

Дэлхийг бүтээсэн энэхүү дэс дараа нь Бурханы хувьд хамгийн чухал зүйл юу вэ гэдгийг зэрвэс харуулаад зогсохгүй, энэ дэлхийг тэр яагаад, хэнд зориулан бүтээснийг харуулдаг.

Зураг
Нэд Бримли гэр бүлийн хамт

Нэд Бримли сүнслэгээр өдөөгдсөн хичээлээ “Ваи, Бурханы өргөө бол дэг журмын өргөө юм. Тэрээр эмх цэгцтэй амьдрахыг чамаас шаарддаг. Зохих дэс дарааллын дагуу. Тэр гэрлэхээсээ өмнө номлолд үйлчлэхийг чамаас хүсдэг” гэсэн энгийн үгээр төгсгөсөн. Энэ талаар саяхан Сүмийн удирдагчид ”Их Эзэн боломжтой бүх залуу эрэгтэйг номлолд үйлчлэхээр бэлтгэхийг нь хүсэн хүлээдэг. … Номлолд үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүд ч … мөн адил бэлтгэх хэрэгтэй” гэж заасан (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 24.0, ChurchofJesusChrist.org). Бримли ах цааш нь, “Үр хүүхэдтэй болохоосоо өмнө гэрлэхийг Бурхан чамаас шаарддаг. Мөн тэрээр чамаас боловсрол эзэмшин авьяас чадвараа байнга хөгжүүлэхийг хүсдэг.” Хэрвээ та буруу дэс дарааллаар амьдрахыг сонговол амьдрал илүү хэцүү, эмх замбараагүй болдгийг олж мэдэх болно.

Өөрсдийн болон бусдын муу сонголтын улмаас эмх замбараагүй, дэс дараагүй болсон амьдралаа дэг журамтай болгоход Аврагч бидэнд Өөрийн цагаатгагч золиосоор дамжуулан тусалдаг гэдгийг бас Бримли ах бидэнд заасан.

Тэр цагаас хойш “дэс дараа” миний сонирхлыг татах болсон юм. Би амьдралаас болон сайн мэдээнээс дэс дарааллыг хайх дадлыг хөгжүүлсэн.

Ахлагч Дэвид А.Бэднар энэхүү зарчмыг “Бид Есүс Христийн сайн мэдээнээс сурч, үүний дагуу амьдарснаар үйл явдлын дэс дараалал чухал болохыг ойлгодог. Жишээлбэл, Аврагчийн сайн мэдээ бүрэн дүүрэн сэргээгдсэн хожмын үед болж өнгөрсөн чухал үйл явдлуудын дарааллаас бид сүнслэг зүйлсийн хувьд юуг эн тэргүүнд тавих талаар мэдэж авдаг” гэж заасан.

Ахлагч Бэднар Анхны үзэгдэл, бошиглогч болох хөвгүүнд зааж буй Моронайн анхны айлчлал, Бурханы мөн чанар, дүр төрх, Мормоны Номын гүйцэтгэх үүрэг, сүүлчийн эрин үед хөшигний хоёр талд Елиагийн Израилыг цуглуулахад гүйцэтгэх үүрэг зэргийг жагсаасан.

Ахлагч Бэднар “Энэхүү дэс дараа нь сүнслэг зүйлсийн хувьд Бурхан юуг эн тэргүүнд тавьдаг тухай мэдэхэд бидэнд тусалдаг” гэж төгсгөжээ (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28).

Их Эзэний хүүхдүүддээ чухал зарчмуудыг заах энгийн, бодит, үр дүнтэй арга зам бол “дэс дараа” юм гэдгийг би ажигласан.

Бид сурч мэдэн, туршлага олж авахын тулд дэлхийд ирсэн бөгөөд үүнийг өөрөөр авах боломжгүй. Бидний өсөлт хөгжил хүн нэг бүрийн хувьд өвөрмөц бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Бидний бие махбод, сүнслэг өсөлт хөгжил үе шаттайгаар эхэлж, дэс дараатай туршлага хуримтлуулахын хэрээр аажим хөгждөг.

Алма үрийн зүйрлэлийг ашиглан, хэрвээ зохих ёсоор арчилж, тэжээж чадвал зулзаган мод ургасаар, боловсорч гүйцсэн мод болж, улмаар амтлаг жимс өгдөг хэмээн итгэлийн талаар хүчирхэг сургаал айлджээ (Алма 32:28–43-ыг үзнэ үү). Өөрсдийн зүрх сэтгэлд үр суулгаж, тухайлбал Бурханы үгийг оруулах зай гаргаж өгөн, арчлах тусам та нарын итгэл өсөн нэмэгдэх болно хэмээх сургамжийг бид үүнээс авдаг. Бурханы үг “та нарын цээжинд өсөж эхлэх” (28-р шүлэг) үед таны итгэл өсөн нэмэгдэх болно. “Өсөж мөн соёолж мөн ургаж эхэлнэ” (30-р шүлэг) гэдэг нь харагдахуйц бөгөөд сургамжтай юм. Энэ нь бас дэс дараатай явагддаг.

Бидний сурч мэдэх чадвар, хэрхэн сурдаг зэргээс хамааран Их Эзэн бидэнд тус тусад нь заадаг. Бидний өсөлт хөгжил бидний хүсэл, сониуч зангаас мөн итгэл, ойлголтын түвшнээс шууд хамааралтай.

2300 гаруй жилийн дараа Огайогийн Көртландад Иосеф Смитийн сурч мэдэх зүйлсийн талаар буюу “Их Эзэн Бурхан хэлэв: Учир нь болгоогтун, би хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний дүрмүүдийг анхааран сонсох, мөн миний зааварт чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно” (2 Нифай 28:30) гэдгийг Нифай мэдэж авсан.

“Шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг” гэдэг нь мөн л дэс дараалал юм гэдгийг бид мэдэж авч байна.

Амьдралынхаа ихэнх хугацаанд сонсож байсан, “Эхэнд байгаа зүйлийг эхэнд л хийх ёстой” эсвэл “Мах өгөхөөс өмнө сүү өг” хэмээх хэллэгүүдийг аваад үзье. “Бид гүйхээсээ өмнө алхах хэрэгтэй” гэдгийн тухайд юу гэмээр байна? Эдгээр суурь ойлголт дэс дарааг дүрсэлдэг.

Гайхамшгууд дэс дараатай явагддаг. Итгэлээ эхлээд хэрэгжүүлэхэд л гайхамшиг тохиодог. Гайхамшгийн өмнө итгэл байдаг.

Түүнчлэн залуу эрэгтэйчүүдийг Аароны санваарын албанд насны дарааллаар дикон, багш, прист гэж томилдог.

Аврал, өргөмжлөлийн ёслолууд дэс дараалсан шинж чанартай. Ариун Сүнсний бэлэг хүлээн авахаасаа өмнө бид баптисм хүртдэг. Ариун сүмийн ёслолууд мөн адил дэс дараатай байдаг. Мэдээж, миний найз Нэд Бримлигийн надад ухаалгаар заасан шиг, ариун ёслол ч бас дэс дараатай явагддаг буюу эхлээд талхнаас, дараа нь уснаас хүртдэг.

“Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ.

Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа.

Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь юм” (Maтай 26:26–28).

Иерусалимд болон Америк тивд Аврагч ариун ёслолыг яг адил дэс дарааллаар явуулсан.

“Болгоогтун, миний өргөө болбоос будилахын өргөө бус, харин дэг журмын өргөө мөн хэмээн Их Эзэн хэлж байна” (Сургаал ба Гэрээ 132:8).

Наманчлал дэс дараатай явагддаг. Энэ нь жижиг ч гэсэн Есүс Христэд итгэх итгэлээр эхэлдэг. Итгэл нь ”харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” (2 Нифай 2:7) байхын нэгэн чухал хэсэг болох даруу байдлыг шаарддаг.

Үнэндээ, сайн мэдээний эхний дөрвөн зарчим дэс дараатай байдаг. “Бид Сайн мэдээний анхдагч зарчим болоод ёслолууд нь, нэгдүгээрт: Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, хоёрдугаарт: Наманчлал, гуравдугаарт: Нүглээс ангижрахын тулд усанд умбуулан хийгдэх баптисм, дөрөвдүгээрт: Толгой дээр гар тавиулан хүртэх Ариун Сүнсний бэлэг гэдэгт итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:4).

Хаан Бенжамин өөрийн хүмүүст дараах чухал үнэнийг заасан. “Мөн эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэд хийгддэг байхыг мэдэгтүн; учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй. Мөн үүнчлэн, тэрээр хичээнгүй байх шаардлагатай, тэгснээр тэр шагналыг хожиж болохын тулд бөлгөө; тиймийн тул бүх зүйл эмх цэгцэд хийгдэх ёстой” (Moзая 4:27).

Бид эмх цэгцтэй амьдарч, Их Эзэний бидэнд заасан дэс дарааг дагахыг эрэлхийлдэг байгаасай. Их Эзэний Өөрт нь юу хамгийн чухал болохыг заадаг хэв загвар, дэс дарааллыг хайж, дагаж мөрдвөл бид адислагдах болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.