Ерөнхий чуулган
Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү?
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү?

Аврагчийн эдгээх хүч бол зөвхөн бидний бие махбодыг эдгээх чадвар биш, магадгүй түүнээс ч илүү чухал зүйл болох бидний зүрх сэтгэлийг эдгээх чадвар байсан.

Номлолынхоо дараахан, Бригам Янгийн Их Сургуульд сурч байхад минь нэгэн өдөр аав минь над руу утсаар ярьсан юм. Тэр нойр булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд давж гарах магадлал тийм өндөр биш ч гэсэн эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орохоор шийдсэн гэдгээ надад дуулгаж билээ. Тэрхүү мэдээг сонсоод, миний сэтгэл ихэд зовнив. Аав минь миний бишоп, найз, зөвлөх байсан. Ээж, ах, эгч, дүү нартайгаа ирээдүйгээ төсөөлөн бодоход бүрхэг санагдаж байлаа. Миний дүү Дэйв Нью-Йоркт номлолд үйлчилж байсан бөгөөд гэр бүлд маань тохиолдож буй энэ хүнд хэцүү үйл явдалд алсаас оролцож байв.

Тэр өдөр уулзсан эмч, мэргэжилтнүүд хорт хавдрын тархалтыг бууруулахын тулд мэс засал хийлгэхийг санал болгов. Манай гэр бүлийнхэн чин сэтгэлээсээ мацаг барьж, гайхамшгийн төлөө залбирсан. Бидэнд аавыгаа эдгэнэ гэдэгт итгэх хангалттай итгэл байгааг би мэдэрсэн. Хагалгааных нь өмнөхөн Норм ах, бид хоёр аавдаа адислал өгөв. Бид байгаа бүхий л итгэлээ шавхан, түүнийг эдгээхийн төлөө залбирсан.

Хагалгаа олон цагаар үргэлжлэх ёстой байсан ч хэсэгхэн хугацааны дараа эмч хүлээлгийн өрөөнд орж ирж, манай гэр бүлийнхэнтэй уулзлаа. Тэд мэс засал хийж эхэлмэгц, хорт хавдар аавын минь бүх биеэр тархсан болохыг олж харснаа бидэнд хэлэв. Тэдний ажигласнаар, аавд минь хэдхэн сар л амьдрах хугацаа үлдсэн ажээ. Бид бүр цочролд оров.

Аав маань хагалгаанаас сэрээд, мэс засал нь амжилттай болсон эсэхийг мэдэхийг ихэд хүсэж, санаа нь зовж байв. Бид түүнд муу мэдээг дуулгав.

Бид үргэлжлүүлэн мацаг барьж, гайхамшгийн төлөө залбирсаар байлаа. Аавын биеийн байдал хурдан муудсан тул бид түүнийг өвдөлтгүй байхын төлөө залбирч эхлэв. Эцэст нь түүний биеийн байдал улам муудах тусам бид Их Эзэнээс мөнх бус амьдралыг хурдан орхихыг түүнд зөвшөөрөөч хэмээн гуйсан. Мэс засал хийсэн эмчийн хэлснээр, хагалгаанаас хойш хэдхэн сарын дараа аав маань амьсгал хураав.

Тойргийн гишүүд, гэр бүлийн найз нөхөд маань манай гэр бүлд асар их хайр халамжийг үзүүлсэн. Аавын минь амьдралыг хүндэтгэсэн оршуулгын ёслол сайхан болж өнгөрөв. Цаг хугацаа өнгөрөх тусам бид аавынхаа орон зайг үгүйлэн, шаналж байсан бөгөөд би аав минь яагаад эдгээгүй юм бол гэж бодлогошрох болов. Миний итгэл хангалттай хүчтэй байгаагүй юм болов уу ч гэж бодох боллоо. Яагаад зарим гэр бүл гайхамшгийг хүлээн авч, харин манай гэр бүл аваагүй юм бэ? Би номлолд байхдаа хариулт авахын тулд сударт хандах талаар сурч мэдсэн байсан тул судраас хайж эхлэв.

Хуучин Гэрээнд Гилеадад ургадаг бутнаас гаргасан шарх эдгээх зориулалттай анхилуун үнэртэй амт оруулагч буюу тосны талаар гардаг. Хуучин Гэрээний үед уг тос нь “Гилеадын гавар” 1 хэмээн нэрлэгддэг байжээ. Бошиглогч Иеремиа хүмүүстээ тохиож буй гай гамшгийн талаар гашуудан, тэднийг эдгээхийг хүсжээ. Иеремиа “Гилеадад ямар ч гавар байхгүй гэж үү? Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү?” 2 хэмээн асуудаг. Утга зохиол, хөгжим, урлагт Аврагч Есүс Христийг гайхалтай эдгээх хүчнийх нь улмаас Гилеадын Гавар гэж нэрлэдэг. Би Иеремиагийн адил “Гилеадад Нийлсоны гэр бүлд зориулсан гавар байхгүй юу?” гэж асууж байв.

Шинэ Гэрээний Марк номын 2-р бүлэг дээр Аврагч Капернаумд ирсэн талаар гардаг. Аврагчийн эдгээх хүчний тухай яриа газар бүрд тархсан бөгөөд олон хүн Аврагчаар эдгээгдэхийн тулд Капернаумд иржээ. Аврагчийн байрлаж байсан байшингийн эргэн тойронд маш олон хүн цугларсан байсан тул Түүнд бүгдийг нь хүлээж авах зай байсангүй. Дөрвөн хүн саа өвчтэй нэгэн эрийг Аврагчаар эдгээлгэхээр авч иржээ. Тэд олны дундуур явах боломжгүй байсан тул байшингийн дээврийг салган, өнөөх эрийг Аврагчтай уулзуулахаар доош буулгав.

Би энэ түүхийг уншиж байхдаа, Аврагч тэр хүнийг хараад “Хүү минь, нүгэл чинь уучлагдсан” 3 гэснийг уншаад гайхаж билээ. Хэрвээ би уг эрийг үүрч явсан дөрвөн хүний нэг байсан бол Аврагчид хандан “Бид түүнийг эдгээлгэх гэж энд авчирсан шүү дээ” гэж хэлэх байсан байх. Хариуд нь Аврагч “Би түүнийг эдгээсэн” гэж хэлэх байсан болов уу гэж би бодож байна. Аврагчийн эдгээх хүч бол зөвхөн бидний бие махбодыг эдгээх чадвар биш, магадгүй түүнээс ч илүү чухал зүйл болох бидний зүрх сэтгэлийг болон миний гэр бүлийнхний эмтэрсэн сэтгэлийг эдгээх чадвар байсныг би бүрэн ойлгоогүй байсан байх боломжтой юу?

Ийнхүү Аврагч тэр хүнийг бие махбодын хувьд эдгээхдээ энэ туршлагаараа дамжуулан чухал сургамж өгсөн билээ. Түүнийг сохор хүмүүсийн нүдэнд хүрэхэд тэд харж чаддаг болсон, дүлий хүмүүсийн чихэнд хүрэхэд тэд сонсдог болсон, алхаж чаддаггүй хүмүүсийн хөлд хүрэхэд тэд алхдаг болсон бөгөөд Тэрээр бидний нүд, чих, хөлийг эдгээж чадна. Гэхдээ хамгийн чухал нь, биднийг нүглээс цэвэршүүлж, хэцүү сорилтын үед биднийг өргөн дэмжихдээ зүрх сэтгэлийг маань эдгээж байдаг гэсэн захиасыг би ойлгосон юм.

Аврагч амилсныхаа дараа Мормоны Номон дахь хүмүүст үзэгдэхдээ эдгээх хүчнийхээ талаар дахин ярьсан. Нифайчууд Түүний “би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” 4 хэмээн тэнгэрээс хэлэх дуу хоолойг сонсдог. Дараа нь Аврагч “Учир нь тэд эргэж ирээд мөн наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж, мөн би тэднийг эдгээх ажгуу 5 хэмээн заадаг. Аврагч бие махбодын эдгэрэлтийн тухай биш, харин тэдний бодгалийн сүнслэг эдгэрэлтийн тухай хэлжээ.

Моронай эцэг Мормоныхоо үгийг хуваалцахдаа бидэнд нэмэлт ойлголт өгдөг. Мормон гайхамшгийн тухай ярьсныхаа дараа, “Мөн Христ хэлдэг: Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд шаардлагатай болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” 6 хэмээн тайлбарласан. Миний итгэлийн зорилго Есүс Христ байх ёстой ба Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхдээ би Түүний хувьд шаардлагатай аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Аав минь нас барсан нь Бурханы төлөвлөгөөнд нийцсэн явдал гэдгийг одоо би ойлгож байна. Одоо би хэн нэгний толгой дээр гар тавин адислахдаа Есүс Христэд итгэлээ төвлөрүүлдэг бөгөөд хэрэв энэ нь Христэд нийцсэн аваас энэ хүн бие махбодын хувьд эдгэж чадна мөн эдгэх болно гэдгийг ойлгодог.

Гэтэлгэгч, боломж олгогч хүч аль алиныг нь боломжтой болгодог Аврагчийн Цагаатгал нь Есүс Христийн бусдад өгдөг хамгийн том адислал юм. Биднийг зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор наманчлахад, Аврагч биднийг нүглээс цэвэршүүлдэг. Бид Эцэгийн таалалд баяртайгаар захирагдах үед хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн Аврагч бидний ачааг үүрч, хөнгөвчилдөг. 7

Гэхдээ миний ухаарсан илүү том сургамж бол Аврагчийн эдгээх хүч миний гэр бүлд тус болоогүй гэж би андуурч байсан явдал юм. Одоо би илүү их туршлагатай, төлөвшсөн хүний нүдээр эргэн хараад, Аврагчийн эдгээх хүч миний гэр бүлийн гишүүн бүрийн амьдралд тод илэрч байгааг олж харж байна. Би бие махбодын эдгэрэлтэд илүү их анхаарал хандуулж байсан тул тохиож байсан гайхамшгуудыг олж хараагүй байсан юм. Их Эзэн энэ хүнд хэцүү сорилтыг даван туулахад ээжийг минь өөрт нь байгаа чадамжаас ч илүүгээр хүчирхэгжүүлж, түүнийг дэмжиж байсан ба тэрээр урт удаан, үр бүтээлтэй амьдарсан. Тэрээр үр хүүхэд, ач зээ нартаа гайхалтай эерэг нөлөө үзүүлсэн. Их Эзэн намайг болон миний ах эгч дүүсийг хайр, эв нэгдэл, итгэл, тэсвэр тэвчээрээр адисалсан нь бидний амьдралын чухал хэсэг болсон бөгөөд энэ нь одоо ч үргэлжилсээр байна.

Харин аав минь яасан бол? Наманчлах бүх хүний нэгэн адил тэрээр Аврагчийн Цагаатгалын ачаар өгөгддөг адислалуудыг эрэлхийлж, хүлээн авснаар сүнслэг байдлаар эдгэрсэн. Аав минь нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, одоо Амилуулалтын гайхамшгийг хүлээж байгаа. Төлөөлөгч Паул “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно” 8 хэмээн заасан. Би Аврагчид “Бид аавыгаа танд эдгээлгэхээр авчирлаа” гэж хэлж байсан, одоо Аврагч түүнийг эдгээсэн гэдгээ надад ойлгуулсан гэдгийг та бүхэн харж байна. Гилеадын гавар Нийлсоны гэр бүлд үйлчилсэн бөгөөд бидний бодож байсан шиг биш, харин илүү чухал арга замаар бидний амьдралыг адисалж, үргэлжлүүлэн адисалсаар байна.

Шинэ Гэрээний Иохан номын 6-р бүлэг дээр Аврагч хамгийн сонирхолтой гайхамшгийг үзүүлсэн тухай гардаг. Цөөхөн загас, хэдхэн талхаар Аврагч 5000 хүнийг хооллосон. Би энэ түүхийг олон удаа уншсан. Гэхдээ өмнө нь анзаарч байгаагүй ч одоо миний хувьд маш их утга учиртай санагддаг нэг хэсэг бий. Аврагч 5000 хүнийг хооллосныхоо дараа шавь нараасаа үлдэгдэл цөвдлийг цуглуулахыг хүсэхэд 12 сагс дүүрэв. Аврагч яагаад үүнийг хийхэд цаг гаргасныг би гайхдаг. Энэ үйл явдлаас сурч болох нэг зүйл нь Тэрээр 5000 хүнийг хооллож чадсан явдал бөгөөд бүр илүү гарсан. “Бүх хүмүүст миний ач ивээл хангалттай.” 9 Аврагчийн гэтэлгэгч, эдгээгч хүч ямар ч нүгэл, шарх, сорилтод хэчнээн том, хэчнээн хэцүү байснаас нь үл хамааран нөлөөлж чадах бөгөөд бүр илүү гарна. Түүний ач ивээл хангалттай.

Үүнийг мэдсэнээр, бид итгэлээр урагшилж чадна, хэцүү цаг үе ирдэг мөн ирэх нь гарцаагүй бөгөөд тэр үед эсвэл нүгэл бидний амьдралыг хүрээлэх үед Аврагч “эдгээх туяагаар” 10 гийгүүлж, биднийг Өөр дээр нь ирэхэд урин зогсохыг бид баттай мэднэ.

Би та нарт Гилеадын Гавар, Аврагч Есүс Христ, бидний Гэтэлгэгчийг мөн Түүний гайхамшигтай эдгээх хүчийг гэрчилж байна. Түүний таныг эдгээх хүслийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.