Ерөнхий чуулган
Бурханы хайр
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Бурханы хайр

Бидний Эцэг, бидний Гэтэлгэгч хоёр нь биднийг зарлигуудаар адисалсан бөгөөд тэдгээрийг дуулгавартай дагаснаар бид Тэдний төгс хайрыг илүү бүрэн дүүрэн, гүн гүнзгий мэдэрдэг.

Тэнгэрлэг Эцэг маань биднийг гүн гүнзгий, бүрэн дүүрэн хайрладаг. 1 Тэрээр бидний хүлээж авахыг хүсдэг бүх боломж, баяр баясгаланг бүх хүнд боломжтой болгодог, Өөрийгөө болон Өөрт байгаа бүх зүйлээ хүртэл багтаасан төлөвлөгөө болох гэтэлгэл, аз жаргалын төлөвлөгөөг Өөрийн хайранд бүтээсэн юм. 2 Тэр ч байтугай, энэхүү төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд Тэр Өөрийн Хайрт Хүү, Есүс Христийг бидэнд Аврагч болгон өгөх хүсэлтэй байсан. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.” 3 Тэр бол бүх хүнд зориулагдсан хэдий ч хүн бүр хувьдаа мэдэрдэг Эцэгийн цэвэр хайр юм.

Эцэгийнхээ адил Есүс Христ энэхүү төгс хайрыг агуулдаг. Эцэг анх аз жаргалын агуу төлөвлөгөөгөө боловсруулахдаа биднийг гэтэлгэхийн тулд Аврагчийн үүрэг гүйцэтгэх нэгнийг дуудсан нь энэхүү төлөвлөгөөний амин чухал хэсэг байв. Есүс өөрийн саналаар “Би энд байна, намайг илгээгтүн.” 4 гэж хэлсэн. Аврагч “энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой. Иймийн тул, тэрээр хэнд ч өөрийн авралыг бүү хүрт хэмээн үл зарлигладаг билээ.” 5

Энэхүү тэнгэрлэг хайр нь биднийг Христийн нэрээр Эцэгт хандан залбирах үед асар их тайтгарал, итгэл найдварыг өгөх ёстой. Бидний хэн нь ч Тэдний хувьд танихгүй нэгэн биш. Бид зохисгүй санагдах үедээ ч Бурханыг дуудахдаа тээнэгэлзэх хэрэггүй. Бид Есүс Христийн сайн үйл мөн нигүүлсэл цуурайтна гэдэгт найдаж болно. 6 Бид Бурханы хайранд үлдсэнээр биднийг удирдан чиглүүлэх бусад хүнээс хараат байх нь улам бүр багасна.

Бурханы хайр нүглийг зөвтгөдөггүй; харин гэтэлгэлийг санал болгодог

Бурханы хайр бүхнийг багтаадаг учраас зарим хүн үүнийг “болзолгүй” гэж ярьж, тунгааж, түүнчлэн Бурханы адислалууд хийгээд аврал нь “болзолгүй” гэсэн утгатай хэмээн тодорхойлж магадгүй юм. Гэвч тийм биш. Зарим хүн “Аврагч намайг байгаагаар минь хайрладаг” гэж байнга хэлдэг. Энэ нь ч гарцаагүй үнэн. Гэхдээ Тэр бидний хэнийг нь ч Өөрийн хаант улсад байгаагаар маань оруулж чадахгүй бөгөөд “учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй, эсвээс түүний дэргэд орших нь үгүй.” 7 Эхлээд бидний гэм нүглийн асуудал шийдвэрлэгдсэн байх ёстой.

Профессор Хью Нибли нэгэнтээ, Бурханы хаант улс өчүүхэн төдий нүглийг ч хүлцэн тэвчих нь үгүй хэмээгээд, “Гажуудлын бүдэг толбо биднийг муудашгүй буюу мөнх дэлхийд оруулахгүй. Барилга, байгууллага, хууль, зан чанарын хамгийн жижиг алдаа яваандаа үүрд мөнхийн үхэлд хүргэх нь гарцаагүй” 8 гэж хэлсэн. Бурханы зарлигууд “чанд” 9 тул Түүний хаант улс ба оршин суугчид муугаас байнга татгалзаж, сайныг сонгосон тохиолдолд л оршиж чадна. 10

Ахлагч Жэффри Р.Холланд “Нүглийг уучил гэсэн тушаал болон нүглийг зөвтгөх талаар өгсөн сэрэмжлүүлэг хоёрын хоорондын ялгааг орчин үед олон хүн мартсан байж болох ч Есүс тун ойлгомжтой илэрхийлсэн байдаг. Түүнд нүглийг уучлах эцэс төгсгөлгүй хүч байдаг ч нүглийг бүр хэзээ ч зөвтгөж байгаагүй юм” 11 гэж хэлсэн.

Бид одоо эгэл хүмүүс хэдий ч Түүний Сүмд болон селестиел дэлхийд “нэр алдрыг” 12 хадгалж чадна гэдэгтээ найдаж болно. Аврагч нүглийг зөвтгөж эсвэл өнгөрүүлж чадахгүй гэдгээ тодорхой хэлснийхээ дараа

“Гэсэн хэдий ч, наманчилж мөн Их Эзэний зарлигуудыг биелүүлэх тэр нь өршөөгдөх болно.” 13

“Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” 14 хэмээн бидэнд амласан.

Наманчлал ба тэнгэрлэг ач ивээл асуудлыг шийдвэрлэдэг

“Мөн Аммонайха хотод, Зиезромд ярьсан Амюлекийн үгсийг ч түүнчлэн санагтун; тодруулбал тэрбээр Их Эзэн өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр гарцаагүй ирэх болно, гэвч тэрээр тэднийг нүгэлд нь гэтэлгэхээр ирэх бус, харин тэднийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирнэ хэмээн түүнд хэлсэн билээ.

Мөн наманчлалын учир нүглүүдээс нь тэднийг гэтэлгэхээр Эцэгээс түүнд хүч өгөгдсөн буй; тиймийн тул Гэтэлгэгчийн хүчинд, бодгалиудынх нь авралд хүргэх, наманчлалын нөхцөлүүдийн мэдээг тунхаглуулахаар тэрээр тэнгэр элчүүдээ илгээсэн билээ.” 15

Наманчлалын нөхцөлтэйгөөр Их Эзэн шударга ёсыг дээрэмдэлгүй, нигүүлслийг хүртээж чадах бөгөөд “Бурхан Бурхан байхаа болихгүй.” 16

Та бүхний мэдэж байгаачлан, дэлхийн замууд Христийн эсрэг буюу “Христээс өөр зүйл” юм. Бидний өдрүүд бол хүч чадалтай хүмүүс бусдыг шударга бусаар эзэгнэж, бэлгийн харьцааны эрх чөлөөнд баясаж, эд баялаг хуримтлуулахыг оршин тогтнох зорилгоо болгон уриалж байсан Мормоны Ном дахь түүхийн давталт билээ. Тэдний үндсэн зарчим нь бяцхан нүгэл 17 эсвэл бүр маш их нүгэл үйлдэхийг зөвтгөдөг боловч хэн нь ч гэтэлгэлийг санал болгож чадаагүй. Тэрхүү гэтэлгэл зөвхөн Хурганы цусаар ирдэг. “Христээс өөр зүйл” аль эсвэл “наманчлалаас өөр зүйл” хэмээн ярьцгаадаг хүмүүсийн хэлж чадах хамгийн гоё үг бол нүгэл гэж байхгүй, эсвэл хэрэв байгаа бол энэ нь эцсийн эцэст ямар ч үр дагавар авчрахгүй гэсэн үндэслэлгүй мэдэгдэл юм. Би энэхүү мэдэгдэл Шүүлтийн өдөр 18 хүчин төгөлдөр байна гэж бодохгүй байна.

Бид өөрсдийн нүглийг зөвтгөх боломжгүй. Нөгөөтээгүүр, бид нүглийн үр нөлөөг өөрсдийн сайн үйлээр арилгах гэсэн боломжгүй зүйлийг хийх гэж оролдох хэрэггүй. Бидний шашин бол шалтаг тоочдог, аль эсвэл төгс төгөлдөр байдлын шашин биш, харин Есүс Христээр дамжуулан ирдэг гэтэлгэлийн шашин юм. Хэрэв бид гэмшигчдийн дунд байх аваас Түүний Цагаатгалаар дамжуулан бидний нүгэл Түүний загалмай дээр хадагддаг бөгөөд “түүний шархны судлаар бид анагаагдах буюу.” 19

Бошиглогчдын гүн гүнзгий хайр Бурханы хайрыг илэрхийлдэг

Бурханы бошиглогчдын нүглээс сэрэмжлүүлж буй гүн гүнзгий хайрыг би олон жил бахдаж мөн мэдэрсэн. Тэд буруушаах хүсэлдээ хөтлөгдөөгүй. Тэдний жинхэнэ хүсэл Бурханы хайрыг харуулдаг ба үнэндээ энэ бол Бурханы хайр юм. Тэд хэн рүү ч илгээгдсэн бай, хэн ч бас ямар ч байсан бай хайрладаг байсан. Их Эзэний адил, Түүний үйлчлэгчид хэнийг ч гэм нүгэл, буруу сонголтуудаас болж зовохыг хүсээгүй. 20

Алма Христэд итгэгчдийг, тэр дундаа өөрийг нь хавчиж, зовоосон, бүр алах хүсэлтэй үзэн ядалтаар дүүрсэн хүмүүст наманчлал, гэтэлгэлийн захиасыг тунхаглахаар илгээгдсэн юм. Гэсэн хэдий ч тэр тэднийг хайрлаж, аврагдаасай хэмээн хүсэж байсан. Христийн Цагаатгалын талаар Аммонайхагийн хүмүүст тунхагласныхаа дараа тэрээр “Мөн эдүгээ, ах дүүс минь, зүрхнийхээ угаас, тийм ээ, бүр өвдөлтийг мэдрэх агуу зовнилоор, та нар миний үгсийг сонсоосой, мөн нүглүүдээсээ салаасай… хэмээн хүснэ би; … та нар эцсийн өдөр өргөгдөн мөн [Бурханы] амралтад орж болохын тул.” 21 хэмээн гуйсан билээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бид Бурханы бүх хүүхдэд тун их санаа тавьдаг учраас Түүний үнэнийг тунхагладаг” 22 гэж хуваалцсан.

Бурхан та нарыг хайрладаг, харин та нар Түүнийг хайрладаг уу?

Эцэгийн мөн Хүүгийн хайр үнэгүй өгөгдсөн ч гэлээ, давхар найдлага, хүлээлтийг агуулдаг. Ерөнхийлөгч Нэлсоны үгийг дахин эш татъя. “Бурханы хуулиуд биднийг гэх Түүний хязгааргүй их хайраас мөн чадавхаа бүрэн дүүрэн ашиглаасай хэмээх хүслээс бүрэн үүдэлтэй.” 23

Тэд та нарт хайртай учраас, та нарыг “байгаагаар чинь” үлдээхийг хүсдэггүй. Тэд та нарт хайртай учраас, та нарыг баяр баясгалантай, амжилттай байгаасай гэж хүсдэг. Тэд та нарт хайртай учраас та нарыг наманчлаасай гэж хүсдэг, учир нь энэ бол аз жаргалд хүрэх зам юм. Гэхдээ энэ бол та бүхний сонголт. Тэд таны сонголтыг хүндэтгэдэг. Та нар Тэднийг хайрлаж, Тэдэнд үйлчилж, зарлигуудыг нь сахихаар сонгох ёстой. Улмаар Тэд та нарыг илүү ихээр адисалж мөн хайрлах болно.

Тэдний биднээс хүлээдэг гол зүйл бол бид ч мөн Тэднийг хайрлах явдал юм. “Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр.” 24 “Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биенээ хайрлах учиртай” 25 хэмээн Иохан бичиглэсэн.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жой Д.Жонс эгч нөхөртэйгөө хоёул залуу хос байхдаа олон жил сүмд ирээгүй нэгэн гэр бүлд айлчилж очин, тохинуулахаар дуудагджээ. Тэдний дургүй байгаа нь айлчлан очиход л тэр даруй тодорхой болсон юм. Хэд хэдэн бүтэлгүй оролдлогод урам нь хугарч, чин сэтгэлээсээ залбирч, тунгаан бодсоныхоо дараа Жонс ах, эгч хоёр Сургаал ба Гэрээний “Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой 26 гэсэн шүлгээс яагаад үйлчлэх ёстой гэсэн асуултынхаа хариултыг хүлээн авчээ. Жонс эгч:

“Бид уг гэр бүлд мөн бишоптоо үйлчлэхийг чин сэтгэлээсээ хичээж байсан ч үнэхээр Их Эзэнийг хайрлах хайраар үйлчилж байсан эсэхээ өөрсдөөсөө асуух хэрэгтэйг ойлгосон.

… Бид Их Эзэнийг хайрладаг хайраар энэ гэр бүлийнд очихоор тэсэн ядан хүлээдэг болж билээ (1 Нифай 11:22-ыг үзнэ үү). Бид Их Эзэний төлөө ийнхүү үйлдэж байсан ба Тэрээр хэцүү асуудлыг хэцүү биш болгосон. Гэрийнх нь үүдэнд олон сар зогссоны эцэст тэд биднийг гэртээ оруулдаг болж, яваандаа бид хамтдаа тогтмол залбирдаг, сайн мэдээний талаар ярилцдаг болов. Ийнхүү олон жил үргэлжлэх нөхөрлөл үүссэн. Бид Бурханы хүүхдүүдийг хайрласнаар Түүнийг шүтэн биширч, хайрлаж байлаа” 27 гэж ярьсан.

Бурхан биднийг төгс хайрладаг гэдгийг хүлээн зөвшөөрч, дор бүрнээ “Би Бурханыг хэр сайн хайрладаг вэ? Би Түүний хайранд найддаг шиг Тэр миний хайранд найдаж болох уу?” гэж асуугаад үзээрэй. Ийм эрмэлзэл нь амьдралын утга учир биш гэж үү? Улмаар Бурхан биднийг дан ганц бүтэлгүйтлээс маань болж өрөвдөн хайрлахаас гадна бидний хэн болж буйн улмаас биднийг бахдан хайрлаж чадна. Ай, Хайрум Смитийн талаар “учир нь зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир Их Эзэн бибээр түүнийг хайрладаг билээ” 28 хэмээн хэлсний адилаар Тэр бид бүгдэд ийн хэлэх болтугай. “Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ” 29 хэмээх Иоханы найрсаг зөвлөмжийг бүгдээрээ санацгаая.

Түүний зарлигууд хүнд дарамт биш, харин ч эсрэгээрээ. Тэдгээр нь эдгэрэл, аз жаргал, амар амгалан, баяр баясгалангийн зам руу чиглүүлдэг. Бидний Эцэг, бидний Гэтэлгэгч хоёр биднийг зарлигуудаар адисалсан бөгөөд тэдгээрийг дуулгавартай дагаснаар бид Тэдний төгс хайрыг илүү бүрэн дүүрэн, илүү гүн гүнзгий мэдэрдэг. 30

Бурханы хайр бол тасралтгүй үргэлжлэх зөрчилдөөнт цаг үеийн маань шийдэл юм. Мормоны Номын алтан үед буюу Аврагчийн тохинууллын дараа “хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй 31 гэж бичсэн байдаг. Бид Сион руу тэмүүлэхдээ, Илчлэл номд өгөгдсөн “Амийн мод уруу очих эрхтэй болж, [ариун] хотод хаалгаар орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ!” 32 хэмээх амлалтыг санах болтугай.

Би Тэнгэрлэг Эцэг болон бидний Гэтэлгэгч Есүс Христ байдаг гэдгийг мөн Тэдний үргэлжийн бөгөөд мөнхийн хайрыг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.