Ерөнхий чуулган
Итгэлтэй хайгч тэрээр шагнагддаг
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Итгэлтэй хайгч тэрээр шагнагддаг

Би та бүхнээс Түүнийг эрж хайдаг бүх хүний амьдралыг өөрчилсөөр байгаа тэрхүү Христэд итгэх итгэлээ зогсолтгүй өсгөөсэй хэмээн хүсэж байна.

1846 оноос эхлэн мянга мянган анхдагч эрэгтэй, эмэгтэй болон хүүхдүүд баруун зүгийг чиглэн Сион руу явав. Тэдний агуу итгэл дуусашгүй эр зоригийг нь өдөөсөн юм. Тэдний зарим нь замдаа нас барж, аяллаа дуусгаж чадаагүй. Бусад нь асар их бэрхшээлтэй тулгарсан ч итгэлтэйгээр урагшилсан.

Тэдний ачаар, хэдэн үеийн дараа манай гэр бүл Есүс Христийн үнэн сайн мэдээний адислалуудыг хүртсэн билээ.

Өөр нэг хөвгүүний адилаар би 14 настай байхдаа шашин шүтлэг, итгэл үнэмшлийнхээ талаар эргэцүүлж эхлэв. Түүний талаар би удахгүй ярина. Би гэрийнхээ ойролцоох өөр нэгэн сүсэг бишрэлийн газар очдог байсан ч өөр олон төрлийн сүмд очих хүсэлтэй байгаагаа мэдэрсэн.

Нэгэн өдөр би хар хүрэм, цагаан цамцтай хоёр залуу хөршийнх рүү маань орохыг харав. Тэр хоёр залуу надад нэг л онцгой харагдаж билээ.

Дараа өдөр нь би өөрийн хөрш Леонор Лопэзтой уулзаж, тэр хоёр хүний талаар асуулаа. Леонор тэднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид байсан гэж тайлбарлаад, гэр бүлийнхнийгээ жилийн өмнө Сүмд баптисм хүртсэн гэдгийг баяртай гэгч нь хэлэв. Леонор миний сонирхож буйг хараад, намайг номлогчидтой уулзаж, Сүмийн талаар мэдэж авахад урьсан юм.

Хоёр өдрийн дараа би номлогчидтой уулзахаар Лопэзын гэр бүлийнхэн дээр зочлов. Тэд өөрсдийгөө Юта мужийн Огдэн хотоос ирсэн ахлагч Жон Мэссэрли, Калифорни мужийн Волнат Крикээс ирсэн ахлагч Кристофэр Осорио гэж танилцуулсан. Би тэднийг хэзээ ч мартахгүй.

Зураг
Номлогчид оройн хоолны үеэр зааж байгаа нь

Би дөнгөж арван дөрвөн настай байсан тул ахлагч Мэссэрли надад юу зааж байгаагаа ээжид минь хэлэхийн тулд хажуу хаалганд байх манайх руу очихыг хүсэв. Тэгээд тэд Есүс Христийн тухай захиас хуваалцахаар ирснээ хэлээд, заах зөвшөөрөл хүсэж буйгаа ээжид эелдгээр тайлбарлалаа. Ээж зөвшөөрч, бүр надад зааж байхад хамт байлцсан.

Номлогчид эхлээд Леонороос залбирал хэлэхийг хүслээ. Түүний залбирал цээжилсэн үгсээ давтах бус, харин зүрх сэтгэлийнх нь илэрхийлэл байсан тул миний сэтгэлийг ихэд хөдөлгөв. Тэр үнэхээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярьж байгааг би мэдэрсэн.

Дараа нь номлогчид бидэнд Есүс Христийн талаар заасан. Тэд Түүний зургийг харуулахад энэ нь амилсан, амьд Христийн зураг байсан учир надад гайхалтай санагдав.

Зураг
Аврагч Есүс Христ

Тэд цааш нь, эрт дээр үед Есүс Өөрийн Сүмийг хэрхэн байгуулсан мөн удирдагчаар нь Түүнтэй хамт арван хоёр төлөөлөгч байсан тухай бидэнд заасан. Тэд бидэнд төлөөлөгчдийг нас барсны дараа үнэн болон Христийн эрх мэдэл дэлхийгээс хэрхэн авагдсан тухай өгүүлэх Урвалтын талаар заалаа.

Мөн тэд 1800-аад оны эхээр үнэнийг хайн өөр өөр сүмд очиж байсан 14 настай Иосеф Смит хэмээх хүүгийн тухай ярьсан юм. Цаг хугацаа өнгөрөх тусам Иосеф улам бүр будилж эхэлсэн аж. Библиэс бид мэргэн ухааныг “Бурханаас гуйж болно” 1 гэдгийг уншсаны дараа Иосеф итгэлээр үйлдэж, залбирч, аль сүмд орох ёстойгоо асуухаар ойн төгөлд очжээ.

Залбирч байхад нь юу болсон талаарх Иосефын дүрслэлийг номлогчдын нэг нь ийн уншив.

“Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс! 2

Тэр хичээлийн үеэр Сүнс надад хэд хэдэн үнэнийг баталсан.

Нэгдүгээрт, Бурхан бүх хүүхдийнхээ чин сэтгэлийн залбирлыг сонсдог бөгөөд тэнгэр цөөн хэдэн хүнд биш, харин бүгдэд нээлттэй байдаг.

Хоёрдугаарт, Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” 3 зорилгод нэгдсэн, гурван тусдаа бие юм.

Гуравдугаарт, Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Бидний Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хүү Есүс Христ бидэнтэй адил мах, ясан биетэй ч алдаршуулагдаж, төгс болгогдсон; харин Ариун Сүнс бол сүнсэн хүн юм. 4

Дөрөвдүгээрт, Есүс Христ Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сайн мэдээг болон үнэн Сүмийг дэлхий дээр сэргээсэн. 2000 жилийн өмнө Христийн төлөөлөгчдөд өгөгдсөн санваарын эрх мэдэл бол Петр, Иаков, Иохан нараар Иосеф Смит, Оливер Каудери нарт өгөгдсөн тэрхүү санваар юм. 5

Эцэст нь, бид Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Номын талаар мэддэг болсон. Эртний бошиглогчдоор бичигдсэн энэ номд Есүсийг төрөхөөс өмнө, төрөх үед болон төрсний дараа Америк тивд амьдарч байсан хүмүүсийн тухай өгүүлдэг. Үүнээс бид амилсан Аврагчийг харсан тэд хэрхэн Христийг таньж, хайрлаж, шүтэн биширч байсан тухай мэдэж авдаг.

Аврагч тэдэнд “Болгоогтун, би бол дэлхийд ирэх болно хэмээн бошиглогчдын гэрчилсэн тэр Есүс Христ” 6 хэмээн тунхагласныг мэдээд, Сүнс миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн.

Номлогчид бидэнд нэг нэг Мормоны Ном өгч билээ. Бид Мормоны Номын төгсгөлд байх урилгыг уншаад, хүлээн авсан ба энэхүү урилгад:

“Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.

Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” 7 гэсэн байв.

Ээж бид хоёр Христэд итгэхийн баяр баясгалан, хүч чадлыг анх мэдсэнээс хойш бараг 45 жил өнгөрчээ. Лопэзын гэр бүл Христэд итгэх итгэлийнхээ улмаас надтай шинэ итгэл бишрэлээ хуваалцсан юм. Тэр хоёр номлогч Христэд итгэх итгэлийнхээ учир ээж бид хоёрыг олохоор Нэгдсэн Улс дахь гэр орноо орхин ирсэн байсан. Эдгээр эрхэм найзын маань итгэл бидэнд итгэлийн гичийн үр суулгаж, улмаар энэ нь мөнхийн адислалуудын хүчирхэг мод болон ургасаар байна.

Адислагдсан энэ он жилүүдэд бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Амьдралын сайн сайхан бүхэн мөн мөнхийн ач холбогдол бүхий ирэх тэдгээр адислал бүхэн итгэлээс л эхэлдэг. Бурханыг амьдралдаа ялуулна гэдэг нь Тэр биднийг чиглүүлэхийг хүсдэг гэдэгт итгэхээс эхэлдэг. Жинхэнэ наманчлал бол Есүс Христ биднийг цэвэршүүлж, эдгээж, хүчирхэгжүүлэх хүчтэй гэдэгт итгэхээс эхэлдэг” 8 гэдгийг мэддэг болсон.

Би та бүхнээс хайрт ээж бид хоёрын амьдралыг өөрчилж, Түүнийг эрж хайдаг бүх хүний амьдралыг өөрчилсөөр байгаа тэрхүү Христэд итгэх итгэлээ зогсолтгүй өсгөөсэй хэмээн хүсэж байна. Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч, ерөнхийлөгч Нэлсон бол бидний өнөөгийн бошиглогч, Есүс бол амьд Христ, бидний Гэтэлгэгч мөн Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд бүх хүүхдийнхээ залбиралд хариулдаг гэдгийг би мэднэ. Би эдгээр үнэнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.