Ерөнхий чуулган
Христ дотор нэг болох нь: Налуу шугамын сургаалт зүйрлэл
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Христ дотор нэг болох нь: Налуу шугамын сургаалт зүйрлэл

Их Эзэний цаг хугацаанд бидний хаанаас эхлэх нь биш, хаашаа чиглэж байгаа нь хамгийн чухал байдаг.

Би жаахан хөвгүүн байхдаа хүсэл тэмүүлэл дүүрэн хүүхэд байсан. Нэг өдөр би хичээлийнхээ дараа “Ээжээ, би том болоод ямар хүн болох вэ? Мэргэжлийн сагсан бөмбөгчин болох уу эсвэл рок од болох уу?” гэж асуулаа. Харамсалтай нь, төрөлхийн авьяасгүй Кларк спортын болон хөгжмийн тал дээр ирээдүйтэй гэсэн шинж тэмдэг үзүүлсэнгүй. Би ихээхэн хүчин зүтгэл гаргасан ч сургуулийнхаа гүнзгийрүүлсэн академик хөтөлбөрт тэнцээгүй гэх хариуг олон дахин авсан. Эцэст нь багш нар маань намайг үндсэн ангидаа л төвлөрөхийг зөвлөсөн юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би сайжруулан суралцах дадлуудыг хөгжүүлсэн. Гэхдээ би Японд номлолд үйлчлэхээр очихдоо оюун ухаан, сүнслэг байдлын боломжууд надад гарч ирж эхэлснийг мэдэрч билээ. Би шаргуу хөдөлмөрлөсөөр байв. Би амьдралдаа анх удаа Их Эзэнийг өөрийн өсөлт хөгжилд төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай оролцуулсан бөгөөд ялгаа нь тэнгэр газар шиг байсан.

Зураг
Ахлагч Гилбэрт хүүхэд байхдаа
Зураг
Ахлагч Гилбэрт номлогч байхдаа

Ах, эгч нар аа, энэ сүмд бид Бурханы бүх хүүхдийн бурханлаг боломж бололцоонд төдийгүй Христ дотор байгаагаасаа илүү хэн нэгэн болох өөрсдийнхөө чадварт итгэдэг. Их Эзэний цаг хугацаанд бидний хаанаас эхлэх нь биш, хаашаа чиглэж байгаа нь хамгийн чухал байдаг билээ. 1

Энэ зарчмыг тайлбарлахын тулд би математикийн суурь хэллэгүүдээс заримыг нь ашиглах болно. Ерөнхий чуулган дээр математик гэдэг үг сонсоод, бүү сандраарай. Айдахо дахь БЯИС-ийн математикийн тэнхимийнхэн надад энэхүү суурь ойлголтыг анхлан суралцагчид ч ойлгож чадна гэдгийг баталсан. Энэ нь шулууныг олох томьёогоор эхэлдэг. Огтлолцол бол бидний зорилго болох шугамын эхлэл юм. Огтлолцлын эхлэх цэг нь дээр эсвэл доор байж болно. Налуу шугам нь эерэг эсвэл сөрөг байх боломжтой.

Зураг
Slopes and intercepts

Бидний амьдрал өөр өөрийн эхлэх цэгтэй буюу огтлолцолтой. Бид өөр өөр авьяас бэлэг, өөр өөр амьдрах орчноос эхэлдэг. Зарим хүний эхлэх цэг өндөр байдаг ба тэд төрөхдөө л олон боломжтой төрдөг. Бусад нь хэцүү, шударга бус мэт санагдах нөхцөл байдалтай нүүр тулгардаг. 2 Тэгээд бид хувийн өсөлтийн налуу шугамын дагуу өсөж хөгждөг. Бидний ирээдүй эхлэх цэгээр маань бус, өсөлтийн налуу шугамаар илүү тодорхойлогдоно. Бидний хаанаас эхэлснээс үл хамааран, Есүс Христ бидний бурханлаг боломж бололцоог олж хардаг. Тэрээр үүнийг гуйлгачин, нүгэлтэн, сул дорой хүнээс олж харсан. Тэрээр үүнийг загасчин, татвар хураагч, хэнээтэн шүтэгчээс ч олж харсан юм. Есүс Христ бидний хаанаас эхэлснээс үл хамааран, бидэнд өгөгдсөн зүйлээрээ юу хийхийг маань анхаарч үздэг. 3 Дэлхий бидний эхлэх цэг дээр төвлөрч байхад, Бурхан бидний өсөлтийн налуу шугам дээр төвлөрдөг. Их Эзэн тооцооллын хувьд, Тэр бидний налуу шугамыг тэнгэр лүү чиглүүлэхэд бидэнд туслахын тулд бүхнийг хийх болно.

Энэхүү зарчим нь саад бэрхшээлтэй тулгарч буй хүмүүсийг тайвшруулаад зогсохгүй, өөрсдөд нь бүхий л давуу тал байгаа мэт санадаг хүмүүст юу билээ гэж түр саатах боломж өгөх нь дамжиггүй. Ядуурал, боловсрол эзэмших боломж хомс мөн гэр бүлийн бэрхшээлтэй нөхцөл байдал зэрэг хэцүүхэн эхлэл нөхцөл байдалтай хувь хүмүүст хандан үг хэлэхийг маань зөвшөөрнө үү. Бусад нь бие махбодын бэрхшээл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал эсвэл удамшлын хүчтэй өгөгдөлтэй нүүр тулдаг 4 . Хүнд хэцүү эхлэлтэйгээ тэмцэж буй хүмүүс ээ, Аврагч бид бүхний бэрхшээлийг мэддэг гэдгийг анзаарч ойлгоорой. Тэрээр “түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу [биднийг] сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, өөр дээрээ [бидний] сул дорой чанаруудыг авсан.” 5

Хэцүүхэн нөхцөл байдалд эхэлсэн хүмүүсийг урамшуулах хоёр зүйл хуваалцъя. Нэгдүгээрт, хаанаас эхэлсэндээ биш, хаашаа явж байгаадаа төвлөр. Нөхцөл байдал тань бодитой бөгөөд анхаарвал зохих зүйл тул тоохгүй байх нь буруу. Гэвч хэцүүхэн эхлэл дээрээ хэт их төвлөрвөл, энэ нь таныг тодорхойлоод зогсохгүй бүр сонгох чадварыг тань хязгаарлахад хүргэж болзошгүй 6 .

Зураг
Бостонд буй залуу эрэгтэйчүүд

Би хэдэн жилийн өмнө Массачусэттс мужийн Бостон хотод амьдардаг, сургаал болон Сүмийн шаардлагатай танилцаад удаагүй байгаа хэсэг өсвөр насныхантай хамт үйлчилж билээ. Тэдний нөхцөл байдлыг өрөвдөн, санаа тавих байдлаа Бурханы жишгүүдийг бууруулахтай андуурах нь уруу татагдмаар байсан. 7 Хайраа харуулах хамгийн хүчирхэг арга зам бол шаардлагаа хэзээ ч бууруулахгүй байх явдал юм гэдгийг би яваандаа ухаарсан. Би хийж мэдэх бүхнээ ашиглан тэдний боломж бололцоон дээр хамтдаа төвлөрснөөр, тэдний хүн нэг бүр өгсөх налуу шугамаар өсөж эхэлсэн. Сайн мэдээн дэх тэдний өсөлт аажуу бөгөөд тогтмол байв. Өдгөө тэд номлолд үйлчилж, их сургууль төгсөн, ариун сүмд гэрлэсэн бөгөөд хувийн амьдрал, ажил мэргэжлээ гайхалтайгаар авч яваа.

Зураг
Эрийн цээнд хүрсэн Бостонгийн залуу эрэгтэйчүүд

Хоёрдугаарт, өгсөх налуу шугамаар өсөх үйл явцдаа Их Эзэнийг оролцуул. Би BYU–Pathway Worldwide-ийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа Перугийн Лимад болсон томоохон онцгой цугларалтад оролцож байснаа санаж байна. Тэр цугларалт дээр ахлагч Карлос А.Годой үг хэлсэн юм. Тэрээр цугларагсдын зүг харахдаа, итгэлтэй, гэр бүлээсээ анхлан их сургуульд суралцаж буй оюутнуудыг харж байгаадаа сэтгэл нь хөдөлсөн байдалтай байв. Магадгүй тийм хэцүү нөхцөл байдлыг туулсан өөрийн замналыг бодоод, ахлагч Годой, Их Эзэн “таны өөртөө тусалж чадахаас илүүгээр танд тусалж чадна. [Тиймээс] энэхүү үйл явцдаа Их Эзэнийг оролцуулаарай” 8 хэмээн сэтгэл хөдлөн хэлсэн биз ээ. Бошиглогч Нифай “Учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” 9 гэж заасан байдаг. Бид наманчлалыг оролцуулан чадах бүхнээ хийх 10 ёстой бөгөөд гагцхүү Түүний ач ивээлээр бид бурханлаг бололцоогоо олж анзаарч чадна. 11

Зураг
Перугийн Лимад болсон BYU–Pathway онцгой цугларалт
Зураг
Ахлагч Годой Перугийн Лимад үг хэлж байгаа нь

Эцэст нь би эхлэх цэг нь өндрөөс эхэлж буй хүмүүст хандан, хоёр зөвлөгөөг хуваалцъя. Нэгдүгээрт, бид өөрсдийн бий болгоогүй нөхцөл байдалдаа илүү даруу байдлыг харуулж чадах болов уу? БЯИС-ийн хуучин ерөнхийлөгч Рэкс Э.Лий оюутнууддаа “Бид бүгд өөрсдийн ухаагүй худгаас ууж, өөрсдийн асаагаагүй галаар дулаацаж явсан” 12 гэж эш татан хэлсэн байдаг. Тэрээр бусдад өгөхийг мөн эхэн үеийн анхдагчдын барьж босгосон боловсролын худгийг дүүргэхийг оюутнуудаасаа хүссэн. Бусдын тариалж ургуулсан талбайг үрслүүлэхгүй байх нь талантаа өсгөхгүйгээр эргүүлж өгөхтэй адил юм.

Хоёрдугаарт, өндөрт буй эхэлсэн цэг дээрээ төвлөрөөд байвал ихэнхдээ биднийг дэгжин дээшилж байна гэж эндүүрэхэд хүргэж болзошгүй бөгөөд үнэн хэрэгтээ дотоод өсөлтийн налуу шугам маань өгсөөгүй, нэгэн хэвийн байгаад байж магадгүй юм шүү. Харвардын профессор Клэйтон М.Кристэнсэн хамгийн амжилттай яваа хүмүүс хамгийн даруу байдаг, учир нь тэд ямар ч хүнээс залруулга хүлээн авч, суралцах хангалттай итгэлтэй байдаг гэж заасан. 13 Ахлагч Д.Тодд Кристоффэрсон бидэнд “алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, алдаагаа залруулахын тулд зүтгэх” 13 -ийг зөвлөсөн билээ. Хэдийгээр аливаа юмс гайгүй сайн байгаа мэт харагдавч, бид залбирлаар дамжуулан өсөж хөгжих боломжийг эрэлхийлэх ёстой.

Элбэг хангалуун байдлаас эхэлсэн үү эсвэл хүнд хэцүү нөхцөл байдлаас эхэлсэн үү гэдгээсээ үл хамааран, бид гагцхүү Бурханыг хамтрагчаа болгосон тохиолдолд өөрсдийн туйлын боломж бололцоог ухаарах болно. Би саяхан BYU–Pathway-ийн амжилтын тухай судалж буй үндэсний алдартай сурган хүмүүжүүлэгчтэй яриа өрнүүлсэн юм. Тэрээр ухаалаг нэгэн бөгөөд судалгаа нь чин сэтгэлийнх байсан хэдий ч шашны бус хариултыг илэрхий хүсэж байлаа. Би давтан суралцах хөтөлбөрүүд болон заан чиглүүлэх ажлынхаа талаар түүнд ярьж өгөв. Гэвч би “Эдгээр нь бүгд сайн арга дадал байна. Гэхдээ манай оюутнуудын өсөж хөгжиж буй жинхэнэ шалтгаан бид тэдэнд бурханлаг боломж бололцооных нь талаар заадагт оршдог. Таныг амжилтад хэзээ ч хүрэхгүй гэж амьдралын тань турш заасан гээд төсөөлөөд үз дээ. Дараа нь, та бол бурханлаг боломж бололцоо бүхий Бурханы жинхэнэ хүү эсвэл охин гэж заасны үр нөлөөг бодоод үз дээ?” гэж яриагаа дуусгаж билээ. Тэр түр бодолхийлснээ ердөө л “Хүчтэй үг байна шүү” гэж хариулсан.

Ах, эгч нар аа, Их Эзэний Сүмийн нэгэн гайхамшиг бол бидний хүн нэг бүр Христ дотор байгаагаасаа илүү хэн нэгэн болж чадах явдал юм. Гишүүддээ илүү их үйлчлэх, бусдад өгөх, наманчлах, илүү сайн хүмүүс болох гэх зэрэг боломжуудыг өгдөг өөр бүтэц зохион байгуулалтыг би мэдэхгүй. Бид элбэг хангалуун эсвэл хүнд хэцүү, ямар ч нөхцөл байдлаас эхэлсэн бай, өөрсдийн харцыг мөн өгсөх налуу шугамаа тэнгэрийн зүгт дээш хандуулцгаая. Ийн үйлдсэнээр, Христ биднийг илүү өндөрлөг газарт өргөн аваачих болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Clark G. Gilbert, “The Mismeasure of Man” (BYU–Pathway Worldwide devotional, Jan. 12, 2021), byupathway.org/speeches-ийг үзнэ үү. Би энэхүү захиасдаа дэлхий хэрхэн хүмүүний боломж бололцоог дутуу үнэлдэг талаар авч үзлээ. Тэвчээр хатуужлын талаарх ойлголтыг (Анжэла Дакворт) болон өсөж хөгжих сэтгэлгээг (Карол С.Двэк) дэмжигч тэргүүлэх сэтгэл зүйчдийн чухал судалгаан дээр үндэслэсэн сайныг эрэлхийлэгч хүмүүс хүртэл суралцах загвар дээр төвлөрч, Христ доторх бидний бурханлаг бололцоог үл ойшоох үедээ хүмүүний чадамжийг дутуу үнэлдэг.

  2. Дэйл Г.Рэнланд, “Уур хүрмээр шударга бус байдал,” Лиахонa, 2021 оны 5-р сар, 20–21-ийг үзнэ үү.

  3. Матай 25:14–30-ийг үзнэ үү. Талантын тухай сургаалт зүйрлэлд зарц бүр эзнээсээ өөр өөр тооны талант хүлээн авсан байдаг. Гэхдээ үнэлгээ нь тэдний юу хүлээж авснаар биш, түүнийгээ хэрхэн захиран зарцуулснаар тодорхойлогддог. Энэ нь өсгөх явдал байсан бөгөөд Их Эзэнийг “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя” хэмээн хэлэхэд хүргэжээ (Матай 25:21).

  4. Moзая 3:19-ийг үзнэ үү. Удамшлын өөр өөр өгөгдлөөс үүдэлтэйгээр, эгэл хүнээ орхих бидний хувийн туршлага өөр өөр байж болно гэсэн нэгэн утга байж болно. Бидэнд өөр өөр бэлэг хүртээгдсэн байдагтай адилаар бидэнд удирдаж, даван туулж сурах ёстой бие махбод, оюун санаа, сэтгэл санааны өөр өөр бэрхшээл байдаг.

  5. Aлмa 7:11–12 Христ биднийг наманчлалаар дамжуулан нүглээ даван туулахад туслаад зогсохгүй, Өөрийн мэдэрсэн Цагаатгалаараа болон бүх хүний зовлонг мэдэрч даван туулсан байдлаараа дамжуулан биднийг амьдралын хүнд хэцүү зүйлсэд хэрхэн тайтгаруулахаа мэддэг.

  6. Бид эрх чөлөөт хүмүүс бөгөөд өөрсдийнхөө төлөө үйлдэх ёстойг Ахлагч Дэвид А.Бэднар бидэнд сануулдаг. Бид өөрсдийгөө дэлхийн хаяг шошгоор тодорхойлох үед бид тэнгэрлэг чадамжаа хязгаарладаг бөгөөд улмаар сонгох чадвараа ч мөн адил хязгаарладаг. David A. Bednar, “And Nothing Shall Offend Them,” Liahona, Nov. 2006, 89–92-ыг үзнэ үү.

  7. Russell M. Nelson, “The Love and Laws of God” (Brigham Young University devotional, Sept. 17, 2019), speeches.byu.edu-ийг үзнэ үү. Энэхүү БЯИС-ийн онцгой цугларалтад ерөнхийлөгч Нэлсон Бурхан ба Түүний Хүү бидэнд хайртай учраас бидэнд туслах хууль, шаардлагуудыг өгсөн хэмээн заасан. “Бурханы хуулиуд бидний хүн нэг бүрийг гэсэн Түүний төгс хайрыг илтгэдэг. Түүний хуулиуд биднийг сүнслэг байдлын хувьд аюулгүй байлгаж, мөнхөд өсөж хөгжихөд тусалдаг” (2-р хуудас).

  8. Carlos A. Godoy (BYU–Pathway Connections Conference, Lima, Peru, May 3, 2018).

  9. 2 Нифай 25:23

  10. Эцэг эх маань “ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙ” гэсэн Гилбэртийнхний гэр бүлийн уриаг эхлүүлсэн юм. Хэрэв бид чадах бүхнээ хийвэл Бурхан бидэнд тусалж, дутууг маань нөхнө гэдэгт бид итгэн найдаж чадна гэдгийг онцолсноор налуу зураасны зүйрлэлийг өөрөөр тайлбарлаж болох юм.

  11. Clark G. Gilbert, “From Grit to Grace” (BYU–Pathway Worldwide devotional, Sept. 25, 2018), byupathway.org/speeches-ийг үзнэ үү. Би энэхүү захиасдаа, бид хичээнгүйлэн ажиллаж, сахилга баттай байх үр дүнтэй загварыг хөгжүүлж сурах ёстой ч гэсэн Есүс Христ доторх өөрийн жинхэнэ боломж бололцоог ухамсарлахын тулд Түүний ач ивээлийг ашиглаж сурах ёстой гэсэн санааг авч үзсэн юм.

  12. Rex E. Lee, “Some Thoughts about Butterflies, Replenishment, Environmentalism, and Ownership” (Brigham Young University devotional, Sept. 15, 1992), 2, speeches.byu.edu; мөн Дэд хууль 6:11-ийг үзнэ үү.

  13. Clayton M. Christensen, “How Will You Measure Your Life?,” Harvard Business Review, July–Aug. 2010, hbr.org-ийг үзнэ үү. Энэхүү захиасыг анх Харвардын Бизнесийн сургуулийн төгсөлттэй уялдуулан зохион байгуулсан Ангийн өдөрт зориулан хэлсэн үгэнд өгчээ. Профессор Кристэнсэн өөрийн захиасанд, даруу байдлаас өөртөө итгэх итгэлийг салгахгүй байхыг оюутнууддаа анхааруулаад, амьдралынхаа туршид ахиц дэвшил гаргахын тулд бусдаас суралцаж, засаж залруулахыг эрэлхийлэхүйц хангалттай даруу байх хэрэгтэйг сануулжээ.

  14. Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ерөнхий чуулган 2011 оны 4-р сар, 104–107.