Ерөнхий чуулган
Их Эзэнд ариуныг өгөх нь
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Их Эзэнд ариуныг өгөх нь

Золиосны хувьд “юу орхиж” байгаа нь бус, Их Эзэнд юу “өгч” байгаа нь чухал.

Өнгөрсөн жил намайг Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон залгаж, Тэргүүлэх бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчлэхэд урьсан юм. Тэрээр эхнэр Лориг маань ярилцлагадаа эелдгээр урилаа. Утсаар ярьсны дараа биднийг үүнд итгэж ядан байх зуур эхнэр маань “Тэргүүлэх бишопын зөвлөл ер нь юу хийдэг юм бол?” гэж асуув. Би хэсэг тунгаасны дараа “Би сайн мэдэхгүй байна” гэж хариулж билээ.

Жилийн дараа, даруу байдал ба талархлын гүнзгий мэдрэмжүүдийн дараа, би эхнэрийнхээ асуултад илүү ойлголт өгч чадахуйц хариулж чадахаар болсон. Тэргүүлэх бишопын зөвлөлийн хийдэг олон зүйлийн нэг нь Сүмийн халамж, хүмүүнлэгийн ажлыг удирдах явдал юм. Энэ ажил өнөөдөр дэлхий дахиныг хамарч, Бурханы урьд урьдынхаас илүү олон хүүхдийг адисалж байна.

Тэргүүлэх бишопын зөвлөлийн хувьд бидэнд Сүмийн гайхалтай ажилчид туслахын зэрэгцээ, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл бидэнтэй хамтран Сүмийн халамжийн болон бие даах чадварын гүйцэтгэх хороонд үйлчилж байна. Уг хорооны гишүүдийн үүргийн хүрээнд, Тэргүүн Зөвлөл өнгөрсөн орой үг хэлсэн Юбанк эгч бид хоёртой холбогдож, Сүмийн өнөөгийн хүмүүнлэгийн ажлуудын талаар та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Ах, эгч, та бүхэн л эдгээр хүмүүнлэгийн ажлыг боломжтой болгосон учраас тэд гүнээ талархаж буйгаа уламжлахыг биднээс хүссэн.

Зураг
Хүмүүнлэгийн тусламжийн хандивууд
Зураг
Нэмэлт хүмүүнлэгийн тусламжийн хандивууд

Бид дэлхий даяарх Ковид-19-ийн хямралын эдийн засгийн эхэн үеийн нөлөөг сэтгэл түгшин харж байхдаа, гэгээнтнүүдийн өгөх боломжтой сайн дурын хандивын хэмжээ буурахыг хялбархан тооцоолж болохоор байв. Манай гишүүд ч бас цар тахлын уналтад өртөж байсан шүү дээ. Гэтэл бүр эсрэг дүр зураг хараад, бидний хэрхэн мэдэрснийг төсөөл дөө! 2020 оны хүмүүнлэгийн хандив бүх цаг үеэс хамгийн өндөр байж, энэ жил бүр өсөж байна. Та бүхний өгөөмөр сэтгэлийн үр дүнд Сүм хүмүүнлэгийн санг эхлүүлснээс хойш хамгийн далайцтай тусламжийг үзүүлж, 150 гаруй улсад Ковидын эсрэг 1500 гаруй халамжийн төсөл хэрэгжүүллээ. Та бүхний Их Эзэнд өгөөмрөөр өргөсөн эдгээр хандив амь залгуулах хоол хүнс, хүчилтөрөгч, эмнэлгийн хангамж, вакцинжуулалт болж хувирч, үүнийг хүлээн авах боломжгүй байсан хүмүүст хүрсэн.

Зураг
Дүрвэгчид
Зураг
Дүрвэгчид
Зураг
Дүрвэгчид

Асар их эд зүйлээр туслахын хажуугаар гишүүд маань хүмүүнлэгийн ажилд маш их цаг зав, эрч хүчээ зориулсан байлаа. Цар тахал хурдацтай тархахын зэрэгцээ, байгалийн гамшиг, нийгмийн сөргөлдөөн, эдийн засгийн тогтворгүй байдал хурцдаж, сая сая хүнийг орон гэрээ орхиход хүргэсэн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас өдгөө дэлхий даяар 82 сая гаруй хүн орон гэрээ албан хүчээр орхихоос аргагүйд хүрсэн байна гэж мэдээлжээ. 1 Тэдэн дээр нэмэгдээд, өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ сайхан амьдрал горилон ядуурал, хавчлагаас зугтахыг эрмэлзсэн сая сая хүн байгаа ба та үүнээс дэлхий дахины нөхцөл байдал хэр хүнд байгааг зэрвэс харж болно.

Олон хүн сайн дураараа цаг зав, авьяас чадвараа зориулсны ачаар Америкийн Нэгдсэн Улс дахь болон Европ дахь дүрвэгч, цагаачдыг угтах маш олон төвийг Сүм ажиллуулж байгааг мэдэгдэхэд таатай байна. Мөн та бүхний хандивын ачаар бид бараа бүтээгдэхүүн ба санхүүжилтийг олгож, сайн дурынхан дэлхий даяарх байгууллагуудын үүнтэй төстэй төслүүдэд тусалж байна.

Эдгээр дүрвэгчид хүрч үйлчлэн, хооллож, хувцаслаж, найзалж нөхөрлөхөд мөн суурьшиж, бие даахад тусалсан гэгээнтнүүдэд би чин сэтгэлээсээ талархмаар байна.

Өчигдөр орой Юбанк эгч та бүхэнтэй зарим гэгээнтний энэ талаарх гайхалтай хичээл зүтгэлийн тухай хуваалцсан. Эдгээр хичээл зүтгэлийн талаар бодох үедээ би золиосны зарчмын тухай мөн Бурханаа болон хөршөө хайрлах агуу хоёр тушаалтай энэ зарчим хэрхэн шууд холбогддог тухай боддог.

Орчин үеийн хэрэглээнд золиос гэдэг үг нь Их Эзэн, Түүний хаант улсын төлөө байгаа зүйлсээ “орхих” гэсэн агуулгыг дамжуулдаг. Харин эрт цагт, золиос гэдэг үг нь үүний хоёр латин язгууртай илүү холбоотой байж, сэйкэр гэдэг нь “нандин” эсвэл “ариун”, фасэр гэдэг нь “болгох” гэсэн утгатай байв. 2 Тиймээс эртний цаг үеийн золиос нь чухамдаа аливаа зүйл эсвэл хэн нэгнийг ариун болгох гэсэн утгатай байв. 3 Эндээс үзэхэд, золиос нь ариун болох, Бурханыг мэдэх үйл явц буюу Их Эзэний төлөө байгаагаа “орхих” шашны зан үйл буюу үйл ажиллагаа биш юм.

Их Эзэн “Би тахилыг бус хайр энэрлийг, Би шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгийг таална” 4 хэмээн хэлжээ. Их Эзэн биднийг ариун болж, 5 энэрлээр дүүргэгдэн, 6 Өөрийг нь таньж мэдэхийг 7 хүсдэг. Төлөөлөгч Паул “Хэрэв би бүх өмч хөрөнгөө тараан өгч, биеэ шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм” 8 гэж заасан. Эцэст нь Их Эзэн биднээс зүрх сэтгэлээ зориулахыг мөн биднийг Христ дэх шинэ бүтээл болохыг хүсдэг. 9 Тэрээр нифайчуудад хандан “та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно” 10 хэмээн зааварчилжээ.

Зураг
Их Эзэнд ариуныг

Золиосны хувьд “юу орхиж” байгаа нь бус, Их Эзэнд юу “өгч” байгаа нь чухал. Ариун сүм бүрийн үүдэнд “Эзэнд ариуныг; Их Эзэний өргөө” гэсэн үгийг сийлсэн байдаг. Бид золиос гарган гэрээгээ сахих үедээ Есүс Христийн ач ивээлээр ариусдаг бөгөөд ариун сүмийн тахилын ширээнд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр Их Эзэнд ариуныг өгдөг. Ахлагч Нийл А.Максвэлл “Өөрсдийн таалал [эсвэл зүрх сэтгэлээ 11 ] өгөх нь Бурханы тахилын ширээнд өргөх бидний нэн хувийн онцгой өргөл юм. … Гэсэн хэдий ч та мөн би өөрсдийн хүслийг Бурханы хүслээр сольж, өөрсдийгөө даруусгах үед үнэхээр ямар нэгэн зүйлийг Түүнд өгч байгаа хэрэг” 12 гэж заажээ.

Бусдын төлөөх золиосоо “орхих” өнцгөөс харвал, бид үүнийг дарамт мэтээр харж, золиосыг маань таниагүй эсвэл шагнаагүй үед урам маань хугарч болох юм. Харин бид Их Эзэнд “өгөх” өнцгөөс хандвал, бусдын төлөөх золиос маань бэлэг болж, өгөөмрөөр өгөхийн баяр баясал нь шагнал болж хувирдаг. Бусдаас хайр, зөвшөөрөл, талархал хүлээхээ больсноор бидний золиос Аврагчийг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах хайр, талархлын маань хамгийн ариун, гүн гүнзгий илэрхийлэл болдог. Золиосны аливаа тааламжит мэдрэмж нь талархал, өгөөмөр зан, сэтгэл ханамж, баяр баяслыг төрүүлдэг. 13

Зүгээр “өгч орхихоос” илүүтэй Их Эзэнд ариулан 14 өгснөөр бидний амьдрал, эд хөрөнгө, цаг зав эсвэл авьяас чадвар ариусдаг. Сүмийн хүмүүнлэгийн ажил бол гайхалтай бэлэг. Энэ нь гэгээнтнүүдийн хамтын бөгөөд ариулсан өргөлийн бүтээгдэхүүн ба Бурхан, Түүний хүүхдүүдийг хайрлах хайрын маань илэрхийлэл юм. 15

Зураг
Канфийлд эгч үйлчилж буй хүмүүстэйгээ хамт

Стив, Анита Канфийлд нар Их Эзэнд өгснөөр өөрчлөлтийн адислалыг мэдэрсэн дэлхий даяарх хожмын үеийн гэгээнтнүүдийн төлөөлөл билээ. Халамж, бие даах чадварыг хариуцсан номлогчдын хувьд Канфийлд ах, эгч хоёроос Европ дахь дүрвэгчдийн хуаран, цагаачдын төвүүдэд тусламж үзүүлэхийг хүсжээ. Канфийлд эгч мэргэжлийн хувьд дэлхийд алдартай дотоод заслын загвар зохиогч ба хөрөнгөтэй үйлчлүүлэгчдийн гоёмсог гэр, зочид буудлуудыг тохижуулж, чимдэг байв. Гэнэт тэрээр эсрэг тэсрэг ертөнцөд ирж, дэлхийн эд хөрөнгөө бүгдийг алдсан шахуу хүмүүст үйлчлэх болжээ. Тэр “гантиг замыг шороон шалаар” сольж, түүний болон нөхрийнх нь халамж хэрэгтэй хүмүүстэй найзлан, удалгүй тэднийг хайрласнаар хэмжээлшгүй сэтгэл ханамжийг олж авсан байна.

Канфийлд ах, эгч хоёр “Бид Их Эзэнд үйлчлэхийн тулд аливаа зүйлээ ‘орхисон’ мэт санадаггүй. Бидний хүсэл бол Их Эзэний тааллаар Түүний хүүхдүүдийг адислахын тулд цаг зав, эрч хүчээ ‘өгөх’ явдал байлаа. Ах, эгч нартай ажиллах үед, аливаа гадаад үзэмж, боловсрол, хөрөнгийн ялгаа үгүй болж, бид нэг нэгнээ гэсэн хайрыг харж байсан. Бурханы хамгийн даруу хүүхдүүдийн дунд үйлчилсэн маань биднийг баяжуулсан бөгөөд эдгээр туршлагыг ямар ч ажил мэргэжлийн амжилт эсвэл хөрөнгө орлоготой зүйрлэшгүй” гэж ажиглажээ.

Канфийлд ах, эгч болон тэдэнтэй адил олон хүн надад энгийн бөгөөд гүн утга агуулсан хүүхдийн дууны үгэнд талархахад тусалсан.

Уулнаас нэг бяцхан горхи урсаж байна,

“Усаа өгье” хэмээн шоржигнон урсахдаа хэлнэ.

Тэр жижигхэн ч урсах газар бүрд нь

Мод зүлэг ногоорч сэргэнэ.

Бид тус тусдаа байхдаа бага хэдий ч хамтдаа Бурханд болон эргэн тойрныхондоо өгөхөөр яаравчлах үедээ хаа ч явсан бусдын амьдралыг баяжуулж, адислах болно.

Энэ дууны гуравдугаар бадаг нь олонд танигдаагүй ч, хайрын урилгаар ийн төгсдөг.

Есүс бидэнд бүхнийг өгсөн юм.

Тийн бид яг Есүс шиг бусдад өгөх хэрэгтэй.

Байгаль дэлхийгээс суралцаж

Бид өгөөмөр байж чадна. 16

Хайрт ах, эгч нар аа, бид боломжтой зүйлсээ болон цаг заваа, бүр өөрсдийгөө Бурханд болон бусдад өгч амьдарснаар дэлхийг илүү ногоон, Бурханы хүүхдүүдийг илүү жаргалтай болгож, энэ явцад илүү ариун болох болно.

Их Эзэнд чөлөөтэй өгөх золиосны тань төлөө Тэр та бүхнийг өгөөмрөөр адислах болтугай.

Бурхан амьд хэмээн би гэрчилж байна. “Ариун Хүн гэдэг нь Түүний нэр болой.” 17 Есүс Христ бол Түүний Хүү бөгөөд Тэр бүх сайн бэлгийг өгдөг. 18 Золиос гарган гэрээнүүдээ дагаснаар мөн Түүний ач ивээлээр дамжуулан бид ариусаж, Их Эзэнд илүү их хайрыг болон ариуныг өгөх болтугай. 19 Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. “Global Trends: Forced Displacement in 2020,” UNHCR report, June 18, 2021, unhcr.org-ийг үзнэ үү.

  2. Золиос гэдэг нь латинаар сэйкрифисиум гэсэн үг бөгөөд сэйкэр,фасэр гэсэн хоёр латин язгуураас бүрдсэн гэж Мэрриам-Вэбстэрийн толь бичигт тэмдэглэжээ (merriam-webster.com-ийг үзнэ үү). Латин англи толь бичигт гарснаар сэйкэр гэдэг нь “нандин” эсвэл “ариун”, фасэр гэдэг нь “болгох эсвэл хийх” гэсэн утгатай (latin-english.com-ийг үзнэ үү).

  3. Судруудын удирдамж, “Чөтгөр,” scriptures.ChurchofJesusChrist.org.

  4. Хосеа 6:6-г, түүнчлэн зүүлт тайлбар b-ээс нигүүлсэл гэдэг нь еврей хэлээр энэрэл эсвэл хайраар дүүрэн гэсэн утгатай. Матай 9:10–13; 12:7-г үзнэ үү.

  5. Леви 11:44-ийг үзнэ үү.

  6. Моронай 7:47-г үзнэ үү.

  7. Мозая 5:13-ыг үзнэ үү.

  8. 1 Коринт 13:3-ыг мөн Мозая 2:21-ийг үзнэ үү.

  9. 2 Коринт 5:17-г үзнэ үү.

  10. Алма 9:20; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн; мөн 19-р шүлгийг үзнэ үү.

  11. Зүрх сэтгэл гэдэг нь таалал гэдэгтэй ойролцоо утгатай үг болж энд нэмэгдсэн.

  12. Нийл А.Максвэлл, “Swallowed Up in the Will of the Father,” Ensign, 1995 оны 11-р сар; тодотгол нэмэгдсэн. Омнай 1:26; Ром 12:1-ийг үзнэ үү.

  13. Моронай 10:3-ыг үзнэ үү.

  14. Ариулах гэдэг нь “ариун болгон тунхаглах эсвэл томилох гэсэн утгатай, Америк Өв Коллежийн толь бичиг.

  15. Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  16. “Бяцхан горхи урсаж байна,” Хүүхдийн дууны ном, 116–117.

  17. Мосе 6:57

  18. Моронай 10:18-ыг үзнэ үү.

  19. Сургаал ба Гэрээ 97:8-ыг үзнэ үү.