Ерөнхий чуулган
“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?”
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?”

Та эхлээд Их Эзэнийг хайрладгаа харуулах ямар зүйлсийг амьдралдаа хийж чадах вэ?

2019 оны 11-р сард би найзтайгаа Ариун нутгаар айлчилсан юм. Тэнд байхдаа бид Есүс Христийн амьдралын талаарх судруудыг хэлэлцэж судалсан. Нэг өглөө бид хоёр Галилын тэнгисийн баруун хойд эрэг дээр, Есүс амилсныхаа дараа шавь нартайгаа уулзсан байж мэдэх нэгэн газарт зогсож байлаа.

Иоханы 21-р бүлгээс бид Есүсийг амилсны дараа Петр болон бусад шавь нар нь бүхэл шөнөжин амжилтгүй загасчилсан 1 талаар уншдаг. Өглөө нь тэд эрэг дээр зогсож буй хэн нэгэн хүний тэдэнд завиныхаа нөгөө тал руу тороо шид гэж хэлэхийг хардаг. Тэднийг мэл гайхуулж, тор нь гайхамшигтайгаар дүүрдэг. 2

Тэр даруй тэд уг хүнийг Их Эзэн болохыг таниад, Түүнтэй мэндлэхээр яаран ирдэг.

Тэднийг загасаар дүүрсэн тороо эрэг лүү чирэн ирэхэд Есүс “Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ” 3 хэмээн хэлдэг. “Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” 4 хэмээн асуусныг Иохан тэмдэглэсэн байдаг.

Би яг тэр эрэг дээр зогсож байхдаа, Аврагчийн уг асуултыг хэзээ нэг өдөр Түүний надаас асуух хамгийн чухал асуултуудын нэг гэдгийг ойлгосон. Би Түүний “Рассэлл, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэж асуухыг сонсох шиг болсон.

Есүс “Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” хэмээн Петрээс асуухдаа юуны тухай ярьж байсан бол гэж та бодож байна уу?

Энэ асуултыг өнөө үед өөрсөдтэйгөө холбож үзвэл, Их Эзэн бидний ямар завгүй байгаа талаар болон бидний цаг зав, анхаарлыг татах гэж өрсөлдөх олон эерэг, сөрөг нөлөөний талаар асууж байж магадгүй юм. Тэр хүн бүрээс, бид энэ дэлхийн зүйлсээс илүү Өөрийг нь хайрладаг эсэхийг асууж байж магадгүй. Энэ нь бид амьдралдаа юу эрхэмлэдэг, хэнийг дагадаг, гэр бүлийн гишүүд, хөршүүдтэйгээ харилцах харилцаагаа хэрхэн авч үздэг тухай асуулт байж мэдэх юм. Эсвэл Тэрээр юу бидэнд үнэхээр баяр баясгалан, аз жаргал авчирдгийг асууж байж магадгүй.

Энэ дэлхийн зүйлс Аврагчийн шавь нартаа амласан мөн бидэнд амладаг тэр баяр баясгалан, аз жаргалыг авчирдаг уу? Түүнийг хайрлаж, сургаалыг нь дагаснаар гагцхүү Тэр л бидэнд жинхэнэ баяр баясгалан, аз жаргал, амар амгаланг авчирч чадна.

“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэх асуултад бид хэрхэн хариулах байсан бэ?

Энэ асуултын бүрэн утгыг олж мэдсэнээр бид илүү сайн гэр бүлийн гишүүн, илүү сайн хөрш, иргэн, Сүмийн гишүүн, Бурханы охид, хөвгүүд болж чадна.

Энэ насандаа би олон оршуулгад оролцсон. Та нарын олонх нь миний анзаарсан зүйлийг бас анзаарсан гэдэгт би итгэлтэй байна. Нас барсан гэр бүлийн гишүүнийхээ эсвэл найзынхаа амьдралыг дурсахдаа, тэр хүний байшингийн хэмжээ, автомашины тоо, банкны дансны үлдэгдлийн талаар ярих хүн ховор. Тэд сошиал медиа дээрх нийтлэлийн талаар бараг л ярьдаггүй. Миний очиж байсан ихэнх оршуулгын ёслол дээр тэд хайртай хүнтэйгээ ямар харилцаа хамааралтай байсан болон түүний бусдад үйлчилсэн үйлчлэл, амьдралын сургамж, туршлага, тэдний Есүс Христийг хайрладаг байсан хайранд анхаарлаа хандуулдаг.

Намайг битгий буруугаар ойлгоорой. Би сайхан байшин, машинтай байх нь буруу эсвэл сошиал медиаг ашиглах нь муу гэж байгаа юм биш шүү. Миний хэлж байгаа зүйл бол эцсийн эцэст эдгээр зүйл нь Аврагчийг хайрлахтай харьцуулахад маш бага ач холбогдолтой.

Бид Түүнийг хайрлаж мөн дагах үедээ Түүнд итгэх итгэлтэй болдог. Бид нүглээ наманчилдаг. Бид Түүний жишээг дагаж, баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээж авдаг. Бид эцсээ хүртэл тэвчиж, гэрээний зам дээрээ үлддэг. Бид өс саналгүйгээр гэр бүлийн гишүүдээ мөн хөршүүдээ уучилдаг. Бид Бурханы тушаалуудыг дагахыг чин сэтгэлээсээ хичээдэг. Бид дуулгавартай байхыг хичээдэг. Бид гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг. Бид эцэг эхээ хүндэлдэг. Бид дэлхийн сөрөг нөлөөг үл ойшоодог. Бид Түүний Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө бэлтгэдэг.

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” дээрээс бид “[Есүс] хэзээ нэгэн цагт дэлхий дээр эргэж ирнэ … . Тэрээр Хаадын Хааны хувьд удирдаж, Эздийн Эзэний хувьд хаанчлах болно. Тэгээд Түүнийг шүтэн өвдөг бүхэн сөгдөж хэл бүхнээр ярих болно. Хүн бүр Түүний өмнө хийсэн ажил хэрэг, зүрх сэтгэлдээ агуулсан хүслийнхээ дагуу шүүгдэх болно” 5 гэж уншдаг.

“Амьд Христ” баримтад гарын үсгээ зурсан төлөөлөгчдийн нэгний хувьд би “Есүс бол дэлхийн гэрэл, амьдрал ба итгэл найдвар” 6 гэдгийг мэдэх нь надад өдөр бүр Түүнийг илүү их хайрлах хүслийг төрүүлдэг гэж хэлж чадна.

Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр амьд гэдгийг гэрчилж байна. Тэд биднийг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Сударт “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” 7 гэж заадаг. Түүнчлэн Есүс “итгэсэн болгон нь Бурханы хөвгүүд болж болохын тулд дэлхийг нэн ихээр хайрлаж амьдралаа өгсөн нь тэр бөлгөө” 8 хэмээн сударт заадаг.

Тэнгэрлэг Эцэг биднийг үнэхээр хайрласан тул Тэрээр авралын төлөвлөгөөгөө бэлтгэхдээ Аврагчийг гол хүн болгосон. Есүс биднийг үнэхээр хайрласан тул Тэнгэр дэх агуу зөвлөлийн үеэр Тэнгэрлэг Эцэгийг “Хэнийг илгээх вэ би?” хэмээн асуухад Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийн Ууган хүү Есүс Христ “Би энд байна, намайг илгээгтүн” 9 хэмээн хариулсан. Тэрээр Эцэгт хандан, “Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” 10 гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн саналаар бидний Аврагч, Гэтэлгэгч болохыг зөвшөөрснөөр бид Тэдэнтэй адил болж, Тэдний оршихуйд эргэн очих боломжтой болсон.

Энэ хоёр судар нь Тэдний оршихуйд эргэн очихын тулд бид итгэх хэрэгтэй гэдгийг мөн заадаг. Бид Есүст болон Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд итгэх хэрэгтэй. Итгэх гэдэг нь сорилт бэрхшээл, хэрүүл тэмцлийн үед ч гэсэн Аврагчийг хайрлаж, дагаж, зарлигуудыг нь сахина гэсэн үг.

Өнөөдөр дэлхий хөл үймээнтэй байна. Урам хугарах, санал зөрөлдөх, зовж шаналах, анхаарал сарниулах зүйлүүд гарч байна.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2017 онд “Энэ бол дайн, дайны тухай цуурхал, халдварт өвчин тархалт, ган гачиг, үер, дэлхийн дулаарал гэсэн том том санаа зовнилоор дүүрэн, хүч чадал шавхсан цаг үе юм” 11 гэж онцлон хэлсэн.

Бидэнд хүнд хэцүү мэт санагдах бэрхшээл тулгарсан ч гэсэн Есүсийг хайрлах хайр, итгэл найдвараа алдаж болохгүй. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр биднийг хэзээ ч мартахгүй. Тэд бидэнд хайртай.

Өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг нэгдүгээрт тавихын чухлыг заасан. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд Израил гэдэг үгийн нэг утга нь “Бурхан ялах болтугай” 12 гэсэн үг гэж заасан.

Тэрээр хүн бүрээс “Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үгс, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?” 13 гэж асуусан.

Бидний жинхэнэ аз жаргал Бурхан, Есүс Христ хоёртой харилцах мөн бие биетэйгээ харилцах харилцаанаас хамаардаг гэдгийг бид үргэлж санаж байх ёстой.

Бидний хайраа харуулах нэг арга зам бол гэр бүл, найз нөхөд, хөрштэйгөө нэгдэж, бие биедээ илүү сайн үйлчлэхийн төлөө зарим жижиг зүйлийг хийх явдал юм. Энэ дэлхийг илүү сайхан газар болгох зүйлсийг хий.

Та эхлээд Их Эзэнийг хайрладгаа харуулах ямар зүйлсийг амьдралдаа хийж чадах вэ?

Бид хөршөө хайрлахдаа, Түүний хайрласны адил хайрлахад анхаарлаа төвлөрүүлэх үед эргэн тойрныхоо хүмүүсийг үнэхээр хайрлаж эхэлдэг. 14

“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэсэн Аврагчийн асуултад та хэрхэн хариулах байсан бэ? гэж би дахин асууя.

Та нарыг энэ асуултыг надтай адил бодож үзээд, Петрийн аль эрт дээр үед “Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ” 15 гэж хариулсны адилаар хариулж, дараа нь Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж, тэдэнд үйлчилснээр үүнийг харуулаасай хэмээн би залбирч байна.

Бидний амьдрах арга зам, бие биетэйгээ харилцах харилцааг зааж өгдөг Есүс Христийн сайн мэдээгээр бид адислагдсан гэдгийг би гэрчилж байна. Түүн дотор, Бурханы хүү, охин болгон Түүнд үнэ цэнтэй гэдгийг бид олж мэддэг.

Есүс Христ бол бидний хайрт Аврагч гэдгийг би гэрчилж байна. Тэрээр Бурханы Төрсөн Ганц Хүү. Би энэ гэрчлэлийг Есүс Христийн нэрээр даруухнаар хэллээ, амен.