Ерөнхий чуулган
Асуух, үйлдэх итгэл
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Асуух, үйлдэх итгэл

Есүс Христэд итгэх итгэл бол үнэний илчлэлтүүдийг хүлээн авах түлхүүр юм.

Хайрт ах, эгч нар аа, энэ Ерөнхий чуулганы бямба гаргийн оройн хуралдаанаар та нарт хандан үг хэлж байгаадаа би талархалтай байна. Өнөө өглөө Ерөнхий чуулганыг нээж хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “зүрх сэтгэлдээ байгаа асуултууддаа цэвэр илчлэлт хүлээн авах нь энэ чуулганыг үнэ цэнтэй бөгөөд мартагдашгүй болгох болно. Энэ хоёр өдөрт Их Эзэн таныг сонсоосой хэмээн бэлдсэн зүйлсийг сонсохын тулд Ариун Сүнсний тохинууллыг та хараахан эрэлхийлээгүй байгаа бол одоо эрэлхийлэхэд би уриалж байна” 1 гэж хэлсэн. Та нарт хандан ярихдаа илчлэлт авахын тулд бэлтгэж байхдаа би энэхүү адислалыг эрэлхийлсэн. Энэхүү илчлэлтийг та нарыг Бурханаас авч болохын төлөө би чин сэтгэлээсээ залбирч байна.

Бурханаас илчлэлт хүлээн авах арга зам Адав, Евагийн өдрүүдээс хойш өөрчлөгдөөгүй. Энэ нь эхлэлээс өнөөдрийг хүртэл Их Эзэний дуудсан үйлчлэгчдийн хувьд ижил байсан. Энэ нь та бидэнд ч мөн ижил. Энэ нь итгэлийнхээ дагуу үйлдсэнээр ирдэг. 2

Иосеф Смит өсвөр насандаа Бурханыг зүрх сэтгэлийнх нь залбиралд хариулна гэж итгэн, Бурханаас асуух хангалттай итгэлтэй байсан. Ирсэн хариулт нь дэлхийг өөрчилсөн. Тэрээр нүглээс цэвэршихийн тулд аль сүмд орохоо мэдэхийг хүссэн. Хүлээн авсан хариулт нь цаашид илүү сайн асуултууд тавьж, дөнгөж эхлээд үргэлжлэн ирэх илчлэлтүүдийн дагуу үйлдэх урам зоригийг түүнд өгчээ. 3

Та энэ чуулганаар үүнтэй адил туршлагатай болж болох юм. Танд хариулт эрэлхийлж буй олон асуулт байгаа. Их Эзэнээс үйлчлэгчдээр нь дамжуулан хариулт хүлээж авна гэж найдах хэмжээний итгэл танд байгаа. 4 Үг хэлэгчдээс шууд асуух боломж танд байхгүй ч та хайртай Эцэгээсээ залбирч байгаад асууж болно.

Хариулт нь таны хэрэгцээнд болон сүнслэг бэлтгэлд тааруулан ирдгийг би туршлагаасаа мэднэ. Таны болон бусдын мөнхийн сайн сайханд чухал хариулт хэрэгтэй байгаа бол хариулт ирэх магадлал илүү их байна. Тийм байлаа ч та Иосеф Смитийн хүлээн авсны адил тэвчээртэй байх хариултыг авч магадгүй. 5

Есүс Христэд итгэх итгэл тань таны зүрх сэтгэлийг Түүний Цагаатгалаар дамжуулан зөөллөсөн бол та залбирлынхаа хариуд Сүнсний шивнээг илүү мэдрэх болно. Миний хувийн туршлагаар дотоод сэтгэл минь тайван байж, Их Эзэний хүслийг дагах эрмэлзлийг мэдэрсэн үед намуухан зөөлөн дуу оюун бодолд минь илүү тодорхой байдаг. Даруу байдлын энэхүү мэдрэмжийг “миний хүслээр бус, харин Таныхаар болог” 6 хэмээх судраар тодорхойлж болно.

Энэхүү чуулганд үг хэлж буй хүмүүс Христийн сургаалыг зааж байгаа шалтгаан нь энэхүү илчлэлтийн үйл явц юм. 7 Бид Христийн сургаалыг зүрх сэтгэлдээ хэр их эрэлхийлж, амьдралдаа хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан илчлэлт бидэнд их бага хэмжээгээр ирдэг.

Мормоны Номон дээр Нифай бидэнд Есүс Христэд итгэх итгэл бол үнэний илчлэлтүүдийг хүлээн авах түлхүүр мөн Аврагчийн удирдамжийг дагаж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болох түлхүүр гэж заасныг та нар санаж байгаа байх. Есүс Христийг энэ дэлхийд төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө Нифай дараах үгсийг бичжээ.

“Тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул, тэд Христийн үгсийг ярьдаг. Иймийн тул, би та нарт хэлсэнчлэн, Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.

Иймийн тул, эдүгээ би эдгээр үгсийг ярьсны дараа, хэрэв та нар эдгээрийг ойлгож эс чадах аваас энэ нь та нар асуудаггүй, бас тогшдоггүйн учир болой; иймийн тул, та нар гэрэлд авчрагдсангүй, харин харанхуйд мөхөх ёстой.

Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно.

Болгоогтун, энэ нь Христийн сургаал, мөн тэрээр өөрийгөө та нарт бие махбодод үзүүлсний дарааг хүртэл ямар ч өөр сургаал өгөгдөхгүй байх болно. Мөн тэрээр өөрийгөө бие махбодод үзүүлэхэд, та нарт түүний хэлэх зүйлийг та нар хийхийг хичээгтүн.” 8

Их Эзэн үйлчлэгчдээрээ дамжуулан өнөөдөр ч, ирэх өдрүүдэд ч та нарт болон надад хандан ярих болно. Тэр бидэнд хийвэл зохих зүйлсийг хэлэх болно. 9 Аврагч надад болон та нарт үүрэг даалгавар өгөхдөө хашхирч тушаахгүй. Тэрээр Елиад заахдаа:

“ЭЗЭН —Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.

Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч ЭЗЭН гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуун хүнгэнэх дуу гарлаа.” 10 .

Тэрхүү дуу хоолойг сонсох нь Түүнд итгэх бидний итгэлээс үүдэлтэй. Бидэнд хангалттай итгэл байвал бид Түүнийг юу ч хэлсэн дагахад бэлэн хандлагаар удирдамж эрэлхийлэн асуудаг. 11 Түүний биднээс хийхийг хүссэн зүйлс бусдыг адисална гэдгийг мэдэх итгэлийг бид хөгжүүлэх болно. Тэр бидэнд хайртай учраас энэ явцад бид цэвэршигдэх боломжтой.

Есүс Христэд итгэх итгэл биднийг Эцэгээс хариулт хүсэн асуухад хөтөлдөг шиг энэхүү итгэл мөн Аврагчаар дамжуулан зүрх сэтгэлээ зөөллөж, улмаар Түүний удирдамжийг авч, үүнийгээ баяртайгаар дагахад хүргэдэг. Улмаар бид ажил хэцүү байсан ч “Хаан Бурханы ажил нь яруу” 12 гэсэн дууллын үгсийг баяртайяа дуулах болно.

Христийн сургаал бидний зүрх сэтгэлд болоод амьдралд байж хоногших тусам бид Есүс Христэд итгэхээс ирэх адислалыг хэзээ ч авч байгаагүй эсвэл авах гээд чадахгүй байгаа хүмүүсийг илүү их хайрлаж ойлгодог. Их Эзэнд итгэж, найдахгүйгээр Түүний зарлигуудыг сахихад хэцүү. Аврагчид итгэх итгэлээ алдсан зарим хүн Түүний зөвлөгөөг дайрч давшлан, сайныг муу, мууг сайн 13 хэмээж эхэлдэг. Ийм эмгэнэлтэй алдааг гаргахгүйн тулд бидний хүлээн авдаг аливаа хувийн илчлэлтүүд нь Их Эзэн, Түүний бошиглогчдын сургаалтай нийцэж байх нь маш чухал юм.

Ах, эгч нар аа, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхад итгэл шаардагддаг. Түүний өмнөөс бусдад үйлчлэхэд Есүс Христэд итгэх итгэл шаардагддаг. Сүнсний дуу хоолойг мэдрэхгүй байх магадлалтай юм уу бүр хэлэх зүйлсийн тань үнэнийг үгүйсгэх хүмүүст Түүний сайн мэдээг очиж заахын тулд итгэл шаардагддаг. Харин бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, амьд бошиглогчдыг нь дагавал итгэл дэлхий даяар нэмэгдэнэ. Технологийн ачаар, дэлхийн түүхэн дэх ямар ч хоёр өдрөөс илүүтэйгээр энэ хоёр өдөр Бурханы илүү олон хүүхэд Бурханы үгийг сонсож таних байх.

Энэ бол Их Эзэний сүм, дэлхий дээрх Түүний хаант улс гэдэгт итгэх итгэл нэмэгдэх тусам илүү олон гишүүн аравны нэгээ төлж, өөрсдөд нь тохиолдож буй сорилтуудтай нүүр тулж байгаа ч тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд хандив өгч байна. Есүс Христээр дуудагдсан гэх итгэлээр дэлхий даяар үйлчилж буй номлогчид маань цар тахлаас үүдсэн бэрхшээлийг давж гарах аргыг олж, урам зориг, баяр хөөртэйгөөр ажлаа үргэлжлүүлж байна. Илүү их хичээн чармайх тусам тэдний итгэл хүчирхэгжиж байдаг.

Эсэргүүцэл, бэрхшээл нь итгэлийг хөгжүүлэх хөрс болдог билээ. Энэ нь үргэлж тийм байсан бөгөөд ялангуяа Их Эзэний Сүмийг зохион байгуулж, Сэргээлтийн ажил эхэлсэн үеэс ийм байсан. 14

Олон жилийн өмнө ерөнхийлөгч Жорж К.Канноны хэлсэн дараах үгс өнөөдөр ч үнэн бөгөөд Аврагч Сүмээ болон хүмүүсээ удирдахаар Өөрийн биеэр ирэх хүртэл ийм байна. “Сайн мэдээнд дуулгавартай байх нь [хүмүүсийг] Их Эзэнтэй улам ойртуулж, дотно болгодог. Энэ нь дэлхий дээрх хүмүүс, тэнгэр дэх Агуу Бүтээгчийн хоорондох харилцааг ойртуулдаг. Энэ нь Бүхнийг Чадагчид болон Тэрээр Өөрт нь найддаг хүмүүсийн гуйлтыг сонсож, хариулдаг гэдэгт бүрэн найдах мэдрэмжийг хүмүүний оюун санаанд суулгадаг. Сорилт бэрхшээл, гай зовлон тулгарах үед энэ найдварыг юугаар ч үнэлэхийн аргагүй. Хэцүү зүйл хувь хүнд эсвэл бүлэг хүнд тохиолдож болно, гамшиг хүн бүрийн найдварт заналхийлж, түүнийг ганхуулж болно, гэвч сайн мэдээнд дуулгавартай байснаар ирэх адислалыг авсан [хүмүүст] бат бөх зогсох газар байдаг төдийгүй тэдний хөл хөдөлшгүй хадан дээр байдаг.” 15

Бидний дээр нь зогсдог энэхүү хад бол Есүс бол Христ гэдгийг би гэрчилж байна. Энэ бол Түүний Сүм бөгөөд Есүс Өөрөө удирддаг; ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол өнөөдөр Түүний амьд бошиглогч гэсэн гэрчлэлээ үлдээе.

Ерөнхийлөгч Нэлсон Их Эзэнээс удирдамж эрэлхийлж, хүлээн авдаг. Миний хувьд тэр бол тэрхүү удирдамжийг эрэлхийлж, дагана гэсэн шийдвэр төгс хүний үлгэр жишээ юм. Их Эзэний удирдамжийг дуулгавартай дагах энэхүү шийдвэр төгс байдал Түүний Сүмийн энэхүү Ерөнхий чуулган дээр үг хэлэх, залбирах, дуулах бүх хүний зүрх сэтгэлд байгаа.

Энэхүү чуулганыг үзэх, сонсох дэлхий даяарх бүх хүн Их Эзэний хайрыг мэдрэх болтугай хэмээн би залбирч байна. Аврагчийн та нарыг болон Тэнгэрлэг Эцэгээ хайрлах хайрын өчүүхэн хэсгийг ч гэсэн мэдрэхийг хүссэн миний залбиралд Тэнгэрлэг Эцэг хариулсан. Тэр бол бид бүгдийн Тэнгэрлэг Эцэг.

Би Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Тэр бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Энэ бол Түүний Сүм. Тэр тэргүүнд нь байгаа. Тэрээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ Нью-Йоркийн ойн төгөлд Иосеф Смитэд Өөрсдийн биеэр үзэгдсэн. Есүс Христийн сайн мэдээ болон Түүний санваар тэнгэрлэг элч нараар дамжуулан сэргээгдсэн. 16 Ариун Сүнсний хүчээр би үүнийг үнэн гэдгийг мэднэ.

Та нарыг ч бас ийм гэрчлэлтэй болоосой гэж би залбирч байна. Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгахын тулд гэрээнүүд байгуулж, дагах, Есүс Христэд итгэх итгэлийг Тэнгэрлэг Эцэгээс хүсэхийг би та нараас гуйж байна. Би та нарт өөрийн хайр, баттай гэрчлэлийг Есүс Христийн ариун нэрээр үлдээж байна, амен.