Ерөнхий чуулган
Үйлдэх мөн болох итгэл
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Үйлдэх мөн болох итгэл

Залбирах, судар судлах, үйлдэхээр дамжуулан бид тэнгэрийн адислалуудыг нээн, Аврагч Есүс Христийн илүү сайн дагалдагчид болж чадна.

Намайг Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэхээр дуудагдаад удаагүй байхад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой хэдэн хором уулзах боломж олдсон юм. Бид цайны газарт санаандгүй таарсан бөгөөд тэрээр ахлагч С.Марк Палмэр бид хоёрыг өөртэй нь хамт сууж, өдрийн хоол идэхэд эелдгээр урив.

“Бошиглогчтой өдрийн хоол идэх үеэрээ юуны тухай ярих вэ?” гэсэн бодол надад төрлөө. Тэгээд би дөнгөж дуудлагаа аваад удаагүй байсан болохоор надад өгөх ямар нэгэн заавар, зөвлөгөө ерөнхийлөгч Нэлсонд байгаа эсэхийг өөрөөс нь асуухаар шийдэв. Түүний хариулт маш энгийн, шулуухан байсан ба тэрээр над руу хараад, “Ахлагч Шмайл аа, та өөрийн болж чадах тийм хүн болохоор дуудагдсан шүү дээ” гэж хэлсэн юм. Энэ туршлагаас хойш би Их Эзэн намайг ямар хүн болоосой хэмээн хүсдэг талаар тунгаан бодож эхлэв. Энэ талаар бодож байхдаа би Их Эзэн намайг илүү сайн хань, эцэг, хүү бас үйлчлэгч болоосой хэмээн хүсдэгийг ухаарсан юм. Дараа нь энэ бүхэн намайг Аврагч Есүс Христийн илүү сайн шавь болохоор хичээх үед биеллээ олно гэдгийг би ойлгож билээ.

Өнгөрсөн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон “Аливаа зүйлийг сайн хийж сурахад зүтгэл хэрэгтэй байдаг. Есүс Христийн үнэн дагалдагч болоход ч мөн адил юм” 1 хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Нэлсон биднийг Есүс Христийн илүү сайн шавь болохын тулд шаргуу хөдөлмөрлөхөд урьдаг. Тэр бидэнд Аврагчтай илүү адил болохын тулд гуйж, үйлдэж, судалж мөн бусад зүйлийг хийснээр итгэлээ хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн.

1. Гуй

Тэрээр “Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж гуй” 2 хэмээн хэлсэн. Залбирч гуйх нь хэрхэн Есүс Христийн илүү сайн шавь болж чадахаа мэдэж авах түлхүүрүүдийн нэг юм.

Америк дахь нифайчуудын дундах тохинууллынхаа төгсгөлд, Есүс Христийг тэнгэр өөд одсоны дараа Түүний шавь нар нэгдэн цугларцгааж мөн “хүчирхэг залбирал мөн мацаг барилтад нэгдэв. Мөн Есүс өөрийгөө тэдэнд дахин үзүүлэв, учир нь тэд Эцэгт хандан түүний нэрээр залбирч байсан ажээ.” 3 Есүс яагаад шавь нартаа Өөрийгөө дахин үзүүлсэн бэ? Учир нь тэд залбирч, бас гуйж байсан юм.

Тэрээр цааш нь тэдэнд хандан,

“Эдүгээ би Эцэгтээ очно. Мөн үнэнээр би та нарт хэлье, та нар Эцэгээс миний нэрээр гуйсан юу боловч, тэр зүйл та нарт өгөгдөх болно.

Тиймийн тул гуй, тэгвэл та нар хүлээн авна, тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно; учир нь гуйсан тэр нь хүлээн авна; мөн тогших түүнд, энэ нь нээгдэх болно” 4 хэмээн хэлжээ.

Бид Их Эзэний хүслийг мэдэхийн тулд итгэлээр гуйж, Тэр бидэнд юу илүү сайн болохыг мэддэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

2. Үйлд

Судлах нь Есүс Христийн илүү сайн шавь болох өөр нэг чухал түлхүүр юм. Биднийг үйлдэх үед Тэр биднийг удирдаж, замыг маань чиглүүлж өгөх болно. Нифай ах нартайгаа хоёр ч удаа бүтэлгүйтсэн боловч Лебенээс хэрхэн гуулин ялтаснуудыг олж авахаа мэдэхээр Их Эзэнээс удирдамж эрэлхийлж байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэд үйлдэж, харин Их Эзэн тэдний замыг чиглүүлж өгч байсан. Эцэст нь Нифай гурав дахь удаагийнхаа оролдлогоор амжилт олжээ. Нифай “Би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа” 5 гэж дурсжээ.

Биднийг юу хийх ёстой талаараа тодорхой ойлголтгүй байх үедээ ч хүчин чармайлт гаргаж, үйлдэл хийхэд Их Эзэн ийн ажилладаг. Их Эзэн Нифайд, явж мөн ялтаснуудыг олж ав хэмээн юу хийх ёстойг нь хэлж өгсөн ч хэрхэн хийхийг нь хэлж өгөөгүй юм. Нифай учрыг нь олж, Их Эзэнээс тусламж эрэлхийлж болохын тулд үүнийг түүнд үлдээсэн бөгөөд энэ бол Их Эзэний бидний амьдралд ихэвчлэн ажилладаг арга зам юм. Биднийг итгэлээр үйлдэхэд Их Эзэн биднийг удирдан, чиглүүлдэг.

3. Судал

3 Нифай дээр шавь нар нь Сүмийн нэрийн талаар хүмүүсийн дунд зөрчилдөөн байгаа талаар Аврагчид дурдсан байдаг. Аврагч хариуд нь, “Судруудыг тэд уншаагүй гэж үү?” 6 хэмээн асуухдаа нэгэн чухал зарчмыг заасан. Судлах нь Есүс Христийн илүү сайн шавь болох өөр нэг чухал түлхүүр юм. Залбирах, судар судлах хоёр хоорондоо салшгүй холбоотой бөгөөд бидний тусын тулд хамтдаа ажилладаг. Энэ бол Их Эзэний тогтоосон үйл явц юм. “Христийн үгэн дээр найрла, учир нь болгоогтун, Христийн үгс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно.” 7

“Мөн эдүгээ улиран тохиох дор Есүс тэдний бичсэн бүх судруудыг нэгтгэн тайлбарласны дараа, өөрийн тайлбарласан зүйлийг тэд заахыг тэрбээр тэдэнд зарлиг болгов” 8 хэмээн Аврагч нифайчуудад заасны адилаар бид зөвхөн судруудыг судлаад зогсохгүй, тэдгээрээс заах ёстой гэдгийг Тэрээр заасан.

Нифайн гэр бүлд зөвхөн амлагдсан нутаг руу аялахад нь тус болоод зогсохгүй, хүүхдүүддээ зааж сургахад нь тус болох судрууд хэрэгтэй байсан бөгөөд буцаж очоод, гуулин ялтаснуудыг олж авах нь түүний хувьд маш чухал байсан шалтгаануудын нэг нь энэ байв. Бид ч бас өөрсдийн аялалд судруудаас удирдамж эрэлхийлж, гэр орондоо болон Сүмийн дуудлагынхаа хүрээнд тэдгээрээс заах ёстой.

4. Болохын тулд үйлд

Ихэнх тохиолдолд залбирлын хариу тэр даруй ирдэггүй. Гэсэн хэдий ч бид гуулин ялтаснуудыг олж авахаар хичээж байсан Нифай шиг үргэлжлүүлэх итгэлтэй байж, зөв ​​шударгаар үйлдэж, тууштай байх ёстой. Их Эзэн бидэнд бага багаар үзүүлэх бөгөөд судруудаас судлах үед Их Эзэн бидэнд хариултыг маань өгөх юм уу дахин нэг өдөр, дахин нэг долоо хоногийг даван туулж, дахин нэг удаа оролдож үзэхэд шаардлагатай хүч чадлыг бидэнд өгөх болно. “Заримдаа хариулт ирэхээс өмнө Бурхан таныг удаан хугацаанд тэмцэлдэхийг зөвшөөрдөгт талархдаг байгаарай. Энэ нь таны итгэлийг өсгөж, зан чанарыг хөгжүүлдэг” 9 хэмээн ахлагч Ричард Г.Скотт хэлсэн.

Залбирах, судар судлах зэргээр дамжуулан Их Эзэн надад үйлдэх, дахин нэг өдөр, дахин нэг долоо хоногийг даван туулж, дахин нэг удаа оролдож үзэх хүчийг үргэлж өгч байсан. Олон тохиолдолд хариултууд тэр даруй ирж байгаагүй. Надад хараахан хариулагдаагүй асуултууд байгаа ч гэсэн би үргэлжлүүлэн гуйж, судалсаар байгаа бөгөөд хариултаа хүлээж байхдаа Их Эзэн надад үйлдэх хүчийг үргэлжлүүлэн өгч байгаад баяртай байдаг.

Ахлагч Скотт “Та өөрийнхөө ойлголтын хил хязгаараас тодорхойгүй байдлын харанхуй руу итгэлээ хэрэгжүүлэн алхах үедээ үүнээс өөр ямар ч арга замаар олж авах боломжгүй шийдэл рүү удирдагдах болно” 10 гэж хэлсэн.

Аврагч Есүс Христийн илүү сайн дагалдагч болох нь насан туршийн аялал бөгөөд бид бүгд өөр өөр үе шатанд өөр өөр хурдаар урагшилж байна. Энэ бол өрсөлдөөн биш бөгөөд бид энд бие биеэ хайрлаж, бие биедээ туслахын тулд байгаа гэдгээ санах ёстой. Амьдралдаа Аврагчтай хамтарч ажиллахын тулд бид үйлдэх ёстой.

Их Эзэн Сидней Ригдонтой ярьж байхдаа “Би чамайг хийгээд чиний ажлуудыг харлаа. Би залбирлуудыг чинь сонслоо, мөн чамайг илүү агуу ажилд бэлтгэсэн юм” 11 хэмээн хэлсэн. Их Эзэн бидний залбирлыг сонсдог мөн хариулдаг бөгөөд Тэр биднийг мэддэг, Түүнд бидний хүн нэг бүрд зориулсан агуу их ажил байдаг гэдгийг би гэрчилж байна. Залбирах, судар судлах, үйлдэхээр дамжуулан бид тэнгэрийн адислалуудыг нээн, Аврагч Есүс Христийн илүү сайн дагалдагчид болж чадна.

“Эцсийн шүүлт бол бидний үйлдсэн сайн, муу үйлсийн нийлбэрийн үнэлгээ төдий зүйл биш юм. Энэ нь бид үйлдэл, бодол санааныхаа эцсийн үр нөлөөнд ямар хүмүүс болсноо хүлээн зөвшөөрөх явдал юм” 12 хэмээн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэлсэн.

Цамхаг дээрх харуулууд болох бошиглогч, үзмэрч, илчлэгчид байгаад би талархаж байна. Тэд бидний хардаггүйг хардаг. Тэдний үгсээр дамжуулан бид Аврагч Есүс Христийн илүү сайн дагалдагчид болж, өөрсдийнхөө чадавхад хүрч чадна гэдгийг би гэрчилж байна. Христ амьд бөгөөд бидний хүн нэг бүрийг хувьчлан мэддэг гэдгийг би гэрчилж байна. Энэ бол Түүний Сүм. Есүс Христийн ариун нэрээр, амен.