Ерөнхий чуулган
Сүмд явах хэрэгцээ
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Сүмд явах хэрэгцээ

Судрууд Их Эзэн Есүс Христийн эрх мэдлээр удирдуулдаг Сүмийн гарал үүсэл, Сүмд явах хэрэгцээний талаар тодорхой заан сургадаг.

Олон жилийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн ахлагч Марк Э.Питэрсон дараах жишээгээр нэгэн үгээ эхэлсэн юм.

“Кэннэт болон түүний эхнэр Люсилл нар сайн, үнэнч шударга, зөвт хүмүүс байв. Тэд Сүмд явдаггүй бөгөөд Сүмгүйгээр хангалттай сайн байж чадна гэж боддог. Тэд хүүхдүүддээ зөв шударга байдал, ариун журмыг зааж, Сүм зөвхөн тэр зүйлсийг л тэдэнд заадаг гэж өөрсдөдөө хэлдэг.

Мөн ямартаа ч амралтын өдрүүдэд гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлэх шаардлагатай бөгөөд Сүмд явах нь үүнд садаа болно гэж тэд үздэг байв.” 1

Өнөөдөр миний хэлэх захиас сүмдээ явах буюу идэвхтэй байхаа больсон шүтлэг бишрэлтэй, сайн хүмүүсийн талаар юм. 2 “Сүм” гэдэгт би синагог, лалын сүм хийд болон бусад шашны байгууллагыг хамруулж байгаа болно. Энэ бүх сүм хийдэд явдаг хүмүүсийн тоо улс орон даяар мэдэгдэхүйц буурсанд бид санаа зовниж байна. 3 Бид ямар нэгэн шалтгаанаар өөрсдийн сүмд ач холбогдол өгөхөө боливол хувийн сүнслэг амьдралдаа аюул учруулах бөгөөд Бурханаас өөрсдийгөө холдуулсан хүмүүсийн тоо манай улс үндэстэнд ирэх Түүний адислалуудыг багасгана.

Сүмд явах, идэвхтэй байх нь бидэнд илүү сайн хүмүүс болж, бусдын амьдралд илүү сайн нөлөө үзүүлэхэд маань тусалдаг. Сүмд бид шашны зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар заалгаж, бие биеэсээ суралцдаг. Бусдын үлгэр жишээг ажиглах нь номлол сонсохоос хамаагүй илүү хүчтэй. Бид ижил шүтлэг бишрэлтэй хүмүүстэй нөхөрлөснөөр хүчирхэгждэг. Сүмд явж, идэвх оролцоотой байснаар бидний зүрх сэтгэл Библид хэлснээр “хайранд холбогд[дог].” 4

I.

Бурханы Христийн шашинтнуудад Библи болон орчин цагийн илчлэлтээр дамжуулан өгсөн судруудад сүмд явах хэрэгцээний талаар тодорхой заадаг. Аль аль нь Есүс Христ Сүмээ зохион байгуулж, Түүнийг явсны дараа ажлыг нь Сүм үргэлжлүүлнэ хэмээн бодож төлөвлөснийг илтгэдэг. Тэрээр Арван хоёр төлөөлөгчийг дуудаж, Сүмийг удирдах эрх мэдэл, түлхүүрүүдийг тэдэнд өгсөн. Библи Христ бол “чуулганы тэргүүн” 5 бөгөөд сүмийн албан тушаалтнууд “ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм” 6 гэж заадаг. Библи дээр сүмийн гарал үүсэл, өнөө үед хэрэгцээтэй байдлын тухайд тодорхой байдаг нь гарцаагүй.

Зарим хүн сүмийн цуглаануудад оролцох нь тэдэнд тустай биш гэдэг. Зарим нь, “Би өнөөдөр юу ч сурсангүй”, “Хэн ч надтай нөхөрсөг байсангүй” эсвэл “Би гомдсон” гэцгээдэг. Хувь хүний сэтгэл дундуур байдал бидэнд үйлчлүүлэх биш харин үйлчлэхийг сургадаг Христийн сургаалаас биднийг хэзээ ч холдуулах ёсгүй. Үүнийг сануулан, өөр нэгэн гишүүн Сүмд явахдаа гол анхаардаг зүйлээ ийн дүрслэн ярьжээ.

“Хэдэн жилийн өмнө би сүмд явах хандлагаа өөрчилсөн юм. Би өөрийнхөө төлөө биш харин бусдын төлөө сүмд явж эхэлсэн. Би ганцаараа сууж буй хүмүүст сайн уу гэж хэлж, зочилж ирж буй хүмүүсийг тавтай морилохыг урьж, … ямар нэгэн үүрэг даалгаврыг сайн дураараа хийх болсон. …

“Удалгүй би долоо хоног бүр идэвхгүй биш харин идэвхтэй байж, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт гаргах зорилгоор сүмд явдаг болсон.” 8

Зураг
Сүм дээр угтан авч байгаа нь

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Бид зугаацах эсвэл зөвхөн заалгахын төлөө Хүндэтгэлийн өдрийн цуглаануудад очдоггүй. Бид Их Эзэнийг бишрэн шүтэх гэж очдог. Энэ нь хувь хүний хариуцлага юм. … Хэрвээ уг цуглаан таны сэтгэлд хүрээгүй бол та өөрийн хийх ёстой зүйлээ хийгээгүй гэсэн үг. Хэн ч таны өмнөөс сүсэглэн биширч чадахгүй. Та өөрөө Их Эзэнд хандан хүлээх хэрэгтэй” 9 гэж заасан.

Сүмд явах нь бидний зүрх сэтгэлийг нээж, сүнсийг маань ариусгадаг.

Зураг
Тойргийн зөвлөлийн хурал

Сүмд бид ганцаараа эсвэл өөрийн сонголтоор, тааваараа үйлчилдэггүй. Бид ихэнхдээ багаар үйлчилдэг. Үйлчлэлээс бид өнөөгийн хувиа бодох үзлээ даван гарах тэнгэрээс өгөгдсөн боломжуудыг олдог. Сүмийн удирдан явуулдаг үйлчлэл нь бидэнд сүнслэг өсөлтийг маань сааруулдаг хувийн аминч үзлээ ялан дийлэхэд тусалдаг.

Өөр чухал давуу талуудыг товч дурдъя. Сүмд бид Бурханд үйлчлэхийг хичээдэг гайхалтай хүмүүстэй нөхөрлөдөг. Энэ нь бид шашны үйл ажиллагаанууддаа ганцаараа байдаггүйг бидэнд сануулдаг. Бид бүгдэд бусдын нөхөрлөл хэрэгтэй бөгөөд сүмд найз нөхөдтэй байх нь бидэнд, хань ижил, хүүхдүүдэд маань хамгийн сайн туршлагын нэг болдог. Тэдгээр нөхөрлөл, ялангуяа хүүхдүүд болон итгэлт эцэг эхчүүдийн хоорондын нөхөрлөлгүйгээр эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийн Сүмд өсгөхөд илүү хүндрэлтэй байдгийг судалгаагаар харуулжээ. 10

II.

Би сая сүмүүдийн талаар ерөнхийд нь ярилаа. Одоо би Аврагчийн сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байж, Сүмд явж, идэвх оролцоотой байх онцгой учир шалтгаануудын талаар ярья.

Зураг
Солт Лэйк ариун сүм

Бид мэдээж эрт цагийн болон орчин үеийн судрууд Их Эзэн Есүс Христийн эрх мэдлээр удирдуулдаг сүмийн гарал үүсэл, сүмд явах хэрэгцээний талаар тодорхой заан сургадаг гэдгийг баталж байна. Бид мөн Есүс Христийн сэргээгдсэн Сүм Түүний сургаалын бүрэн дүүрэн байдлыг заахын тулд мөн Бурханы хаант улсад ороход шаардлагатай ёслолуудыг Түүний санваарын эрх мэдлээр гүйцэтгэхээр үүсгэн байгуулагдсан гэдгийг гэрчилж байна. 11 Сүмд явахаас татгалзаж, зөвхөн хувийн сүнслэг байдалдаа найддаг гишүүд өөрсдийгөө санваарын хүч болон адислалууд, сэргээгдсэн сургаалын бүрэн дүүрэн байдал, сургаалыг хэрэгжүүлэх урам зориг, боломжууд зэрэг сайн мэдээний хамгийн чухал зүйлсээс тусгаарладаг. Тэд гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх эрхтэй болох боломжоо алддаг.

Сэргээгдсэн Сүмийн өөр нэг гайхамшигтай давуу тал бол Сүм бидэнд сүнслэгээр өсөж хөгжихөд тусалдаг явдал юм. Өсөлт хөгжил гэдэг нь өөрчлөлт гэсэн утгатай. Сүнслэг үг хэллэгээр тайлбарлавал энэ нь наманчилж, Их Эзэнд ойртохыг эрэлхийлэх гэсэн үг юм. Сэргээгдсэн Сүмд бидэнд наманчлахад туслах сургаал, журам, сүнслэг нөлөө бүхий туслагчид бий. Тэдний мөн гишүүнчлэлийн зөвлөлийн зорилго нь эрүүгийн хэргийн шүүхийнхтэй адил шийтгэл өгөх биш юм. Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал нь бидэнд хайраар ханддаг бөгөөд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон өршөөлийн нигүүлслийг хүртэхүйц байхад туслахыг эрэлхийлдэг.

Зураг
Ахмад номлогчид
Зураг
Ариун сүм рүү алхаж байгаа нь

Хувийн сүнслэг байдал сэргээгдсэн Сүмийн өгдөг аминч бус үйлчлэлийн урам зориг, зохион байгуулалтыг бараг өгч чадахгүй. Үүний агуу жишээ бол сургуулиа болон тэтгэвэрт суухаа хойшлуулж, номлолын дуудлагыг хүлээн авдаг залуу эрэгтэй, эмэгтэй болон ахмадууд юм. Тэд өөрсдийн сонгоогүй, сайн мэдэхгүй газар нутагт танихгүй хүмүүст номлохоор ажилладаг. Үүний нэгэн адил итгэлтэй гишүүд бидний нэрлэдгээр “ариун сүмийн ажил” хэмээх аминч бус үйлчлэлд оролцдог. Сүм санхүүжүүлж, зохион байгуулж, удирдаагүй бол эдгээр үйлчлэлийн нэг нь ч боломжгүй байх байсан.

Гишүүдийн маань итгэл үнэмшил, Сүмийн үйлчлэл тэдэнд олон нийтийн ашиг тусын тулд хамтын хичээл зүтгэлээр хэрхэн ажиллахыг зааж сургажээ. Ийм туршлага болон хөгжил өнөөгийн манай нийгэмд өргөн тархсан хувиа бодох үзэлд байдаггүй. Газарзүйн байршлаар зохион байгуулагдсан орон нутгийн тойрогт бид өөр тохиолдолд сонгохгүй байсан, бидэнд зааж, биднийг сорьдог хүмүүстэй нөхөрлөж, ажилладаг.

Энэ нь бидэнд хайр, өрөвч сэтгэл, уучлал, тэвчээр зэрэг сүнслэг шинж чанаруудыг суралцахад туслахаас гадна өөр өөр гарал үүсэл, сонирхол бүхий хүмүүстэй хэрхэн ажиллахыг сурч мэдэх боломжийг өгдөг. Уг давуу тал нь манай олон гишүүнд тусалсан бөгөөд олон байгууллага гишүүдийн маань оролцооны улмаас адислагдсан. Хожмын үеийн гэгээнтнүүд хамтын ажиллагаанд нэгдэх, удирдах чадвараараа гайхагддаг билээ. Тэрхүү уламжлал Интэрмаунтин Вэстэд суурьшиж, нийтийн эрх ашгийн төлөө хувиа бодолгүй хамтран ажиллахыг эрхэмлэх уламжлалыг үндэслэсэн эрэлхэг зоригтой анхдагчдаас маань эхлэлтэй юм.

Зураг
Тусламжийн гар төсөл

Ихэнх хүмүүнлэгийн болон энэрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ их хэмжээний хувийн эх үүсвэрүүдийг цуглуулж, зохицуулах шаардлагатай байдаг. Сэргээгдсэн Сүм дэлхий даяар асар олон хүмүүнлэгийн үйл ажиллагааг ийм арга замаар явуулдаг. Эдгээрт боловсролын болон эмнэлгийн хэрэгсэл тараах, өлссөнийг хооллох, дүрвэгсдийг халамжлах, донтолтын нөлөөг арилгахад туслах гэх мэт олон үйл ажиллагаа багтдаг. Манай Сүмийн гишүүд байгалийн гамшгийн үед хэрэгжүүлдэг Тусламжийн гар төслүүдээрээ алдартай. Сүмийн гишүүнчлэл бидэнд ийм томоохон хэмжээний үйл ажиллагаанд оролцох боломжийг өгдөг. Гишүүд мөн өөрсдийн дунд буй ядууст туслах мацгийн өргөлийг өргөдөг.

Зураг
Ариун ёслолоос хүртэж байгаа нь

Сүмд явдаг гишүүд Сүнсний нөхөрлөлөөр дамжуулан амар амгалан, баяр хөөрийг мэдрэхээс гадна Мэргэн ухааны үгээр амьдарснаар ирэх адислалууд, аравны нэгийн хуулиар амьдрахад амлагдсан материаллаг болон сүнслэг баялаг зэрэг сайн мэдээний дагуу амьдарсныхаа үр жимсийг хүртдэг. Бидэнд мөн сүнслэгээр өдөөгдсөн удирдагчдын зөвлөгөөний адислал бий.

Эдгээр адислалын хамгийн чухал нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг, мөнх амьдралд зайлшгүй хэрэгтэй ёслолууд бөгөөд үүнд Хүндэтгэлийн өдөр болгон бидний хүртдэг ариун ёслол ордог. Сэргээгдсэн Сүмийн хамгийн оройн дээд ёслол бол гэр бүлийн гайхамшигт холбоо хамаарлын үргэлжлэл болох гэрлэлтийн үүрдийн гэрээ юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ зарчмыг мартагдахааргүй аргаар “Бид Бурханы оршихуйд хүссэнээрээ орох боломжгүй. Бид [тэрхүү адислал] тулгуурласан тэдгээр хуулийг дагах ёстой” 12 хэмээн заасан.

Тэдгээр хуулийн нэг нь Сүмд Хүндэтгэлийн өдөр бүр шүтэн бишрэх юм. 13 Бид мөнхийн зарчмуудыг шүтэж, хэрэгжүүлснээр Бурханд илүү ойртож, хайрлах чадавхаа нэмэгдүүлдэг. Эдгээр зарчмыг бошиглогч Иосеф Смит тайлбарлахад энэ эрин үеийн хамгийн анхны төлөөлөгчдийн нэг болох Парли П.Пратт өөрт нь ямар санагдсан тухай ийн дүрсэлсэн. “Үнэндээ би Бурхан миний Эцэг мөн Есүс ах маань байсныг мэдэрсэн. Мөн хайрт эхнэр минь надад тайтгарал болон илгээгдсэн мөнх бус, мөнхийн хамтрагч, эелдэг тохинуулагч тэнгэр элч, үеийн үед сүр жавхлангийн титэм байсныг мэдсэн. Товчоор хэлбэл би одоо сүнсээр мөн ойлголтоор хайрлаж чадаж байна.” 14

Төгсгөлд нь би та нарт сайн зүйлс зөвхөн сүмээр дамжин хэрэгжих боломжтой гэдэгт бид итгэдэггүй гэдгийг сануулмаар байна. Сүмээс гадна сая сая хүн тоо томшгүй олон сайн үйлсэд дэмжлэг үзүүлж, хэрэгжүүлж байгаа билээ. Хожмын үеийн гэгээнтнүүд эдгээрийн олонд нь хувийн зүгээс оролцдог. Бид эдгээр ажлыг “Сүнс нь дэлхийд ирдэг хүн болгонд гэрлийг өгдөг” 15 гэсэн мөнхийн үнэний илэрхийлэл гэж үздэг.

Сайн үйлс Сүмгүйгээр хэрэгжих боломжтой боловч сургаалын бүрэн дүүрэн байдал ба үүний авралын болон өргөмжлөлийн ёслолууд нь зөвхөн сэргээгдсэн Сүмд байдаг. Үүнээс гадна, Сүмд явах нь бидэнд бусад бишрэгчтэй нөхөрлөх, гэрээний зам дээрээ үлдэж, Христийн илүү сайн шавь байхыг эрэлхийлэгч хүмүүстэй хамт бишрэн шүтсэнээр ирэх итгэлийн бат бөх байдал, өсөлт хөгжлийг өгдөг. Бид бүгд Бурханы бүх бэлгийн хамгийн агуу нь болох мөнх амьдралыг эрэлхийлэхдээ Сүмийн эдгээр туршлагадаа тууштай байгаасай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен.

Эх сурвалж

  1. Mark E. Petersen, “Eternal Togetherness,” Ensign, Nov. 1974.

  2. Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–105-ыг үзнэ үү.

  3. See Jeffrey M. Jones, “U.S. Church Membership Falls below Majority for First Time,” Gallup, Mar. 29, 2021, news.gallup.com/poll/341963/church-membership-falls-below-majority-first-time.aspx.

  4. Колоссай 2:2

  5. Ефес 5:23–24-ийг үзнэ үү.

  6. Ефес 4:12

  7. Иаков 1:27-г үзнэ үү.

  8. Mark Skousen to Dallin H. Oaks, Feb. 15, 2009.

  9. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 173–74.

  10. See Elizabeth Weiss Ozotak, “Social and Cognitive Influences on the Development of Religious Beliefs and Commitment in Adolescence,” Journal for the Scientific Study of Religion, vol. 28, no. 4 (Dec. 1989), 448–63.

  11. Иохан 3:5-ыг үзнэ үү.

  12. Russell M. Nelson, “Now Is the Time to Prepare,” Liahona, May 2005, 18.

  13. Сургаал ба Гэрээ 59:9-ийг үзнэ үү.

  14. Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), 298.

  15. Сургаал ба Гэрээ 84:46; тодотгол нэмэгдсэн; мөн Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг үзнэ үү.