Ерөнхий чуулган
Гэрлээ өргө
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Гэрлээ өргө

Өнөөдөр би, сайн мэдээг хуваалц, өөрөөрөө байж, гэрлийг өргө гэсэн энгийн урилга өгье.

Хэдэн жилийн өмнө, би Перу руу онгоцоор явж байхдаа өөрийгөө шашингүйн үзэлтэн хэмээн үзсэн хүний хажууд суусан юм. Тэр надаас яагаад Бурханд итгэдгийг минь асуув. Бид сайхан ярилцсан бөгөөд би Иосеф Смит Бурханыг харсан учраас Бурханд итгэдэг гэж хэлээд, Бурханы талаар миний мэддэг зүйлс хувийн бөгөөд бодит сүнслэг туршлагаас ирсэн гэж түүнд нэмж хэлсэн. Би “бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг” 1 гэдэгт итгэдгээ хуваалцаад, сансрын хоосон орон зай дахь амьдрал буцалсан баян бүрд болох бидний дэлхийг хэрхэн үүссэн гэж боддог талаар нь түүнээс асуув. Тэрээр он удаан жилийн явцад “санамсаргүй тохиолдлуудаас” үүссэн байж болно гэж хариулсан. “Санамсаргүй тохиолдлууд” ийм үзэсгэлэн, нарийн эмх цэгцийг үүсгэсэн байх магадлал бараг үгүй гэж намайг тайлбарлахад тэр санал нийлэн “Тийм байх даа” гэлээ. Би түүнээс Мормоны Номыг уншиж үзэхийг хүсэв. Тэр зөвшөөрч, би түүнд номын нэг хувийг явуулсан юм.

Олон жилийн дараа би Нигерийн Лагос дахь нисэх буудал дээр нэг шинэ найзтай болж билээ. Түүнийг паспортыг маань шалгах үед бид танилцсан юм. Түүнээс би шашны итгэл үнэмшлийнх нь талаар асуухад тэрээр Бурханд гүн итгэдэг гэв. Би түүнтэй Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс ирэх аз жаргал, баяр хөөрийг хуваалцаж, илүү ихийг номлогчдоос сурч мэдэхийг хүсэж байна уу гэж асуув. Тэр зөвшөөрч, хичээл заалган, баптисм хүртсэн юм. Жил орчмын дараа намайг Либерийн нисэх буудалд алхаж явтал нэг хүн нэрээр минь дуудав. Эргэн хартал нөгөө залуу маань нүүр дүүрэн мишээсээр ирлээ. Бид баяр хөөртэйгөөр тэврэлдэж, тэрээр Сүмд идэвхтэй явж байгаа бөгөөд найз охиндоо заалгахаар номлогчидтой ажиллаж байгаагаа хэлэв.

Шүтлэггүй найз маань Мормоны Номыг уншсан эсвэл Сүмд орсон эсэхийг би мэдэхгүй. Харин хоёр дахь найз маань энэ бүгдийг хийсэн. Энэ хоёр тохиолдлын хувьд, сайн мэдээний гэрлийг өргөх, хайрлах, хуваалцах, аль алиныг нь энгийн бодит байдлаар урих миний хариуцлага 2 , надад ирсэн боломж нь адилхан байсан. 3

Ах, эгч нар аа, би сайн мэдээг хуваалцахаас ирдэг адислалыг хүлээн авсан бөгөөд энэ нь гайхалтай байсан. Тэдгээрийн заримаас энд дурдъя.

Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөр, найдвар авчирдаг

Бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүд болон амьдарч байсныг 4 , мөн хүн бүр бие махбод хүлээн авч, туршлага хуримтлуулан, сурч боловсорч, өсөж хөгжин, улмаар мөнх амьдрал буюу Бурханы амьдралыг хүлээн авах зорилгын улмаас энэ дэлхий бүтээгдсэн 5 гэдгийг мэднэ. Тэнгэрлэг Эцэг биднийг энэ дэлхий дээр нүгэл үйлдэж зовно гэдгийг мэдэж байсан тул бид өршөөгдөж, эдгэрч, бүтэн болж болохын тулд Өөрийн Хүүг бидэнд илгээсэн бөгөөд Түүний “зүйрлэшгүй амьдрал” 6 , төгсгөлгүй цагаатгагч золиослол 7 үүнийг боломжтой болгосон билээ. 8

Эдгээр үнэнийг мэдсэнээр амьдрал өөрчлөгддөг! Хүн амьдралын гайхамшигт зорилгыг олж мэдэн, Христ Өөрийг нь дагадаг хүмүүсийг өршөөж, тусалдгийг ойлгон авч, Христийг даган баптисмын усанд орохыг сонговол амьдралын нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй ч амьдрал нь сайжирдаг.

Нигерийн Онитшад миний танилцсан гэрэл цацруулсан баяр баясгалантай нэгэн эмэгтэй үнэнийг мэдэж авч, баптисм хүртсэнээс хойш “Бүх зүйл сайхан байна. Би аз жаргалтай байна. Би тэнгэрт байна” 9 гэж хэлж билээ. Сайн мэдээг хуваалцах нь хуваалцаж байгаа, хүлээн авч байгаа хоёр хүний аль алинд баяр хөөр, итгэл найдвар төрүүлдэг. Сайн мэдээг хуваалцахад үнэхээр “та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” 10 Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөрийн дээд баяр хөөр, найдварын дээд найдвар юм. 11

Сайн мэдээг хуваалцах нь бидний амьдралд Бурханы хүчийг авчирдаг

Бид баптисм хүртэхдээ хүн нэг бүр “түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана” 12 гэсэн үүрдийн 13 гэрээг Бурхантай байгуулдаг бөгөөд үүнд “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсо[х]” 14 гэрээ ордог. Бид энэхүү гэрээг сахиж, Түүн “дотор” байснаар, модны мөчир ишнээсээ шим тэжээл авдаг шиг Христээс Бурханы амь өгөгч, тэтгэгч, ариусгагч хүч бидний амьдралд урсан орж ирэх болно. 15

Сайн мэдээг хуваалцах нь уруу таталтаас биднийг хамгаалдаг

Их Эзэн ийн тушаасан:

“Дэлхийд туяарч болохын тулд гэрлээ өргөгтүн. Болгоогтун би бол та нарын өргөх тэрхүү гэрэл билээ—та нарын харсан тэдгээр нь миний үйлдсэн зүйлүүд болой.

… би … та нар тэмтэрч мөн харж болохын тулд надад ирэхийг та нарт зарлиг болгосон … та нар түүнчлэн дэлхийнхэнд үйлдэх болно; мөн энэ зарлигийг эвдсэн хэн боловч тэрбээр өөрийгөө уруу таталтад удирдагдахыг хүлцдэг” 16 хэмээн зарлигласан.

Сайн мэдээний гэрлийг өргөхгүй байхыг сонгох нь биднийг сүүдэр лүү хөтөлдөг бөгөөд тэнд бид уруу татагддаг. Чухамдаа эсрэгээрээ, сайн мэдээний гэрлийг өргөхийг сонгох нь биднийг тэрхүү гэрэлд мөн уруу таталтаас хамгаалах хамгаалалтад илүү бүрэн дүүрэн оруулдаг нь чухал шүү. Өнөөгийн дэлхийд энэ нь ямар агуу адислал вэ!

Сайн мэдээг хуваалцах нь эдгэрэл авчирдаг

Тиффани Милоан эгчид хувийн хүнд асуудлууд байсан, мөн итгэлийнхээ талаар асуултуудтай байсан ч номлогчдод туслах урилгыг хүлээн авчээ. Номлогчдыг дэмжсэн нь түүний итгэл, сайн сайхан мэдрэмжийг сэргээсэн гэж тэр эгч надад ярьсан. “Номлолын ажил бол үнэхээр эдгээдэг” 17 гэж тэр хэлсэн юм.

Баяр баясгалан. Итгэл найдвар. Бурханы дэмжигч хүч. Уруу таталтын эсрэг хамгаалалт. Эдгээлт. Энэ бүгд мөн (нүглээс өршөөгдөхийг оролцуулаад) 18 өөр олон зүйл сайн мэдээг хуваалцах үед бидэнд тэнгэрийн адислал болон ирдэг.

Одоо бидэнд буй агуу боломж

Ах, эгч нар аа, “бүх бүлэглэлүүд, намууд хийгээд сүсэг бишрэлүүдийн дунд … тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй.” 19 Бидэнд буй гэрлийг өргөх хэрэгцээ хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч ийм их байгаагүй. Мөн үнэн урьд өмнөхөөс илүү хүртээмжтэй болоод байна.

Буддын шашинд итгэж өссөн Жимми Тон YouTube дээр өөрсдийн амьдралыг хуваалцсан нэгэн гэр бүлийг хараад, сэтгэл нь хөдөлжээ. Тэр тэднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд гэдгийг олж мэдээд, сайн мэдээг онлайнаар судалж, аппликэйшнаар дамжуулан Мормоны Номыг уншиж, их сургуулийнхаа номлогчидтой уулзан, баптисм хүртсэн. 20 Ахлагч Тон одоо өөрөө бүрэн цагийн номлогч болсон.

Тэр болон түүнтэй мөр зэрэгцэн дэлхий даяар үйлчилж буй номлогчид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр Их Эзэний батальон билээ. 21 Эдгээр номлогч дэлхийн хэв маягийн эсрэг зогсож чадсан. Судалгаагаар Z үеийнхэн Бурханаас холдож байхад 22 манай залуу дайчид 23 болох ахлагчид, эгч нар хүмүүсийг Бурхан руу эргүүлж байна. Сайн мэдээг хуваалцах ажилд Сүмийн гишүүд маань номлогчидтой хамт илүү олноороо нэгдэж, илүү олон найздаа Христ рүү болон Түүний сүмд ирэхэд нь тусалж байна.

Либери дэх хожмын үеийн гэгээнтнүүд маань улсад нь бүрэн цагийн номлогч байхгүй байсан 10 сарын хугацаанд 507 найздаа баптисмын усанд ороход нь тусалжээ. Бүрэн цагийн номлогчид буцаж ирж магадгүйг сонссон Либерийн нэгэн гайхалтай гадасны ерөнхийлөгч “Өө сайхан мэдээ байна, одоо тэд бидний ажилд тусалж болох нь” гэж хэлсэн гэдэг.

Түүний зөв: дэлхий дээрх хамгийн чухал ажил болох Израилын цугларалт 24 бидний гэрээний хариуцлага мөн. Энэ бол бидний цаг үе! Өнөөдөр би, сайн мэдээг хуваалц, өөрөөрөө байж, гэрлийг өргө гэсэн энгийн урилга өгье. Тэнгэрийн тусламжийг гуйн залбирч, сүнслэг өдөөлтүүдийг дага. Амьдралынхаа талаар энгийн байдлаар хуваалц; өөр хэн нэгнийг ирээд үз, ирээд тусал, ирээд нэгдээрэй хэмээн урь. 25 Тэгээд та болон таны хайртай хүмүүс амлагдсан адислалуудыг хүртэх үед баясаарай.

Христ дотор эдгээр сайн мэдээ даруу хүмүүст номлогдож; Христ дотор эмтэрсэн зүрх сэтгэл илааршиж, Христ дотор эрх чөлөө боолчлогсдод тунхаглагдаж; гашуудагсад Христ дотор, зөвхөн Христ дотор л үнсний оронд гоёл чимгийг хүлээн авна 26 гэдгийг би мэднэ. Тиймээс эдгээрийн тухай бүх хүнд мэдүүлэх нь маш чухал байна! 27

Есүс Христ бол бидний итгэлийн үүсгэгч мөн төгсгөгч гэдгийг би гэрчилж байна. 28 Тэрээр сайн мэдээний гэрлийг өргөх бидний итгэлийн үйлсийг хэчнээн төгс бус байлаа ч гүйцээх болно мөн төгсгөх болно. Тэрээр бидний амьдралд болон Өөрийн цуглуулж буй бүхний амьдралд гайхамшгуудыг үйлдэх болно. Учир нь Тэр бол гайхамшгийн Бурхан билээ. 29 Есүс Христийн гайхамшигт нэрээр, амен.