Ерөнхий чуулган
Замаа бүхэлд нь хар
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Замаа бүхэлд нь хар

Хамгийн чухал зүйлс дээр, ялангуяа “ирээдүйд” байх тэдгээр зүйл буюу мөнхийн зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь энэ амьдралыг жолоодох түлхүүр юм.

Би 15 нас хүрээд, эцэг эхийнхээ хэн нэгэнтэй хамт машин жолоодохыг зөвшөөрдөг жолоо анхлан суралцагчийн зөвшөөрөл авсан юм. Аав минь надаас машин барихаар явмаар байгаа эсэхийг асуухад би хөөрөн догдолж билээ.

Аав хамгийн аюулгүй ганц газар байх гэж бодсон урт, шулуун, хоёр эгнээтэй, цөөхөн хүн ашигладаг эгнээ замтай хотын зах руу хэдэн километр давхилаа. Тэр замын хажууд зогсон, бид суудлаа солив. Аав надад цөөн хэдэн заавар өгөөд, “Зам руу аажуухан орж, намайг зогс гэх хүртэл жолоодоорой” гэв.

Би түүний зааврыг ягштал дагасан боловч жархан секундийн дараа аав “Хүү минь, машинаа зогсоо. Чамаас болоод дотор эвгүйрхээд байна. Чи зам дээр хааш яаш яваад байна. Юу хараад байгаа юм бэ?” гэлээ.

“Зам руу харж байна” гэж би цухалдангуй хэлэв.

Тэр “Би чиний нүдийг ажиглахад чи зөвхөн машины капотын яг урдхыг л хараад байна. Хэрвээ чи зөвхөн яг урдхаа л хараад байвал, хэзээ ч шулуун чигээрээ жолоодож чадахгүй” гэж хэлэв. Тэгээд тэр онцлон, “Замаа бүхэлд нь хар. Энэ нь чамайг шулуухан жолоодоход туслах болно” гэв.

Би 15-тай байсан болохоор үүнийг жолооны сайн хичээл боллоо гэж бодсон. Энэ нь мөн амьдралын агуу сургамж байсныг би хожим нь ухаарч билээ. Хамгийн чухал зүйлс дээр, ялангуяа “ирээдүйд” байх тэдгээр зүйл буюу мөнхийн зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх нь энэ амьдралыг жолоодох түлхүүр юм.

Аврагч нэг удаа ганцаараа байхыг хүссэн бөгөөд “Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ.” 1 Тэрээр шавь нараа тэнгисийг гатал хэмээн зааварчлаад явуулсан. Харанхуй шөнөөр шавь нарыг зөөж явсан завь ширүүн шуурганд өртжээ. Есүс тэднийг өөр аргаар аврахаар явав. Сударт өгүүлэхдээ, “Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав” 2 гэсэн байдаг. Тэд Түүнийг хараад, тэдэн рүү ойртон ирж буй зүйл ямар нэгэн хий үзэгдэл эсвэл сүнс гэж бодон айж эхэлжээ. Есүс тэдний айдсыг мэдрээд оюун ухаан, зүрх сэтгэлийг нь тайвшруулахыг хүсэн, тэднийг дуудаж, “Зоригтой бай. Би байна. Бүү ай” 3 гэв.

Петрийн санаа амраад зогсохгүй бүр зориг оржээ. Зоримог бас түргэн зантай Петр “Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач” 4 гэж Есүст хашхиран хэлэв. Есүс Өөрийнхөө танил бөгөөд мөнхийн урилгыг өгч, “Ир” 5 хэмээн хариулав.

Энэхүү боломжид догдолсон Петр завинаасаа усан дотор биш, усан дээр буулаа. Тэр Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлсэн үедээ боломжгүй зүйлийг хийж чадаж, бүр усан дээр алхаж байв. Петр эхэндээ шуурганаас айхгүй байсан. Гэвч “ширүүн” 6 салхи яваандаа түүний анхаарлыг сарниулж, тэрээр төвлөрөхөө болив. Айдас дахин нөмөрлөө. Үр дүнд нь түүний итгэл алдарч, тэр живж эхлэв. “Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орил[оход,]” 7 аврахад хэзээд бэлхэн байдаг Аврагч гараа сунган, түүнийг өргөн аюулгүй болгов.

Энэхүү гайхамшигт түүхээс сурч болох өч төчнөөн сургамж байгаагаас би гурвыг л дурдъя.

Христэд анхаарлаа төвлөрүүл

Эхний сургамж: Христэд анхаарлаа төвлөрүүл. Петр хараагаа Христ дээр төвлөрүүлснээр усан дээр алхаж чадсан. Тэр анхаарлаа Аврагч дээр төвлөрүүлсэн учраас шуурга, давлагаа, салхины аль нь ч түүнд саад болж чадаагүй.

Туйлын зорилгоо ойлгох нь бидний анхаарал юунд төвлөрөх ёстойг тодорхойлоход бидэнд тусалдаг. Зорилгоо мэдэхгүйгээр бид тоглоомд амжилттай тоглож чадахгүйн адил, амьдралын зорилгыг мэдэхгүйгээр бид утга учиртай амьдарч чадахгүй. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний агуу адислалын нэг нь бусад асуултаас гадна, “Амьдралын зорилго гэж юу вэ?” хэмээх асуултад хариулдаг явдал юм. “Энэ амьдрал дахь бидний зорилго бол баяр баясгалантай байж, Бурханы оршихуйд эргэн очиход бэлтгэх явдал мѳн.” 8 Бурхантай хамт амьдрахаар эргэж очихын тулд бэлтгэх гэж энэ дэлхий дээр байгаагаа санах нь биднийг Христ рүү хөтөлдөг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Христэд төвлөрөх нь сахилга батыг, ялангуяа биднийг илүү сайн шавь байхад тусалдаг жижиг бөгөөд энгийн сүнслэг дадал зуршлыг шаарддаг. Сахилга батгүй шавийн замнал гэж үгүй.

Биднийг ирээдүйд хаана байх болон хэн болохыг хүсэж байгаагаа харах үед мөн тэнд биднийг хүрэхэд туслах тэдгээр зүйлийг хийхэд өдөр бүр цаг гаргах үед бидэнд Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд илүү ойлгомжтой болдог. Христэд анхаарлаа төвлөрүүлэх нь бидний шийдвэрийг хялбарчилж, биднийг цаг хугацаа, нөөц боломжоо хэрхэн хамгийн сайнаар захиран зарцуулахад чиглүүлдэг.

Анхаарал хандуулах өч төчнөөн чухал зүйл бидэнд байдаг ч Христийг анхаарлынхаа төвд ямагт байлгахын ач холбогдлын тухай Петрийн жишээнээс бид суралцаж чадна. Бид зөвхөн Христээр дамжуулан Бурхантай хамт амьдрахаар эргэж очих боломжтой. Бид Христтэй адил болохыг хичээхдээ Түүний ач ивээлд найдаж, мөн алдаа гаргасан үедээ Түүний өршөөл, хүчирхэгжүүлэгч хүчийг эрэлхийлдэг.

Анхаарал сарниулах зүйлсээс болгоомжил

Хоёр дахь сургамж: Анхаарал сарниулах зүйлсээс болгоомжил. Петр хөлийг нь цохих салхи, давлагаанаас болж Есүсээс анхаарлаа холдуулснаар живж эхэлсэн.

Христэд анхаарлаа төвлөрүүлэхээс болон “ирээдүйд” байх мөнхийн зүйлсээс бидний анхаарлыг сарниулж чадах олон зүйл “машины капотын урдхан талд” бий. Чөтгөр бол агуу анхаарал сарниулагч. Бурхантай амьдрахаар буцаж очиход бэлтгэх замаас маань холдуулах зүйлсэд биднийг урхидах агуу хийгээд нүсэр барилгаас гарах дуу чимээний тухай Лихайн зүүднээс бид суралцдаг. 9

Гэхдээ аюултай байж болох бусад илт биш анхаарал сарниулах зүйл ч байдаг. Нэгэн хэллэгт “Чөтгөрийг агуу ялалтад хүргэх хамгийн чухал ганц зүйл нь сайн хүмүүсийг юу ч хийлгэхгүй байх явдал юм” гэдэг. Чөтгөр сайн хүмүүсийг юу ч хийлгэхгүй байхад эсвэл ядаж л өндөр зорилго, зорилтуудаас нь анхаарлыг нь сарниулах зүйлсэд тэдний цагийг үрүүлэхээр шийдсэн мэт санагддаг. Жишээлбэл, хоол ундаа тааруулж, эрүүл хооллох зэрэг зарим зүйл нь сахилга батгүй, эрүүл бус анхаарал сарниулах зүйлс болж болно. Анхаарал сарниулах зүйлсийг үр дүнтэй байлгахын тулд муу эсвэл ёс суртахуунгүй байх шаардлагагүй гэдгийг дайсан мэддэг.

Бид аврагдаж чадна

Гурав дахь сургамж: Бид аврагдаж чадна. Петр живж эхлэхдээ “Эзэн, намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зуурав.” 10 Бид өөрсдийгөө живж байгааг, зовлон зүдгүүртэй тулгарч эсвэл уруудан доройтож байгааг мэдэх үедээ ч Түүгээр аврагдаж чадна.

Зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ та бүхэн аврал түргэн ирнэ гэж надтай адил найдаж байж магадгүй. Гэхдээ Аврагч шөнийн дөрөв дэх манааны үед буюу тэднийг шөнийн ихэнхийг шуургатай тэмцэж өнгөрөөсний дараа төлөөлөгчдөдөө туслахаар ирсэн гэдгийг санаарай. 11 Тусламж түргэн ирэхгүй бол ядаж энэ нь уг зүйрлэсэн шөнийн хоёр дахь эсвэл бүр гурав дахь манааны үед ирэхийн төлөө бид залбирч болох юм. Бид хүлээх ёстой үедээ бидний тэсэж чадахаас илүүг туулуулахгүй байхыг батлан, Аврагчийн үргэлж харж байгаад сэтгэл амардаг. 12 Шөнийн дөрөв дэх манааг хүлээж буй, магадгүй одоо ч гэсэн зовж шаналж буй хүмүүс ээ, найдвараа бүү алдаарай. Аврал мөнх бус амьдралд эсвэл мөнх амьдралд ч бай итгэлтэй хүмүүст ирдэг.

Заримдаа бид алдаа дутагдал, нүглүүдийнхээ улмаас живдэг. Та тэдгээр шалтгааны улмаас өөрийгөө живж байгааг мэдвэл наманчлах баяр баясалтай сонголтыг хийгээрэй. 13 Түүнд ханддаг, эргэн очдог тэднийг аврахаас өөр цөөн хэдхэн зүйл Аврагчид баяр баяслыг өгдөг гэж би итгэдэг. 14 Нэгэн цагт унаж, алдаа гаргасан ч наманчилж, Христэд итгэх гуйвшгүй итгэлтэй болсон хүмүүсийн түүх судруудад дүүрэн байдаг. Миний бодлоор, судрууд дахь тэдгээр түүх биднийг гэх Аврагчийн хайр, биднийг гэтэлгэх Түүний хүч хязгааргүй гэдгийг сануулдаг. Биднийг наманчлах үед зөвхөн Аврагч баярлаад зогсохгүй бид ч бас агуу баяр баяслыг хүлээн авдаг.

Дүгнэлт

Би та бүхнийг “замаа бүхэлд нь харахад” мөн үнэхээр чухал тэдгээр зүйл дээр илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээхэд урьж байна. Бид Христийг анхаарлынхаа төвд байлгах болтугай. Анхаарал сарниулах бүхий л зүйл, “машины капотын урдхан талд байх” зүйлс болон биднийг тойрон эргэлдэх хуй салхин дунд Есүс бол бидний Аврагч, Гэтэлгэгч, Авран хамгаалагч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.