Ерөнхий чуулган
Христийн дагалдагч байх
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Христийн дагалдагч байх

Христийн дагалдагч байна гэдэг нь өөрийн үйлдэл, зан байдал, амьдралыг Аврагчийнхтай нийцүүлэхээр хичээхийг хэлнэ.

Хувиараа судраас судалж байхад минь Ариун Библид дүрсэлсэн, хожим нь Паул гэж нэрлэгдэх болсон Тарсын Саулын хөрвөлт надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Паул сүмийг болон христэд итгэгчдийг ихэд хавчиж гадуурхдаг хүн байв. Гэхдээ тэрээр Есүс Христийн Цагаатгалаар мөн тэнгэрийн хүчээр бүрмөсөн өөрчлөгдөж, Бурханы агуу үйлчлэгчдийн нэг болсон. Аврагч Есүс Христ түүний амьдралын үлгэр дуурайл байв.

Паул коринтчуудад заасан нэг сургаалдаа өөрөө Христийн дагалдагч байсны адил бусад хүнийг түүнчлэн өөрийнхөө дагалдагч болоход урьсан (1 Коринт 11:1-ийг үзнэ үү). Христийн дагалдагч байхад урьсан Паулын чин сэтгэлийн урилга өнөөдөр ч хүчинтэй.

Христийн дагалдагч болох гэдэг нь ямар утгатай болохыг би тунгаан бодож эхэлсэн юм. Цаашлаад, үүнээс илүү чухал зүйл нь “Би Түүнийг хэрхэн дагах вэ?” гэж асууж эхэлсэн минь байлаа.

Христийн дагалдагч байна гэж өөрийн үйлдэл, зан байдал, амьдралыг Аврагчийнхтай нийцүүлэхээр хичээхийг хэлнэ. Энэ нь ариун журамтай байхыг хэлнэ. Энэ нь мөн Есүс Христийн үнэнч шавь байх явдал юм.

Би Аврагчийн амьдралын зарим талыг судалсан бөгөөд өнөөдрийн захиасынхаа нэг хэсэг болгож, өөрийнхөө дуурайхыг хичээдэг Түүний дөрвөн зан чанарын талаар хуваалцана.

Нэг дэх зан чанар бол Аврагчийн даруу зан. Есүс Христ мөнх бус амьдралынхаа өмнө ч маш даруухан байсан. Тэнгэр дэх Зөвлөлд байхдаа Тэрээр хүн төрөлхтөнд зориулсан авралын төлөвлөгөөнд ялуулах Бурханы хүслийг ойлгоод, зөвшөөрчээ. Тэрээр “Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” (Moсe 4:2) гэсэн билээ.

Есүс Христ даруу байдлын талаар заасан бөгөөд Эцэгээ алдаршуулахын тулд Өөрийгөө даруусгасан гэдгийг бид мэднэ.

Даруу байдал амар амгаланг авчирдаг учраас даруухан амьдарцгаая (Сургаал ба Гэрээ 19:23-ыг үзнэ үү). Даруу байдал алдар суугийн өмнө байдаг бөгөөд энэ нь Бурханы ивээлийг бидэнд авчирдаг. “Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг” (1 Петр 5:5-ыг үзнэ үү). Даруу байдал намуун зөөлөн хариултыг авчирдаг. Энэ нь зөв шударга зан чанарын эх сурвалж юм.

Ахлагч Дэйл Г.Рэнланд

“Бурхантай даруухнаар хамт алхдаг хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн мөн Есүс Христийн тэдний төлөө хийсэн зүйлсийг санадаг.

Бид Бурхантай хамт даруухан алхсанаар Түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг” гэж заасан (“Зөвийг үйлд, энэрлийг хайрла, Бурхантай даруухан алх,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 111, 109).

Хоёр дахь зан чанар бол Аврагчийн эр зориг. Би Есүс Христийн 12 настай байхдаа Бурханы ариун сүмд хуулийн багш нарын дунд суугаад, бурханлаг зүйлүүдийг заадаг байсан талаар бодохдоо, Түүнд бага наснаас нь л эр зориг, бүр онцгой зориг байсан гэдгийг анзаардаг. Ихэнх хүн залуу хүүг хуулийн багш нараар заалгаж байна гэж харах боловч харин “тэд түүнийг сонсож, мөн түүнээс асуултууд асууж байв” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46 [in Luke 2:46, footnote c) хэмээснээр Тэр тэдэнд зааж байсан.

Бид 2016-аас 2019 оны хооронд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Мбужи-Маи хотод бүрэн цагийн номлолд үйлчилсэн. Номлолд нэг бүсээс нөгөө бүс рүү явахын тулд авто замаар аялдаг байв. Тэр бүсэд хутга мэсээр зэвсэглэсэн дээрэмчид зам руу гарч, аялагчдын хөдөлгөөнд саад учруулдаг үзэгдэл гаарч байлаа.

Номлогчдын солилцоогоор нэг бүсээс нөгөө рүү нүүж байсан таван номлогч ийм үймээн самууны хохирогчид болсон юм. Бид өмнө нь иймэрхүү жирийн бус үзэгдлийн хохирогчид болж байсан болохоор өөрсдийн амь нас, аюулгүй байдалд санаа зовж, номлогчид дээр очих, бүсийн чуулган зохион байгуулахаар замд гарахдаа ч эргэлздэг байлаа. Ийм байдал хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй байв. Би Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл рүү тайлангаа явуулахдаа, зөвхөн номлогчид руугаа очихын тулд явдаг ганц замаар цаашид явахаас айж байгаагаа илэрхийллээ.

Хариуд нь Африкийн Зүүн өмнөд бүсийн ерөнхийлөгч байсан ахлагч Кэвин Хамилтон “Миний өгөх зөвлөгөө бол чадах бүхнээ хий. Ухаалаг бай. Залбирдаг бай. Мэдсээр байж өөрсдийгөө болон номлогчдоо аюулд битгий оруулаарай, гэхдээ үүний зэрэгцээ итгэлээр урагшлаарай. ‘Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн’ (2 Tимот 1:7)” гэж надад бичиж билээ.

Түүний энэ урилга биднийг хүчирхэгжүүлж, номлолоо дуусгах хүртэл үргэлжлүүлэн тэр замаар аялж, зоригтой үйлчлэхэд тусалсан. Учир нь бид Тэнгэр дэх Эцэгээсээ судраар дамжуулан удирдамж авч байв.

Өнөө үеийн судраас бид Их Эзэний биднийг урамшуулж байгааг илтгэсэн, бошиглогч Иосеф Смитийн бичсэн “Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах дүүс минь тэгээд ялалт өөд ахь ахь!” (Сургаал ба Гэрээ 128:22) хэмээх сүнслэг нөлөө бүхий үгсийг уншдаг.

Хэдийгээр олон хүн хийдэггүй ч зөв зүйлийг хийх зоригтой байцгаая. Итгэлээ хамгаалах, итгэлээр үйлдэх зоригтой байцгаая. Өдөр бүр наманчлах, Бурханы хүслийг хүлээн зөвшөөрөх, Түүний зарлигуудад дуулгавартай байх зоригтой байцгаая. Зөв шударга амьдрах мөн өөр өөрсдийн үүрэг хариуцлага, албан үүргийн дагуу хийх ёстой зүйлээ хийх зоригтой байцгаая.

Гурав дахь зан чанар бол Аврагчийн өршөөнгүй зан. Мөнх бус амьдрал дээрх тохинууллынхаа үед Аврагч садар самууныг үйлдсэн эмэгтэйг чулуугаар шидүүлэхээс хамгаалсан. Тэрээр түүнд “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) хэмээн хэлдэг. Энэ нь эмэгтэйг наманчлал руу, эцэст нь өршөөл рүү хөтөлсөн. Учир нь сударт: “Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн Түүний нэрэнд итгэв” (Joseph Smith Translation, John 8:11 [John 8:11, footnote c]) хэмээн тэмдэглэсэн байдаг.

2018 оны Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтын үеэр бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагчаас бидний хүлээж авсан дөрвөн бэлгийн талаар ярьсан. Аврагчийн бидэнд санал болгодог нэг бэлэг бол уучлах чадвар гэж тэр хэлээд,

“Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон болон танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна.

Танаас чин сэтгэлээсээ, даруухнаар өршөөл эрсэн хүнийг уучлах нь харьцангуй амархан. Гэвч янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө” гэсэн билээ (“Есүс Христийн танд барьж буй дөрвөн бэлэг” [2018 оны 12-р сарын 2-ны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Эцэгийн өршөөлийг олж авахын тулд нэг нэгнээ чин сэтгэлээсээ уучилцгаая. Уучлал биднийг эрх чөлөөтэй болгож, ням гараг бүр ариун ёслолоосоо хүртэхүйц зохистой байхад тусалдаг. Есүс Христийн үнэнч шавь нар байхад биднээс уучлахыг шаарддаг.

Дөрөв дэх зан чанар бол Аврагчийн золиослол. Энэ нь Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг юм. Биднийг гэтэлгэгдэх боломжтой болгохын тулд Аврагч хамгийн агуу золиосыг гаргаж, амиа өгсөн. Золиослолын зовиур шаналлыг мэдэрч байхдаа Тэрээр Эцэгээс аягыг холдуулахыг гуйсан ч мөнхийн золиослолын төгсгөл хүртэл явсан. Энэ бол Есүс Христийн Цагаатгал юм.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Золиослол бол цэвэр хайрын илэрхийлэл. Их Эзэнээ хайрлах, сайн мэдээг болон хөршөө хайрлах бидний хайрын хэр хэмжээ тэдний төлөө бид юугаа золиослоход бэлэн байгаагаар хэмжигдэнэ” гэж заасан (“The Blessings of Sacrifice,” Ensign, May 1992).

Бид тохинуулахад мөн бусдад үйлчлэх, сайныг үйлдэх, гэр бүлийн түүхийн ажил, дуудлагаа хийхэд цаг заваа золиосолж чадна.

Бид дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахын тулд аравны нэг, мацгийн өргөл, бусад өргөлөө өргөснөөр эд хөрөнгөө зориулж чадна. Бид Аврагчтай байгуулсан гэрээгээ сахихын тулд золиос гаргах хэрэгтэй.

Есүс Христийг дагаж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авснаар бид улам бүр даруусаж, илүү зоригтой байж, бусдыг илүү их уучлан, Түүний хаант улсын төлөө бүр илүүг золиослох болтугай хэмээн би залбирч байна.

Бидний Тэнгэрлэг Эцэг амьд бөгөөд бидний хүн нэг бүрийг хувьчлан мэддэг, Есүс бол Христ, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол Бурханы өнөөгийн бошиглогч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс, Мормоны Ном үнэн хэмээн би гэрчилж байна. Бидний Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр, амен.