Ерөнхий чуулган
Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх

Хоёр дахь ирэлт улам ойртож буй бодит байдалтай өмнө нь байснаас илүүгээр нүүр тулах шаардлага бидэнд тулгараад байна.

Мормоны Номд цэдэглэснээр, Есүс Христийг төрөхөөс зургаан жилийн өмнө зөв шударга лемен үндэстэн Самуел тухайн үед ихэнх нь урвагч болсон нифайчуудын хүмүүст 1 бидний Аврагчийг төрөхөд гарч ирэх тэмдгүүдийн тухай бошиглосон. Эмгэнэлтэй нь, “Христ мэтийн тиймэрхүү хүмүүн бие [ирэх ёстой] гэдэг нь байж болмоор юм биш” 2 байсан учраас ихэнх нифай хүн тэдгээр тэмдгийг үл тоожээ.

Харамсалтай нь, судрын цэдгийн дагуу иудейчүүдийн олон нь үүнтэй адилаар багахан танигдсан Галил нутгийн Есүс хэмээх хүнийг үнэхээр удаан хүлээсэн Мессиа гэж хүлээн зөвшөөрч чадаагүй юм. 3 Мормоны Номын бошиглогч Иаковын заасанчлан, иудейчүүд “зорилгоос алсуур хайснаас” үүдэн, еврей бошиглогчдын олон бошиглолыг гүйцэлдүүлэхээр ирсэн Есүсийг үл тоосон төдийгүй бүр цовдолсон. Тиймээс “Бурхан тэднээс өөрийн тодорхой байдлыг зайлуулан авч, мөн тэдний ойлгож чадахгүй тэрхүү олон зүйлийг тэдэнд илгээсэн ажээ, тэд үүнийг хүссэний учир буюу. Мөн тэд үүнийг хүссэн учир Бурхан үүнийг тэд бүдэрч болохын тулд хийсэн ажгуу” 4 хэмээн Иаков гэрчилжээ.

Хачирхалтай санагдаж магадгүй ч Лемен, Лемүел хоёрын гэрчилснээр ямар ч сургаал, ямар ч гайхамшиг, ямар ч тэнгэрлэг элч үзэгдэх нь 5 зарим хүнд өөрсдийн замнал, харах өнцөг эсвэл ямар нэг зүйлийг үнэн гэх итгэл үнэмшлээ өөрчлөхөд ятган үнэмшүүлэх хүчтэй юм шиг санагддаггүй. Энэ нь ихэвчлэн сургаал эсвэл гайхамшгууд хувь хүний урьдаас бодсон бодол, хүсэл, санаатай нийцэхгүй үед болдог тохиолдол юм.

Хүмүүний замналыг дүрслэн хожмын өдрүүдийн талаар ярьсан төлөөлөгч Паулын болон Бурхан хэрхэн хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийдгийг үзүүлж буй бошиглогч Алмагийн дараах хоёр судрыг хэсэгхэн харьцуулан авч үзье. Эхлээд Паулаас:

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.

Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус,

үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,

тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно; …

үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй.” 6

Одоо Есүс Христийн сайн мэдээний суурь зарчмыг дурдсан Алмагаас эш татъя. “Эдүгээ энэ нь миний хувьд мунхаглал хэмээн чи бодож болно; гэвч болгоогтун, өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддагийг би чамд хэлнэ; мөн өчүүхэн зүйлүүд олон тохиолдолд мэргэдийг гутаадаг бөлгөө.” 7

Бид агуу мэдлэг, дорвитой ур чадвараар дүүрсэн орчин үеийн дэлхийд амьдардаг. Гэсэн хэдий ч тэдгээр нь тэдний барьж байгуулсан тогтворгүй суурийг хэт халхалж нуудаг. Улмаар эдгээр нь жинхэнэ үнэн рүү болон Бурхан руу чиглүүлдэггүй бөгөөд илчлэлт хүлээн авах хүч, сүнслэг мэдлэг олж авах болон авралд хүргэдэг Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд хөтөлдөггүй. 8

Цагаатгагч золиосныхоо өмнөх өдөр Томас болон бусад төлөөлөгчид хэлсэн Их Эзэний үгсийг бид сайн санадаг. “Есүс—Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” 9 .

Харах нүд, сонсох чих, мэдрэх зүрх сэтгэлтэй хүн бүгдэд хандан хэлэхэд, Хоёр дахь ирэлт улам ойртож буй бодит байдалтай өмнө нь байснаас илүүгээр нүүр тулах шаардлага бидэнд тулгараад байна. Түүнийг эргэн ирэх үед дэлхий дээр байх хүмүүсийг асар том саад бэрхшээл хүлээж байгаа ч үнэнч итгэлтэй хүмүүс айх хэрэггүй билээ.

Би одоо Сүмийн Сайн мэдээний сэдвүүд дээрх “Есүс Христийн Хоёр дахь ирэлт” гэсэн гарчигтай хэсгээс эш татъя.

“Аврагч дахин ирэхдээ дэлхийг Өөрийн хаант улс хэмээхийн тулд хүч чадал ба алдар сууд ирэх болно. Түүний Хоёр дахь ирэлт Мянган жилийн эхлэлийг тэмдэглэх болно.

Хоёр дахь ирэлт нь ёс бусчуудад аймшигтай, гашуудам байх ч зөв шударга хүмүүсийн хувьд амар амгалангийн өдөр байх болно. Их Эзэн ийн тунхагласан.

‘Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно.

Мөн дэлхий тэдэнд өв болон өгөгдөх болно; мөн тэд өсөн үржиж мөн хүчтэй болох болно, мөн тэдний үр хүүхдүүд нүгэлгүйгээр авралд өсөн өндийх болно.

Учир нь Их Эзэн тэдний дунд байх болно, мөн түүний алдар суу тэдний дээр байх болно, мөн тэрбээр тэдний хаан хийгээд тэдний хууль тогтоогч байх болно’ (Сургаал ба Гэрээ 45:57–59).” 10

Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж буй бидний бэлтгэлд зориулан, итгэлтэй хүмүүст хандан хэлсэн Хуучин Гэрээний бошиглогч Амосын амин чухал, тайтгарал өгөх үгсийг би дурдмаар байна. “Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юу ч хийхгүй.” 11

Их Эзэний өнөөгийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан дараах урамшуулсан зөвлөгөөг мөн адил бидэнд өгсөн. “Есүс Христийн сайн мэдээ бол наманчлалын сайн мэдээ. Аврагчийн Цагаатгалын улмаас Түүний сайн мэдээ биднийг үргэлжлүүлэн өөрчлөгдөж, өсөж хөгжин, илүү цэвэр ариун болоход урьдаг. Энэ бол найдвар, эдгэрэл, өсөлт хөгжлийн сайн мэдээ юм. Тиймээс сайн мэдээ нь баяр баяслын захиас билээ! Бидний сүнс урагшлах жижиг алхам хийх бүрд баярлаж байдаг” 12 .

Би Бурханы бодит байдлыг болон амьдралын доод, дээд аль ч цэгт байх тоолшгүй олон хүний өдөр тутмын амьдралд тохиолддог гайхамшгуудыг баттай гэрчилж мөн нотолж байна. Ариун нандин үйл явдлууд тэнгэрлэг гарал үүсэлтэйн улмаас, мөн сайн мэддэггүй хүмүүсийн доог тохуу болох боломжтой учраас хааяахан ярьдаг нь үнэн.

Энэ тал дээр Мормоны Номын сүүлийн бошиглогч Моронай бидэнд сануулахдаа:

“Мөн түүнчлэн Бурханы илчлэлтүүдийг үгүйсгэж, мөн тэдгээр нь зогссон, илчлэлтүүд, мөн бошиглолууд, мөн бэлгүүд, мөн эдгээх хүч, мөн хэлээр ярих, мөн хэлийг хөрвүүлэх нь үгүй болсон хэмээн хэлэх та нарт би ярина;

Болгоогтун би та нарт хэлнэ, эдгээр зүйлсийг үгүйсгэдэг тэр нь Христийн сайн мэдээг мэддэггүй; тийм ээ, тэрээр судруудыг уншсан нь үгүй; хэрэв уншсан аваас, тэрээр тэдгээрийг ойлгосон нь үгүй.

“Учир нь Бурхан өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил, мөн түүнд хувиралт мөн өөрчлөлтийн сүүдэр ч үгүйг бид уншдаг бус уу?” 13 гэсэн байдаг.

Бошиглогч Иосеф Смит тохинууллынхаа төгсгөлд, Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хүсэн хүлээхдээ хэлсэн сүнслэгээр урамшуулсан бошиглолын тунхаглалаар би хэлэх үгээ өндөрлөе: “Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах [эгч гэж би бас нэммээр байна] дүүс минь тэгээд ялалт өөд ахь ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг” 14 . Эдгээрийг би өөрийн гэрчлэлийн хамт Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.