Ерөнхий чуулган
Амьдралынхаа бүхий л өдөр Их Эзэний ээл хишгийг хүртсэн
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Амьдралынхаа бүхий л өдөр Их Эзэний ээл хишгийг хүртсэн

Бид зовлон зүдгүүр тулгарахад хэрхэн хүлээн авдаг вэ? Бид өөрсдийн асуудал дээр биш адислал дээр илүү их ач холбогдол өгдөг учраас талархалтай байдаг уу?

КОВИД-19 цар тахал нь дэлхийн түүхийн туршид Бурханы хүүхдүүдийн өмнө тулгарч байсан олон сорилт, бэрхшээлийн нэг юм. Энэ оны эхээр би бас миний хайртай гэр бүл хүнд хэцүү өдрүүдийг туулсан. Цар тахал болон өөр бусад учир шалтгаанаар хайртай хүмүүсийн маань зарим нь нас барж, манай гэр бүлд уй гашууг авчирсан. Хэдийгээр эмнэлгийн тусламж үзүүлж, мацаг барьж, залбирсан ч гэлээ таван долоо хоногийн хугацаанд ах Чарли, эгч Сюзи, хүргэн ах Жимми маань хөшигний нөгөө тал руу одсон юм.

Би заримдаа яагаад Аврагч Лазарыг үхлээс босгох чадалтай мөн уг чадлаа ашиглан удахгүй түүнийг үхлээс аварна гэдгээ мэдэж байсан мөртлөө ах Лазарыгаа нас барсанд гашуудсан Мариаг хараад уйлсан 1 юм бол гэж боддог. Аврагчийн Мариад үзүүлсэн өрөвч сэтгэл, зовлонг нь ойлгох чадвар намайг гайхшируулдаг. Ах Лазарыгаа нас барахад Мариагийн мэдэрсэн, үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууг Тэр ойлгосон юм.

Хайртай хүмүүсээсээ түр зуур салах үед бид яг ийм хүчтэй зовлон шаналлыг мэдэрдэг билээ. Аврагч биднийг төгс өрөвдөн хайрладаг. Тэр бидний харалган байдлыг мөн мөнхийн аян замаа бүрэн дүүрэн харж чаддаггүйг буруутгадаггүй. Харин ч Тэр бидэнд уйтгар гуниг, зовлон бэрхшээл тулгарахад өрөвдөн хайрладаг.

Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ биднийг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. 2 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой. Бид амьдралаа Бурханы авралын төлөвлөгөөнд төвлөрүүлбэл, … бидний амьдралд юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран бид баяр баясгаланг мэдрэх боломжтой” 3 хэмээн заасан.

Намайг залуу номлогч байхад хүндэлж явдаг байсан нэг гайхалтай номлогч маань сэтгэлийг нь цочирдуулсан нэгэн мэдээ хүлээн авсныг би санаж байна. Ээж, дүү хоёр нь ослын улмаас эмгэнэлтэйгээр нас барсан байлаа. Номлолын ерөнхийлөгч оршуулгын ёслолд оролцохоор гэртээ харих сонголтыг ахлагчид санал болгов. Харин уг номлогч аавтайгаа утсаар ярьсны дараа номлолдоо үлдэж, дуусгахаар шийдсэн юм.

Зураг
Эмнэлэгт номлогчийг эргэж байгаа нь

Хэсэг хугацааны дараа мөнөөх номлогчтой нэг бүсэд үйлчилж байхад түүний унадаг дугуйг хулгайчид хулгайлж, түүнийг хутгаар гэмтээсэн гэсэн яаралтай дуудлагыг хамтрагч бид хоёр хүлээн авав. Тэр хамтрагчтайгаа хамт хамгийн ойр байх эмнэлэгт алхаж очих хэрэг гарсан ба хамтрагч бид хоёр тэдэнтэй тэнд уулзсан юм. Эмнэлэг рүү явах замдаа би тэр номлогчийн төлөө гашуудаж байлаа. Би түүнийг сэтгэлээр унаж, ийм сэтгэл сэрдхийлгэм үйл явдал болсон юм чинь одоо л гэртээ харих байх даа гэж бодож байв.

Гэвч биднийг эмнэлэгт очиход өнөөх номлогч маань мэс засалд орохоо хүлээн, орон дээр инээмсэглэн хэвтэж байхыг би олж харлаа. Би “Тэр яаж ийм үед инээмсэглэж чаддаг байна аа?” гэж бодов. Тэрээр эмнэлэгт эмчлүүлж байхдаа эмч, сувилагч, бусад өвчтөнд товхимол, Мормоны Номыг идэвхтэйгээр шамдан тарааж байсан юм. Ийм сорилтууд тулгарсан ч тэр гэртээ харихыг хүссэнгүй. Харин ч тэр номлолынхоо эцсийн өдөр хүртэл итгэл, эрч хүч, хүч чадал, урам зоригтой үйлчилсэн юм.

Мормоны Номын эхэнд Нифай “амьдралынхаа турш өчнөөн зүдгүүрийг туулсан хэдий ч, амьдралынхаа бүхий л өдрүүдэд би Их Эзэний өндөр их ээл хишгийг хүртсэн” 4 хэмээн бичсэн байдаг.

Нифайд тохиолдсон, бичвэртээ дурдсан ихэнх сорилтынх нь талаар би боддог. Түүний сорилтууд бидний хүн бүрд хүнд хэцүү өдрүүд тохиодгийг ойлгоход тусалдаг. Эдгээр сорилтын нэг нь Лебений эзэмшилд байсан гуулин ялтаснуудыг Иерусалим руу буцаж очин авахыг зарлиглах үед тохиожээ. Нифайн зарим ах нь бага итгэлтэй байсан ба тэд тэр ч бүү хэл Нифайг саваагаар зодсон юм. Нумаа хугалж, гэр бүлийнхэндээ хоол хүнс залгуулж чадахгүйд хүрэхэд Нифайд бас нэгэн сорилт тулгарсан. Дараа нь Нифайд усан онгоц барихыг зарлиглахад ах нар нь бас л түүнийг элэглэн шоолж, туслахаас татгалзсан. Хэдийгээр амьдралынх нь туршид эдгээр болон өөр олон сорилт бэрхшээл тулгарсан ч Нифай ямар ч үед Бурханы сайн сайхныг олж харж чаддаг байв.

Зураг
Нифай усан онгоцон дээр хүлэгдсэн байгаа нь

Нифайн гэр бүлийнхний зарим нь амлагдсан нутагт хүрэхээр далайг гатлах замдаа хөгжилдөн зугаацаж, хатуу ширүүн үг хэлж, Их Эзэний хүчээр аврагдсанаа мартсан байлаа. Нифай тэднийг зэмлэхэд тэд гомдож, түүнийг хөдлөх боломжгүй болтол нь олсоор хүлсэн юм. Мормоны Номд түүний ах нар “[түүнд] ихэд хэрцгийгээр хандав”, түүний бугуй, шагай “маш их хавдаж, хөндүүрлэх нь туйлын бэрх байлаа” 5 гэж бичсэн байдаг. Нифай ах нарынхаа зүрх сэтгэлийн хатууд гашуудаж, заримдаа гунигт автдаг байлаа. 6 “Гэсэн хэдий ч,” тэр “би Бурхандаа найдаж, мөн би түүнийг бүхэл өдрийн турш магтан алдаршуулав; мөн би зовлон зүдгүүрүүдийнхээ учир Их Эзэний эсрэг бувтнасан нь үгүй билээ” 7 хэмээн тунхагласан.

Хайрт ах, эгч нар аа, бид зовлон зүдгүүр тулгарахад хэрхэн хүлээн авдаг вэ? Зовлон зүдгүүрийн улмаас бид Их Эзэний өмнө бувтнадаг уу? Эсвэл Нифай болон миний хуучны номлогч найзын адил өөрсдийн асуудал дээр биш адислал дээр илүү их ач холбогдол өгдөг учраас үг, хэл, бодол санаа, үйлдлээрээ талархдаг уу?

Бидний Аврагч Есүс Христ дэлхий дээрх тохинууллынхаа үеэр бидэнд Өөрийн биеэр үлгэр жишээг үзүүлсэн. Хүнд зовлон, сорилт бэрхшээлтэй тулгарах үед эргэн тойронд байгаа хүмүүстээ үйлчлэхээс өөр амар амгалан, сэтгэл ханамжийг авчирдаг зүйл цөөхөн. Матайн номд Аврагч Өөрийнх нь үеэл баптисч Иоханых нь толгойг захирагч Херодиагийн охины гуйлтыг биелүүлэхийн тулд цавчсан болохыг мэдээд юу болсныг өгүүлжээ.

“Иоханы шавь нар ирж цогцсыг нь авч оршуулаад, явж Есүст мэдэгдлээ.

Есүс үүнийг сонсоод, тэндээс гарч завиар зэлүүд газар уруу ганцаараа явжээ. Хурсан олон сонсоод хотоос гарч, Түүнийг явганаар дагалаа.

Эрэг дээр очоод Есүс үй олон хүн байхыг харж тэднийг өрөвдөн өвчтэйг нь эдгээв.

Орой болоход шавь нар нь Түүн дээр ирж—Энэ газар зэлүүд мөн цаг хэдийнээ оройтжээ. Хурсан олныг тараан явуулаач. Тэд тосгодод очиж, өөрсдөдөө хоол хүнс худалдаж авцгааг гэцгээв.

Харин Есүс тэдэнд, —Тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм өг гэв.” 8

Сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр тохиолдох үед бид бусдад ч хүнд хэцүү байгааг олж харж чадна гэдгийг Есүс Христ бидэнд харуулсан. Өрөвдөн хайрлах сэтгэлээр бид тэдэн рүү тусламжийн гараа сунгаж, өргөн дэмжиж чадна. Ингэснээр Христийнхтэй адил үйлчлэл маань биднийг ч бас өргөн дэмжинэ. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Миний мэддэг санаа зовохын хамгийн сайн ерөндөг бол ажил. Цөхрөлийн хамгийн сайн эм бол үйлчлэл. Ядарч туйлдсаныг хамгийн сайн анагаах арга бол өөрөөс чинь илүү ядарсан хэн нэгэнд туслах явдал юм” 9 хэмээн хэлсэн.

Есүс Христийн энэ Сүмд надад эргэн тойрныхондоо тохинуулах, үйлчлэх олон боломж олдож байсан. Тэр үед Тэнгэрлэг Эцэг ачааг маань хөнгөлөхийг би мэдэрдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол дэлхий дээрх Бурханы бошиглогч бөгөөд хүнд сорилт бэрхшээлтэй тулгарах үед нь бид бусдад хэрхэн үйлчлэхийн хамгийн сайн жишээ юм. Бурхан бол биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг хэмээх өөр олон гэгээнтний гэрчлэлтэй өөрийн гэрчлэлийг нэгтгэе. Түүний хязгааргүй хайрыг би өөрийн хүнд хэцүү өдрүүдэд мэдэрч байсан. Бидний Аврагч Есүс Христ уй гашуу, зовлон зүдгүүрийг маань ойлгодог. Тэр бидний ачааг хөнгөлж, тайтгаруулахыг хүсдэг. Бид Түүний үлгэр жишээг даган, биднээс ч илүү хүнд ачааг үүрч байгаа хүмүүст үйлчилж, тохинуулах ёстой. Есүс Христийн нэрээр, амен.