Ерөнхий чуулган
Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх нь
2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх нь

Судрууд болон Бурханы тухай бидний мэдлэг бол бэлэг бөгөөд бид заримдаа энэ бэлгийг хүлээн авах ёстой мэт ойлгодог. Эдгээр адислалыг нандигнацгаая.

Сайхан захиас хэлсэнд ахлагч Нийлсон танд их баярлалаа. Бидэнд хэрэгтэй захиас байна.

Хайрт ах, эгч нар аа, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан бидэнд “Аливаа зүйлийг сайн хийж сурахад зүтгэл хэрэгтэй байдаг. Есүс Христийн үнэн дагалдагч болоход ч мөн адил юм. Түүнд итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлэхэд зүтгэл хэрэгтэй” гэж заасан. Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд өгсөн түүний зөвлөмжүүд дунд бидний идэвхтэй суралцагчид болж, Христийн номлол, тохинууллыг илүү сайн ойлгохын төлөө судруудыг судлахад өөрсдийгөө бүрэн зориулах явдал багтдаг. (“Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105-ыг үзнэ үү.)

Мормоны Номоос бид судрууд Лихайн гэр бүлийн нэгэн чухал хэсэг байсан бөгөөд Нифай болон түүний ах нар гуулин ялтаснуудыг олж авахаар Иерусалим руу буцсан гэдгийг мэдэж авдаг (1 Нифай 3-ыг үзнэ үү).

Судрууд Нифайд болон түүний эцэгт илчилдэг байсны адилаар бидний төлөөх Бурханы хүслийг илчилдэг. Нум нь хугарсны дараа Нифай хоол хүнс залгуулахын тулд хаашаа явах ёстойгоо мэдэх хэрэгтэй байлаа. Түүний аав Лихай Лиахона руу хараад, түүн дээр бичигдсэн зүйлсийг олж үзэв. Нифай тэдгээрт хандуулсан итгэл, хичээнгүй байдал, анхаарлын дагуу ажиллах зүүнүүдийг олж харжээ. Тэрээр Их Эзэний замын талаар тэдэнд ойлголт өгөх, уншихад амархан бичвэрүүдийг мөн харав. Тэрээр Их Эзэн өчүүхэн арга замаар агуу зүйлүүдийг тохиолгодог гэдгийг олж мэджээ. Тэрээр Лиахонагийн өгсөн зааврыг дуулгавартай дагаж мөрддөг байсан. Тэрээр ууланд гарч, хоол хүнсээр гачигдсанаасаа болж ихэд зовж зүдэрсэн гэр бүлийнхэндээ хоол хүнс залгуулж өгчээ. (1 Нифай 16:23–31-ийг үзнэ үү.)

Надад Нифай судруудад өөрийгөө зориулсан суралцагч байсан болов уу гэж санагддаг. Нифай судруудад баясаж, зүрх сэтгэлдээ тунгаан бодож, хүүхдүүдийнхээ эрдэм хийгээд тусын тулд тэдгээрийг бичдэг байсан тухай бид уншдаг (2 Нифай 4:15–16-г үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Хэрэв бид урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, … [бидэнд] мөнх амьдрал байх болно’ [2 Нифай 31:20].

“Зооглох гэдэг нь амсах төдий гэсэн үг биш юм. Зооглох гэдэг нь амтанд нь орох буюу амтархан идэх гэсэн утгатай. Бид шинэ зүйлийг олж нээсэндээ баясах хандлагаар, итгэлтэй дуулгавартай байдлаар судраас судалснаар үүнд шимтэж, амтархан суралцдаг. Биднийг Христийн үгээс зооглоход тэдгээр үг ‘махбодын зүрхэн самбарт’ [2 Коринт 3:3] бичигдэж, бидний мөн чанарын салшгүй нэг хэсэг болдог” гэж хэлсэн (“Living by Scriptural Guidance,” Liahona, 2001 оны 11-р сар).

Бидний сэтгэл судруудад баясдаг бол бид ямар зүйлсийг хийх вэ?

Хөшигний хоёр талд Израилын цугларалтын нэг хэсэг болох хүсэл маань нэмэгдэх болно. Гэр бүл, найз нөхдөө номлогчдыг сонсоход урих нь бидний хувьд энгийн бөгөөд хэвийн зүйл байх болно. Ариун сүмд аль болох ойр ойрхон ордог байхын тулд бид хүчинтэй ариун сүмийн эрхийн бичигтэй мөн зохистой байх болно. Өвөг дээдсийнхээ нэрийг хайж олж, бэлтгэж, ариун сүм рүү илгээхийн төлөө бид хөдөлмөрлөх болно. Бид ариун ёслолыг хүртэхэд зөв зохистой оролцохдоо хүндэтгэлийн өдрийг сахиж, Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ шинэчлэхээр ням гараг бүр сүмд очихдоо итгэлтэй байх болно. Бид Бурханы амнаас гардаг үг бүрийг дагаж амьдарснаар гэрээний зам дээр үлдэхээр шийдэх болно (Сургаал ба Гэрээ 84:44-ийг үзнэ үү).

Их Эзэний зүйлүүдэд баясах гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Сударт баясах нь мэдлэгийн төлөө өлсөж цангахаас ч илүү зүйл юм. Нифай амьдралынхаа турш агуу баяр баясгалантай учирч байсан ч саад бэрхшээл, уйтгар гунигтай мөн тулгарч байсан (2 Нифай 4:12–13-ыг үзнэ үү). “Гэсэн хэдий ч би хэнд итгэснээ мэдэж байна” (2 Нифай 4:19) гэж тэр хэлжээ. Судруудыг судлах үедээ бид Бурханы аврал, өргөмжлөлийн төлөвлөгөөг илүү сайн ойлгож, судрууд дээрх Түүний бидэнд өгсөн амлалтууд, орчин үеийн бошиглогчдын амлалт, адислалуудад итгэх болно.

Зураг
Давид, Голиат хоёр

Нэгэн өдөр найз маань эхнэр бид хоёрыг гэртээ урьсан юм. Тэдний долоон настай хүү Дэвид Библийн Давид, Голиат хоёрын түүхийг огт сонсож байгаагүй бөгөөд сонсохыг хүсэв. Намайг уг түүхийг ярьж эхлэхэд, гартаа илдгүй атлаа дүүгүүрээр болон чулуугаар филист хүнийг шархдуулж, хөнөөсөн, итгэлээрээ мөн Израилын Бурханы нэрээр үйлдсэн Давидын арга барил түүнд маш их таалагдав (1 Самуел 17-г үзнэ үү).

Том хар нүдээрээ тэр над руу хараад, “Бурхан гэж хэн бэ?” гэж нухацтай гэгч асууж билээ. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бид Түүний талаар судруудаас суралцаж болно гэж би түүнд тайлбарлаж өгөв.

Дараа нь тэр надаас “Судрууд гэж юу вэ?” гэж асуув. Би түүнд судар бол Бурханы үг бөгөөд Бурханыг илүү сайн таньж мэдэхэд туслах гайхалтай түүхүүдийг үүнээс олох болно гэж хэлсэн. Би түүний ээжээс гэртээ байгаа Библиэс түүхийг бүтнээр нь уншиж өгтлөө Дэвидийг унтуулахгүй байхыг хүсэж билээ. Үүнийг сонсоод тэр баяртай байлаа. Судрууд болон Бурханы тухай бидний мэдлэг бол бэлэг бөгөөд бид заримдаа энэ бэлгийг хүлээн авах ёстой мэт ойлгодог. Эдгээр адислалыг нандигнацгаая.

Залуудаа би номлолд үйлчилж байхдаа судруудаас зааснаар олон хүний амьдрал өөрчлөгдөхийг харсан. Тэдгээрт агуулагдах хүч чадал бидний амьдралыг хэрхэн өөрчилж болохыг би ойлгосон. Бидний сэргээгдсэн сайн мэдээг заасан хүн нэг бүр өөр өөр хэрэгцээтэй онцгой хувь хүмүүс байв. Тийм ээ, ариун бошиглогчдоор бичигдсэн ариун судрууд хийгээд бошиглолууд тэднийг Их Эзэнд итгэх итгэлтэй болгож, наманчлалд хүргэж, зүрх сэтгэлийг нь өөрчилсөн.

Тэднийг урам зориг, удирдамж, тайтгарал, хүч чадал, хэрэгцээнийхээ дагуу хариу хүлээн авах үед судрууд баяр хөөрөөр дүүргэж байлаа. Тэдний олонх нь амьдралдаа өөрчлөлт оруулахаар шийдэж, Бурханы зарлигуудыг дагаж эхэлсэн.

Нифай биднийг Христийн үгсэд баясахад уриалсан бөгөөд учир нь Христийн үгс бидний хийвэл зохих бүх зүйлийг бидэнд хэлж өгөх болно (2 Нифай 32:3).

Зураг
Гэр бүлээрээ судар судлах

Би та бүгдийг судар судлах байнгын төлөвлөгөөтэй болоход урьж байна. Ирээд, Намайг дага бол сайн мэдээг зааж мөн суралцахад, Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Түүнтэй адил болоход туслахад зориулагдсан бидэнд байгаа гайхалтай эх сурвалж юм. Бид сайн мэдээнээс суралцахдаа зөвхөн шинэ мэдээлэл хайдаггүй, харин “шинэ бүтээл” болохыг эрэлхийлдэг (2 Коринт 5:17).

Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлж, үнэнийг бидэнд гэрчилдэг (Иохан 16:13-ыг үзнэ үү). Тэрээр бүх үнэний эх сурвалж болох Бурханы илчлэлтээр дамжуулан бидний оюуныг гэгээрүүлж, ойлголтыг шинэчилж, зүрх сэтгэлд хүрдэг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Тэрээр үнэний дагуу амьдрах хүслээр өдөөж, тийн үйлдэх арга замуудыг бидэнд шивнэдэг. “Ариун Сүнс та нарт бүгдийг заана” (Иохан 14:26).

Бошиглогч Иосеф Смитэд илчилсэн үгэндээ бидний Аврагч:

“Эдгээр үгс нь хүмүүсийнх буюу хүнийх биш, харин минийх бөлгөө; …

Учир нь тэдгээрийг та нарт ярьсан нь миний дуу хоолой болой; учир нь миний Сүнсээр та нарт тэдгээр нь өгөгдсөн авай, … 

Иймийн тул, миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна” хэмээсэн (Сургаал ба Гэрээ 18:34–36).

Бид Ариун Сүнстэй нѳхѳрлѳхийг эрэлхийлэх ёстой. Энэхүү зорилго нь бидний шийдвэрийг удирдаж, бодол санаа, үйлдлийг чиглүүлж байх ёстой. Бид Сүнсний нөлөөг урьдаг бүх зүйлийг эрэлхийлж, энэ нөлөөнөөс холдуулах аливаа зүйлээс татгалзах ёстой.

Есүс Христ бол бидний Тэнгэрлэг Эцэгийн хайрт Хүү гэдгийг би гэрчилж байна. Би Аврагчдаа хайртай. Би Түүний судруудад болон амьд бошиглогчдод талархдаг. Ерөнхийлөгч Нэлсон бол Түүний бошиглогч. Есүс Христийн нэрээр, амен.