Ерөнхий чуулган
“Миний сайн мэдээний зарчмууд”
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Миний сайн мэдээний зарчмууд”

(Сургаал ба Гэрээ 42:12)

Сайн мэдээний зарчим бол ёс суртахууны арга хэрэгслийг зөв шударгаар ашиглахад зориулсан, сургаалд суурилсан удирдамж юм.

1849 оны 10-р сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулганаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон Тэйлорыг Есүс Христийн сайн мэдээг Франц улсад номлож эхлэх ажилд дууджээ. Тэр үйлчлэх явцдаа тухайн улсад Сүмийн анхны албан ёсны тогтмол хэвлэлийг хянан засварлах ёстой байв. Ахлагч Тэйлор 1851 онд Сүмийн талаар өөрөөс нь байнга асуудаг байсан асуултуудын хариулт болгон нэгэн нийтлэлийг бэлтгэн хэвлүүлжээ. Уг нийтлэлийн төгсгөл хавьд ахлагч Тэйлор дараах тохиолдлын талаар дурссан юм.

“Би хэдэн жилийн өмнө хууль тогтоох байгууллагын нэг гишүүн Наувуд энэ олон хүнийг хэрхэн удирдаж, яаж ийм туйлын төгс дэг жаягийг сахин хадгалах боломжтой байгаа талаар Иосеф Смитээс асууж, тэдний хувьд ингэх боломжгүй байдаг талаар дурдаж байхыг сонссон. Ноён Смит үүнийг хийхэд маш амархан гэж хариулсан. Уг хүн ‘Яаж тэр вэ? Бидний хувьд маш хэцүү’ гэжээ. Ноён Смит ‘Би зөв зарчмуудыг тэдэнд заадаг, харин тэд өөрсдийгөө удирддаг’”1 гэж хариулсан байдаг.

Намайг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний зарчмуудын чухал ач холбогдлыг онцлох үед Ариун Сүнс бидний хүн нэг бүрд зааж, гэгээрүүлээсэй хэмээн би залбирч байна.

Зарчмууд

Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “Энэ сүмийн ахлагчид, санваартнууд хийгээд багш нар Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь, миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой”2 хэмээн илчилжээ. Түүнчлэн Тэрээр хожмын үеийн гэгээнтнүүдийг “Та нар онолд, зарчимд, номлолд, сайн мэдээний хуулинд, та нарын ойлголтод шаардлагатай Бурханы хаант улсад хамаардаг бүх зүйлд илүү төгс зааварлагдаж”3 байх ёстой хэмээн тунхагласан.

Товчхон хэлэхэд, сайн мэдээний зарчим бол ёс суртахууны сонголтоо зөв шударгаар ашиглахад зориулсан, сургаал дээр суурилсан удирдамж юм. Зарчмууд нь сайн мэдээний өргөн хүрээт үнэнээс урган гардаг бөгөөд биднийг гэрээний зам дээрээ урагшлан явах үед удирдамж, жишгүүдээр хангадаг.

Жишээлбэл, Итгэлийн эхний гурван тунхагт Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалын үндсэн талуудыг тодорхойлдог. Тухайлбал: Итгэлийн нэгдүгээр тунхагт Бурхан Тэргүүтэний мөн чанар, итгэлийн хоёрдугаар тунхагт Адам, Ева хоёрын уналтын нөлөө, итгэлийн гуравдугаар тунхагт Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болдог адислалуудыг өгүүлдэг.4 Итгэлийн дөрөвдүгээр тунхагт анхны зарчмуудыг тодорхойлдог бөгөөд эдгээр нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлах удирдамж болон Есүс Христийн Цагаатгалыг бидний амьдралд үр нөлөөтэй болгох боломжийг олгодог санваарын анхны зарчмууд юм.5

Мэргэн ухааны үг бол удирдамж болдог зарчмын өөр нэгэн жишээ юм. Сургаал ба Гэрээний 89-р хэсгийн эхний хэдэн шүлгийг анхааран үзнэ үү.

“Гэгээнтнүүд, эсвээс гэгээнтнүүд хэмээн нэрлэгдэж болох бүх гэгээнтнүүдийн сул доройчууд эсвээс хамгийн сул доройчуудын чадал боломжид тохирсон амлалт бүхий зарчмын тулд өгөгдсөн болой.

Болгоогтун, ийн Их Эзэн үнэнээр та нарт хэлдэг: Хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа мөн эцсийн өдрүүдэд байх хилэнц хийгээд бодлуудын улмаас энэхүү мэргэн ухааны үгийг илчлэлтээр та нарт өгснөөр би та нарыг сэрэмжлүүлсэн билээ, мөн урьдаас сэрэмжлүүлж байна.”6

Энэ танилцуулгад хавсаргасан, сүнслэгээр өдөөгдсөн зааварчилгаа нь бие махбодын болон сүнслэг сайн сайхан байдалд хэрэгтэй удирдамжийг өгч, уг зарчимд хэр үнэнч байгаагаас хамаарч тодорхой адислалууд өгөгдөнө гэдгийг гэрчилдэг.

Сайн мэдээний зарчмуудыг сурч, ойлгож мөн тэдгээрийн дагуу амьдрах нь Аврагчид итгэх бидний итгэлийг бэхжүүлж, Түүнд бүхнээ зориулах сэтгэлтэй болгож мөн амьдралд маань маш олон адислал, сүнслэг бэлгийг урин авчирдаг. Зөв шударга байдлын зарчмууд нь мөнх бус амьдралын янз бүрийн нөхцөл байдал, бэрхшээл, шийдвэр, туршлагуудыг туулах үед мөнхийн үнэний эрхэм ойлголтоор хангаж өгснөөр бидэнд хувийн ашиг сонирхол, амин хувиа бодсон хүслээ хойш тавихад тусалдаг.

Зөв зарчмуудыг заах талаарх орчин үеийн жишээ

Бошиглогч Иосеф Смитийн зөв зарчмыг заах талаарх мэдэгдэл түүний хамгийн олонтоо эш татагддаг удирдамж зааврын нэг байж магадгүй. Түүнчлэн бид Их Эзэний өнөөгийн эрх мэдэлтэй үйлчлэгчдийн заасан удирдамж заавраас сүнслэгээр өдөөгдсөн зааврын хүчит жишээнүүдийг олж хардаг.

Анхаарал сарниулахгүй байх зарчим

1998 оны Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ариун ёслолыг бэлтгэх, түгээх Аароны санваартнуудын үүргийн талаар ярьсан юм. Тэр анхаарал сарниулахгүй байх зарчмыг тайлбарлан, Аароны санваартан нь Сүмийн аливаа гишүүнийг шүтэн биширч, гэрээгээ шинэчилж байх үед анхаарлыг нь сарниулах ямар ч зүйл өмсөж зүүхгүй эсвэл тиймэрхүү зан байдлыг хэзээ ч гаргадаггүй байгаасай гэж өгүүлжээ. Ерөнхийлөгч Өүкс түүнчлэн үүнтэй холбоотой дэг журам, цэвэр байдал, хүндэтгэл бишрэлтэй, нэр төрийн зарчмуудыг онцолсон.

Сонирхолтой нь, ерөнхийлөгч Өүкс залуу эрэгтэйчүүдэд юу хийх ёстой мөн ёсгүй талаар урт жагсаалт өгөөгүй, харин залуу эрэгтэйчүүд ба тэдний эцэг эх, багш нар уг удирдамжийг дагахдаа өөрсдийн шийдвэр, сүнслэг өдөөлтийг ашиглах хэрэгтэй гэж үзэн, уг зарчмыг тайлбарласан юм.

Тэрээр “Дэлхий даяарх Сүмийн янз бүрийн тойрог, салбаруудын нөхцөл байдал огт өөр мөн нэг нөхцөлд шаардлагатай байж болох тодорхой дүрэм өөр нөхцөлд тохирохгүй байж болох учраас би нарийвчилсан дүрмийг санал болгохгүй. Харин оронд нь би сургаалууд дээр үндэслэсэн нэгэн зарчмыг санал болгоё. Хэрэв бүх хүн энэ зарчмыг ойлгож, үүний дагуу үйлдэх аваас хууль дүрэм гаргах хэрэгцээ шаардлага бага байх болно. Тодорхой нөхцөлд хууль дүрэм, зөвлөгөө хэрэгтэй бол орон нутгийн удирдагчид сургаал болон холбогдох зарчмуудтай уялдуулан, тэдгээрээр хангаж өгч чадна”7 хэмээн тайлбарласан юм.

Хүндэтгэлийн өдрийг бэлгэ тэмдэг болгох зарчим

2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ”8 хэмээн бидэнд заасан. Түүнчлэн тэрээр Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэх үндсэн зарчмыг хувьдаа хэрхэн ойлгосон талаар ийн тайлбарлажээ.

“Бид Хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариун байлгадаг вэ? Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог.”9

Ерөнхийлөгч Нэлсоны энгийн боловч хүчирхэг асуулт Хүндэтгэлийн өдрийг сахих нь юу гэсэн утгатайг мөн бид үүний тулд юу хийх ёстой тухай аливаа эргэлзээг үгүй болгодог нэгэн зарчмыг онцолсон юм. Түүний асуулт өөр өөр нөхцөл байдалд байгаа бид бүгдийг адислах удирдамж, жишгийг тоймлодог.

Бурханыг ялуулахад бэлэн байх зарчим

Зургаан сарын өмнөх Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Нэлсон Израил гэдэг үгийн утгын талаар шинэ зүйл ойлгож мэдэхдээ эдэлсэн хувийн баяр хөөрөө дүрслэн ярьсан юм. Тэрээр “Израил гэх энэ нэр амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн хүнийг хэлдэг” гэдгийг олж мэдээд сэтгэл нь ихэд хөдөлсөн гэж бидэнд хэлсэн.10 Тэгээд ерөнхийлөгч Нэлсон энэхүү ойлголтоос үүдэн гардаг хэд хэдэн чухал талыг онцолж билээ.

Бурханыг ялуулахад бэлэн байх тухай түүний сургамж бол бид өөрсдийгөө захирч чадахын тулд зөв зарчмуудыг заахын шилдэг жишээ юм. Ерөнхийлөгч Нэлсон Хүндэтгэлийн өдрийг баясгалант болгох тухай үгэндээ хэлсний адилаар, бидний хүн нэг бүрд удирдамж, жишиг болохуйц зарчимд үндэслэсэн асуултууд тавьсан.

Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү?”

Тэр үргэлжлүүлэн ийн хэлсэн.

Ийнхүү бэлэн байх нь таныг хэрхэн адисалж болохыг та бодоод үзээрэй. Хэрэв та гэрлээгүй, мөнхийн ханиа хайж байгаа бол ‘Израилынх’ байх таны хүсэл хэнтэй, хэрхэн болзохоо шийдэхэд тань тусална.

Хэрэв та гэрээнүүдээ зөрчсөн хамтрагчтай гэрлэсэн бол Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн байгаа тань Бурхантай байгуулсан гэрээгээ хэвээр авч үлдэх боломжийг танд олгоно. Аврагч таны харууссан зүрхийг эдгээнэ. Таныг цаашид хэрхэн амьдрахаа мэдэхийг хүсэх үед тэнгэрийн үүд хаалга нээгдэх болно. Та хэрэн хэсүүчилж эсвэл төөрөлдөх хэрэггүй.

Хэрэв танд сайн мэдээний тухай болон Сүмийн талаар үнэхээр мэдэхийг хүссэн асуулт байвал Бурханыг амьдралдаа ялуулах сонголтыг хийснээр та амьдралын тань замыг зааж, гэрээний зам дээрээ баттай зогсоход тань туслах өөрчлөгдөшгүй, мөнхийн үнэнийг олж, ойлгоход чиглүүлэгдэх болно.

Та уруу татагдахдаа, тэр бүү хэл туйлдаж, ганцаардаж эсвэл буруугаар ойлгогдсон үед тань уруу таталтууд ирэх үед Бурханыг амьдралдаа ялуулах сонголтыг хийж, Түүнээс өөрийгөө хүчирхэгжүүлэхийг хүсэн гуйхад ямар их зориг шаардагдахыг төсөөлөөрэй.

Хэрвээ та Бурханыг ялуулах, Израилын нэгэн хэсэг байхыг хамгийн их хүсэж байвал олон шийдвэрийг гаргахад амар хялбар байх болно. Маш олон асуудал асуудал байхаа болино! Та өөрийгөө хэрхэн хувцаслахаа мэдэх болно. Та юу үзэх, юу унших, чөлөөт цагаа хаана, хэнтэй хамт өнгөрүүлэхээ мэднэ. Та юунд хүрэхийг хүсэж байгаагаа ч мэднэ. Та үнэндээ яг ямар хүн болохыг хүсэж байгаагаа мэддэг болно.”11

Бурханыг ялуулахад бэлэн байх зарчим нь болзох, гэрлэх, сайн мэдээний талаарх асуултууд болон санаа зовоож байгаа зүйлс, уруу таталт, биеэ авч явах байдал, юу үзэж мөн унших, цагаа хаана өнгөрөөх, хэнтэй харилцаа нөхөрлөл тогтоох зэрэг маш олон чухал шийдвэр болон амьдралын туршлагуудад нөлөөлж болохыг анхаараарай. Ерөнхийлөгч Нэлсоны сүнслэгээр өдөөгдсөн асуултууд амьдралын тал бүрд маань удирдамж болж, өөрсдийгөө захирах боломжийг олгох энгийн зарчмыг онцолдог.

Нэн жижигхэн залуур

Иосеф Смит Либерти шоронд хоригдож байх үедээ Сүмийн гишүүд, удирдагчдад зааварчилгаа болгон захидал бичиж, “шуурганы үед маш том хөлөг онгоц нэн жижигхэн залууртай явснаар салхи хийгээд давалгаатай зохицолдон нэн их ашигтай байдгийг”12 сануулжээ.

Зураг
Хөлөг онгоцны залуур

“Залуур” гэдэг нь завь, хөлөг онгоцыг залахад ашигладаг хүрд буюу хөшүүрэг юм. Мөн “салхи хийгээд давалгаатай зохицолдох” гэдэг нь шуурга гарах үед тэнцвэрээ барьж, хөмрүүлэхгүйн тулд хөлөг онгоцыг эргүүлэхийг хэлдэг.

Зураг
Шуурганаар эргэж буй хөлөг онгоц

Сайн мэдээний зарчмууд нь та бидний хувьд хөлөг онгоцны залууртай адил юм. Зөв зарчмууд бидэнд замаа олж, баттай, тууштай, хөдөлшгүй зогсох боломжийг олгодог бөгөөд тэгснээр бид тэнцвэрээ алдахгүй мөн харанхуй, будилаантай хожмын үеийн хүчит шуурганд автахгүй байлгах болно.

Бид энэхүү Ерөнхий чуулганаар Их Эзэний эрх мэдэл бүхий үйлчлэгчдээс мөнхийн зарчмуудын талаар суралцахаар адислагдлаа. Одоо бидний хувийн үүрэг хариуцлага бол тэдний гэрчилсэн үнэний дагуу өөрсдийгөө хянан захирах явдал юм.13

Гэрчлэл

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Дараагийн зургаан сарын туршид [Лиахона] сэтгүүлийн ерөнхий чуулганы дугаар жишиг бүтээлүүдийн тань дэргэд байж, байнга үзэж байх нь зохилтой”14 хэмээн заасан билээ.

Би бодгалийнхаа бүхий л эрч хүчээр та бүгдийг зөв шударга байдлын зарчмуудыг сурч, тэдгээрийн дагуу амьдарч мөн хайрлахад урьж байна. Гагцхүү сайн мэдээний үнэнүүд л биднийг “өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээх,” гэрээний зам дээр урагшлах мөн “Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх”-ийг харах боломж олгодог.15

Есүс Христийн сайн мэдээний сургаал, зарчмууд бидний амьдралд удирдамж өгөх, зуурдын энэ амьдралд болон мөнхөд баяр хөөрийг эдлэх үндсэн эх сурвалж гэдгийг би мэднэ. Энэхүү гайхамшигтай Христийн амилсны ням гаргийн өдөр бидний амьд Аврагч бол эдгээр үнэн оргилох оргилуур гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Жон Тэйлор, Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, (2007), 321.

  2. Сургаал ба Гэрээ 42:12

  3. Сургаал ба Гэрээ 88:78

  4. Итгэлийн тунхаг 1:1–3-ыг үзнэ үү.

  5. Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 89:3–4

  7. Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Liahona, Jan. 1999, -46.

  8. Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122.

  9. Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 122; тодотгол нэмэгдсэн.

  10. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101

  11. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 103.

  12. Сургаал ба Гэрээ 123:16

  13. Ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг “дараагийн зургаан сарын турш ажил үйлс, хэл яриандаа удирдамж болгож байхыг” гишүүдэд уриалсан юм. “Энэ бол өнөө үед энэ хүмүүст илчлэх ёстой чухал зүйлс хэмээн Их Эзэн үзэж байна” гэж тэр тайлбарлажээ (Conference Report, Apr. 1946, 68).

    Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) түүнчлэн Ерөнхий чуулган дээр заасан үгсийн чухал ач холбогдлыг онцолжээ. Тэр “Мөнх амьдралд хүрэх замыг заадаг үзэл баримтлал болох Сүмийн жишиг бүтээлүүд биш бол, хэчнээн ч уран цэцэн үг хэллэгтэй, яруу сайхан дүрслэлтэй ном зохиол, өгүүлэл таны хувийн номын санд дээгүүр байр эзлэх ёсгүй” хэмээн хэлжээ (In the World but Not of, Brigham Young University Speeches of the Year [May 14, 1968], 3).

    Ерөнхийлөгч Toмас С.Монсон (1927–2018) Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг судлахын ач холбогдлыг дахин нотолсон билээ. Тэрээр “Энэ Ерөнхий чуулганы үеэр сонссон зүйлсээ урт удаан хугацаанд санацгаая. Энд хэлсэн захиасуудыг дараа сарын Ensign, Лиахона сэтгүүлүүдэд нийтлэх болно. Би та нарыг эдгээрээс суралцаж, тэдний заасан зүйлсийг тунгаан бодоход уриалж байна” (Thomas S. Monson, “Until We Meet Again,” Liahona, Nov. 2008, 106).

  14. Ezra Taft Benson, “Come unto Christ, and Be Perfected in Him,” Ensign, May 1988, 84.

  15. Сургаал ба Гэрээ 123:17