Ерөнхий чуулган
Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин

Бишоп ганц бие залуучууд гэх мэт өсөж буй үеийнхнийг Есүс Христ рүү удирдан чиглүүлдэг хоньчноор үйлчлэх амин чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хайрт санваартан ах нар аа, хүмүүст ихэд таалагддаг нэгэн дууллын мартагдашгүй мөрүүдийн нэгд “Сионы залуучууд гуйвах уу?”1 гэж асуусан байдаг. Би энэ асуултад чин сэтгэлээсээ, эргэлзээгүйгээр “Үгүй!” гэж хариулна.

Энэ хариултыг үнэн гэдгийг батлахын тулд, ер бусын сорилт бэрхшээл, уруу таталттай энэ үед өсвөр үеийнхнийг дэмжин туслах нь эцэг эх, бишопын зөвлөлийнхний Тэнгэрлэг Эцэгээс өгөгдсөн үндсэн үүрэг хариуцлага юм гэдгийг би өнөөдөр гэрчилж байна.2 Бишопын зөвлөлийнхний ач тусыг хувийн туршлагаараа тайлбарлая.

Намайг дикон байхад манай гэр бүл өөр тойрогт харьяалагддаг шинэ байшинд нүүж орсон юм. Би дунд сургуульд элсэн орж байсан учраас шинэ сургуульд явахаар болов. Уг диконуудын чуулгад гайхалтай залуу эрэгтэйчүүд байсан. Ихэнх хүүхдийн аав, ээж идэвхтэй гишүүд байлаа. Миний ээж маш идэвхтэй гишүүн байсан. Харин аав маань бүх талаараа хосгүй мундаг хүн байсан ч идэвхгүй гишүүн байсан юм.

Бишопын зөвлөлийн хоёрдугаар зөвлөх3 Дийн Айр ах бүхнээ зориулсан үнэнч удирдагч байлаа. Намайг шинэ тойрогтоо дасаж эхэлж байхад, тэндээс 65 орчим км зайд байрлах Бээр Лэйкэд аав болон хөвгүүдэд зориулсан үйл ажиллагааг зарлав. Би аавгүйгээр оролцохгүй гэж бодож байлаа. Гэтэл Айр ах өөртэй нь хамт явах онцгой урилгыг надад зориулан гаргасан юм. Тэрээр аавыг минь магтаж, хүндэлж байгаагаа илэрхийлээд, диконуудын чуулгынхаа бусад гишүүнтэй хамт байх боломж миний хувьд чухал болохыг онцолсон. Тиймээс би Айр ахтай хамт явахаар шийдэж, тэндээс гайхалтай туршлагыг олж авсан.

Айр ах өсвөр үеийнхнийг харж хандан, хүмүүжүүлэхэд эцэг эхчүүдийг дэмжих бишопын зөвлөлийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэхдээ Христийнхтэй адил хайрын гайхалтай үлгэр жишээг үзүүлдэг байв. Тэрээр намайг энэ шинэ тойрогт явахад маш сайхан эхлэлийг тавьж өгсөн бөгөөд миний зөвлөгч байсан.

1960 онд намайг номлолдоо явахаас хэдхэн сарын өмнө Айр ах 39 насандаа хорт хавдрын улмаас нас барж, эхнэр нь 16-аас доош насны 5 хүүхэдтэйгээ үлдэж билээ. Түүний том хөвгүүд болох Ричард, Крис Айр хоёр аавыг нь байхгүйд бишопын зөвлөлийнхөн тэдэнд болон дүү нарт нь Христийнхтэй адил хайраар тусалж дэмжин, харж хандаж байсан гэдгийг надад хэлсэн бөгөөд би үүнд нь талархдаг.

Эцэг эхчүүдийн гол үүрэг хариуцлага нь үргэлж тэдний гэр бүл байдаг.4 Чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн мөн адил чуулгынхаа гишүүдэд Аароны санваарын үүрэг, хүчийг амьдралынхаа төв болгоход нь туслан, гол дэмжлэгийг үзүүлж, удирдамж өгдөг.5

Зураг
Хоньчин хоньдтойгоо

Миний өнөөдрийн зорилго бишоп, тэдний зөвлөхүүдэд төвлөрнө. Тэднийг зүй ёсоор “Их Эзэний сүргийн хоньчид” буюу өсвөр үеийнхний хоньчид хэмээн онцлон дуудаж болно.6 Төлөөлөгч Петр Есүс Христийг “Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагч”7 хэмээн дурдсан нь сонирхолтой.

Бишоп тойргоо тэргүүлэхдээ таван үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд:

  1. Тэр бол тойргийн тэргүүлэх дээд прист.8

  2. Тэр бол Аароны санваарын ерөнхийлөгч.9

  3. Тэрээр олон нийтийн шүүгч.10

  4. Тэр тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах зэрэг аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулдаг.11

  5. Мөн тэрээр бүртгэл, санхүү, цуглааны байрын ашиглалт зэрэгт хяналт тавьдаг.12

Тэргүүлэх дээд пристийн гүйцэтгэх үүргийнхээ хүрээнд, бишоп бол тойргийнхоо “сүнслэг удирдагч”13 бөгөөд “Есүс Христийн итгэлтэй шавь”14 юм.

Үүнээс гадна “бишоп тойрогтоо аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулдаг.”15 Бишоп сайн мэдээг хуваалцах, шинэ болон буцаж ирсэн гишүүдийг хүчирхэгжүүлэх, түүнчлэн тохинуулал, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын өдөр тутмын үүрэг хариуцлагыг ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд даалгах хэрэгтэй.16 Тэр уг ажлыг тойргийн зөвлөлөөр болон тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар зохицуулна.

Тэрээр ганц бие залуучууд гэх мэт өсөж буй үеийнхнийг Есүс Христ рүү удирдан чиглүүлэх хоньчноор үйлчлэх амин чухал үүрэгтэй.17 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бишопын болон түүний зөвлөхүүдийн гүйцэтгэх үндсэн үүргийг онцолсон. Тэрээр тэдний “нэн тэргүүний чухал үүрэг бол тойргийнхоо залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг халамжлах явдал юм”18 хэмээн заажээ. Бишопын зөвлөл эцэг эхчүүдэд тойргийнхоо хүүхэд, өсвөр үеийнхнийг харж хандан, хүмүүжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Бишоп тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй зөвлөлдөж, өсвөр үеийнхнийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдээр амьдрах, ёслолуудыг хүлээн авахад бэлдэх, ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад нь туслахаар хичээдэг.

Та “Бишоп яагаад өсвөр үеийнхэнд маш их цаг зарцуулах заавартай байдаг юм бэ?” гэж асууж болох юм. Их Эзэн эн тэргүүний чухал зүйлсийг гүйцэлдүүлэхийн тулд Сүмээ байгуулсан. Үүний дагуу Түүний Сүмийн зохион байгуулалт нь бишоп давхар үүрэг хариуцлагатай байх бүтэцтэй. Тэрээр нийт тойргийнхоо төлөө сургаал номлолын үүрэг хариуцлага хүлээдэг ч пристүүдийн чуулгын өмнө сургаал номлолын онцгой үүрэг хүлээдэг.19

Пристийн санваартай залуу эрэгтэйчүүд болон мөн насны залуу эмэгтэйчүүд амьдрал, өсөлт хөгжлийнхөө нэн чухал үе шатанд явж байгаа билээ. Тэд амьдралынх нь туршид чухал нөлөө үзүүлэх шийдвэрүүдийг богино хугацаанд гаргадаг. Тэд ариун сүмд ороход бэлдэх, номлолд үйлчлэх,20 ариун сүмд гэрлэхийг зорих эсэхээ шийдэж, энэ насны зорилгодоо бэлтгэдэг. Нэгэнт гаргасан эдгээр шийдвэр нь тэдний цаашдын амьдралд гүн гүнзгий сүнслэг мөн бодит үр нөлөөг үзүүлэх болно. Бишопууд аа, залуу прист, залуу эмэгтэй эсвэл залуучуудад зориулсан харьцангуй богино хугацаа тань Есүс Христийн Цагаатгалаар дамжин боломжтой болдог хүчийг ойлгоход нь тэдэнд тусалж чадна гэдгийг ойлгоорой. Энэ нь тэдний бүхий л амьдралыг гүн гүнзгий нөлөөлөх алсын хараат удирдамжаар хангаж болно.

Зураг
Бишоп Моа Махэ зөвлөхүүдийн хамт

Өсвөр үеийнхнийг энэ төрлийн удирдамжаар хангахад тусалсан бишопуудаас миний харж байсан хамгийн мундаг жишээг бишоп Моа Махэ үзүүлсэн юм. Тэр Сан Францискогийн Тонга тойргийн анхны бишопоор дуудагдсан байсан.21 Мөн тэрээр Тонга улсын Ваваугаас цагаачлан ирсэн байжээ. Түүний тойрог Калифорнийн Сан Францискод, онгоцны буудалд буюу ажилд нь ойр байрладаг байв.22

Зураг
Тонга хэлээр ярьдаг тойрог

Тойрогт нь Нэгдсэн Улс руу цагаачилж ирээд удаагүй байгаа айлуудын өсвөр насны олон хүүхэд байдаг байлаа. Бишоп Махэ тэдэнд хэрхэн Есүс Христийн зөв шударга шавь байх талаар зөвхөн үг, үлгэр жишээгээрээ заагаад зогсохгүй, ямар хүн болох талаар удирдамж өгч, ариун сүм, номлол, боловсрол, ажилд бэлдэхэд нь тусалжээ. Тэр найман жил орчим үйлчилсэн бөгөөд өсвөр үеийнхний төлөөх түүний мөрөөдөл, хүсэл биелсэн юм.

Аароны санваарын чуулгын залуу эрэгтэйчүүдийн бараг 90 хувь нь номлолд үйлчилсэн аж. 15 залуу эрэгтэй, эмэгтэй гэр бүлээсээ анх удаа коллежид суралцсан байна.23 Тэрээр орон нутгийнхаа ахлах сургуулийн захиралтай (манай шашны биш) уулзаж, найзын холбоо тогтоон, залуу хүн бүрд үр ашигтай зорилгодоо хүрч, асуудлуудаа даван гарахад нь хэрхэн туслах тал дээр хамтран ажиллажээ. Тэр захирал надад бишоп Махэ ямар ч шашны, хүнд байдалд буй цагаач хүүхдүүдтэй ажиллахад тусалдаг байсан тухай ярьж билээ. Залуу хүмүүс бишопоо өөрсдөд нь хайртай гэдгийг мэддэг байсан.

Харамсалтай нь бишоп Махэ бишопоор үйлчилж байхдаа нас барсан юм. Би түүний сэтгэл хөдөлгөсөн, сүнслэг нөлөө бүхий оршуулах ёслолыг хэзээ ч мартахгүй. Маш олон хүн цугласан байсан. Түүнийг бишопоор үйлчилж байх үед өсвөр насны хүүхдүүд байсан, номлолд үйлчилсэн эсвэл коллежид суралцаж байсан 35 гаруй итгэлтэй залуу гишүүн найрал дуу дуулсан. Нэг үг хэлэгч тойргийнхоо өсвөр үеийнхэн болон залуучуудын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн. Тэрээр бишоп Махэд амьдралд болон зөв шударга үйлчлэлд бэлтгэх удирдамж өгсөнд нь талархан, хүндлэл үзүүлсэн юм. Гэвч хамгийн чухал нь, бишоп Махэ тэдэнд амьдралынх нь үндэс суурь болох Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь тусалжээ.

Бишопууд аа, одоо та нар хаана ч үйлчилж байсан ярилцлагадаа болон бусад харилцаандаа тийнхүү алсын хараатай удирдамж өгч, Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж чадна. Та бүхэн зан байдлаа өөрчлөх хүчирхэг урилга өгч, амьдралд бэлтгэж, гэрээний зам дээрээ үлдэхэд нь сүнслэгээр нөлөөлж чадна.

Үүнээс гадна, тийм ч чухал биш зүйлээс болж эцэг эхтэйгээ зөрчилддөг өсвөр үеийн зарим хүүхдэд тусалж болно.24 Заримдаа залуу хүмүүсийг эцэг эхтэйгээ туйлын их зөрчилдөж байх үед тэдний чуулгыг тэргүүлдэг, сүмийн ярилцлага хийдэг хүн нь эцэг эхийнх нь ариун сүмийн эрхийн бичгийг өгдөг хүн нь байдаг. Энэ нь бишопыг маргалдсаны улмаас талуудад хуваагдсан өсвөр үеийнхэн болон эцэг эхчүүдийн аль алинд зөвлөгөө өгөх онцгой байр сууринд аваачдаг. Бишопууд юмыг мөнхийн талаас харахад нь мөн илүү чухал асуудлыг юм уу тийм ч чухал биш асуудлыг шийдвэрлэхэд аль алинд нь тусалж чадна. Бид тохинуулах гэр бүлүүдийг оноож авалгүйгээр цаг зав, эрч хүчээ иймэрхүү нөхцөл байдалд байгаа өсвөр үеийнхэнд болон тэдний гэр бүлүүдэд төвлөрүүлэх хэрэгтэй гэж бишопуудад зөвлөдөг.25

Эцэг эх, хүүгийн хоорондын хурц маргааныг шийдвэрлэж, орон гэрт нь эв эеийг, сайн мэдээнд өсөн нэмэгдсэн амлалтыг авчирч чадсан нэгэн бишопыг би танина. Уг бишоп эцэг эхэд нь Есүс Христийн шавь байхыг хичээх нь гэрийн ажлыг хэрхэн, хэзээ хийхээс илүү чухал гэдгийг ойлгоход тусалжээ.

Сургуулийн арга хэмжээ, үйл ажиллагаа зэрэг хаа байгаа газар нь өсвөр үеийнхэнтэй илүү их цагийг өнгөрүүлэхийн тулд бишопын зөвлөлд насанд хүрэгчидтэй зохих уулзалт, зөвлөгөө өгөх цаг гаргах талаар зөвлөсөн байна. Бишопууд ноцтой, яаралтай асуудлаар зөвлөгөө өгч чадах ч зохистой байдлыг тодорхойлохгүй болон яаралтай бус, байнгын асуудлаар зөвлөх үүргийг ахлагчдын чуулгын юм уу Халамжийн нийгэмлэгийн гишүүдэд, ихэвчлэн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд юм уу тохинуулагч ах, эгч нарт даалган өгөхийг бид зөвлөдөг. Зөвлөгөө өгөхөд тохирох гишүүдийг сонгоход нь удирдагчдыг26 Сүнс удирдан чиглүүлэх болно. Энэхүү төлөөлөн зөвлөх үүрэг даалгаврыг авах хүмүүс илчлэлт хүлээн авах эрхтэй. Мэдээж тэд нууцлалыг үргэлж чанд хадгалах ёстой.

Хэрсүү удирдагчид үргэлж өсөж буй үеийнхний төлөө золиос гаргадаг. Бишопын зөвлөлийн гишүүд Сүмд үйлчлэх цагийнхаа ихэнхийг үүнд зарцуулдаг.

Одоо би эхлээд өсвөр үеийнхэнд, дараа нь бишопуудад шууд хандан хэдэн зүйл хэлэхийг хүсэж байна.

Эрхэм залуу хүмүүс та нараас олон нь хэн гэдгээ болон хэн болж чадах талаараа тодорхой ойлголтгүй байгаа байх. Гэсэн ч та нар амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийнхээ босгон дээр ирсэн байна. Эцэг эх, бишопынхоо аль алинтай өмнөө байгаа чухал сонголтуудын талаар зөвлөлдөөрэй. Бишопыг өөрийнхөө найз, зөвлөгч болохыг зөвшөөр.

Та нарын тал бүрээс сорилт бэрхшээл, уруу таталт ирж байгаа гэдгийг бид мэднэ. Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар бид бүгдээрээ өдөр бүр наманчлах хэрэгтэй. Ямар ч асуудлаар бишоптойгоо ярилцаж болно. Энэхүү сүүлчийн эрин үед Их Эзэний чамд зориулсан “агуу ажилд” бэлтгэж, амьдралаа Түүнтэй нийцүүлэхэд олон нийтийн шүүгч танд тус болно.27 Ерөнхийлөгч Нэлсоны та бүхнээс хүссэнээр Их Эзэний өсвөр үеийнхний армийн нэг хэсэг болоход өөрсдийгөө бэлд!28

Одоо эрхэм хүндэт бишопууд та бүхэндээ хандан Сүмийн удирдлага мөн гишүүдийн өмнөөс үг хэлье. Бид та бүхэнд гүнээ талархаж байна. Хүндэт бишопууд аа, сүүлийн жилүүдэд та бүхэнд очсон хүсэлтийн дагуу зохицуулалт хийж байгаад тань бид хэчнээн их талархаж байгааг мөн хайрлаж явдгийг маань мэдээсэй гэж хүсэж байна. Хаант улсад оруулж буй та бүхний хувь нэмрийг дүрслэн хэлэхийн аргагүй билээ. Сүмд дэлхий даяар 30900 бишоп, салбарын ерөнхийлөгч байна.29 Бид та нарын хүн нэг бүрийг хүндэлдэг.

Тэдний дүрсэлдэг зарим үг, ариун дуудлага бараг бүхэлдээ сүнслэг, гайхамшигтай утга агуулгаар дүүрсэн байдаг. Бишопын дуудлага тиймэрхүү үгсээс ч дээгүүр байх нь гарцаагүй. Энэхүү албанд Их Эзэнд үйлчлэх нь олон талаараа гайхалтай. Бишопоор дуудагдаж, дэмжигдэн батлуулж, онцгойлон адислагдах нь хэзээ ч мартамгүй туршлага билээ. Миний хувьд энэ нь надад маш гүн гүнзгий, өргөн цар хүрээтэй мэдрэмж төрүүлсэн учраас цөөн хэдэн эрхэм нандин үйл явдлын нэг юм. Энэ нь хэдхэн үгээр дүрслэн хэлэхийн аргагүй гэрлэлт, аав болох зэрэг эрхэм нандин үйл явдлуудтай агаар нэгэн буюу.30

Бишопууд аа, бид та нарыг дэмждэг! Бишопууд аа, бид та нарт хайртай! Та нар бол үнэхээр Их Эзэний сүргийн хоньчид билээ. Аврагч та нарыг энэ ариун дуудлагад ганцааранг тань орхихгүй. Би үүнийг энэхүү Христийн амилсны баярын үеэр Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. “Итгэлдээ үнэнч бай,” Hymns, д. 254.

  2. Өсвөр үеийнхний удирдагчид, чуулга, ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн мөн Сүмийн бусад удирдагч энэхүү үүргийг хүлээдэг.

  3. Бишоп бол пристүүдийн чуулгын ерөнхийлөгч. Түүний нэгдүгээр зөвлөх багш нарын чуулгыг, хоёрдугаар зөвлөх диконуудын чуулгыг хариуцах үүрэгтэй. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 10.3, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)

  4. Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү.

  5. Квинтин Л.Күк, “Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх өөрчлөлтүүд,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 41-ийг үзнэ үү.

  6. Бишоп гэж бичсэн нь манай итгэлтэй салбарын ерөнхийлөгчдөд мөн адил хамаарна.

  7. 1 Петр 2:25

  8. Ерөнхий гарын авлага, 6.1.1-ийг үзнэ үү.

  9. Ерөнхий гарын авлага, 6.1.2-ыг үзнэ үү.

  10. Ерөнхий гарын авлага, 6.1.3-ыг үзнэ үү.

  11. Ерөнхий гарын авлага, 6.1.4-ийг үзнэ үү.

  12. Ерөнхий гарын авлага, 6.1.5-ыг үзнэ үү.

  13. Ерөнхий гарын авлага, 6.1.1-ийг; Ерөнхий гарын авлага, 6.1.1.1–6.1.1.4-ийг үзнэ үү.

  14. Ерөнхий гарын авлага, 6.1.1

  15. Ерөнхий гарын авлага, 6.1.4

  16. Ерөнхий гарын авлага, 21.2; 23.5; 25.2-ыг үзнэ үү.

  17. Ерөнхий гарын авлага, 6.1; 14.3.3.1; мөн Квинтин Л.Күк, “Adjustments to Strengthen Youth,” 40–43-ыг үзнэ үү. Түүнчлэн бишопыг эхнэртэйгээ болон гэр бүлтэйгээ илүү их цаг өнгөрүүлэхэд урамшуулан дэмждэг. Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон бишопын зөвлөлд үүргээ гүйцэтгэхэд нь туслахын тулд Залуу эрэгтэйчүүдийн зөвлөхөөр чадвартай насанд хүрсэн зөвлөхүүд болон мэргэжилтнүүд дуудагдах болно.

  18. Рассэлл М.Нэлсон, “Гэрч, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн анги,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 39.

  19. Сургаал ба Гэрээ 107:87–88-ыг үзнэ үү.

  20. “Их Эзэн боломжтой бүх залуу эрэгтэйг [номлолд] үйлчлэхээр бэлтгээсэй хэмээн хүсдэг (Сургаал ба Гэрээ 36:1, 4–7-г үзнэ үү). Номлолд үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүд болон ахмад гишүүд мөн адил бэлтгэх хэрэгтэй. Бэлтгэлийн хамгийн чухал хэсэг бол Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхөөр хичээх явдал юм. Үйлчлэх хүсэлтэй тэд бие махбод, оюун санаа, сэтгэл зүй, санхүүгийн хувьд бэлтгэх хэрэгтэй” (Ерөнхий гарын авлага, 24.0).

  21. Уг тойрог 1980 оны 12-р сарын 17-нд байгуулагдсан. Далын нэгдүгээр чуулгын ахлагч Жон Х.Гробэрг тонга хэлний энэ тойргийг зохион байгуулахад тусалжээ. (Gordon Ashby, chairman, and Donna Osgood, ed., The San Francisco California Stake: The First 60 Years, 1927–1987 [1987], 49–52-ыг үзнэ үү.)

  22. Бишоп Махэ Калифорнийн Сан Франциско Олон улсын нисэх онгоцны буудал дахь Пан Американ Эйрлайнсад удирдах албан тушаалд дэвшин ажиллаж байсан.

  23. History of San Francisco California Stake, 49-ийг үзнэ үү.

  24. Мөн тэд мөнхийн ач холбогдолтой зүйлсийг эсэргүүцэж байж болно.

  25. Ерөнхий гарын авлага, 21.2.1-ийг үзнэ үү.

  26. Бишоп хэнтэй уулзахыг, хэрхэн хайр, халамж тавьснаар эргэн уулзах хэрэгтэйг ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран анхааралтай зохицуулна.

  27. Сургаал ба Гэрээ 64:33

  28. Рассэлл M.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  29. 2021 оны 2-р сарын 19-ний байдлаар 24035 бишоп, 6865 салбарын ерөнхийлөгч дэлхий даяар үйлчилж байна.

  30. 1974 онд ерөнхийлөгч Дэвид Б.Барлов намайг Калифорнийн Бурлингэйм тойргийн бишопоор дуудаж, 1974 оны 9-р сарын 15-нд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын туслахаар дуудагдаад удаагүй байсан ахлагч Нийл А.Максвэлл онцгойлон адисалсан юм.