Ерөнхий чуулган
Хайр, үнэний сайн мэдээний гэрэл
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хайр, үнэний сайн мэдээний гэрэл

Би хайр, үнэний сайн мэдээний гэрэл өнөөдөр дэлхий даяар тод гэрэлтэж байгааг гэрчилж байна.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн “Үндэстнүүд ээ, сонс!” хэмээх гайхалтай дуулал нь бүх дэлхийд хүрч буй сайн мэдээний бүрэн байдлын урам зориг, баяр хөөрийг лавтай илэрхийлдэг. Уг дуулалд бид ингэж дуулдаг.

Үндэстнүүд ээ! Тэнгэрийн хоолойг сонс!

Сонссон болгон газар бүрд баясаг.

Сүр жавхлант элч нар тунхаглаж байна.

Үнэн үүрд сэргээгдлээ!1

Энэхүү баяр хөөрт үгсийн зохиолч Лүис Ф.Мүнх нь Германы хөрвөгч байсан бөгөөд Европт бүрэн цагийн номлогчоор үйлчлэх хугацаандаа Швейцарьт энэ дууллын сүнсээр өдөөгдсөн үгсийг бичжээ.2 Сэргээлтийн дэлхий дахинд үзүүлж буй үр нөлөөг гэрчлэх үед ундарч буй баяр хөөрийг дараах дууллын үгсээр тодорхой гэгч илэрхийлсэн байна.

Үндэстнүүд харанхуйд тэмтчин уйлж,

Үүр цайхыг итгэлтэй хүлээнэ.

Энгүй урт шөнө дуусаж, бүх хүн баясна.

Үнэн ахин оршино!3

Ердөө 200 гаруй жилийн өмнө Сэргээлт эхэлсний ачаар “хайр, үнэний сайн мэдээний гэрэл”4 газар дэлхий даяар тод гэрэлтэн гийж байна. Бурхан “бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгдөг”5 гэдгийг 1820 онд бошиглогч Иосеф мэдэж авснаас хойш үүнийг сая сая хүн ойлгож мэдсээр байгаа юм.

Энэхүү сүүлчийн эрин үед Сүмийг зохион байгуулсны дараахан Их Эзэн Иосеф Смитэд хандан,

“Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу; …

Тэрхүү миний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд юм;

Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглагдаж болохын тулд бөлгөө”6 хэмээн хэлэхдээ, биднийг хайрладаг агуу хайраа харуулсан.

Уг илчлэлт өгөгдсөний дараахан номлогчид дуудагдаж, дэлхийн олон улс үндэстэн рүү илгээгдсэн юм. Бошиглогч Нифайн таамаглаж байсанчлан, сэргээгдсэн сайн мэдээний захиас “бүх үндэстэн, ястан, хэлтэн, мөн хүмүүсийн дунд”7 номлогдох болсон билээ.

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг 1830 онд Нью-Йоркийн хөдөөний нэг жижигхэн дүнзэн байшинд албан ёсоор зохион байгуулсан.

Сүм анхны зургаан гишүүнээс нэг сая гишүүнтэй болтлоо 117 жилийг зарцуулсан бөгөөд 1947 онд энэ тоонд хүрчээ. Номлогчид эхний өдрүүдээс л Сүмийн онцлог хэсэг байсаар ирсэн бөгөөд Америкийн уугуул нутгаас Канад хүртэл, 1837 онд Хойд Америк тивээс халин Англи хүртэл номлосон. Удалгүй номлогчид Европ тивд болон Энэтхэг, Номхон далайн арлуудад хүртэл ажиллаж эхэлсэн байна.

Хоёр сая гишүүний босгыг 16 жилийн дараа буюу 1963 онд давж, дахиад найман жил өнгөрөхөд гурван сая гишүүнтэй болжээ.”8

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан Сүмийн хурдацтай өсөлтийг онцлон тэмдэглэж, “Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх Их Эзэний ажил эрчтэй урагшилж байна. Сүмийг урьд хожид байгаагүй, ер бусын ирээдүй хүлээж байна”9 хэмээн хэлсэн.

Есүс Христийн сайн мэдээний бүрэн сэргээлт, дэлхий дээрх Их Эзэний амьд Сүмийн дахин зохион байгуулалт, мөн үүнээс хойших гайхалтай өсөлт нь дэлхий даяарх санваарын адислалыг боломжтой болгов. Биднийг Бурхантай холбож, гэрээний зам дээр гаргадаг ариун нандин ёслол, гэрээнүүд “бурханлиг чанарын хүчийг”10 ил тод илэрхийлдэг. Бид амьд хүмүүсийн болон нас барагсдын төлөө хийгдэх эдгээр ариун нандин ёслолд оролцохдоо хөшигний хоёр талд байгаа Израилыг цуглуулан, дэлхийг Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг.

1973 оны 4-р сард би эцэг эхийнхээ хамт ариун сүмд лацдан холбуулахаар төрсөн нутаг Аргентинаас ирсэн юм. Тухайн үед Латин Америкийн хаана ч ариун сүм байгаагүй учраас бид Солт Лэйк ариун сүмд лацдан холбуулахаар нэг талдаа 9600 км газар нисэж хүрсэн. Би хоёрхон настай байсан болохоор тэрхүү онцгой туршлагыг бүхэлд нь санадаггүй ч уг аяллын маш тодорхой гурван дүр зураг миний сэтгэлд одоог хүртэл хоногшин үлдсэн байдаг.

Зураг
Онгоцны цонхоор харагдах үзэмж

Хамгийн түрүүнд, би онгоцны цонхонд ойр сууж байснаа болон доор харагдах цагаан үүлсийг харж байснаа санадаг.

Тэрхүү гоёхон цайвар үүлс сэтгэлд минь хөвөн зөөлөн том бөмбөлөг шиг л хоногшин үлджээ.

Сэтгэлд минь үлдсэн бас нэгэн дүр зураг бол Лос Анжелес хотын хүүхдийн парк дахь хөгжилтэй хэд хэдэн үлгэрийн баатар юм. Тэр баатруудыг мартахын аргагүй.

Гэхдээ хамгийн агуу чухал зүйл бол дараах гайхалтай, мартагдашгүй дүр зураг юм.

Зураг
Солт Лэйк ариун сүмийн лацдан холбох өрөө

Би хосуудыг болон гэр бүлүүдийг энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд лацдан холбодог Солт Лэйк ариун сүмийн ариун өрөөнд байснаа санадаг. Би ариун сүмийн гоёмсог тахилын ширээг мөн өрөөний цонхоор нарны хурц гэрэл тусаж байсныг санаж байна. Би тэгэхэд мэдэрч байсан хайр, үнэний сайн мэдээний гэрэл дэх дулаан, аюулгүй, амар тайван байдлыг одоо ч мэдэрсээр байна.

Үүнтэй төстэй мэдрэмжийг би 20 жилийн дараа, ариун сүмд лацдан холбуулахаар дахин орохдоо мэдэрсэн. Тэр үед би сүйт бүсгүйтэйгээ энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд лацдан холбуулсан юм. Харин энэ тохиолдолд бид хэдэн мянган километр аялах шаардлагагүй байсан. Учир нь Аргентины Буэнос-Айрес ариун сүм баригдаж, онцгойлон адислагдсан байсан бөгөөд манай гэрээс холгүйхэн оршдог байв.

Зураг
Вокэрийн гэр бүл

Бид хуримлаж, лацдан холбуулснаасаа хойш 22 жилийн дараа тэрхүү ариун сүмдээ дахин орох боломжтой байсан ба энэ удаад хөөрхөн охинтойгоо энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд гэр бүлээрээ лацдан холбуулсан.

Амьдралынхаа хамгийн ариун нандин эдгээр мөчийн талаар бодохдоо би гүн гүнзгий, туйлын баяр баяслаар дүүргэгдэж байдаг. Бидний хувийн хэрэгцээг болон зүрхэн дэх хүслийг мэддэг, нигүүлсэнгүй Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг би мэдэрсэн бөгөөд улам бүр мэдэрсээр байна.

Их Эзэн Иехова хожмын өдрүүд дэх Израилын цугларалтын талаар “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно”11 гэж хэлсэн. Бага балчир наснаас минь Их Эзэний хууль Түүний ариун өргөөн дэх ариун нандин ёслолуудаар дамжуулан зүрхэнд минь гүн гүнзгий сийлэгдэж эхэлсэнд би мөнхөд талархдаг. Тэр бидний Бурхан, бид Түүний ард түмэн бөгөөд бид ямар ч нөхцөл байдалд байсан, хэрвээ байгуулсан гэрээндээ итгэлтэй байж, гэрээгээ дуулгавартай сахивал “түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн”12 байж чадна гэдгээ мэдэх нь хэчнээн чухал гээч.

2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы Эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаан дээр ерөнхийлөгч Нэлсон “Нэг нэгэндээ тохинуулах, сайн мэдээг тунхаглах, гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх, нас барагсдыг гэтэлгэх бидний бүхий л хүчин чармайлт ариун сүмд нэгдэн холбогддог”13 гэж хэлсэн юм.

Мөн энэ Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Нэлсон “Мэдээж, Сэргээлтийн үнэт эрдэнэ бол ариун сүм. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн үеэр Түүнийг хүлээн авахад хүмүүсийг бэлдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг”14 гэж заасан билээ.

Үргэлжилсээр буй Сэргээлт нь ариун сүмүүдийг хурдацтайгаар барьж, онцгойлон адисалж байгаагаараа онцгой юм. Биднийг хөшигний хоёр талд цугларч, үйлчлэн, ариун сүмийг амьдралынхаа гол төв болгох үед Их Эзэн биднийг барьж босгодог буюу энэ нь Өөрийнхөө гэрээт ард түмнийг босгож байгаа хэрэг юм.

Хайр, үнэний сайн мэдээний гэрэл

Бурханы сэнтийгээс гайхалтай гийнэ.

Хурц нар мэт энэ тэнгэрлэг туяа

Бүх дэлхийг гийгүүлнэ.15

Би хайр, үнэний сайн мэдээний гэрэл өнөөдөр дэлхий даяар тод гэрэлтэж байгааг гэрчилж байна. Бошиглогч Исаиагийн зөгнөж хэлсэн16 мөн Нифайн үзсэн17 “ер бусын гайхамшигт” ажил энэ хүнд хэцүү цаг үед ч хурдацтай өрнөж байна. Иосеф Смит “Үнэний жишиг тогтоолоо. Ариусгагдаагүй гар уг ажлын өсөлт хөгжилтийг зогсоож чадахгүй… Бурханы зорилгууд хэрэгжин, Аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл”18 хэмээн бошиглон тунхагласан байдаг.

Ах, эгч нар аа, өнөөдөр бид тэнгэрийн дуу хоолойг, бүр Аврагчийнхаа дуу хоолойг сонсоход өөрсдийгөө болон гэр бүлээ зориулахад бэлэн байж, шийдвэр гаргах болтугай. Түүний оршихуй руу чиглүүлэх зам дээр биднийг баттай гаргах гэрээг бид Бурхантай байгуулж, уг гэрээгээ сахих болтугай. Мөн бид Түүний сайн мэдээний үнэний болон алдар суут гэрлийн адислалд баясаасай. Есүс Христийн нэрээр, амен.