Ерөнхий чуулган
Тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулиа хамгаалах нь
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулиа хамгаалах нь

Тэнгэрлэг нөлөөлөлд итгэх итгэл маань хожмын үеийн гэгээнтнүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг болон үндсэн хуульт засаглалын зарчмуудыг дээдэлж, өмгөөлөн хамгаалах онцгой үүрэг хариуцлагыг өгдөг.

Энэ хүнд хэцүү цагт би Америкийн Нэгдсэн Улсын тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулийн тухай ярих хэрэгтэй гэж мэдэрлээ. Энэ Үндсэн хууль Америкийн Нэгдсэн Улсад буй гишүүдийн хувьд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ дэлхий даяарх үндсэн хуулиудын нийтлэг өв юм.

I.

Үндсэн хууль бол засгийн газрын үндэс суурь. Энэ нь засгийн газрын эрх мэдлээ хэрэгжүүлэх бүтэц, хязгаарыг тогтоож өгдөг. Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хамгийн эртний бичмэл үндсэн хууль юм. Эхэндээ энэ хуулийг цөөн тооны колони мужууд баталсан боловч тун удалгүй дэлхий дахины загвар болсон. Өнөөдөр гурваас бусад бүх улс орон бичмэл үндсэн хуультай болжээ.1

Би энэ үгээрээ ямар нэгэн улс төрийн нам эсвэл бусад бүлгийг төлөөлөөгүй. Би 60 гаруй жилийн турш судалсан Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн тухай ярьж байна. Би Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн туслахаар ажилласан туршлагаасаа ярьж байна. Би хуулийн профессороор 15 жил, Юта мужийн Дээд шүүхийн шүүгчээр гурван жил хагас ажилласан туршлагаасаа ярьж байна. Хамгийн гол нь би Есүс Христийн төлөөлөгчийн хувьд, Түүний сэргээгдсэн Сүмийн ажилд Америкийн Нэгдсэн Улсын тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хууль ямар утгатайг судлах үүрэгтэйгээр үйлчилсэн 37 жилийн туршлагаасаа ярьж байна.

Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг Бурхан “бүх махан бодийн эрх хийгээд хамгааллын тулд” (Сургаал ба Гэрээ 101:77; мөн Сургаал ба Гэрээ 101: 80-ыг үзнэ үү) Өөрөө “тогтоосон” гэдгээ илчилсэн учраас тус хууль онцгой байдаг. Ийм учраас энэхүү Үндсэн хууль нь дэлхий даяарх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хувьд чухал ач холбогдолтой. Дэлхийн бусад улс оронд үүний зарчмуудыг хэрэгжүүлэх эсэх нь мөн хэрхэн хэрэгжүүлэх нь тэдний шийдэх асуудал юм.

Бурхан ямар зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг бий болгосон бэ? Бид үүнийг ёс суртахууны сонгох эрхийн сургаалаас харж болно. Сэргээгдсэн Сүмийн эхний арван жилд баруун хязгаар дахь гишүүд ил далд хавчлага дарамтад зовсон. Энэ нь тэд Америкийн Нэгдсэн Улсад ноёрхоод байсан боолчлолыг эсэргүүцсэнтэй зарим талаараа холбоотой байв. Ийм хүнд нөхцөл байдалд Бурхан бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сургаалын мөнхийн үнэнүүдийг илчилсэн юм.

Бурхан Өөрийн хүүхдүүдэд ёс суртахууны сонгох эрхийг буюу шийдвэр гаргах, үйлдэх эрх мэдлийг өгсөн. Тэрхүү сонгох эрхийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой нөхцөл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрийн сонголтын дагуу шийдвэр гаргаж, үйлдэх дээд зэргийн эрх чөлөөтэй байх явдал юм. Тиймээс илчлэлтэд “шүүлтийн өдөрт хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцаж болохын тулд” (Сургаал ба Гэрээ 101:78) гэж тайлбарласан байдаг. “Тиймийн тул, аливаа хүмүүн бие биендээ боолчлолд байх ёстой гэдэг нь зөв биш юм” (Сургаал ба Гэрээ 101:79) хэмээн Их Эзэн илчилсэн. Энэ нь мэдээж хүмүүсийг боолчлох нь буруу гэсэн үг бөгөөд иргэд удирдагчаа сонгоход эсвэл хуулиа тогтооход оролцохгүй байх нь уг зарчмын дагуу буруу юм.

II.

Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн гэдэгт бид итгэдэг нь муж бүрийг төлөөлөх хүний тоо, насны доод хязгаарыг тогтоож өгсөн зүйл заалтын бүх үг хэллэгийг тэр тэнгэрлэг илчлэлтэд зааварлан бичсэн байдаг гэсэн үг биш.2 Үндсэн хууль бол “бүрэн төгс баримт бичиг” биш хэмээн ерөнхийлөгч Ж.Рүбэн Кларк хэлсэн байдаг. “Харин, энэ нь хөгжин дэвшиж буй дэлхийн өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд улам төгөлдөржих шаардлагатай гэдэгт бид итгэдэг”3 хэмээн тэр тайлбарлажээ. Тухайлбал, сүнсээр өдөөгдсөн нэмэлт өөрчлөлтүүд боолчлолыг халж, эмэгтэйчүүдэд сонгуульд санал өгөх эрхийг олгосон. Хэдий тийм ч бид Үндсэн хуулийг тайлбарласан Дээд шүүхийн шийдвэр бүрд сүнслэг нөлөө байгааг олж хардаггүй.

Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль хамгийн багадаа таван сүнслэгээр нөлөөлөгдсөн зарчмыг агуулдаг гэж би итгэдэг.4

Нэг дэх нь засгийн газрын эрх мэдлийн эх сурвалж бол хүмүүс юм гэсэн зарчим. Хаант засаглалын эрх мэдэл хаадын бурханлаг эрх мэдлээс юм уу цэргийн хүчнээс ирдэг гэж газар сайгүй боддог байсан цаг үед үүнийг ард түмэнд хамаатуулж ойлгох нь эрс эргэлт гаргасан зүйл байлаа. Гүн ухаантнууд үүнийг дэмжиж байсан ч Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль үүнийг хамгийн анх хэрэгжүүлсэн юм. Хүмүүс хаант засаглалын эрх мэдэлтэй байна гэдэг нь дээрэмчид эсвэл бусад бүлэг хүн засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, сүрдүүлж, албадна гэсэн үг биш. Үндсэн хуулиар хүмүүс сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлдэг үндсэн хуульт ардчилсан бүгд найрамдах улсыг тогтоож өгсөн.

Хоёр дахь сүнслэгээр нөлөөлөгдсөн зарчим бол тухайн улс болон түүнийг бүрдүүлэгч муж улсуудын хооронд шилжүүлсэн эрх мэдлийг хуваарилах явдал юм. Манай холбооны улсын тогтолцоонд урьд хожид байгаагүй энэ зарчимд боолчлолыг халах, эмэгтэйчүүдэд сонгуульд саналаа өгөх эрх олгох зэрэг дээр дурдсан сүнслэгээр өдөөгдсөн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, шинэчилж засах зүйлүүд орсон. Хамгийн чухал нь, Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулиар засгийн газрын шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг эрх мэдлийг хязгаарлаж, засгийн газрын бусад бүх эрх мэдлийг “муж улсуудад тус тусад нь буюу хүмүүст нь”5 үлдээдэг.

Өөр нэг сүнслэгээр нөлөөлөгдсөн зарчим нь эрх мэдлийн хуваарилалт юм. 1787 оны манай Үндсэн хуулийн конвенцоос зуу гаруй жилийн өмнө, хамгийн анх Английн парламент тодорхой эрх мэдлүүдийг эзэн хаанаас булаан авахдаа хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг салгасан. Америкийн конвенцоос гарсан сүнслэг удирдамж нь гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалыг хараат бус болгож, эрх мэдлийг шилжүүлснээр энэ гурван салбар нэг нэгэндээ хяналт тавих боломжтой болсон юм.

Сүнсээр нөлөөлөгдсөн дөрөв дэх зарчмыг Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш гурван жилийн дараа нэмэлт өөрчлөлтөөр баталсан Эрхийн тунхаглал буюу хувь хүний эрхийн үндсэн баталгаа, засгийн газрын эрх мэдэлд тавьсан тодорхой хязгаарын багцаас харж болно. Эрхийн тунхаглал шинэ зүйл биш байсан. Үүнийг анх Англид Магна Картагаар эхэлсэн зарчмуудын амьдрал дахь хэрэгжилтээс санаа авсан. Үндсэн хуулийг бичилцсэн хүмүүс эдгээр зарчмыг колонийн зарим тунхаг бичиг дэх төстэй баталгаануудын улмаас мэддэг байсан.

Эрхийн тунхаглал байхгүй байсан бол Америк улс үүнээс гучин жилийн дараа эхэлсэн сайн мэдээний Сэргээлтийн эх орон болж чадахгүй байх байсан. Төрийн албан хаагчдад шашин шүтлэг шалгуур нөхцөл болох ёсгүй гэсэн тэнгэрлэг удирдамж анхны заалтад тусгагдсан6 бөгөөд Нэгдүгээр нэмэлтэд шашин шүтэх эрх чөлөөг хориглосон болон ямар нэг шашныг албан ёсны болгосон хууль гаргах ёсгүй гэж оруулсан нь маш чухал заалт юм. Мөн бид Нэгдүгээр нэмэлтэд байгаа үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, бусад нэмэлтэд байгаа эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа зэрэг хувь хүнийг хамгаалсан заалтуудад буй тэнгэрлэг нөлөөллийг хардаг.

Зураг
Хүмүүс бид

Тав дахь буюу сүүлийн зарчимд би бүхэл бүтэн Үндсэн хуулийн амин чухал зорилгоос тэнгэрлэг нөлөөллийг хардаг. Бид хувь хүнд бус хуульд захирагддаг бөгөөд хэн нэгэн албан тушаалтанд биш, харин Үндсэн хуулинд болон түүний зарчмуудад мөн хууль боловсруулах үйл явцад үнэнч байх ёстой. Ийм учраас бүх хүн хуулийн өмнө эрх тэгш юм. Эдгээр зарчим зарим улс орны ардчиллыг завхруулсан дарангуйллын хүсэл эрмэлзлийн эсрэг байдаг. Түүнчлэн энэ зарчмууд засаглалын гурван хэлбэрийн нэг нь нөгөөгөө захирах эсвэл үндсэн хуульд заасан нэг нэгэндээ хяналт тавих зохих үүргээ гүйцэтгэхэд нь саад болох ёсгүй гэсэн утгатай.

III.

Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн зарчмууд тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн хэдий ч төгс бус хүмүүс хэрэгжүүлдэг учраас гарах ёстой үр дүндээ тэр бүр хүрч чадахгүй байна. Гэр бүлийн харилцааг зохицуулдаг хууль зэрэг чухал сэдвүүдийг хамарсан хууль тогтоох эрх мэдлийг холбооны засгийн газар муж улсуудаас авсан. Заримдаа олны таашаалд үл нийцэх үг хэллэгийг хэрэглэхийг хориглосноор Нэгдүгээр нэмэлтэд байгаа үг хэлэх эрхийн баталгааг сулруулдаг. Эрх мэдэл хуваарилах зарчим нь ямагт засгийн газрын нэг салбараас нөгөөд шилжүүлсэн эрх мэдлийг хэрэгжүүлэх эсвэл үүнд саад болох зэргээр үзүүлдэг нөлөөний улмаас үргэлж дарамтад байсаар ирсэн.

Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн сүнслэгээр өдөөгдсөн зарчмуудыг үгүйсгэх гэсэн бусад аюул занал ч бий. Үндсэн хуулийн үндэслэл болсон эрх чөлөө, өөрөө удирдах ёсыг одоогийн нийгмийн чиг хандлагаар солих гэсэн оролдлогын улмаас тус хуулийн нэр хүнд буурч байна. Үндсэн хуулийн зарчмуудыг үл ойшоодог нэр дэвшигч болон албан тушаалтнууд тус хуулийн бүрэн эрхийг учир утгагүй зүйл болгож байна. Засгийн газрын эрх мэдлийг зөвшөөрдөг, бас хязгаарладаг эх сурвалжийнх нь хувьд Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэхийн оронд, шударга үнэний шалгуур юм уу улс төрийн уриа лоозон болгогч хүмүүсээс болж тус хуулийг дээдэлж, сахин биелүүлэхээ больж байна.

IV.

Тэнгэрлэг нөлөөлөлд итгэх итгэл маань хожмын үеийн гэгээнтнүүдэд хаана ч амьдарч байсан Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг болон үндсэн хуульт засаглалын зарчмуудыг дээдэлж, өмгөөлөн хамгаалах онцгой үүрэг хариуцлагыг өгдөг. Бид Их Эзэнд итгэж, энэ улсынхаа ирээдүйд өөдрөг хандаж, итгэл найдвараа тавих хэрэгтэй.

Итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд өөр юу хийх вэ? Бид Их Эзэнээс бүх улс орныг болон улс орны удирдагчдыг чиглүүлж, адислахыг гуйн залбирах ёстой. Энэ нь бидний итгэлийн тунхгийн нэгээхэн хэсэг билээ. Ерөнхийлөгчид эсвэл удирдагчдад захирагдах7 нь тодорхой хууль, бодлогыг эсэргүүцэхэд бидэнд саад болохгүй нь мэдээж. Энэ нь бид үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд соёлч боловсон, энх тайвнаар нөлөө үзүүлэх ёстой гэсэн үг юм. Зөрчилдөөнтэй асуудлуудад бид нэгдмэл саналд хүрэхэд нь бусдад туслахыг эрэлхийлэх хэрэгтэй.

Сүнслэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулийг дагаж мөрдөх бусад үүрэг бий. Бид сүнслэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулийнхаа зарчмуудыг судалж, өмгөөлөн хамгаалах ёстой. Мөн олон нийтийн үйл ажиллагаанд эдгээр зарчмыг дэмжих ухаалаг, сайн хүмүүсийг эрэлхийлж мөн тэднийг дэмжих ёстой.8 Эдгээр үүргээр дамжуулан бид иргэний үйл хэрэгт нөлөөлөхүйц идэвхтэй, мэдлэгтэй иргэд байж чадна.

Америкийн Нэгдсэн Улс болон бусад ардчилсан улсын өнөөгийн нөхцөл байдалд албан тушаалд нэр дэвших (бид үүнийг дэмждэг), саналаа өгөх, санхүүгээр дэмжих, улс төрийн намын гишүүн болох, үйлчлэх, албан тушаалтан, нам эвсэл, нэр дэвшигчидтэй үргэлжлүүлэн харилцаа холбоотой байх зэргээр улс төрд нөлөөлдөг. Ардчилал сайн хэрэгжихэд энэ бүх зүйл хэрэгтэй боловч хичээнгүй иргэн бүр эдгээрийг бүгдийг үйлдэх шаардлагагүй юм.

Улс төрийн маш олон асуудал байдаг бөгөөд хүний бүх хүсэл шаардлагыг хангаж чадах нам, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч гэж байхгүй. Тиймээс иргэн бүр ямар цаг үед юу эн тэргүүнийх болохыг шийдэх ёстой. Тэгээд гишүүд өөрсдийн эн тэргүүнд авч үзэх зүйлсийн дагуу хэрхэн нөлөө үзүүлэх талаараа сүнслэг удирдамж эрэлхийлэх хэрэгтэй. Энэ нь амаргүй байх болно. Ингэхдээ зарим сонгуулиар, дэмждэг байсан нам, нэр дэвшигчийн сонголтоо өөрчлөх шаардлага ч гарч болно.

Иймэрхүү бие даасан үйлдэл нь заримдаа мөрийн хөтөлбөр, байр суурийг нь зөвшөөрдөггүй нэр дэвшигч, улс төрийн намыг дэмжихийг сонгогчдоос шаардах болно.9 Энэ бол бид гишүүддээ улс төрийн үйл хэрэгт бие биенээ шүүхээс татгалзахад уриалдаг нэг шалтгаан юм. Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн ямар нэгэн намд харьяалагдахгүй байх эсвэл тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхгүй байх эсэхийг бид хэзээ ч заах ёсгүй. Бид гишүүдэд зөв зарчмуудыг зааж; үе үе гарах асуудлуудад тэдгээр зарчмыг хэрхэн чухалчилж, хэрхэн хэрэгжүүлэхээ өөрсдөө шийдэх эрхийг нь тэдэнд үлдээх ёстой. Мөн улс төрийн сонголт, харьяаллыг Сүмийн аль ч цуглаан дээр зааж, дэмжихийг санал болгохгүй байхыг бид шаарддаг бөгөөд орон нутгийн удирдагчдаас ийн шаардахыг хүсдэг.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шашин шүтэх эрх чөлөөний эсрэг эсвэл Сүмийн байгууллагуудын гол ашиг сонирхлын эсрэг гэж үзсэн хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй байх эрхээ хэрэгжүүлэх нь тодорхой юм.

Би Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн гэдгийг гэрчилж байна. Мөн бид үүнд нөлөөлсөн Тэнгэрлэг Хүмүүнийг хүлээн зөвшөөрч, энэ хуулийн агуу зарчмуудыг эрхэмлэн дээдэлж, хамгаалаасай хэмээн залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Mark Tushnet, “Constitution,” in Michel Rosenfeld and András Sajó, eds., The Oxford Handbook of Comparative Constitutional Law (2012), 222-ийг үзнэ үү. Бичмэл бус Үндсэн хуультай гурван улс бол Их Британи, Шинэ Зеланд, Израил юм. Эдгээр улс бүр үндсэн хуульт засаглалын эртний уламжлалтай ч засаглах эрх зүйн зохицуулалт нь тусдаа баримт бичигт тусгагдаагүй байдаг.

  2. Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль, Нэгдүгээр зүйл, 2 дахь хэсэг.

  3. J. Reuben Clark Jr., “Constitutional Government: Our Birthright Threatened,” Vital Speeches of the Day, Jan. 1, 1939, 177, quoted in Martin B. Hickman, “J. Reuben Clark, Jr.: The Constitution and the Great Fundamentals,” in Ray C. Hillam, ed., By the Hands of Wise Men: Essays on the U.S. Constitution (1979), 53. Бригам Янг Үндсэн хуулийн талаар үүнтэй төстэй хөгжлийн үзэл баримтлалтай байсан бөгөөд Үндсэн хуулийг бичилцсэн хүмүүс “суурийг нь тавьж, түүн дээр нь дараагийн үеийнхэн барилгыг нь босгох ёстой” хэмээн заадаг байсан (Discourses of Brigham Young, сонгосон, Жон А.Видцөү [1954], 359).

  4. Энэ таван зарчим нь Ж.Рүбэн Кларкийн Stand Fast by Our Constitution (1973), 7 дахь мөн Эзра Тафт Бэнсоны “Our Divine Constitution,” Ensign, 1987 оны 11-р сар, 4–7 дахь; “The Constitution—A Glorious Standard,” Ensign, 1987 оны 9-р сар, 6–11 дээрх зарчмуудтай төстэй боловч ижил биш юм. Noel B. Reynolds, “The Doctrine of an Inspired Constitution,” in By the Hands of Wise Men, 1–28-ийг үзнэ үү.

  5. Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль, нэмэлт өөрчлөлт 10.

  6. Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль, Зургаадугаар зүйл.

  7. Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 98:10-ыг үзнэ үү.

  9. David B. Magleby, “The Necessity of Political Parties and the Importance of Compromise,” BYU Studies, vol. 54, no. 4 (2015), 7–23-ыг үзнэ үү.