Ерөнхий чуулган
Хөөрхийлөлтэй хүмүүс
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хөөрхийлөлтэй хүмүүс

Тойрог, салбар бүрд бидэнд хүчтэй байж болох мөн зовж зүдэрч буй хүмүүсийн аль аль нь хэрэгтэй. Бүх хүн чухал юм.

Хүүхэд байхдаа би аавтайгаа хамт машинаар явж байхдаа замын хажуугаар байгаа хэцүү нөхцөл байдалтай эсвэл тусламж хэрэгтэй хүмүүсийг хардаг байснаа санаж байна. Аав маань үргэлж “Pobrecito” гэж хэлдэг байсан бөгөөд энэ нь “хөөрхийлөлтэй хүн” гэсэн утгатай юм.

Зарим тохиолдолд, аав маань энэ олон хүнд, ялангуяа Мексик рүү өвөө эмээтэйгээ уулзахаар аялж байх үед хэрхэн туслахыг би сонирхон хардаг байсан. Тэрээр ихэвчлэн тусламж хэрэгтэй хүнийг олоод, дараа нь ганцаарчлан очиж хэрэгтэй тусламжийг нь үзүүлдэг байв. Хожим нь би аавыгаа тэднийг сургуульд элсэн орох, хоол хүнс худалдаж авах эсвэл тэдний сайн сайхны төлөө ямар нэгэн байдлаар тусалдаг байсныг олж мэдсэн юм. Тэрээр замдаа тааралдсан “хөөрхийлөлтэй нэгэнд” тохинуулдаг байсан. Үнэндээ намайг өсөж том болох хүртэл хүмүүс бие даах чадвартай болж, амьдрах газраа олтлоо бидэнтэй хамт манайд байдаг байсан ба тэдэнгүй өнгөрүүлсэн цаг мөч байсныг санахгүй байна. Эдгээр туршлагыг үзэж туулсан маань намайг эргэн тойрныхноо болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг өрөвдөж энэрэх сэтгэлтэй болгосон юм.

Миний сайн мэдээг номло дээр: “Та хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Та гудамжинд тэдний хажуугаар өнгөрч, гэрт нь очиж уулзан, тэдний дунд явдаг. Тэд бүгд Бурханы хүүхдүүд, таны ах, эгч, дүүс юм. … Тэдний олон нь амьдралынхаа зорилгыг хайж байдаг. Тэд өөрсдийн ирээдүйд болон гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг” гэж бичсэн байдаг (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2018], 1).

Сүмд үйлчлэх он жилүүдэд би материаллаг болон сүнслэг байдлын хувьд амьдралд нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг эрж олохыг хичээсээр ирсэн. “Pobrecito” буюу хөөрхийлөлтэй хүн гэж хэлэх аавынхаа дуу хоолойг би үргэлж сонсдог байсан.

Библиэс бид хөөрхийлөлтэй хүнийг асран халамжлах гайхалтай жишээг олж хардаг.

“Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв.

Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.

Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв.

Петр Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон, Наашаа хар гэв.

Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав.

Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр босоод явагтун гэж хэлээд,

баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч оржээ” (Үйлс 3:1–7; тодотгол нэмсэн).

Энэ түүхийг унших явцад тогтоох гэдэг үгийг ашиглаж байгаа нь миний сонирхлыг татсан юм. Тогтоох гэдэг үг нь нүд, бодол санаагаа чиглүүлэх эсвэл анхааралтай харах гэсэн утгатай (“fasten,” Dictionary.com-оос харна уу). Петр энэ хүн рүү харахдаа түүнийг бусдаас өөрөөр харсан. Тэрээр уг хүний алхаж чадахгүй байдал, сул дорой чанараас цаадахыг харж; эдгэрч, эрэлхийлж буй адислалаа хүлээн авахын тулд ариун сүмд орох хангалттай итгэлтэйг олж мэдсэн юм.

Тэрээр баруун гараас нь барьж, түүнийг өндийлгөснийг би анзаарав. Түүнд ийм байдлаар туслах үед Их Эзэн түүнийг гайхамшигтайгаар эдгээж, “түүний хөл, шагай тэр даруй хүч орсон” (Үйлс 3:7). Түүний уг хүнийг хайрлах хайр, туслах хүсэл нь энэ сул дорой хүний ​​чадамж, чадварыг нэмэгдүүлэхэд хүргэсэн байна.

Бүсийн далд үйлчилж байхдаа би мягмар гаргийн үдэш бүрийг өөрийн хариуцсан бүсийн гадасны ерөнхийлөгчидтэй хамт тохинууллын айлчлал хийхэд зориулдаг байсан. Би тэднийг Есүс Христийн сайн мэдээний ёслол хэрэгтэй байгаа эсвэл гэрээгээ сахихгүй байгаа хүмүүстэй уулзах цаг товлоход урьдаг байлаа. Бидний тууштай, зорилготой хийсэн тохинууллаар дамжуулан Их Эзэн хүчин чармайлтыг маань дэмжсэн учраас бид тусламж хэрэгтэй хувь хүн, гэр бүлүүдийг хайж олж чаддаг байсан юм. Тэд бидний үйлчилдэг өөр өөр гадсанд амьдардаг “хөөрхийлөлтэй хүмүүс” байв.

Нэг удаа би Санди Каньон Вью гадасны ерөнхийлөгч Билл Витворттой хамт тохинууллын айлчлал хийхээр явсан. Тэр “хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир [тэрээр] Сүнсэнд хөтлөгдөн байлаа” (1 Нифай 4:6) гэдэг шиг, Нифайтай адил туршлагатай болохыг хичээн, хэнийд зочлон очих ёстой талаар залбирч байв. Бид тохинуулахдаа зүгээр л жагсаалтын дагуу явах юм уу хувь хүмүүс дээр төлөвлөгөөний дагуу дэс дараалан айлчлахаас илүүтэй, тусламж нэн шаардлагатай байгаа хүмүүс рүү илчлэлтээр хөтлөгдөх ёстойг тэр бидэнд харуулсан. Бид сүнслэг өдөөлтийн хүчээр удирдуулах ёстой.

Би Кай хэмээх хүүтэй залуу хос Жэфф, Хэдэр хоёрын гэрт орж байснаа санаж байна. Жэфф Сүмийн идэвхтэй гишүүн болж өсжээ. Тэрээр тун авьяаслаг, амжилт гаргахаар тамирчин байсан бөгөөд өсвөр насандаа Сүмээс холдож эхэлжээ. Хожим нь тэр автомашины осолд орж амьдрал нь өөрчлөгдсөн байна. Биднийг тэдний гэрт ороод танилцах үед Жэфф биднээс яагаад өөрийнх нь гэр бүлтэй уулзахаар ирснийг маань асуув. Гадасны нутаг дэвсгэрт 3000 орчим гишүүн амьдардаг тухай бид хэлсэн. Тэгээд би түүнээс “Жэфф, өнөө орой зочилж болох бүх айлаас Их Эзэн биднийг яагаад нааш илгээсэн байж болохыг хэлж өгөөч” гэж асуулаа.

Энэ үед Жэффийн сэтгэл хөдөлж, гэр бүлд нь тулгарч буй зарим санаа зовнил, асуудлаа бидэнтэй хуваалцаж эхэлсэн юм. Бид Есүс Христийн сайн мэдээний зарим зарчмыг хуваалцаж эхлэв. Эхэндээ хэцүү мэт санагдаж болох ч цаг хугацаа өнгөрөхөд тэдэнд асар их аз жаргал, баяр баясгаланг авчрах хэд хэдэн тодорхой зүйлийг хийхэд бид тэднийг урьсан. Дараа нь ерөнхийлөгч Витворт бэрхшээлийг даван туулахад нь туслах санваарын адислалыг Жэффэд өгөв. Жэфф, Хэдэр хоёр бидний урьсан зүйлийг хийхээр тохирсон.

Жилийн дараа Жэфф эхнэр Хэдэртээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болгох баптисм хүртээхийг харах онцгой завшаан надад тохиосон юм. Тэд одоо гэр бүлээрээ энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбогдохын тулд ариун сүмд орохоор өөрсдийгөө бэлдэж байна. Бидний айлчлал тэдний амьдралын материаллаг болон сүнслэг замналын аль алийг нь өөрчилсөн билээ.

Их Эзэн ийнхүү зарлигласан юм.

“Иймийн тул, итгэлтэй байгтун; чамайг миний томилсон албан тушаалд үүргээ биелүүлэгтүн; сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” (Сургаал ба Гэрээ 81:5).

“Мөн эдгээр зүйлүүдийг хийхэд чи нөхдөдөө хамгийн агуу сайныг үйлдэх болно, мөн өөрийн Их Эзэн болох түүний алдар сууд тус нэмэрлэх болно” (Сургаал ба Гэрээ 81:4).

Ах, эгч нар аа, төлөөлөгч Паул бидний тохинуулал дахь маш чухал хэсгийг зааж өгсөн. Тэрээр биднийг “Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм” (1 Коринт 12:27) мөн бүх биеийг эрүүл үйл ажиллагаатай байлгахын тулд биеийн эрхтэн тус бүр хэрэгтэй гэж заасан. Дараа нь тэрээр уншихад зүрх сэтгэлд минь гүн гүнзгий нэвтрэн орсон хүчирхэг үнэнийг заасан юм. Тэрээр “Мөхөс мэт санагдах эрхтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаг. Бидэнд тийм ч хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг” (1 Коринт 12:22–23; тодотгол нэмсэн) гэж хэлжээ.

Тиймээс тойрог, салбар бүрийн хүчирхэг байж болох хүмүүс болон зовж зүдэрч байгаа хүмүүсийн аль аль нь бидэнд хэрэгтэй. Бүх эрхтэн “Христийн биеийг” бүхэлд нь эрүүл үйл ажиллагаатай байлгахад хэрэгтэй амин чухал байдаг. Янз бүрийн цуглаанд оролцож байхдаа би биднийг хүчирхэгжүүлэх, бүрэн бүтэн болгох хэн хэн ирээгүй байна вэ гэж үргэлж боддог.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Сүмд бид зөвхөн бурханлаг сургаалын талаар суралцаад зогсохгүй үүнийгээ амьдрал дээрээ хэрэгжүүлдэг. Сүмийн гишүүд Христийн бие болохын хувьд өдөр тутмынхаа бодит амьдралд нэг нэгнээ тохинуулдаг. Бид бүгдээрээ төгс бус билээ. … Бид Христийн биеийн нэг хэсэг болсноороо ердийн ойлголт, өргөмжлөгдсөн үгсийн хүрээнээс халин, “хайранд хамтдаа амьдарч” сурах явцдаа “бодит” туршлага хуримтлуулах ёстой [Сургаал ба Гэрээ 42:45]” (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101) хэмээн заасан билээ.

Зураг
Бригам Янгийн зүүд

1849 онд Бригам Янг бошиглогч Иосеф Смитийг томоохон хонь, ямаан сүрэг хариулж байгааг зүүдэндээ харжээ. Тэдгээр малын зарим нь том, сүрлэг сайхан байсан бол зарим нь жижиг, бохир байсан. Бригам Янг бошиглогч Иосеф Смитийн нүд рүү харан хэлсэн үгээ дурсаж, “Иосеф, чи миний амьдралдаа хэзээ ч харж байгаагүй … хамгийн ховорхон сүргийг олж авлаа. Чи тэднээр юу хийх гэж байгаа юм бэ?” гэж асуув. Бошиглогч энэ дуулгаваргүй сүрэгт огт санаа зоволгүй, зүгээр л “[Бригам,] тэд бүгд өөр өөрийн байрандаа сайн байгаа” гэж хариулжээ.

Ерөнхийлөгч Янг сэрснийхээ дараа, Сүм олон төрлийн “хонь, ямаа”-г цуглуулах бөгөөд түүний үүрэг бол тэднийг бүгдийг нь авчирч, хүн бүрд Сүмд байр сууриа эзлэх үедээ өөрсдийн чадвар чадамжийг бүрэн дүүрэн ухамсарлах боломжийг олгох явдал гэдгийг ойлгосон юм. (Ronald W. Walker, “Brigham Young: Student of the Prophet,” Ensign, Feb. 1998, 56–57-оос авав.)

Ах, эгч нар аа, намайг Есүс Христийн Сүмд одоо оролцохгүй байгаа нэгний тухай нухацтай эргэцүүлэн бодож байх үед хэлэх үгийн маань санаа төрсөн юм. Би тэдний хүн нэг бүртэй хэсэгхэн ч болов хугацаанд ярилцмаар байна. Ахлагч Нийл А.Максвэлл “ийм хүмүүс ихэнхдээ Сүмд ойр байдаг боловч бүрэн оролцдоггүй хүмүүс байдаг” гэж заасан. Тэд Сүмийн байр луу дотогш ордоггүй ч үүдний танхимаас нь гардаггүй. Энэ хүмүүст Сүм хэрэгтэй, Сүмд тэд хэрэгтэй. Гэхдээ тэд ‘Бурхангүйгээр дэлхийд амьдардаг’ [Мозая 27:31]” (“Why Not Now?,” Ensign, Nov. 1974, 12).

Бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны Сүмийн гишүүдэд хандан анх ярихдаа өгсөн урилгыг би давтаж хэлмээр байна. Тэрээр ийн хэлсэн. “Одоо би Сүмийн гишүүн бүрд гэрээний зам дээр үлд хэмээн хэлмээр байна. Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүдийг нээх болно.”

Тэрээр үргэлжлүүлэн, “Хэрэв та нар одоо замаасаа гарсан байгаа бол би та бүхнийг чин сэтгэлээсээ эргэн ирэхэд урьж байна. Та нарын асуудал, саад бэрхшээл ямар ч бай, та нарт зориулсан газар зөвхөн энд Их Эзэний Сүмд бий. Гэрээний замдаа эргэн орохоор яг одоо та нарын хийх үйлдэл таныг төдийгүй хараахан төрөөгүй байгаа үр удмыг тань хүртэл адислах болно” гэж уриалсан билээ (“As We Go Forward Together,” эсвэл Liahona, Apr. 2018, 7; тодотгол нэмсэн).

Би бид бүгдийн Тэргүүн тохинуулагч, Аврагч Есүс Христийг гэрчилж байна. Би хүн бүрийг өөрсдийн дунд байгаа тусламж хэрэгтэй “хөөрхийлөлтэй хүмүүс” болох “pobrecitos” нарыг эрж хайхад урьж байна. Энэ бол миний найдвар мөн залбирал юм. Есүс Христийн нэрээр, амен.