Ерөнхий чуулган
Зүрх сэтгэлээ нэгтгэ
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Зүрх сэтгэлээ нэгтгэ

Та нар өөрсдийгөө эелдэг, санаа тавьдаг, энэрэнгүй байдлаар авч явах юм бол бусдын унжсан гарыг өргөж, зүрх сэтгэлийг эдгээх болно гэдгийг амлаж байна.

Удиртгал

Шинжлэх ухааны томоохон нээлтүүд заримдаа модноос алим унах гэх мэт энгийн үйл явдлаар өдөөгддөг нь гайхалтай биш гэж үү?

Өнөөдөр би туршилтын бүлэг туулайнаас үүдэн гарсан нээлтийн талаар хуваалцъя.

1970-аад онд судлаачид хоолны дэглэм зүрхний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг судлах туршилт явуулахаар болжээ. Хэдэн сарын хугацаанд тэд хэсэг туулайг хяналтдаа байлган, өөх тос ихтэй хоолоор хооллож, цусны даралт, зүрхний цохилт, холестерины хэмжээг хянасан байна.

Таамаглаж байсанчлан, олон туулайн судасны хананд өөх тос хуримтлагдсан байжээ. Гэхдээ бүх юм үүгээр дууссангүй! Судлаачид өөр нэгэн учир битүүлэг зүйлийг олж илрүүлсэн байна. Хэдийгээр бүх туулайд илэрч байсан ч нэг бүлэгт энэ үзүүлэлт бусдынхаасаа 60 орчим хувиар бага байсан нь гайхмаар байв. Тэд хоёр өөр бүлэг туулайн үзүүлэлтийг харж байгаа юм шиг байлаа.

Эрдэмтдийн хувьд ийм үр дүн нойр хулжих шалтгаан болдог. Яаж ийм зүйл байж болох вэ? Туулайнууд бүгдээрээ бараг нэг ижил генийн сантай, Шинэ Зеланд үүлдрийнх байсан. Тэдэнд нэг ижил, адилхан хэмжээтэй хоол өгч байсан.

Энэ нь юуг илэрхийлж байна вэ?

Эдгээр үр дүн уг судалгааг үгүйсгэж байгаа хэрэг үү? Туршилтын загвар алдаатай байв уу?

Эрдэмтэд энэхүү санаанд оромгүй үр дүнг тайлах гэж цагаа барж байлаа!

Эцэст нь тэд судалгааны ажилтнуудад анхаарлаа хандуулав. Судлаачид үр дүнд нөлөөлөх ямар нэгэн зүйл хийсэн юм болов уу? Тэд энэ хүчин зүйлийг судлах явцдаа, бага өөх тос хуримтлуулсан бүх туулай нэг судлаачийн хяналтад байсныг олж мэджээ. Тэрээр туулайнуудаа бусдынхтай адилхан хоолоор хооллодог байв. Гэхдээ нэгэн эрдэмтний мэдээлснээр, “тэр эмэгтэй ер бусын сайхан сэтгэлтэй, халамжтай хүн” байсан байна. Туулайг хооллохдоо “тэр тэдэнтэй ярьж, тэвэрч, эрхлүүлдэг байжээ. … Тэр тэгэхгүй ч байж чадаагүй. Тэр угаасаа л тийм хүн байсан.”1

Зураг
Сайхан сэтгэлтэй судлаач туулайн хамт

Тэр туулайнуудад хоол өгөхөөс гадна өөр илүү зүйл хийсэн байв. Тэр тэдэнд хайраа өгсөн байлаа.

Зэрвэсхэн харахад, түүний хайр эрс тэс ялгаа гарсны шалтгаан байх боломжгүй мэт боловч судалгааны баг үүнээс өөр боломжийг олж харахгүй байв.

Тиймээс тэд туршилтаа дахин явуулав. Энэ удаад бүх хувьсагчийг хатуу хяналтан доор байлгасны үндсэнд туршилтаа явуулахаар боллоо. Эцсийн үр дүнд дүн шинжилгээ хийхэд мөн л ижил зүйл тохиолдов! Хайр үзүүлсэн судлаачийн асаргаан доор байдаг туулайнууд эрүүл мэндийн үзүүлэлтийн хувьд мэдэгдэхүйц өндөр байлаа.

Эрдэмтэд энэхүү судалгааныхаа үр дүнг Science гэдэг нэр хүндтэй сэтгүүлд нийтэлсэн юм.2

Олон жил өнгөрсөн ч энэхүү туршилтын үр дүн анагаах ухааны салбарт нөлөөтэй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд доктор Кэлли Хардинг дээрх туршилтаас үүдэн нэрлэсэн The Rabbit Effect нэртэй номоо хэвлүүлэн гаргажээ. Тэрээр: “Эрүүл бус амьдралын хэв шинжтэй туулайг аваад, ярилц, тэвэр, энэрч хайрла. … Харилцаа холбоо үр дүнг өөрчилсөн. … Эцсийн эцэст бидний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс бол бидний нэг нэгэндээ хэрхэн ханддаг, ямар хэв маягаар амьдардаг болон хүн байхын утга учрын талаар хэрхэн боддогтой холбоотой”3 гэж дүгнэжээ.

Шашны бус ертөнцөд шинжлэх ухаан, сайн мэдээний үнэн хоёрт заримдаа нийтлэг зүйл олон байдаггүй, нэг нэгнээсээ тусдаа мэт санагддаг. Харин Христэд итгэгчид болох Есүс Христийн дагалдагч, хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд энэхүү шинжлэх ухааны судалгааны үр дүн гайхширал төрүүлэхийн оронд ойлгомжтой асуудал мэт санагдах байх. Миний хувьд энэ нь нинжин сэтгэл, сайн мэдээний үндсэн эдгэрлийн зарчим буюу зүрх сэтгэл, оюун санаа, сүнслэг байдлын хувьд мөн энд дурдсанчлан, бие махбодын хувьд ч гэсэн эдгээж чадна гэсэн суурийг бататгаж байгаа хэрэг юм.

Зүрх сэтгэлээ нэгтгэ

“Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуухад Аврагч “чи Бурхан Эзэнээ өөрийн бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Тэгээд чи хөршөө өөрийн адил хайрла”4 хэмээн хариулсан. Аврагчийн хариулт бидний тэнгэрлэг үүргийг бататгадаг. Эртний бошиглогч “өөр хооронд зөрчилдөөн байх ёсгүй, харин нэг итгэл мөн нэг баптисмтай байж, зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн … урагш харах ёстой”5 хэмээн зарлиглажээ. Бидэнд “Хүч буюу нөлөө нь … эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, … нинжин сэтгэл, мөн … заль мэхгүйгээр тэтгэгдэх ёстой”6 хэмээн заадаг.

Энэ зарчим хожмын үеийн гэгээнтэн насанд хүрэгчид, залуучууд, хүүхдүүдэд бүгдэд нь хамаатай гэдэгт би итгэдэг.

Үүнийг дурдаад, Хүүхдийн хэсгийн хүүхдүүд та нартаа хандан хэдэн үг хэлье.

Сайхан сэтгэлтэй байх нь хэчнээн чухал болохыг та нар аль хэдийн ойлгодог. “Би Есүс шиг байхыг хичээнэ” гэдэг Хүүхдийн хэсгийн нэг дууны дахилтад ийн заадаг.

Есүсийн адил бие биенээ хайрла.

Бүх зүйлээрээ эелдэг байхыг хичээ.

Үйлс, бодолдоо зөөлөн байж, хайраа үзүүл.

Есүс энэ бүхнийг заасан юм.7

Гэсэн ч заримдаа та нарт хэцүү байх үе гарч ирнэ. Өмнөд Солонгост амьдардаг, Хүүхдийн хэсэгт явдаг Минчан Ким хэмээх хүүгийн энэ түүх та нарт тусалж болох юм. Түүний гэр бүл зургаан жилийн өмнө Сүмд нэгджээ.

Зураг
Минчан Ким

“Нэг өдөр сургууль дээр манай ангийн хэдэн хүүхэд нэг сурагчийг дооглон, шоолж байв. Надад хөгжилтэй санагдсан тул би тэдэнтэй хэдэн долоо хоног нийлэв.

Хэд хэдэн долоо хоног өнгөрсний дараа тэр хүү надад өөрт нь ямар байгааг хэлж билээ. Тэр бидний шоолохыг сонсоогүй юм шиг өнгөрч байсан ч бидний хэлсэн үгэнд гомдсон байв. Түүнийг орой бүр уйлдаг байснаа ярихад би уйлах шахаж билээ. Би түүнд туслахыг хүсэж, хэлсэн үгэндээ уучлал гуйхаар шийдэв. Тэгээд маргааш нь түүн рүү явж очин, мөрөн дээр нь гараа тавиад, “Чамайг шоолж байсанд намайг үнэхээр уучлаарай” гэж хэллээ. Намайг ийн хэлэхэд тэр толгой дохин, нүдэнд нь нулимс цийлэгнэв.

Гэвч бусад хүүхэд түүнийг шоолсоор л байв. Дараа нь би Хүүхдийн хэсгээс “Зөвийг сонгох” талаар юу сурснаа санасан. Би ангийнхандаа зоригтойгоор “Түүнийг шоолохоо боль” гэв. Гэвч тэд миний хэлснээр амархан өөрчлөгдсөнгүй. Харин ч тэд надад уурласан. Тэдний нэг нь уучлал гуйж, бид гурав сайн найзууд болов.

Зарим нь түүнийг одоо ч гэсэн шоолдог ч түүнд бид хоёр байгаа тул хамаагүй дээр байх болсон.

Би найздаа хэрэгтэй үед нь тусалснаар зөвийг сонгосон.”8

Зураг
Минчан Кимийн зураг

Энэ нь Есүстэй адил болохыг хичээх тухай сайн жишээ биш гэж үү?

Одоо залуу эрэгтэй, эмэгтэйчүүддээ хандан ярья. Та нар өсөж том болохын хэрээр, бусдыг шоолж тохуурхах нь та нарыг маш аюултай зүйл рүү хөтөлж болох юм. Сэтгэл түгших, сэтгэл гутрах болон үүнээс ч муу зүйлс бусдыг дээрэлхэж доромжилсноос болж үүсдэг. “Хэдийгээр дээрэлхэж доромжлох нь шинэ ойлголт биш ч олон нийтийн сүлжээ мөн техник технологи энэ явдлыг шинэ түвшинд гаргасан. Энэ нь илүү тогтвортой, байнга байж байдаг аюул занал болох цахим доромжлол болж хувирсан байна.”9

Дайсан үүнийг та нарын үеийнхнийг хорлохын тулд ашиглаж байгаа нь гарцаагүй. Энэ нь таны цахим орон зай, амьдарч буй газар, сургууль, чуулга, ангиудад байх ёсгүй. Эдгээр газрыг илүү эелдэг, аюулгүй орчин байлгахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Хэрэв та эдгээрийн аль нэгийг идэвхгүй байдлаар ажиглан харж байгаа бол эсвэл үүнд оролцож байгаа бол өмнө нь ахлагч Дийтр Ф.Угдорфын өгснөөс илүү сайн зөвлөгөө гэж үгүй.

“Хэн нэгнийг үзэн ядаж, муугаар хэлж, доромжилж, атаа хорсол санаж, хорлохыг хүсэх үедээ дараах зөвлөмжийг дагаарай.

Зогс!10

Та нар сонсов уу? Тэр үйлдлээ зогсоо! Та нар цахимаар ч гэсэн өөрсдийгөө эелдэг, санаа тавьдаг, энэрэнгүй байдлаар авч явах юм бол бусдын унжсан гарыг өргөж, зүрх сэтгэлийг эдгээх болно гэдгийг амлаж байна.

Би Хүүхдийн хэсгийн хүүхдүүд, өсвөр үеийнхэнд хандаж үг хэллээ, одоо Сүмийн насанд хүрэгчдэд хандан үг хэлье. Бид өсөж буй үеийнхэндээ Христийнхтэй адил зан чанарыг хэлэх үг, хийх үйлдлээрээ зааж сургахын тулд нинжин сэтгэл, нэгдмэл байдал, боловсон зангийн өнгө аясыг тогтоож, үлгэр дуурайл үзүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ нь улс төр, нийгмийн анги давхарга гээд хүмүүний тогтоосон бүх онцлог шинжээр хуваах гэсэн нийгмийн шилжилт явагдаж байгааг ажиглаж буй энэ цаг үед нэн чухал юм.

Түүнчлэн ерөнхийлөгч М.Рассэлл Баллард хожмын үеийн гэгээнтнүүд бие биедээ төдийгүй эргэн тойронд байгаа бүх хүндээ сайхан сэтгэлээр хандах ёстой гэж заасан. Түүний ажигласанчлан, “Заримдаа хүмүүсийг үл тоомсорлож, орхигдуулснаар манай гишүүд бусад шашныхныг гомдоосон тухай би сонсдог. Ялангуяа манай гишүүд олноороо оршин суудаг газруудад ийм явдал гарч болох юм. Гэр бүл нь манай Сүмд харьяалагддаггүй болохоор л хөрш зэргэлдээ айлынхаа хүүхдүүдтэй тоглож болохгүй гэж хүүхдүүддээ хэлдэг явцуу үзэлтэй эцэг эхчүүдийн талаар би сонсож байсан. Ийм зан авир Их Эзэн Есүс Христийн сургаалд нийцэхгүй. Манай Сүмийн ямар ч гишүүн яагаад ийм байдал үүсэхийг зөвшөөрдгийг би ойлгохгүй байна. … Энэ Сүмийн гишүүд өөр шашин шүтлэгтэй найз нөхөд, хөршүүдээ хайрлаж, тэдэнд эелдэг, хүлээцтэй, энэрэнгүй хандаарай гэхээс өөр ямар ч зүйл уриалж байхыг би энэ насандаа сонсож байгаагүй.”11

Өөрсдийнхөө нэгэн хэсэг гэдгийг мэдрүүлэх нь эв нэгдэлд хүргэх эерэг хэрэгсэл бөгөөд гадуурхах нь хүмүүсийг хагаралдуулахад хүргэдэг гэдгийг Их Эзэн биднийг заагаасай хэмээн хүсдэг.

Бид Есүс Христийн дагалдагчдын хувьд, Бурханы хүүхдүүдэд арьсны өнгөөр нь ялгаварлан, хэрхэн хүний ёсоос гадуур хандаж байгааг сонсоод эмзэглэдэг. Саяхан бид хар арьстай, ази, латин гаралтай эсвэл өөр бүлэг хүн рүү дайрч давшилж байгаа тухай сонсоод, сэтгэл зүрх маань шимширсэн. Гадуурхах, арьс өнгөөр ялгаварлах, хүчирхийлэл үйлдэх зэрэг нь манай Сүм, айл аймаг, орон нутагт хаана ч, хэзээ ч байх ёсгүй.

Хүн нэг бүр хэдэн настай байхаасаа үл хамааран аль болох хамгийн сайнаараа байхыг хичээцгээе.

Дайснаа хайрла

Та хайр, хүндлэл, сайхан сэтгэлээр бусдад хандахыг хичээсэн ч бусдын буруу сонголт танд сөргөөр нөлөөлж, таныг гомдоож магадгүй гэдэгт эргэлзэх юмгүй. Тийм бол бид юу хийж болох вэ? Бид “дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд”12 хэмээх Их Эзэний зөвлөгөөг дагадаг.

Харин бид замд маань тулгарах зовлон бэрхшээлээ даван гарахын тулд чадах бүхнээ хийдэг. Бид Их Эзэний мутар бидний нөхцөл байдлыг өөрчлөөсэй гэж үргэлж залбиран, эцсээ хүртэл тэвчихийг хичээдэг. Бидэнд туслахын тулд Их Эзэний бидний замд тавьсан хүмүүст бид талархдаг.

Зураг
Иллинойс мужийн Квинсид болсон гайхамшиг

Манай Сүмийн эхэн үеийн түүхэн дэх үүнийг харуулсан жишээ сэтгэлийг минь уяраадаг. 1838–1839 оны өвөл Миссури муж дахь хожмын үеийн гэгээнтнүүдийг гэр орноос нь хүчээр хөөн гаргах үед Иосеф Смитийг болон Сүмийн бусад удирдагчийг Либерти шоронд хорьсон юм. Гэгээнтнүүд зовж зүдрэн, найз нөхөд ч үгүй болж; тэсгим хүйтэн, хоол хүнсний хомсдол зэргээс болж хүнд байдалд орсон байв. Иллинойс мужийн Квинси хотын оршин суугчид тэдний хүнд хэцүү байдлыг хараад өрөвдөн, нөхөрсөг байдлаар тусламжийн гараа сунгасан юм.

Квинси хотын оршин суугч Вандл Мэйс Миссиссипи мөрний эрэг дагуу түр зуур орогнох майханд байгаа гэгээнтнүүдийг анх хараад, “Зарим нь бага ч болов салхинаас хоргодохын тулд майхнаа орныхоо даавуугаар бүрсэн байв. … Түүдэг галыг нь салхи үлээж байсан тул галыг тойрон суугаа хүүхдүүд дулаацаж ч чадахгүй чичирч байлаа. Хөөрхий гэгээнтнүүд маш их зовж зүдэрч байв” гэж хожим нь дурссан байдаг.

Гэгээнтнүүдийн хүнд бэрх байдлыг харсан Квинси хотын оршин суугчид цугларч, тусламж үзүүлсэн бөгөөд зарим нь шинэ найзуудаа гол гатлахад нь тусалжээ. Мэйс цааш нь “[Тэд] өгөөмрөөр хандивлацгааж байлаа; худалдаачид хамгийн өгөөмөр байж болох гахайн мах, элсэн чихэр, гутал, хувцас хунар болон эдгээр орон гэргүй ядууст хамгийн хэрэгцээтэй бүхнээр туслах гэж өөр хоорондоо өрсөлдөж байв”14 хэмээн хэлсэн байдаг. Удалгүй дүрвэгчдийн тоо Квинсийн оршин суугчдын тооноос давсан ба тэд гэрийнхээ үүдийг нээж, хувийнхаа зүгээс асар их золиос гарган, өөрсдийн өчүүхэн нөөцийг хуваалцаж байв.

Олон гэгээнтэн Квинси хотын оршин суугчдын энэрэнгүй, өгөөмөр сэтгэлийн ачаар хатуу өвлийг даван гарч чадсан юм. Дэлхий дээрх энэхүү тэнгэр элч нар тэдэнд зүрх сэтгэл, гэр орноо нээж өгч, зовж шаналж байсан гэгээнтнүүдийг амийг нь аврах хоол хүнс, халуун дулаан орон байраар хангаж, хамгийн чухал нь нөхөрлөлийн гараа сунгасан билээ. Хэдийгээр тэд Квинсид харьцангуй богино хугацаанд саатсан ч хайраар дүүрэн хөршүүдийнхээ ач тусыг үүрд санаж, талархаж явдаг бөгөөд Квинси хотыг “хоргодох газар”16 хэмээн нэрлэх болсон юм.

Шүүмжлэл, сөрөг байдал, тэр ч байтугай хорон санаатны үйлдлийн улмаас бидэнд саад бэрхшээл, зовлон зүдгүүр тохиолдвол бид Христэд найдах сонголтыг хийж болно. Энэ найдвар бол Түүний “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно”17 мөн Тэрээр зовлонгуудыг чинь чиний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно18 гэсэн урилга бөгөөд амлалтаас ирдэг.

Сайн Хоньчин

Одоо эхэлсэн хэсгээ өндөрлөе. Хайр халамжийн сүнсээр, сайхан сэтгэлийн үүднээс хариу хүлээлгүй, өөрийгөө зориулсан өрөвч энэрэнгүй сэтгэлтэй ажилтан өөрийн хариуцсан амьтдын зүрх сэтгэлийг эмчилсэн. Яагаад? Яагаад? Тэр угаасаа л тийм хүн байсан болохоор!

Сайн мэдээний дурангаар харах юм бол, бид сайхан сэтгэлээр мөн хайр халамжийн сүнсээр Өөрийгөө бидэнд зориулдаг энэрэнгүй асран хамгаалагчийн хараа хяналтад байдгаа ухааран ойлгодог. Сайн Хоньчин бидний хүн нэг бүрийг нэрээр нь мэддэг бөгөөд “биднийг хувийнхаа зүгээс харж ханддаг.”19 “Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхнийгөө мэднэ.” Би Таны төлөө амиа зориулъя20 хэмээн Их Эзэн Есүс Христ Өөрөө хэлсэн билээ.

Зураг
Алдагдсан хургыг олох нь

Христийн амилсны энэ ариун баярын амралтын өдрүүдэд “Эзэн бол миний хоньчин”21 бөгөөд бидний хүн нэг бүр Түүнд танигдсан, Түүний халамжит хараа хяналтад байдаг гэдгийг мэдсэнээр би удаан үргэлжлэх амар амгаланг мэдэрдэг. Амьдралын салхи шуурга, аадар бороо, өвчин зовлон, осол гэмтэлтэй нүүр тулах үед маань Их Эзэн—бидний Хоньчин, бидний Халамжлагч биднийг хайр, нинжин сэтгэлээр асарч халамжлах болно. Тэр бидний зүрх сэтгэл, бодгалийг эдгээнэ.

Би үүнийг мөн Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Kelli Harding, The Rabbit Effect (2019), xxiii–xxiv-ыг үзнэ үү.

  2. Robert M. Nerem, Murina J. Levesque, and J. Frederick Cornhill, “Social Environment as a Factor in Diet-Induced Atherosclerosis,” Science vol. 208, no. 4451 (June 27, 1980), 1475–76-г үзнэ үү.

  3. Harding, The Rabbit Effect, xxiv, xxv.

  4. Матай 22:36–39-ийг үзнэ үү.

  5. Moзая 18:21; тодотгол нэмэгдсэн.

  6. Сургаал ба Гэрээ 121:41–42

  7. “Би Есүс шиг байхыг хичээнэ,” Хүүхдийн дууны ном, 40.

  8. Adapted from Minchan K., “The Apology,” Friend, Jan. 2020, 35.

  9. Frances Dalomba, “Social Media: The Good, The Bad, and the Ugly,” Lifespan,

  10. Дийтр Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79.

  11. M. Russell Ballard, “Doctrine of Inclusion,” Liahona, Jan. 2002, 41.

  12. Лук 6:27–28

  13. Wandle Mace, аutobiography, circa 1890, typescript copy, 32–33, Church History Library, Salt Lake City.

  14. Wandle Mace autobiography, 33; spelling and capitalization standardized.

  15. Richard E. Bennett, “‘Quincy—The Home of Our Adoption’: A Study of the Mormons in Quincy, Illinois, 1838-40,” Mormon Historical Studies (Spring 2001), 110–111,

  16. See Susan Easton Black, “Quincy–A City of Refuge,” Mormon Historical Studies, vol. 2, no. 1 (Spring 2001), 83–94.

  17. Сургаал ба Гэрээ 78:18

  18. 2 Нифай 2:2-ыг үзнэ үү.

  19. James E. Talmage, Jesus the Christ (1916), 417.

  20. Иохан 10:14, 15

  21. Дуулал 23:1