Ерөнхий чуулган
Бурхан хүүхдүүдээ хайрладаг
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бурхан хүүхдүүдээ хайрладаг

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд буюу Өөрийн хүүхдүүдэд хайраа илчлэн харуулдаг гурван тодорхой жишээг би та нартай хуваалцмаар байна.

Ах, эгч нар аа, би та бүхэнтэй хамт Есүс Христийн сайн мэдээнд баясаж байна. Би Филиппинийн тэсвэр хатуужилтай гишүүдийн хайрыг уламжилж, тэдний өмнөөс Мабухай хэмээн мэндчилж байна!

Энэхүү Христийн амилсны баярын өглөө би амьд Христийг төдийгүй Тэрээр үхээд, амилсан гэдгийг гэрчилж байна. Түүний биднийг болон бидний Тэнгэрлэг Эцэгийг гэх хайр ариун бөгөөд мөнхийн гэдгийг би мөн гэрчилж байна. Өнөөдөр би та нараас Бурханы Хүү Есүс Христийн Цагаатгалаас тод томруун харж болох Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн хайранд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иoхан 3:16).

Тэнгэр элч бошиглогч Нифайгаас Бурханы талаар юу мэдэхийг нь асуухад, тэр “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ” (1 Нифай 11:16) хэмээн даруухнаар хариулсан байдаг.

Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Номд Аврагчийн төгс хайрыг маш хүчирхэгээр тайлбарласан. “Мөн энэ дэлхийнхэн, алдсынхаа учир, гологдсон зүйл мэт түүнийг шүү[ж]; … тэд түүнийг ташуурда[ж], … мөн тэд түүнийг цохи[ж], … тэд түүнийг нулимах бөлгөө, мөн хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир тэрээр үүнийг тэвчих болно” 1 Нифай 19:9). Аврагчийн ертөнцийг хайрлах хайр бол Түүний хийдэг бүхий л зүйлийн цаадах өдөөгч хүч юм. Бид энэ хайр бол Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг гэх тэрхүү хайр юм гэдгийг мэддэг. Учир нь Эцэг Бид хоёр “нэг юм” (Иохан 10:30;17:20–23-ыг үзнэ үү) хэмээн Аврагч заасан билээ.

Ертөнцийг хайрласных нь хариуд бид хэрхэн Тэднийг хайрладгаа харуулж, талархлаа илэрхийлэх вэ? Аврагч бидэнд үүнийг “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээх энгийн бөгөөд бүхнийг багтаасан урилгаараа заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бүх юмыг хамарсан Бурханы төгс хайр Түүний сайн мэдээний төлөвлөгөөний бүх адислал, түүний дотор охь манлай болсон адислалууд нь Түүний хуулиудыг дуулгавартай дагадаг хүмүүст нөөцлөгдсөнийг харуулах болно”1 гэж заажээ.

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд буюу Өөрийн хүүхдүүдэд хайраа илчлэн харуулдаг гурван тодорхой жишээг би та нартай хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, Бурхантай болон гэр бүлтэйгээ харилцах харилцаанаас Түүний хайр илэрдэг

Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёртой мөн гэр бүлтэйгээ харилцах харилцаа маань биднийг тэдэнтэй мөнхөд холбодог тул хамгаас үнэ цэнтэй. Аз жаргалын агуу төлөвлөгөө бол Бурханы биднийг гэх хайрын гайхалтай илрэл юм. Бид Бурханы төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж, өөрсдийн дотор буй амиа бодсон хүслийг тэжээгч хөрс шороо, хад чулууг ухаж гарган, мөнхийн харилцаа холбоог хөгжүүлэгч сууриар орлуулах сонголтыг хийсэн. Үүнийг өөрөөр “сүнслэг газар шорооны ажил” гэж нэрлэж ч болох юм. Сүнслэг газар шорооны ажил хийхдээ бид эхлээд Бурханыг эрэлхийлж мөн дуудах хэрэгтэй (Иеремиа 29:12–13-ыг үзнэ үү).

Түүнийг эрэлхийлж, дуудах нь мөнхийн харилцаа холбоог хөгжүүлж, бэхжүүлэх үйл явцыг эхлүүлж, орон зай гаргаж өгнө. Энэ нь сүнслэг харааг маань тэлдэг ба өөрсдийн хянаж чадахгүй зүйлээс айж эмээхийн оронд хянаж чадах зүйлээ өөрчлөхөд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Бидний Аврагч Есүс Христийн амьдрал, тохинууллын талаар судлах нь эдгээр болон өөр бусад асуудлыг мөнхийн талаас харах боломжийг бидэнд олгодог.

Анхаарал сарниулах зүйлүүд нь заримдаа гэр бүлийнхээ харилцаа холбоо, үйл ажиллагаан дотроос Бурханы хайрыг олж мэдрэхэд саад болдог. Гар утас мэтийн төхөөрөмжүүд гэр бүлийн харилцааг нь орлож байгааг мэдэрсэн ээж ийм нэгэн шийдэлд хүрчээ. Оройн хоолны үеэр юм уу гэр бүлээрээ хамтдаа байхдаа, тэр ээж “Утаснуудаа ширээн дээр гаргаж тавиарай. Нүүр нүүрээ харж ярилцъя” гэж уриалдаг болсон байна. Энэ нь тэдний гэр бүлд тогтсон шинэ дэг журам бөгөөд нүүр нүүрээ харан ярилцах нь гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлдэг гэж тэр хэлсэн юм. Одоо тэд Ирээд, Намайг дага товхимлын дагуу ярилцан, гэр бүлээрээ цагийг сайхан өнгөрүүлдэг болсон.

Хоёрдугаарт, Тэрээр амьд бошиглогчдыг дуудсанаар Өөрийн хүүхдүүдэд хайраа илчилдэг

Бидний одоо амьдарч буй дэлхий ертөнц “үгийн болон санаа бодлын үймээн самуун[д]” Иосеф Смитийн Түүх 1:10 автсан байна. Паул бидэнд “Ертөнцөд олон янзын авиа байд[гийг]” (1 Коринт 14:10) сануулсан. Эдгээр олон дуу хоолойгоос аль нь зовлон бэрхшээл, зөрчилдөөнийхөөс илүү тод, утга төгөлдөр сонсогддог вэ? Энэ бол Бурханы бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн дуу хоолой юм.

Би 2018 онд мэс засал хийлгэж, ажилдаа эргэн орсныхоо дараа Сүмийн төв оффисын машины зогсоолд зогсож байсан өдрөө маш тод санадаг. Гэнэт би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Таниэла, Таниэла” гэж дуудахыг сонсож билээ. Намайг түүн дээр шууд гүйн очиход тэр миний биеийн байдлыг асуусан ба

би “Ерөнхийлөгч Нэлсон, бие маань сайн тэнхэрч байгаа” гэж хэлсэн.

Надад зөвлөгөө өгөөд, тэврэхэд нь би бошиглогчийн “нэг” хүн рүү чиглэсэн хувийн тохинууллыг бодитоор мэдэрсэн юм.

Ерөнхийлөгч Нэлсон дэлхийн олон оронд айлчилж байсан. Миний санаж байгаагаар тэр мянга, мянган хүнд биш, харин мянга, мянган “нэг” хүнд нэг бүрчлэн тохинуулсан билээ. Ийнхүү тэр бүх хүүхдээ хайрлах Бурханы хайрыг хуваалцдаг.

Ерөнхийлөгч Нэлсоны сүүлийн үед хэлсэн үгс Филиппинийн ард түмэнд хүч чадал, урам зоригийн эх сурвалж болж байна. Дэлхийн бүх улс оронтой адил Филиппин улс 2020 онд Ковид-19 цар тахлаас гадна галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, гамшигт үер зэрэг гай гамшигт ихээр нэрвэгджээ.

Гэсэн ч энэхүү айдас, ганцаардал, цөхрөлийн харанхуй үйлс дундуур бошиглогчийн үг гэрлэн багана мэт хүрч ирсэн юм. Энэ үгэн дотор дэлхий даяар мацаг барьж, залбирахад мөн цар тахлыг үл ажран урагшлахад уриалсан үгс байсан. Тэр биднийг орон гэрээ хувийн итгэлийн ариун нандин өргөө болгоход урьсан. Тэр бас бүх улс орны хожмын үеийн гэгээнтнүүдийг Бурханы бүх хүүхдийг хүндэлж, өөрсдийн амьдралд Бурханыг ялуулахад уриалсан.2

Үүнтэй адил ерөнхийлөгч Нэлсоны талархлын хүчийн тухай гэрчилсэн, саяхан гарсан видео, түүний хаалтын залбирал нь филиппинчүүдийн сэтгэл зүрхийг хөндлөө.3 Лэйтэ мужид зохион байгуулсан шашин хоорондын арга хэмжээний үеэр энэ видеог тоглуулсан бөгөөд үүнийг нэг санваартан үг хэлэхдээ дурдсан юм. Филиппинчүүд Бурханы сонгосон бошиглогчийн хэлсэн үгээр дамжуулан дэлхийн бусад хүнтэй хамт Түүний хайрыг мэдэрч адислагдсан.

Гуравдугаарт, сахилгажуулах нь Бурханы хүүхдүүдээ хайрладгийн илрэл байж болох юм

Бурхан заримдаа биднийг сахилгажуулах замаар хайраа харуулдаг. Энэ нь Тэрээр биднийг хайрладаг бөгөөд хэн болохыг маань мэддэг гэдгийг сануулдаг. Амар амгалангаар адисална хэмээх амлалт гэрээний замаар зоригтой алхаж, зэмлэл хүлээн авахад бэлэн бүх хүнд нээлттэй.

Сахилгажуулж байгааг ялган таньж, хүлээн авахад бэлэн хүмүүст энэ нь сүнслэг мэс засалд орохтой адил. Ингэхэд мэс засалд орох дуртай хүн гэж хаана байх вэ дээ. Гэхдээ мэс засал хийлгэх шаардлага гарсан үед хийлгэхэд бэлэн байх нь амь насыг тань аварна. Их Эзэн хайрладаг хүмүүсээ сахилгажуулдаг. Судрууд энэ талаар бидэнд заадаг (Еврей 12:5–11,;Хиламан 12:3; Сургаал ба Гэрээ 1:27;95:1-ийг үзнэ үү). Сахилгажуулах нь, өөрөөр хэлбэл сүнслэг мэс засал нь бидний амьдралд хэрэгтэй өөрчлөлтийг авчирна. Ах, эгч нар аа, энэ нь бидний судсан доторх цусыг шингэлж, цэвэршүүлдэг гэдгийг та нар мэдэх болно.

Сэргээлтийн бошиглогч Иосеф Смитийг ч бас сахилгажуулж байсан. Иосеф Смит Мормоны Номын 116 хуудсыг алдсаных нь дараа Их Эзэн “чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. … Чи итгэлтэй байх ёстой байсан юм. … Харагтун, Иосеф, та бол сонгогдсон. … Санагтун, Бурхан нигүүлсэнгүй юм; тиймийн тул, наманчлагтун” (Сургаал ба Гэрээ 3:6-10) хэмээн зэмлэхийн сацуу хайраа харуулсан.

2016 онд би Арканзасын Литтл Рокт номлолд үйлчилж байхдаа, тухайн үед Фижи аралд амьдардаг байсан том эгчид маань илгээмж хүргэж өгөхийг Кава ахаас хүсэв. Түүний хариулт миний хүсэн хүлээж байсан хариулт байсангүй. “Ерөнхийлөгч Ваколо, эгч чинь нас барсан. Түүнийг арав хоногийн өмнө оршуулсан” гэж тэр хоолой нь чичирсхийн хэлэв. Би тэр үед өөрийгөө өрөвдөж, гэрийнхэн маань надад хэл хүргэе гэж бодоогүйд бага зэрэг бухимдаж билээ.

Дараа өдөр нь эхнэрийг маань номлогчдод хичээл зааж байх үед надад “Таниэла, энэ бүх туршлага чиний өсөлт хөгжил, сайн сайхны төлөө юм шүү дээ. Чи Есүс Христийн Цагаатгалын талаар зааж, гэрчилж байгаа. Харин одоо үүнийхээ дагуу амьдар” гэсэн бодол зурсхийх шиг болсон. Надад “Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ, тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш” (Иов 5:17) гэсэн үгийг сануулж билээ. Энэ нь миний хувьд сүнслэг мэс засал байсан бөгөөд үр дүн нь тэр дороо л гарсан юм.

Яг энэ талаар эргэцүүлэн бодож суутал, ярилцлагын төгсгөлд бодол санаагаа хуваалцана уу гэж намайг дуудав. Би өөр олон зүйлээс гадна, саяхан авсан сургамжаа хуваалцсан. Тухайлбал: нэгд, яг өмнөхөн нь Ариун Сүнс намайг сахилгажуулсан бөгөөд надаас өөр хүнийг сонгоогүйд баярласан гэдгээ; хоёрт, Аврагч золиос болж, төлөөсийг нь төлсөн учир би асуудлуудаа сорилт бэрхшээл, зовлон зүдүүр гэж үзэлгүй “сурч боловсрох боломж” гэж үзэж байгаагаа; гуравт, Тэрээр төгс бөгөөд нүгэлгүй амьдарсан тул би өөрийн дутагдал, хүчин мөхөстсөн үеийг сул тал гэж үзэлгүй “хөгжих боломж” гэж хэлж байгаагаа хуваалцаж билээ. Энэ үйл явдал Бурхан биднийг хайрладаг учраас сахилгажуулдаг гэдгийг сурч мэдэхэд надад тусалсан.

Надад ч бас ийм бодол, мэдрэмж төрдөг. Эцэст нь хэлэхэд, бидний Тэнгэрлэг Эцэг мөн Түүний Хүү Есүс Христ бидэнд Тэдэнтэй болон гэр бүлийнхэнтэйгээ мөнхийн харилцаа холбоотой байх боломжийг олгон; бидэнд зааж, тохинуулах орчин үеийн бошиглогчдыг дуудаж; сурч боловсрох, өсөж хөгжих боломж олгохын тулд биднийг сахилгажуулах замаар хайрладаг гэдгээ харуулдаг. Тэнгэрлэг Хүүгийнх 4 нь зүйрлэшгүй бэлгийн төлөө, амилсан Их Эзэн, амьд Христийн төлөө Бурхандаа талархъя. Есүс Христийн нэрээр, амен.