Ерөнхий чуулган
Тэд дийлэх нь үгүй, бид ялагдах нь үгүй
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Тэд дийлэх нь үгүй, бид ялагдах нь үгүй

Хэрэв бид Есүс Христ дээр сууриа тавих юм бол яав ч унахгүй!

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон сүүлийн Ерөнхий чуулганаар бидэнд “Төлөөлөгч Паулын бошиглосон энэ хүнд хэцүү цаг үед Сатан Бурханы төлөвлөгөөг дайрч давшилж байгаагаа нуухыг оролдохоо ч больсон байна. Хилэнцтүүд энд тэндгүй хүчээ авчээ. Тиймээс сүнслэг байдлын хувьд амьд гарах цорын ганц арга зам бол Бурханыг амьдралдаа ялуулж, Түүний дуу хоолойг сонсож суран, Израилыг цуглуулахад өөрсдийн эрч хүчийг зарцуулахад шийдвэр төгс байх явдал юм”1 гэж хэлсэн.

Бурханы дуу хоолойг сонсож сурах бошиглогчийн урилгыг эргэцүүлэн бодоход бидний зүрх сэтгэл шийдэмгий байна уу аль эсвэл хатуурсан байна уу? Бүгдээрээ “Тийм ээ, өнөөдөр, хэрэв та нар түүний дууг сонсъё гэвэл зүрх сэтгэлээ бүү хатууруулаач; учир нь та нар яагаад үхэх ёстой билээ?” хэмээх Иаков 6:6-д өгсөн зөвлөгөөг санацгаая. Бурханыг амьдралдаа ялуулах шийдвэр төгс байцгаая.

Бид дайсныг бус Бурханыг амьдралдаа хэрхэн ялуулах вэ? Сургаал ба Гэрээ 6:34-өөс бид “Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлэх нь үгүй” гэдгийг уншдаг. Энэ нь маш чухал амлалт юм. Хэдийгээр дэлхий хийгээд там бидний эсрэг нэгдэвч бид Бурханы хадан дээр амьдралаа барин, Түүнийг амьдралдаа ялуулах сонголт хийх аваас тэд дийлэх нь үгүй.

Есүс Христ шавь нартаа хандан ярихдаа мэргэн, мунхаг хоёр хүний ​​тухай заасан нь Шинэ Гэрээний Матай 7-р бүлэгт цэдэглэгдсэн байдаг. Та нарын ихэнх нь Хүүхдийн хэсгийн “Мэргэн, мунхаг хоёр”2 дууг сонссон байх. Хэрэв та цаг гарган дууны дөрвөн шүлгийг харьцуулж үзвэл 1, 2-р шүлэг 3, 4-р шүлэгтэй маш төстэй болохыг олж харах болно. Мэргэн хүн, мунхаг хүн хоёр хоёулаа байшин барьж байв. Тэд гэр бүлээ аюулгүй, тав тухтай орон гэртэй болгохыг хүссэн. Тэд бас та бидний нэгэн адил гэр бүлээрээ үүрд хамт, аз жаргалтай амьдрахыг хүсэж байлаа. Эргэн тойрных нь нөхцөл байдал “Аадар бороо цутган, аюулт үер буув” гэдэгтэй адил байв. Бид энэ дууг дуулахдаа үүнийг зургаан удаа давтан дуулдаг. Ганц ялгаа нь мэргэн хүн бат бөх хадан дээр байшингаа барьж, байшин нь тогтож үлдсэн бол мунхаг хүн элсэн дээр байшингаа барьж, байшин нь урсан алга болсон. Тиймээс бид сууриа хаана тавих нь үнэхээр чухал бөгөөд энэ нь эцсийн болон мөнхийн үр дагаварт шийдвэрлэх нөлөө үзүүлдэг.

Ирээдүйн амьдралаа босгохдоо бид бүгдээрээ бат бөх суурийг олж, тэндээ үлдэх болтугай хэмээн би найдаж, залбирч байна. Хиламан 5:12-т “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” гэдгийг бидэнд сануулдаг.

Энэ бол Бурханы бидэнд өгсөн амлалт юм! Хэрэв бид Есүс Христ дээр сууриа тавих юм бол яав ч унахгүй! Бид эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих аваас Бурхан Өөрийнх нь хадан дээр амьдралаа босгоход бидэнд туслах бөгөөд “тамын үүд биднийг дийлэх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 10:69). Бид ирж буй бүх зүйлийг өөрчилж чадахгүй байж болох ч ирэх зүйлд хэрхэн бэлдэхээ сонгож чадна.

Бидний зарим нь “Сайн мэдээ бол сайн зүйл тул үүнийг, магадгүй долоо хоногт нэг удаа амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй” гэж бодож байж магад. Хадан дээр сууриа тавихад долоо хоногт нэг удаа сүмд явах нь хангалтгүй. Бидний бүх амьдрал Есүс Христийн сайн мэдээгээр дүүрсэн байх ёстой. Сайн мэдээ бидний амьдралын нэгэн хэсэг биш, харин үнэндээ бидний амьдрал Есүс Христийн сайн мэдээний нэгэн хэсэг юм. Энэ талаар бодоод үз! Үнэн биш гэж үү? Бидний мөнх бус амьдрал бол аврал, өргөмжлөлийн цогц төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм.

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг. Тэрээр бид бүгдэд хайртай. Тэр бидний чадавхыг өөрсдөөс маань илүү сайн мэддэг. Тэр бидний амьдралд юу болж өрнөж байгааг мэдэхээс гадна, өчүүхэн жижиг зүйлийг ч орхигдуулахгүй бүгдийг мэддэг.

Амьд бошиглогч, ерөнхийлөгч Нэлсоны мэргэн зөвлөгөөг дагаж мөрдөөрэй. Сургаал ба Гэрээ 21:5–6-д цэдэглэснээр:

“Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр хийгээд итгэлд хүлээн авах ёстой.

Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; тийм ээ, мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, мөн та нарын сайн сайхан хийгээд түүний нэрийн алдар суугийн төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно.”

Энэхүү шалтгааны улмаас тэд дийлэх нь үгүй, бид ялагдах нь үгүй!

Христ анх ирсэн шигээ хоёр дахиа ирнэ, гэхдээ энэ удаа сүр хүч хийгээд алдар суутай ирэх болно гэдгийг би та нарт гэрчилж байна. Хөшигний наана эсвэл цаана ч бай, би Түүнийг хүлээн авахад бэлэн байх болтугай хэмээн найдаж, залбирч байна. Бид энэ гайхалтай Христийн амилсны баярыг тэмдэглэх үед Есүс Христийн Цагаатгал, Амилалтын хүчээр дамжуулан (Моронай 7:41-ийг үзнэ үү) дээш очиж, Бүтээгчтэйгээ уулзан, Түүнд “Баярлалаа” гэж хэлнэ гэж би найдаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  2. “Мэргэн, мунхаг хоёр,” Хүүхдийн дууны ном, 132.