Ерөнхий чуулган
Булшинд ялалт гэж үгүй
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Булшинд ялалт гэж үгүй

Есүс Христийн гэтэлгэгч Цагаатгал, алдар суут Амилалтаар дамжуулан эмтэрсэн зүрх эдгэрч, тарчлал амар амгалан болж, шаналал найдвараар солигдож чадна гэдгийг би гэрчилж байна.

Энэ гайхамшигтай Христийн амилсны баярын ням гарагт хүүхдүүд маань “Хаврын нэгэн өдөр бидний Аврагч Христ өөрийн булшийг орхиж, үхлийн хүлээсийг тайлсан юм”1 гэж баяр хөөртэй дуулдаг.

Есүс Христийн Амилалтын тухай мэддэгтээ бид талархаж байна. Гэсэн хэдий ч бид амьдралынхаа аль нэг үед хайртай дотнын хүнээ алдаж, уй гашууд автах болно. Дэлхийг хамарсан энэ цар тахлаар бидний ихэнх маань гэр бүлийн гишүүн, найз нөхөд гээд хайртай хүмүүсээ алдаад байна.2 Бид ийм гарз хохирол амсаж, гашуудаж байгаа хүмүүсийн төлөө залбирдаг.

Ахлагч Рассэлл М.Нэлсон ингэж хэлсэн юм.

“Хэдэн настай байснаас үл хамааран бид хайртай хүмүүсээ алдсандаа гашууддаг. Гашуудах нь цэвэр хайрын гүн гүнзгий илрэлүүдийн нэг. …

Үүнээс гадна, бид насан өөд болсон тэдэнтэйгээ одоо нулимс дуслуулан салалгүйгээр, хожим нь бүрэн баяр хөөртэй эргэн уулзаж чадахгүй. Үхлээс гашуудлыг салгах цорын ганц арга зам бол амьдралаас хайрыг мөн адил авч хаях явдал юм.”3

Зураг
Эмэгтэй дагалдагчид Есүсийн төлөө гашуудав.

Есүсийг дагаж, Түүнд үйлчилдэг байсан найз нөхдөд нь Түүний үхэхийг хараад ямархуу сэтгэгдэл төрж байсныг бид төсөөлж чадна.5 Бид тэднийг “гашуудан уйлж байсныг”6 мэднэ. Цовдлуулах өдөр нь, ням гарагт юу болохыг мэдэхгүй байсан тул тэд өөрсдийн Эзэнгүйгээр цаашид яах билээ гэж бодож, сэтгэлийн зовуурьд автсан байсан нь дамжиггүй. Гэсэн хэдий ч тэд үхэх хүртэл нь Түүнд үйлчилсээр байлаа.

Ариматын Иосеф гэгч хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйв. Тэр цогцсыг аваад, маалинган даавуунд ороож, өөрийнхөө шинэ бунханд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, үүдийг нь таглажээ.7

Никодем мир, зуун настын хольц авч ирэв. Тэр Иосефт Есүсийн биеийг өргөж, анхилуун үнэртэнтэй маалинган даавуунд орооход тусалжээ.8

Магдалын Мариа болон бусад эмэгтэй Иосеф, Никодем хоёрыг дагаж яван, тэд Есүсийн цогцсыг хаана тавихыг хараад биеийг нь тослох анхилуун үнэртэн болон үнэрт тосыг бэлдэв.9 Тэр үеийн хатуу хуулиудын дагуу, бямба гараг нь амралтын өдөр байсан тул тэд цогцсыг дараа нь бэлдэж, тослохоор хүлээж байлаа.10 Тэгээд тэд ням гаргийн өглөө эрт булш руу явжээ. Тэд Аврагчийн бие тэнд байхгүй байгааг мэдмэгц Есүсийн төлөөлөгчид болох шавь нарт нь хэлэхээр явцгаав. Төлөөлөгчид тэдэнтэй хамт бунхан дээр ирээд, хоосон байгааг харав. Бүгдийг явсны дараа Магдалын Мариа үлдэж, Аврагчийн бие хэрхсэнийг мэдэхгүй, гайхширан байв.11

Магдалын Мариа булшин дээр ганцаараа үлдсэн байлаа. Хэдхэн өдрийн өмнө тэрээр анд найз, Багшийгаа аймшигтайгаар үхэхийг харсан шүү дээ. Одоо Түүний бунхан хоосон болж, тэр Түүний хаана байгааг ч мэдэхгүй байв. Тэр юу болсныг ойлгох ч сөхөөгүй, уйлж байлаа. Энэ үед амилсан Аврагч түүн дээр ирж, яагаад уйлж байгааг бас хэнийг хайж байгааг нь асуусан юм. Тэр цэцэрлэгчийг өөртэй нь ярьж байна гэж бодсон тул түүнээс Эзэнийх нь биеийг авч явсан бол хаанаас очиж авч болохыг хэлж өгөхийг хүсжээ.12

Зураг
Магдалын Мариа

Их Эзэн Магдалын Мариад гашуудаж, шаналлаа илэрхийлэх боломж олгосон байх гэж би боддог.13 Тэр дараа нь түүнийг нэрээр нь дуудахад тэр эргэн харж, Түүнийг танив. Тэр амилсан Христийг харж, гайхамшигт Амилалтынх нь гэрч болсон билээ.14

Би ямар нэгэн байдлаар та нартай адил Магдалын Мариагийн болон түүний найзуудын мэдэрсэн тэр сэтгэлийн зовлонг ойлгож чадна. Би 9 настай байхдаа аймшигт газар хөдлөлтийн үеэр ахыгаа алдсан. Энэ бүхэн гэнэт болсон тул энэ явдлын бодит байдлыг ойлгоход надад цаг хугацаа хэрэгтэй байлаа. Би уй гашууд автаж, “Ахад минь юу тохиолдов?” Тэр хаана байгаа вэ? Тэр хаашаа явсан бэ? Би түүнтэй дахин уулзах болов уу?” гэж өөрөөсөө асуудаг байсан.

Би тэр үед Бурханы авралын төлөвлөгөөний талаар хараахан мэдээгүй байсан юм. Би бид хаанаас ирсэн, бидний амьдралын зорилго юу болох, нас барсны дараа бидэнд юу тохиолдох зэргийг мэдэж авахыг хүсэж байв. Хайртай хүнээ алдах юм уу амьдралдаа хэцүү зүйлстэй тулгарах үед бид бүгдэд ийм хүсэл төрдөггүй гэж үү?

Хэдэн жилийн дараа би ахынхаа талаар маш бодитойгоор бодож эхэлсэн. Би түүнийг хаалгыг маань тогшиж байгаагаар төсөөлдөг байв. Намайг хаалгаа онгойлгоход тэр тэнд зогсоод, надад “Би үхээгүй. Би амьд. Би чам дээр очиж чадахгүй байсан, гэхдээ одоо би чамтай хамт байна, дахин хэзээ ч орхиж явахгүй” гэдэг байлаа. Энэ зүүд мэт төсөөлөл түүнийг алдсан шаналлаа даван туулахад надад тусалдаг байв. Тэр надтай хамт байна гэсэн бодол надад дахин дахин төрдөг байж билээ. Заримдаа би түүнийг хаалга тогшоод ороод ирэх байх гэж найдан, хаалгаа ширтэн суудагсан.

40-өөд жилийн дараа, Христийн амилсны баярын үеэр би Есүс Христийн Амилалтын талаар тунгаан бодож байхдаа ахынхаа тухай бодож эхлэв. Тэр үед миний толгойд нэг бодол зурсхийн орж ирлээ. Би түүнийг над дээр ирж байгаагаар төсөөлдөг байснаа санав.

Тэр өдөр би хүнд хэцүү үед Сүнс намайг тайтгаруулж байсныг ойлгосон. Ахын минь сүнс үхээгүй, тэр амьд гэсэн гэрчлэлийг би хүлээн авсан байсан. Тэр одоо ч гэсэн мөнх оршихуйдаа өсөж хөгжсөөр байгаа. Есүс Христийн Амилалтын ачаар бид бүгдийг амилуулах тэр гайхамшигт мөчид “ах [минь] амилна”15 гэдгийг би одоо мэднэ. Үүнээс гадна, хэрвээ бид Их Эзэнтэй ариун нандин гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахихыг сонгох аваас Тэр бид бүхэнд гэр бүлээрээ дахин нэгдэж, Бурханы дэргэд мөнхийн баяр баясгалантай байх боломжтой болгосон.

Ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.

“Үхэл бол мөнх оршихуйн зайлшгүй чухал хэсэг бөгөөд хэзээ үхэхээ хэн ч мэдэхгүй ч энэ нь Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөнд чухал билээ. Их Эзэний Цагаатгалын ачаар эцэстээ амилуулагдах нь бодит зүйл бөгөөд мөнх амьдрал бүх хүн төрөлхтөнд боломжтой. …

… Хайртай хүмүүсээ харуусал тээн үлдээж байгаа ч … үхлийн гашуун нь Христэд тууштай итгэх итгэл, найдварын төгс гэрэл, Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр болон бүгдэд үйлчлэх хүслээр хөнгөрдөг. Тэрхүү итгэл, найдвар, хайр нь биднийг Бурханы ариун оршихуйд ирж, мөнхийн хань болон гэр бүлийнхэнтэйгээ мөн Түүнтэй үүрд хамт байх боломжтой болгодог.”16

Зураг
Бунхант цэцэрлэг

“Мөнхүү хэрэв Христ үхэгсдийн дундаас босоогүй сэн бол, өөрөөр хэлбэл булш нь ялалт үгүй байж мөн үхэл нь гашуун бус байхын учир, үхлийн хүлээсийг тасчаагүй сэн бол, амилуулалт гэж үгүй байх сан.

Гэвч амилуулалт буй, тиймийн тул булшинд ялалт гэж үгүй, мөн үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм.

Тэр бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл; тийм ээ, мөн түүнчлэн үхэл гэж цаашид байж үл болох, төгсгөлгүй амь амьдрал болой”17 гэдгийг би гэрчилж байна.

Зураг
Амилсан Аврагч

Есүс Өөрийнхөө талаар “Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна”18 хэмээн тунхагласан.

Есүс Христийн гэтэлгэгч Цагаатгал, алдар суут Амилалтаар дамжуулан эмтэрсэн зүрх эдгэрч, тарчлал амар амгалан болж, шаналал найдвараар солигдож чадна гэдгийг би гэрчилж байна. Тэр биднийг нигүүлслийн мутартаа тэвэрч, хүн нэг бүрийг тайвшруулан, хүчирхэгжүүлж, эдгээж чадна. Есүс Христийн нэрээр, амен.