Ерөнхий чуулган
Яагаад гэрээний зам гэж?
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Яагаад гэрээний зам гэж?

Гэрээний зам нь маш өвөрмөц, мөнхийн ач холбогдолтой.

Өөрийн тохинууллаар дамжуулан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурханы хүүхдүүдтэйгээ байгуулсан гэрээнүүдийн талаар судалж мөн заасан. Тэр бол гэрээний замаар алхдаг хүний тод томруун үлгэр жишээ билээ. Тэр Сүмийн ерөнхийлөгчийн хувиар өгсөн хамгийн анхны захиастаа:

“Та нар Аврагчийг дагах гэрээ байгуулж, уг гэрээгээ сахиснаар ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэх боломжтой сүнслэг адислал, давуу эрхийн үүдийг нээх болно.

… Ариун сүмийн ёслолууд болон тэнд байгуулдаг гэрээнүүд амьдрал, гэрлэлт, гэр бүлийг тань бэхжүүлж мөн дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд юм. Ариун сүм дэх та нарын шүтлэг бишрэл, өвөг дээдсийнхээ төлөөх үйлчлэл зэрэг нь та нарын хувийн илчлэлт болоод амар амгаланг өсгөн адисалж, гэрээний зам дээрээ үлдэх гэсэн хүслийг тань хүчирхэгжүүлнэ”1 гэж заасан.

Гэрээний зам гэж юу вэ? Энэ бол биднийг байгаа газраас маань Бурханы селестиел хаант улс руу удирдан чиглүүлдэг зам юм. Бид баптисм хүртэхдээ уг зам дээр гардаг бөгөөд дараа нь “эцсээ хүртэл … найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах [агуу хоёр зарлиг] хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэ[дэг].”2 Үнэндээ мөнх бус амьдралын дараа ч үргэлжлэх гэрээний замын туршид бид аврал, өргөмжлөлтэй холбоотой бүх ёслол, гэрээг хүлээн авдаг.

Гэрээний хамгийн чухал амлалт бол Бурханы тааллыг гүйцэлдүүлж, “бидэнд түүний зарлиглах, бүх зүйлд түүний зарлигуудад дуулгавартай”3 байх явдал юм. Өдөр өдрөөр Есүс Христийн сайн мэдээний зарчмууд болон зарлигуудыг дагах нь амьдралын хамгийн аз жаргалтай, хамгийн таатай хэсэг билээ. Нэгдүгээрт, хүн маш олон асуудал, гуниг харамслаас зайлсхийдэг. Спортоор зүйрлэн тайлбарлахыг минь зөвшөөрнө үү. Теннист сайн дурын алдаа гаргаж болдог. Энэ нь тоглох боломжтой бөмбөгийг тор луу цохих эсвэл бөмбөг гаргахдаа давхар ойлгох зэргийг хэлнэ. Сайн дураар гаргасан алдааг өрсөлдөгчийн ур чадвараас биш, тоглогчийн өөрийн алдаанаас үүдэлтэй гэж үздэг.

Олон тохиолдолд бидний асуудал, бэрхшээл өөрсдөөс маань болж гарч ирдэг буюу буруу сонголтын маань үр дагавар байдаг тул “сайн дураар гаргасан алдааны” үр дүн гэж бид хэлж болох юм. Бид гэрээний замаар хичээнгүйлэн явах юм бол олон “сайн дурын алдаанаас” аяндаа зайлсхийнэ. Бид янз бүрийн донтолтоос холуур явдаг. Бид шударга бус үйлдлийн суваг руу унадаггүй. Бид садар самуун, үнэнч бус байдлын ангалын дээгүүр гардаг. Хүмүүсийн дунд зөвшөөрөгдсөн, бүр алдартай байж болох ч бие махбод, сүнслэг байдлын хувьд сайн сайхан байхад аюул учруулж болзошгүй хүмүүсийн, тэр бүү хэл аливаа зүйлсийн хажуугаар бид өнгөрдөг. Бид бусдад хор хохирол учруулах сонголтоос зайлсхийж, оронд нь хувийн сахилга бат, үйлчлэлийн дадал хэвшлийг суулгадаг.4

Ахлагч Ж.Голдэн Кимбалл “Би [үргэлж] нарийн бөгөөд шулуун замаар алхаагүй байж болох ч, [чадах чинээгээрээ] дайран өнгөрөхийг [хичээдэг]”5 хэмээн мэдэгдсэн байдаг. Гэхдээ ул суурьтай авч үзэх юм бол, зүгээр л дайран өнгөрөхийн оронд гэрээний зам дээр байх нь нэг талаар зайлсхийж болох зовлон зүдүүрээс зайлсхийх, нөгөө талаар амьдралын зайлсхийх боломжгүй зовлон зүдүүрийг амжилттай даван туулах хамгийн агуу итгэл найдварыг өгдөг гэдэгтэй Кимбалл ах санал нийлэх биз ээ.

Зарим нь “Баптисмтай, баптисмгүй би зөв сонголт хийнэ. Нэр хүндтэй, амжилттай хүн байхын тулд гэрээ байгуулах шаардлагагүй” гэж хэлж болох юм. Үнэхээр өөрсдөө гэрээний замаар явдаггүй ч тэрхүү замаар явж байгаа хүмүүстэй адилхан сонголт хийдэг, ижилхэн хувь нэмэр оруулдаг олон хүн бий. Тэднийг “гэрээнд нийцсэн” замаар явсныхаа адислалыг хүртэж байна гэж та хэлж болох юм. Тийм юм бол гэрээний замын ялгаа нь юунд оршдог вэ?

Үнэндээ, ялгаа нь маш өвөрмөц, мөнхийн ач холбогдолтой. Үүнд дуулгавартай байдлын маань мөн чанар, Бурханы бидэнд өгсөн амлалтын шинж чанар, хүлээн авдаг бурханлаг тусламж, гэрээт хүмүүсийн хувьд цугларахтай холбоотой адислалууд, хамгийн чухал нь бидний мөнхийн өв зэрэг орно.

Дуулгавартай байх үүрэг

Эхнийх нь Бурханд дуулгавартай байхын үндсэн шинж чанар юм. Зүгээр л нэг сайн хүсэл хандлагатай байхаас илүү бид Бурханы амнаас урагш гардаг үг бүрийн дагуу амьдрахаа амладаг. Үүний дагуу, бид Есүс Христийн жишээг дагадаг бөгөөд Тэрээр баптисм хүртсэнээр “маханбодийн дагуу тэрээр Эцэгийн өмнө өөрийгөө даруусгахаа, мөн тэрээр түүний зарлигуудыг дагахаар түүнд дуулгавартай байх болно гэдгээ Эцэгт гэрчил[сэн].”6

Гэрээ байгуулснаар бид зөвхөн алдаа гаргахаас зайлсхийх, гаргах шийдвэртээ хянамгай байхаас илүү их зүйл хийхийг зорьдог. Бид сонгосон сонголт, замнасан амьдралынхаа дагуу Бурханы өмнө хариуцлага хүлээдэг. Бид Христийн нэрийг өөрсөд дээрээ авдаг. Бид мөн Христэд төвлөрөх буюу Есүсийг зоригтой гэрчилж, Христийн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг.

Гэрээ байгуулснаар сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байх явдал нь бидний бодгалийн салшгүй нэгэн хэсэг болдог. Гэрлэхдээ эхнэр нь Сүмд идэвхгүй байж, нөхөр нь Сүмийн гишүүн байгаагүй нэгэн хосыг би таньдаг. Тэднийг би жинхэнэ нэрээр нь биш, Мэри, Жон гэж нэрлэе. Хүүхдүүдтэй болсноор, сударт өгүүлсэнчлэн тэднийг “Их Эзэний халамж хийгээд зөвлөгөөнд заан хүмүүжүүлэх”7 хэрэгтэй гэдгээ Мэри сэтгэлийнхээ угаас мэдэрчээ. Жон ч түүнийг дэмжив. Мэри гэртээ байж, хүүхдүүддээ сургаалыг тогтмол заахын тулд зарим чухал золиос гаргасан юм. Тэр гэр бүлээрээ Сүмийн шүтэн бишрэх цуглаан, үйл ажиллагаануудын ашиг тусыг бүрэн хүртсэн байхад анхаарч байлаа. Мэри, Жон хоёр үлгэр жишээ эцэг эх болж, хүүхдүүд нь буюу сэргэлэн цовоо хөвгүүд нь сайн мэдээний зарчим, жишгүүдэд үнэнч, итгэлтэй хүмүүс болж өсжээ.

Жонын эцэг эх буюу хөвгүүдийнх нь эмээ өвөө ач нарынхаа зөв амьдрал, амжилтад сэтгэл хангалуун байдаг байсан ч Сүмийн талаарх зарим буруу ойлголтоосоо болж энэхүү амжилттай байгаа нь зөвхөн Жон, Мэри хоёрын сайн эцэг эх байсны гавьяа гэж үзэж байлаа. Хэдийгээр Жон Сүмийн гишүүн биш ч гэлээ, энэхүү үзэл бодлыг нь зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Тэдний харж байгаа зүйл буюу хөвгүүдийнх нь Сүмд үзэж харсан болон гэр оронд нь болж өнгөрдөг зүйлс сайн мэдээний сургаалын үр жимс гэдгийг тэр батлан хэлжээ.

Жонд Сүнсний нөлөө болон эхнэрийнх нь хайр, үлгэр жишээ мөн хөвгүүдийнх нь ятгалга нөлөөлсөн байв. Мэдээж, удалгүй тэрээр баптисм хүртсэн нь тойргийн гишүүд, найз нөхдийг нь баярлуулсан юм.

Тэдний болон хөвгүүдийнх нь амьдрал дардан шулуун байгаагүй ч гэсэн үнэндээ сайн мэдээний гэрээнүүд нь адислалын үндэс байсан гэдгийг Мэри, Жон хоёр чин сэтгэлээсээ батлан хэлдэг. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно”8 хэмээн Иеремиад хэлсэн Их Эзэний үг тэдний болон хүүхдүүдийнх нь амьдралд биеллээ олохыг тэд харсан.

Бурхантай холбоотой байх

Гэрээний замын бас нэгэн өвөрмөц хэсэг бол Бурхан, бидний хоорондын харилцаа юм. Бурханы хүүхдүүдтэйгээ байгуулдаг гэрээнүүд биднийг зөвхөн чиглүүлээд зогсдоггүй. Энэ нь биднийг Түүнтэй холбодог бөгөөд Түүнтэй холбоотой байснаар бид бүх зүйлийг ялж чадна.9

Би нэг удаа мэдлэг мэдээлэл дутмаг сонины сурвалжлагчийн бичсэн нийтлэлээс, нас барагсдын төлөө баптисм хүртсэнээр бид зургийн хальсыг усанд дүрдэг буюу нэг ёсондоо нэр нь хальсанд орсон хүмүүсийг баптисм хүртсэн гэж тооцдог гэж тайлбарласан байхыг уншиж билээ. Энэ арга ашигтай байж болох ч бодгаль бүрийн хязгааргүй үнэ цэн, Бурхантай байгуулах хувийн гэрээний чухал ач холбогдлыг үгүйсгэхээр байв.

“[Есүс] … : Давчуу хаалгаар орогтун та нар; учир юун гэвэл аминд удирдах хаалга нь давчуу, мөн зам нь нарийн, мөн үүнийг олох нь цөөн бөлгөө”10 хэмээн хэлсэн. Нэг ёсондоо энэ хаалга нь маш нарийхан тул нэг удаад нэг л хүн орох боломжтой гэсэн үг. Хүн бүр Бурханд хувь хүнийхээ хувьд өөрөө амлалт өгдөг бөгөөд үүнийх нь хариуд Бурхан түүнтэй энэ амьдралд болон мөнхөд итгэж найдаж болох хувийн гэрээг өөрийнх нь нэрээр байгуулдаг. Ёслол, гэрээнүүдээр дамжуулан бурханлаг чанарын хүч бидний амьдралд илэрхийлэгддэг.11

Бурханлаг тусламж

Одоо гэрээний замын гурав дахь онцгой адислалыг авч үзье. Бурхан гэрээ байгуулагчийг гэрээ сахигч болгоход тусалдаг цаглашгүй нэгэн бэлэг болох Ариун Сүнсний бэлгийг өгдөг. Энэ бол Ариун Сүнсний байнгын нөхөрлөл, хамгаалалт, удирдамж зааврыг авах бэлэг юм.12 Үүнийг мөн Тайтгаруулагч, “найдвар хийгээд төгс хайраар дүүргэх Ариун Сүнс”13 хэмээн нэрлэдэг. Тэр “бүх зүйлийг мэддэг, мөн Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай гэрчилдэг бөлгөө.”14 Мөн бид Түүний гэрчлэгчид байхаа амладаг.15

Гэрээний замаар явж байхдаа бид мөн уучлалын болон нүглээс цэвэршигдэх амин чухал адислалыг олж авдаг. Энэ нь зөвхөн Ариун Сүнсээр өгөгддөг бурханлаг ач ивээлээр дамжин ирдэг тусламж юм. “Эдүгээ уг зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд”16 хэмээн Их Эзэн хэлсэн.

Гэрээт хүмүүстэй хамт цугларах

Дөрөвдүгээрт, гэрээний замаар явахыг эрэлхийлж байгаа хүмүүс бурханлагаар товлогдсон олон цуглаанаас маш онцгой адислалуудыг мөн адил олж авдаг. Эрт дээр үед тархан бутарсан Израилын овог аймгуудын өвлөж авсан газар нутагтаа бодитоор цугларах тухай бошиглолуудыг судруудаас олж болно.17 Эдгээр бошиглол, амлалт нь гэрээт хүмүүс Сүмд буюу дэлхий дээрх Бурханы хаант улсад цугларснаар биелж байна. Ерөнхийлөгч Нэлсон “Бид цугларалтын тухай ярихдаа энэхүү гол үнэнийг буюу Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм”18 хэмээн тайлбарлажээ.

Их Эзэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд “та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч мөн урагш гэрэлтүүл; … Сионы газар нутагт, мөн түүний гадаснуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар байж болохын тулд”19 хэмээн зарлигласан.

Гэрээт хүмүүс бас “[өөрсдийгөө] дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбогүй байлгаж болохын тулд”20 долоо хоног бүр Их Эзэний өдөр залбирлын өргөөнд цуглардаг. Энэ бол Есүс Христийн Цагаатгалыг дурсан санахын тулд ариун ёслолын талх, уснаас хүртэхээр мөн “мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо [бодгалиудынхаа аз жаргалын талаар яр[ихаар]”21 цугладаг цуглаан юм. Өсвөр насандаа би ахлах сургуулийн ангийнхаа цорын ганц Сүмийн гишүүн нь байв. Сургуулийнхаа олон сайн найзтайгаа нөхөрлөх нь надад сайхан байдаг байсан ч сүнсээр төдийгүй бие махбодын хувьд шинэчлэгдэхийн тулд энэхүү долоо хоног бүрийн Хүндэтгэлийн өдрийн цуглаанд асар их найдлага тавьдаг байж билээ. Энэхүү цар тахлын үеэр тогтмол явагддаг гэрээт цуглаанаа явуулж чадахгүй болсныг бид ямар хүндээр хүлээн авсан гээч! Мөн өмнөх шигээ дахин цугларах тэр цагийг бид ямар их тэсэн ядан хүлээж байна вэ!

Гэрээт хүмүүс бас ёслол, адислал, зөвхөн тэнд авах боломжтой илчлэлтийг хүлээн авахын тулд Их Эзэний өргөө болох ариун сүмд цуглардаг. “Бурханы хүмүүсийг дэлхийн аль нэг эрин зуунд … цуглуулахын зорилго юу байсан юм бэ? Үүний зорилго бол Их Эзэн Өөрийн өргөөний ёслолууд, хаант улсынхаа алдар сууг хүмүүстээ илчилж, авралын замыг тэдэнд заах өргөөг Өөртөө зориулан бариулах явдал байлаа. Учир нь энэхүү зорилгын төлөө барьсан газарт буюу өргөөнд зааж, гүйцэтгэх ёстой тодорхой ёслолууд мөн зарчмууд байдаг билээ”22 хэмээн заасан.

Гэрээний амлалтуудыг өвлөх

Эцэст нь, бид гэрээний замаар явснаар л зөвхөн Бурханы бидэнд өгч чадах аврал, өргөмжлөлийн буюу Абрахам, Исаак, Иаков нарын адислалуудыг өвлөх боломжтой.23

Сударт дурдсанчлан, гэрээт хүмүүс бол ихэнхдээ шууд утгаараа “Израилын угсаа” буюу Абрахамын үр удам гэсэн утгатай. Гэхдээ гэрээт хүмүүс гэсэн ойлголтод Есүс Христийн сайн мэдээг хүлээн авдаг бүх хүн ордог.24 Паул:

“Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм.

Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн”25 хэмээн тайлбарласан.

Гэрээндээ үнэнч тэд “шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэд бөлгөө.”26 Тэд “шинэ гэрээний Зуучлагч болох Христээр төгс болгогдоно. … Эдгээр нь бие махбодь нь селестиел, алдар суу нь нарных, бүр бүхнээс хамгийн дээд … Бурханы алдар суу болой.”27 “Иймийн тул, бүх зүйл тэднийх болой, амьдрал эсвээс үхэл, эсвээс одоогийн зүйлүүд, эсвээс ирэх зүйлүүд, бүгд тэднийх болой мөн тэд бол Христийнх, мөн Христ нь Бурханых бөлгөө.”28

Гэрээний зам дээр үлдэхийн тулд бошиглогчийн уриаг хамтдаа чих тавин сонсоцгооё. Нифай биднийг харсан бөгөөд “Би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв”29 хэмээн цэдэглэсэн байдаг.

Нифайтай адил “сэтгэл минь Их Эзэний зүйлүүдэд баясдаг.”30 Энэхүү Христийн амилсны баярын ням гарагт би Амилалт бол бидний найдвар гэдгийг мөн гэрээний замаар явж байхад болон явж дууссаны эцэст өгөхөөр амласан бүхний баталгаа болох Есүс Христийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.