Ерөнхий чуулган
“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан”

Өнөө үед Есүс Христийн дагалдагчдын дунд, та нарын төдийгүй бидний амьдралд гайхамшгууд, тэмдгүүд, ер бусын гайхалтай зүйлс дүүрэн байна.

Хүндэт ах, эгч нар аа, өнөөдөр та нарын өмнө зогсож байгаа минь нэр төрийн хэрэг билээ. Энэ чуулган дээр үг хэлж буй хүмүүстэй санал нэгтэйгээр би Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Тэр Сүмээ удирдан чиглүүлдэг; Өөрийн бошиглогч Рассэлл М.Нэлсонд хандан ярьдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хайрладаг.

Христийн амилсны баярын ням гарагт бид өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч,1 Хүчит Бурхан, Энх амгалангийн Ханхүү2 Есүс Христийн амилсныг дурсдаг билээ. Түр тавьсан бунханд гурав хоног байсны дараа Тэр амилснаар Түүний Цагаатгал гүйцэлдэж, хүн төрөлхтний түүхэнд агуу гайхамшиг тохиосон. “Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан”3 хэмээн Тэр тунхагласан юм.

Мормоны Номон дээр бошиглогч Мормон “Христ тэнгэр өөд дээшлэн одсон, Бурханы баруун мутар талд суулаа гээд гайхамшгууд байхаа больсон гэж үү?”4 хэмээн асуугаад, “Үгүй, бас тэнгэр элчүүд ч хүмүүний үрсэд тохинуулахаа больсон нь үгүй”5 гэж хариулдаг.

Есүсийг цовдлогдсоны дараа, биеийг нь тослохоор Мариаг өөр хэдэн эмэгтэйтэй хамт булш руу очиход Их Эзэний тэнгэр элч түүнд үзэгдсэн юм. Тэнгэр элч:

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?6

Тэр энд байхгүй. Тэр амилсан”7 хэмээн хэлэв.

Мормоны Номын бошиглогч Абинадай энэ гайхамшгийн талаар ийн тунхагласан:

“Хэрэв Христ үхэгсдийн дундаас босоогүй сэн бол … амилуулалт гэж үгүй байх сан.

Гэвч амилуулалт буй, тиймийн тул булшинд ялалт гэж үгүй, мөн үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм.”8

Эртний дагалдагчид Есүс Христийн гайхамшигт үйлдлүүдийг хараад, “Салхи, усанд хүртэл тушаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ?”9 гэцгээж байлаа.

Эртний төлөөлөгчид Есүс Христийг дагаж, сайн мэдээ заахыг нь сонсож байхдаа олон гайхамшгийн гэрч болж байв. “Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж бай[хыг]”10 тэд харжээ.

Өнөө үед Есүс Христийн дагалдагчдын дунд, та нарын төдийгүй бидний амьдралд гайхамшгууд, тэмдгүүд, ер бусын гайхалтай зүйлс дүүрэн байна. Гайхамшгууд нь Бурханы хязгааргүй хүчийн бурханлаг үйлдэл, илэрхийлэл, илрэл болдог төдийгүй Түүнийг “өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил”11 гэдгийг баталж өгдөг. Тэнгис далайг бүтээсэн Есүс Христ тэдгээрийг намжааж чадна; хараагүйг хараатай болгосон Тэр биднийг дээш харахад тусалж чадна; уяманг цэвэршүүлсэн Тэрээр бидний сул дорой байдлыг засаж чадна; сул доройг эдгээсэн Тэрээр “Ирээд, Намайг дага”12 хэмээн биднийг өндийн босоход уриалж чадна.

Та нарын олонх нь гайхамшгуудыг харсан ч заримыг нь анзааралгүй өнгөрөөсөн байдаг. Есүс нас барагсдыг амилуулсантай харьцуулахад, эдгээр нь өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ гайхамшгийн цар хүрээ гайхамшгийг тодорхойлдоггүй, Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог. Зарим нь гайхамшгийг зүгээр л санамсаргүй тохиолдол эсвэл аз тохиол гэж үздэг. Гэвч “Бурханы хүч мөн гайхамшгийг дорд үзэн, мөн тэд хөрөнгө хурааж мөн ядуугийн нүүрийг няцалж болохын тулд өөрсдөдөө өөрсдийн мэргэн ухаан мөн өөрсдийн суралцсанаа номлодог”13 тэднийг бошиглогч Нифай буруушаасан юм.

“Аврах хүчирхэг нэгэн”14 болох Түүний бурханлаг хүчээр гайхамшгууд тохиодог билээ. Гайхамшгууд бол Бурханы мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд тэнгэрээс газарт унжих аврах уяа болдог.

Өнгөрсөн намар Расбанд эгч бид хоёр 16 хэл дээр 600 гаруй мянган хүнд шууд нэвтрүүлэх дэлхий даяарх Нүүр тулсан ярилцлагад оролцохоор Ютагийн Гошэн руу явж байв.15 Уг хөтөлбөр Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн үйл явдлуудад төвлөрч байсан ба залуучууд дэлхийн өнцөг булан бүрээс асуултууд илгээсэн байв. Расбанд эгч бид хоёр асуултуудыг харж амжсан ба эдгээр нь Бурханы бошиглогч Иосеф Смит, бидний амьдрал дахь илчлэлтийн хүч нөлөө, Есүс Христийн сайн мэдээний үргэлжлэн буй Сэргээлтийг болон нандигнан хайрладаг үнэнээ мөн зарлигуудыг гэрчлэх боломжийг бидэнд олгосон юм. Өнөөдөр биднийг сонсож буй олон хүн энэ гайхамшигт үйл явдлын нэгээхэн хэсэг болсон.

Эхлээд энэ нэвтрүүлэг “Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!16 Ах, эгч нар аа, тэр бол үнэхээр гайхамшиг байсан.

Зураг
Ютагийн Гошэн дэх Иерусалимын хэсэг

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм кино зураг авалтад зориулж хуучин Иерусалимын хэсгийг шинээр бүтээсэн Ютагийн Гошэноос шууд нэвтрүүлгээ дамжуулахаас өөр аргагүйд хүрэв. Расбанд эгч бид хоёрыг уг ням гаргийн орой очих гэж буй газрынхаа ойр хавиас өтгөн утаа гарч байгааг олж харах үед Гошэнд хүрэхэд хэдхэн бээр дутуу байлаа. Тэр хавьд хээрийн түймэр гарч, шууд нэвтрүүлэг эрсдэлд орж болзошгүй байсан тул бидний санаа зовж байв. Таамаглаж байсанчлан, 18 цаг болоход буюу нэвтрүүлэг эхлэхэд хорин минут дутуу байхад бүх цогцолборын цахилгаан тасрав. Цахилгаан ч байхгүй! Шууд нэвтрүүлэг ч байхгүй. Тэнд байсан нэг генераторыг асаах талаар зарим нь бодож байсан ч бидний хэрэглэх нарийн боловсронгуй төхөөрөмжийг ажиллуулж чадах хангалттай цахилгаан өгч чадах эсэх нь эргэлзээтэй байлаа.

Зураг
Түймрийн утаа

Нэвтрүүлгийн өгүүлэгч, хөгжимчин, техникч зэрэг бүх хүн мөн манай хамаатны 20-иод залуу бүгдээрээ тэнд болох үйл ажиллагаанд өөрсдийгөө бүрэн зориулсан байв. Тэднийг сандран үймэлдэж, нүдэндээ нулимстай байх үед би түр холдон, гайхамшиг тохиохын төлөө Их Эзэнд хандан залбирсан юм. “Тэнгэрлэг Эцэг минь, би гайхамшгийг хүсэж байгаагүй ч одоо гайхамшгийн төлөө залбирч байна. Энэ цугларалт дэлхий даяарх бүх залууст хүрэх ёстой. Энэ Таны хүсэл мөн аваас бидэнд нэвтрүүлгээ дамжуулах цахилгааныг өгөөч.”

Удалгүй 18 цаг 7 минутад цахилгаан тасарсан шигээ хурдан ирэв. Хөгжим, микрофоноос авахуулаад видео, дамжуулах төхөөрөмж гээд бүх зүйл ажиллаж эхэллээ. Бид нэвтрүүлгээ тэр даруй эхэлсэн юм. Ийн бидэнд гайхамшиг тохиосон билээ.

Зураг
Нүүр тулсан ярилцлагын үеэрх хөгжмийн үзүүлбэр

Расбанд эгч бид хоёрыг тэр орой машинтайгаа харьж явтал ерөнхийлөгч Нэлсон, Нэлсон эгч хоёр бидэнд “Рон, бид тог тасарсныг сонсонгуутаа гайхамшиг тохиохын төлөө залбирсан” гэсэн зурвас илгээсэн байв.

“Учир нь Их Эзэн бибээр тэнгэрийн хүчийг үзүүлэхээр гараа тавьсан билээ; та нар үүнийг эдүгээ харж чадахгүй, хэсэгхэн хугацаа болоод мөн та нар үүнийг харах болно, мөн би байдгийг мэдэх болно, мөн би ирж мөн өөрийн хүмүүстэй хамт хаанчлах болно”17 хэмээн хожмын үеийн сударт бичигдсэн байдаг.

Энэ бүхэн үнэхээр тохиолдсон билээ. Их Эзэнийг гараа сунгамагц цахилгаан ирсэн.

Ерөнхийлөгч Нэлсон бидэнд сүүлчийн хуралдаанд маш хүчтэй заасны адил гайхамшгууд итгэлийн хүчээр тохиодог. “Хэрэв хүмүүний үрсийн дунд итгэл үгүй бол Бурхан тэдний дунд ямар ч гайхамшгийг үйлдэж эс чадах буюу; иймийн тул, тэдний итгэлийн дарааг хүртэл тэрээр өөрийгөө үзүүлээгүй” хэмээн бошиглогч Моронай хүмүүст ухуулжээ.

Тэр үргэлжлүүлэн ийн хэлсэн.

“Болгоогтун, шоронг газарт нуран унах болгосон нь Алма, Амюлек хоёрын итгэл байсан юм.

Болгоогтун, тэд галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртэхэд хүргэх өөрчлөлтийг леменчүүдийн дээр авчирсан нь Нифай, Лихай хоёрын итгэл байсан юм.

Болгоогтун, леменчүүдийн дунд нэтэд агуу гайхамшгийг үйлдсэн нь Аммон мөн түүний ахан дүүсийн итгэл байсан юм.

“Мөн итгэлийнхээ дарааг хүртэл хэн ч хэзээ ч гайхамшгийг үйлдсэн нь үгүй; иймийн тул тэд эхлээд Бурханы Хүүд итгэсэн бөлгөө.”18

Би эдгээр судрыг цааш ингэж үргэлжлүүлмээр байна. “Ийм агуу гайхамшгийг эрэлхийлж, Ютагийн Гошэнд алс хол байдаг зураг авалтын талбайд цахилгаан ирэхээр болгосон нь чин үнэнч залуу оролцогч, нэвтрүүлгийн мэргэжилтэн, Сүмийн удирдагч, гишүүд, төлөөлөгчийн болон Бурханы бошиглогчийн итгэл байсан юм.”

Гайхамшгууд залбирлын хариулт болж ирж болно. Гайхамшгууд үргэлж бидний хүсэн хүлээсэн зүйлс байх шаардлагагүй ч бид Их Эзэнд найдвал Тэр бидний дэргэд байж, зөв зүйлийг үйлдэх болно. Тэрээр хэрэгтэй цаг мөчид бидэнд гайхамшгийг тохиолгохоор тааруулах болно.

Их Эзэн бидэнд Өөрийн хүчийг болон биднийг хайрладаг хайраа, түүнчлэн тэнгэрээс бидний мөнх бус амьдралд хүрч чадна гэдгээ болон хамгийн үнэ цэнтэй зүйлсийг заах хүслээ сануулахын тулд гайхамшгуудыг үйлддэг. “Эдгэрэх итгэлтэй тэр нь, мөн үхэлд оноогдоогүй тэр нь эдгэрэх болно”19 хэмээн 1831 онд гэгээнтнүүдэд амласан энэ амлалт одоо ч хэвээрээ. Тэнгэрт хуулиудыг тогтоодог бөгөөд бид үргэлж тэдгээр хуульд захирагддаг.

Бидэнд хайртай хүнээ эдгээж, шударга бусыг өөрчлөн, хорон эсвэл урам нь хугарсан нэгний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийн төлөө гайхамшигт итгэж найдах үе гардаг. Бид мөнх бус нүдээр харж, Их Эзэнийг хөндлөнгөөс оролцон, эвдэрсэн зүйлийг засаасай хэмээн хүсдэг. Итгэлээр дамжуулан гайхамшиг ирдэг ч бидний цаг хугацаанд, бидний хүсэн хүлээснээр биш байж болно. Энэ нь бид итгэлгүй байна эсвэл Түүний тусламжийг авах эрхгүй гэсэн үг үү? Үгүй. Их Эзэн бидэнд хайртай. Тэр бидний төлөө амиа өгсөн бөгөөд Түүний Цагаатгал биднийг наманчилж, Түүнд ойртох тусам хүнд ачаа, нүглээс маань чөлөөлөх болно.

Их Эзэн бидэнд “Миний зам ч та нарын замаас өөр”20 хэмээн сануулсан. Тэрээр “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая,”21 санаа зовнил, урам хугарал, айдас, дуулгаваргүй байдал, хайртай хүмүүсийн төлөөх болон орхигдсон мөрөөдлийн төлөөх санаа зовнилоос амраая хэмээсэн билээ. Үймээн самуун, уй гашуу дунд амар амгалан байх нь гайхамшиг юм. “Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй билүү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?”22 хэмээх Их Эзэний үгсийг санацгаая. Есүс Христ, Агуу Иехова, Бүхний Дээдийн Хүү амар амгаланг өгч буй нь гайхамшиг юм.

Тэрээр Мариаг нэрээр нь дуудаж, цэцэрлэгт Түүнд үзэгдсэн шигээ, Тэр биднийг итгэлээ хөгжүүлэхэд уриалдаг. Мариа Түүнд үйлчилж, Түүнийг халамжлахаар эрэлхийлсэн. Түүний Амилалт Мариагийн хүлээж байсан зүйл байгаагүй, харин аз жаргалын агуу төлөвлөгөөний дагуу болсон юм.

Үл итгэгчид Калвари дээр Түүнийг “Загалмайнаас буугаач”23 хэмээн доромжилж байв. Тэр гайхамшгийг үйлдэж чадах байсан. Тэр эхлэлээс төгсгөл хүртэл мэдэж байсан ба Эцэгийнхээ төлөвлөгөөнд үнэнч байх нь Түүний зорилго байв. Энэ жишээг бид мартаж болохгүй.

Сорилт бэрхшээлтэй үед тэр бидэнд хандан “Миний хажуу талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно”24 гэж хэлсэн. Ах, эгч нар аа, энэ бол бид бүхэнд амласан тэрхүү гайхамшиг юм.

Их Эзэний амилсан гайхамшгийг тэмдэглэж буй энэ Христийн амилсны баярын ням гарагт Гэтэлгэгчийн хүчийг амьдралдаа мэдэрч, Тэнгэрлэг Эцэгт хандсан гуйлт тань Есүс Христийн Өөрийн тохинууллын үед үзүүлсэнтэй адил хайр болон амлалтаар хариулагдах болтугай хэмээн би Есүс Христийн төлөөлөгчийн хувьд даруухнаар залбирч байна. Би та нарыг ирэх бүх зүйлд тууштай, үнэнч байж болохын тулд залбирч байна. Хэрэв Их Эзэний хүслээр бол, Гошэнд бидэнд тохиолдсон шиг гайхамшгууд та нарт ч бас тохиохоор би адисалж байна. “Мөн эдүгээ, Бурхан Эцэгийн мөн түүнчлэн Их Эзэн Есүс Христийн, мөн тэднийг гэрчилдэг Ариун Сүнсний ач ивээл та нарт оршин байж мөн үүрд үлдэхийн тулд бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэх”28-дээ, тэнгэрээс илгээсэн эдгээр адислалыг амьдралаасаа хайж олоход урьж байна. Есүс Христийн нэрээр, амен.