Ерөнхий чуулган
Бурхан бидний дунд
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бурхан бидний дунд

Бурхан бидний дунд байдаг бөгөөд амьдралд маань оролцож, хүүхдүүдээ идэвхтэй удирдан чиглүүлдэг.

Он цагийн туршид Бурхан үйлчлэгч, бошиглогчдоороо дамжуулан ярьсаар ирсэн билээ.1 Өнөө өглөө бидэнд Бурханы бошиглогч бүх дэлхийд хандан үг хэлэхийг сонсох завшаан тохиолоо. Ерөнхийлөгч Нэлсон, бид танд хайртай. Би хаа сайгүй суугаа хүн бүрийг таны үгсийг анхааран сонсож, судлаасай гэж хүсэж байна.

Намайг 12 нас хүрэхээс өмнө дайн дажин, улс төрийн зөрчилдөөнөөс болж манай гэр бүл хоёр ч удаа гэрээсээ дүрвэж; үймээн самуун, айдас хүйдэс, түгшүүрт байдал дунд амьдралаа дахин эхлэх хэрэгтэй болж байсан. Тэр үе бол миний хувьд түгшүүртэй үе байсан. Харин хайртай аав, ээжийн минь хувьд үнэхээр айдсаар дүүрэн үе байсан нь лавтай.

Аав, ээж хоёр маань дөрвөн хүүхдэдээ энэ хүнд ачаа дарамтыг аль болох бага үүрүүлсэн. Тэд хүнд ачаа, зовлон зүдүүрийг чадлынхаа хэрээр дааж гарсан. Айдас тэдний хувьд дарамт болж, ихэнх цагаа айдаст автан өнгөрүүлж, найдвар тасархуйц байсан нь гарцаагүй.

Дэлхийн II дайны дараах тэр цөвүүн цаг үе дэлхийд маш том толбыг үлдээсэн. Би ч гэсэн толботой үлдсэн.

Тэр үед би туйлын ганцаардаж гунигласан үедээ “Хорвоо дэлхийд найдвар төрүүлэх ямар нэгэн зүйл үлдсэн болов уу?” гэж бодлогоширдог байлаа.

Тэнгэр элч нар бидний дунд

Би энэ асуултын талаар тунгаан бодохдоо, тэр үед бидний дунд үйлчилж байсан америк номлогчдын тухай боддог байсан. Тэд аюулгүй гэр орноо орхин, дэлхийн талыг туулж, дөнгөж түрүүхэн дайсан нь байсан Германы нутагт очин, манай ард түмэнд бурханлаг найдварыг түгээж байсан. Тэд буруутгах, зэмлэх эсвэл шившиглэх гэж ирээгүй. Тэд дэлхийн ашиг хонжоог бодолгүй, өөрсдийн мэдэрдэг баяр баясал, амар амгаланг олоход нь бусдад туслахын тулд л сайн дураараа залуу насаа зориулсан.

Миний хувьд тэдгээр залуу эрэгтэй, эмэгтэй үнэхээр төгс байсан. Тэдэнд алдаа дутагдал байсан л байх, гэхдээ би лав олж хараагүй. Би тэднийг амьдралаас дээгүүр байдаг буюу гэрлийн болон алдар суугийн тэнгэр элч нар мөн нинжин сэтгэл, сайн сайхан, шударга үнэний тохинуулагчид гэж үргэлж бодох болно.

Дэлхий эрээ цээргүй байдал, хорсол гуниг, үзэн ядалт, айдаст автаж байсан тэр үед уг залуусын үлгэр жишээ, зааж буй зүйлс намайг найдвараар дүүргэсэн. Тэдний түгээсэн сайн мэдээний захиас улс төр, түүх, өшөө хорсол, гомдол дургүйцэл, хувийн зорилтыг даван гарсан. Энэ нь тэр хүнд хэцүү цаг үед бидэнд байсан чухал асуултуудад бурханлаг хариултыг өгч байлаа.

Тэр захиас нь Бурхан амьд бөгөөд хямрал, төөрөгдөл, үймээн самууны үед ч биднийг хайрлаж, халамжилдаг гэсэн захиас байсан. Мөн энэ нь бидний цаг үед Тэр Өөрийн сайн мэдээ, мөн Сүмийг буюу гэрэл, үнэнийг сэргээхийн тулд үзэгдэж, бошиглогчидтой дахин ярьж эхэлсэн ба Бурхан бидний дунд, амьдралд маань оролцож, хүүхдүүдээ идэвхтэй удирдан чиглүүлж байдаг хэмээх захиас байсан.

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг буюу аврал, өргөмжлөл, аз жаргалын төлөвлөгөөг илүү гярхай ажиглан харснаар юу сурч мэдэж болох нь үнэхээр гайхалтай. Бид өчүүхэн, орхигдсон, мартагдсан мэт санагдах үедээ Бурхан биднийг мартаагүй, харин Тэр бүх хүүхдэдээ “Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид”2 болох төсөөлшгүй зүйлийг санал болгодог гэсэн баталгааг олж авахад суралцдаг.

Энэ нь юу гэсэн утгатай вэ?

Бид үүрд мөнх амьдарч, бүрэн баяслыг хүлээн авч,3 “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүдийг өвлөх”4 боломжтой гэсэн үг юм.

Энэ гайхамшигтай, тэнгэрлэг ирээдүй бидний хэн гэдгээс бус, харин Бурханы хэн гэдгээс шалтгаалан боломжтой гэдгийг мэдэх нь биднийг үнэхээр даруусгадаг.

Үүнийг мэдсэнээр бид хэрхэн бувтналдаж эсвэл уурлаж хорссон хэвээр байж чадах билээ? Хаадын Хаан биднийг тэнгэрлэг аз жаргалын төсөөлшгүй ирээдүй рүү нисэхэд урьж байхад бид өөрсдийгөө хэрхэн дутуу үнэлж, газар ширтэж байж чадах билээ?5

Аврал бидний дунд

Бурханы биднийг хайрлах төгс хайр, Есүс Христийн мөнхийн золиосын ачаар бидний үйлдсэн асар том хийгээд өчүүхэн жижиг гэм нүглийн аль аль нь арилж, дахин дурсагдахгүй байж болно.6 Бид Түүний өмнө цэвэр ариун, зохистой, ариусгагдсан байдалтай зогсож чадна.

Зүрх сэтгэл минь Тэнгэрлэг Эцэгтээ талархах сэтгэлээр халгин цалгиж байна. Тэрээр хүүхдүүдээ гэрэл гэгээтэй, мөнхийн ирээдүйн төлөөх найдваргүйгээр мөнх бус байдалд төөрөлдүүлэхээр орхиогүй гэдгийг би ухаарсан. Тэр Өөрт нь эргэн очих замыг үзүүлсэн зааварчилгааг өгсөн. Түүний Хайртай Хүү, Есүс Христ7 болон Түүний бидний төлөө хийсэн золиос нь энэ бүхний төвд байдаг.

Аврагчийн хязгааргүй Цагаатгал гэм нүгэл, төгс бус байдлаа харж болох арга замыг маань эгнэгт өөрчилдөг. Гэм нүгэл, төгс бус байдлаа үргэлж бодож, гэтэлгэгдэх аргагүй эсвэл найдваргүй гэж бодохын оронд бид тэдгээрээс сургамж авч, найдварыг мэдэрч болно.8 Наманчлалын ариусгах бэлэг нь бидэнд гэм нүглээ орхин, шинэ бүтээл болох боломжийг олгодог билээ.9

Есүс Христийн ачаар, алдаа дутагдал маань биднийг тодорхойлох ёсгүй. Харин энэ нь биднийг цэвэршүүлж чадна.

Хөгжмийн эгшиг авиаг давтаж буй хөгжимчний адил бид буруу алхам, алдаа дутагдал, гэм нүглээ өөрийгөө илүү сайн таньж мэдэж, бусдыг хайрлах илүү гүн гүнзгий, үнэнч хайр, наманчлалаар дамжуулан улам сайжрах үйл явцын боломж болгон харж болно.

Хэрэв бид наманчлах юм бол алдаанууд маань бидний боломжийг авч одохгүй. Харин бидний өсөлт хөгжлийн нэг хэсэг юм.

Бид бүгд алдар суут, сүр жавхлант хүмүүс болохоор бүтээгдсэн бөгөөд тийм хүмүүстэй харьцуулахад бид нялхаараа шахам байгаа. Байн байн бүдэрч унахгүй, хөхөрч, шарх сорви олохгүйгээр мөлхөж, алхаж, гүйж сурдаг мөнх бус бие гэж байхгүй. Бид тэгж байж л суралцдаг.

Хэрэв бид үргэлжлүүлэн хичээнгүйлэн давтаж, Бурханы зарлигуудыг сахихыг үргэлж хичээж, наманчилж, тэвчиж, сурсан зүйлсээ шат шатаар хэрэгжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргавал бодгальдаа гэрэл хураах болно.10 Хэдийгээр бид одоо өөрсдийн бүрэн чадавхыг бүрэн дүүрэн ойлгохгүй байж болох ч “[Аврагчийг] илчлэгдэхэд бид” Түүний дүр төрх бидэнд байгааг мэдэж, “Түүнийг байгаагаар нь харах болно.”11

Ямар гайхамшигтай амлалт вэ!

Тийм ээ, дэлхий үймээн самуунтай байна. Бидэнд сул талууд ч бий. Гэсэн ч бид толгойгоо гудайлгах хэрэггүй. Учир нь бид Бурханд, Түүний Хүү Есүс Христэд итгэж найдаж болно. Бид баяр баясал, тэнгэрлэг аз жаргалаар дүүрэн амьдрал руу чиглүүлдэг энэ замаар биднийг хөтлөн удирдах Сүнсний бэлгийг хүлээн авч чадна.12

Есүс бидний дунд

Есүс өнөөдөр бидний дунд байсан бол юу зааж, юу хийх байсан бол гэж би үргэлж боддог.

Есүс Христ амилсныхаа дараа “бусад хонин сүрэгтээ” зочилно гэсэн амлалтаа биелүүлсэн.13

Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээнд Америк тив дэх хүмүүст үзэгдсэн тэрхүү үйл явдлыг өгүүлдэг. Аврагчийн ажлын бодит гэрч болох энэ эрхэм цэдэг бидэнд бий.

Мормоны Номын хүмүүс дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд амьдарч байсан бөгөөд тэдний түүх, соёл, улс төрийн байдал Есүсийн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үед зааж байсан хүмүүсийнхээс маш их ялгаатай байсан. Гэсэн ч Тэрээр Ариун газарт зааж байсантай адил олон зүйлийг тэдэнд заасан юм.

Тэр яагаад ийн үйлдсэн юм бол?

Аврагч үргэлж хувиршгүй үнэнийг заадаг. Тэдгээр нь бүх насны, ямар ч нөхцөл байдалд байгаа хүмүүст хамааралтай.

Түүний захиас бол Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ орхиогүй гэсэн гэрчлэл буюу найдварын, холбоо хамаарлын захиас байсан бөгөөд одоо ч хэвээрээ.

Бурхан бидний дунд байдаг!

Хоёр зуун жилийн өмнө Аврагч дэлхийд дахин эргэж ирсэн. Тэрээр Бурхан Эцэгтэй хамт 14 настай Иосеф Смитэд үзэгдэж, Есүс Христийн сайн мэдээний болон Сүмийн Сэргээлтийг эхлүүлсэн. Тэр өдрөөс хойш тэнгэр нээгдэж, тэнгэрлэг элч нар үхэшгүй алдар суугийн газраас ирсэн билээ. Селестиел сэнтийнээс хүн төрөлхтөнд гэрэл, мэдлэгийг өгсөн.

Их Эзэн Есүс Христ дэлхийд хандан дахин ярьсан.

Тэр юу гэж хэлсэн бэ?

Түүний үгсээс олон нь Сургаал ба Гэрээнд цэдэглэгдэн, дэлхий дээрх уншиж, судлахыг хүссэн хэн бүхэнд боломжтой байдаг нь бидэнд өгөгдсөн адислал юм. Өнөө үед эдгээр үг бидний хувьд хэчнээн үнэ цэнтэй билээ!

Аврагч сайн мэдээнийхээ үндсэн захиасыг дахин заасанд бид гайхах хэрэггүй. Тэрээр “Чи Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрлах ёстой; мөн Есүс Христийн нэрээр чи түүнд үйлчлэх ёстой14 хэмээжээ. Тэрээр биднийг Бурханыг эрэлхийлэхэд15 мөн Түүний үйлчлэгч, бошиглогчдодоо илчилсэн сургаалын дагуу амьдрахад16 сүнслэгээр өдөөдөг.

Биднийг нэг нэгнээ хайрлаж17, “бүх хүмүүнд энэрлээр дүүрэн байхыг”18 Тэр заадаг.

Тэр биднийг Түүний мутар байж, сайн үйлсийг хийхэд урьдаг.19 “Бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая.”20

Тэрээр биднийг агуу үүрэгт даалгаварт анхаарлаа хандуулахад урьдаг. Бүх хүнийг хайрлаж, Түүний сайн мэдээг хуваалцаж, мөн Түүний Сүмд урихад биднийг уриалдаг.21

Тэр ариун сүмүүдийг барьж, тэнд орж, үйлчлэхийг бидэнд зарлигладаг.22

Тэр биднийг Өөрийнхөө шавь болоход сургадаг. Тэр зүрх сэтгэлээ хувийн эрх мэдэл, эд баялаг, сайшаал, албан тушаалд хандуулахгүй байхыг бидэнд заадаг. Тэрээр “энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэхийг”23 заадаг.

Биднийг баяр баясал, гэгээрэл, амар амгалан, үнэн, аз жаргал,24 үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын амлалтыг эрэлхийлэхэд шамдуулдаг.25

Үүнийг цааш авч үзье. Өнөөдөр танай тойрог, салбар эсвэл гэрт Есүс ирсэн гэж төсөөлье. Ямар байх байсан бол?

Тэр таны зүрх сэтгэлийг нэвт харах байсан. Гаднах төрх байдал чинь чухал биш байна. Тэр таныг байгаагаар тань таньж мэдэн, зүрхний тань хүслийг мэдэх байсан.

Номхон дөлгөөн, даруу төлөв нэгнийг өргөж,

өвчтэйг эдгээж,

эргэлзсэн нэгэнд итгэл төрүүлж, итгэхэд урамшуулах байсан.

Тэр бидэнд Бурханд зүрх сэтгэлээ нээхийг, бусдад гараа сунгахыг заах байсан.

Тэрээр үнэнч, даруу, шударга, итгэлтэй байдал, нинжин сэтгэл, энэрлийг таньж, дээдлэх байсан.

Түүний нүд рүү нэг л удаа харахад бид хэзээ ч өмнөх шигээ байхгүйгээр үүрд өөрчлөгдөх байсан. Бурхан үнэхээр бидний дунд байдаг гэдгийг гүн гүнзгий ойлгосноор ийн өөрчлөгдөх байсан.

Бид юу хийх вэ?26

Би өөрийн өсвөр настай байх үеийг сайхан сэтгэлээр эргэн дурсдаг. Хэрэв би тэр үедээ эргээд очиж чадах байсан бол өөрийгөө тайтгаруулж, зөв зам дээрээ үлд, үргэлжлүүлэн хай гэж хэлэх байсан. Мөн Бурхан бидний дунд байдаг учир Есүс Христийг амьдралдаа урихыг өөрөөсөө хүсэх байсан.

Хайрт ах, эгч нар, найзууд аа та бүхэндээ мөн хариулт, үнэн, аз жаргал хайж байгаа бүх хүнд би адил зөвлөгөөг өгч байна. Итгэлтэй, тэвчээртэйгээр үргэлжлүүлэн хай.27

Асуу, тэгвэл та нар хүлээн авах болно, тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.28 Эзэнд итгэ.29

Өдөр тутмынхаа амьдралд Бурхантай уулзах нь бидний хамгийн чухал үүрэг бөгөөд адислагдсан боломж юм.

Бардам зангаа хойш тавьж; харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр30 Түүний сэнтийд дөхөн очиход Тэрээр бидэнтэй ойр байх болно.31

Бид Есүс Христийг даган, шавь байх замаар алхахыг шат шатаар эрэлхийлэх аваас бүрэн дүүрэн баяр баяслыг хүлээн авах төсөөлшгүй бэлгийг авах өдөр ирэх болно.

Хайрт найзууд минь, та нарын Тэнгэрлэг Эцэг та бүхнийг төгс хайраар хайрладаг. Тэрээр төгсөшгүй арга замаар хайраа нотлон харуулдаг ч бүхнээс дээгүүр бэлэг болох Төрсөн Ганц Хүүгээ золиос болгон өгснөөр Өөрийн хүүхдүүдэд тэнгэрлэг эцэг эхдээ эргэн очих боломжийг олгосон юм.

Тэнгэрлэг Эцэг амьд, Есүс Христ Өөрийн Сүмийг удирддаг бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Түүний бошиглогч гэдгийг би гэрчилж байна.

Христийн амилсны баярын энэ баярт цаг үед та бүхнийгээ хайрлаж мөн адисалж байна. Та нөхцөл байдал, сорилт бэрхшээл, зовлон зүдүүр, алдаа дутагдал зэргээс үл хамааран бидний Аврагч Гэтэлгэгчид зүрх сэтгэлээ нээх юм бол Түүнийг амьд гэдгийг, танд хайртай гэдгийг мөн Түүний ачаар хэзээ ч ганцаардахгүй гэдгээ мэдэж авч чадна.

Бурхан бидний дунд байдаг.

Энэ бүхнийг би Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.