Ерөнхий чуулган
КОВИД-19 ба ариун сүмүүд
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


КОВИД-19 ба ариун сүмүүд

Оюун бодол, зүрх сэтгэлдээ ариун сүмийн гэрээ, адислалуудаа нэн тэргүүнд тавь. Байгуулсан гэрээнүүддээ үнэнч бай.

Хайрт ах, эгч нар аа, бид үнэхээр сүнсээр бялхаж байна. Чуулганы бүхий л залбирал, захиас мөн дуу хөгжимд би маш их талархаж байна. Байгаа газраасаа бидэнтэй нэгдэж байгаа хүн нэг бүрд талархлаа илэрхийлье.

КОВИД-19 цар тахлын улмаас мөн дэлхийн сайн иргэн байх өөрсдийн хүслээс үүдэн бүх ариун сүмийг түр хугацаанд хаах хүндхэн шийдвэрийг бид өнгөрсөн жилийн эхээр гаргасан. Дараагийн саруудад нь бид анхаарал болгоомжтойгоор мөн аажмаар ариун сүмүүдээ дахин нээх хэрэгтэй гэсэн сүнслэг удирдамж хүлээн авсан. Одоо ариун сүмүүд нээгдэж, дөрвөн шатлалаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргааны дүрэм журам, аюулгүй байдлын шийдвэрүүдийг чанд мөрдөж байна.

1-р шатлалын ариун сүмд өмнө нь хишгээ хүртсэн зохистой хосууд эхнэр, нөхрийн хувьд лацдан холбуулж болно.

2-р шатлалын ариун сүмд амьд хүмүүст зориулсан бүх ёслолыг гүйцэтгэх ба үүнд өөрийн хишгийг хүртэх, эхнэр нөхрийн хоорондох лацдан холболт, эцэг эхтэйгээ лацдан холбуулах зэрэг орно. Бид саяхан 2-р шатлалын ариун сүмийн үйл ажиллагааны заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан ба манай өсвөр үеийнхэн, шинэ гишүүд мөн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичигтэй бусад хүн өвөг дээдсээ төлөөлөн гүйцэтгэх баптисмын ёслолд оролцох боломжтой болоод байна.

3-р шатлалын ариун сүмд амьд хүмүүсийн төдийгүй нас барсан өвөг дээдсээ төлөөлөн гүйцэтгэх бүх ёслолыг цаг авсны үндсэн дээр гүйцэтгэх боломжтой.

4-р шатлалын ариун сүмүүд хэвийн бүрэн үйл ажиллагаанд буцан ороод байна.

Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй, сорилтын цаг үе дэх та бүхний тэвчээр, чин сэтгэлийн үйлчлэлд бид талархаж байна. Би та бүхний ариун сүмд шүтэн бишрэх, үйлчлэх хүсэл эрмэлзэл урьд урьдынхаасаа илүү дүрэлзэн асах болтугай хэмээн залбирч байна.

Та бүхэн хэзээ ариун сүмд эргэн очих боломжтой болох вэ хэмээн бодож байгаа байх. Хариулт нь: Орон нутгийн засаг захиргааны шийдвэр, зохицуулалтын дагуу зөвшөөрсөн үед ариун сүм нээгдэнэ. Танай бүс нутагт КОВИД-19-ийн халдварын тохиолдол аюулгүй хэмжээнд хүрэх үед ариун сүм дахин нээгдэх болно. Ариун сүмд орох боломжуудаа нэмэгдүүлэхийн тулд бүс нутагтаа КОВИД-19-ийн тохиолдлуудын тоог бууруулахад туслахаар чадах бүхнээ хийнэ үү.

Үүний зэрэгцээ оюун бодол, зүрх сэтгэлдээ ариун сүмийн гэрээ, адислалуудаа нэн тэргүүнд тавь. Байгуулсан гэрээнүүддээ үнэнч бай.

Бид ирээдүйнхээ төлөө одоо барьж байгуулж байна! Яг одоо 41 ариун сүмийг барих, сэргээн засварлах ажил явагдаж байна. Хэдий цар тахалтай байсан ч өнгөрсөн жилд 21 шинэ ариун сүмийн газар хөндөх ёслолыг үйлдсэн.

Бид гишүүдээ өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан, аль болох ойр ойрхон ариун сүмд очих нандин боломжтой байгаасай гэсэн үүднээс Их Эзэний өргөөг та бүхэнд илүү ойртуулахыг хүсдэг.

Би 20 шинэ ариун сүм бариулах төлөвлөгөөг зарлах үедээ, одоогийн түүхийг бүтээлцэхэд амьдралаа зориулан тусалсан өнгөрсөн ба эдүгээ үеийн анхдагчдын тухай бодож, тэднийг алдаршуулж байна. Дараах газруудад ариун сүм шинээр баригдах болно. Үүнд: Норвегийн Осло; Бельгийн Брюссель; Австрийн Вена; Ганын Кумаси; Мозамбикийн Бэйра; Өмнөд Африкийн Кэйп Таун; Бүгд Найрамдах Сингапур улсын Сингапур; Бразилын Бэло Оризончи; Колумбийн Кали; Мексикийн Кэрэтаро; Мексикийн Торрион; Монтана мужийн Хэлэна; Вайоминг мужийн Каспэр; Колорадо мужийн Гранд Жанкшин; Нью Мехикогийн Фармингтон; Айдахо мужийн Бөрли; Орегон мужийн Юүжийн; Невада мужийн Элко; Калифорни мужийн Ёорба Линда; Юта мужийн Смитфилд.

Ариун сүм бол Есүс Христийн сайн мэдээний бүрэн Сэргээлтийн амин чухал хэсэг билээ. Ариун сүмийн ёслолууд бидний амьдралыг өөр ямар ч арга замаар авч чадахгүй хүч, чадлаар дүүргэдэг. Бид тэдгээр адислалын төлөө Бурхандаа талархаж байна.

Энэ чуулганыг өндөрлөх агшинд бид та бүхэнд хайртайгаа дахин илэрхийлэхийн зэрэгцээ, Бурхан Өөрийн адислал, хайр халамжийг та нарын хүн нэг бүрийн дээр хальтал цутгаасай хэмээн залбирч байна. Бид бүгд хамтдаа Түүний ариун үйлчлэлээр холбогдсон билээ. Урам зоригтойгоор Их Эзэний гайхамшигт үйл хэргийг бүгд хамтдаа үргэлжлүүлцгээе! Энэ бүхнийг би Есүс Христийн ариун нэрээр залбирлаа, амен.