Ерөнхий чуулган
Ертөнцийн өгдгөөс өөрийг
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Ертөнцийн өгдгөөс өөрийг

Илүү гэгээтэй өдрүүдийг бий болгож, нийгэмд эдийн засгийг сайжруулахад хэрэгтэй зэмсгийг Есүс Христийн сайн мэдээнд элбэг дэлбэг хангаж өгсөн байдаг.

Анхны амилалт тохиохоос өмнө, Христ арван хоёр төлөөлөгчдөд ариун ёслолын шинэ ёслолыг түгээж дуусаад, салах ёс гүйцэтгэх агуу захиасаа хэлж эхэлсэн бөгөөд Гетсемани, урвалт, цовдлолтыг туулахаар явсан юм. Хэдий тийм ч тэдгээр зарим эрийн сэтгэл зовнисон, бүр илт айсан байдлыг хараад, Тэрээр тэдэнд (мөн бидэнд) хандан,

“Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итгэ, мөн Надад итгэ. …

Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. …

Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ”1 хэмээн айлджээ.

Итгэлтэй хүмүүст ч энэ мөнх бус дэлхийд хүнд хэцүү цаг үе тохиодог. Гэхдээ Христийн тайтгаруулах захиас нь Христ буюу Алгасал баярын өргөлийн хурга “хяргагчийн өмнөх хонь”2 болон явах хэдий ч, дараа нь Дуулал номд өгүүлсэнчлэн, “бидний хоргодох газар ба хүч, зовлон шанал[лын цаг үед] үнэхээр [бидэнд] олддог тусламж”3 болохоор амилах болно.

Загалмайд цовдлуулах мөч нь ойртож байгаа Есүсийн хувьд мөн цаг хугацааны голчид дэлхийнхэнд Түүний сайн мэдээг түгээх шавь нарынх нь хувьд ямархуу хүндхэн хэдэн цагийг өнгөрөөж байсныг санангаа, хожмын өдрүүд дэх Аврагчийн Сүмийн гишүүдэд зориулсан, үүнтэй холбоотой захиасуудад хамт анхаарлаа хандуулцгаая. Лемен, Лемүел хоёрын мөнхийн дургүй хүрэм зан араншингаас авхуулаад, зуу зуун мянган цэрэг оролцсон эцсийн тулалдаан хүртэлх ямар нэг төрлийн зөрчилдөөнийг өгүүлдэг Мормоны Номын маш олон шүлэгт энэ нь байдаг. Үүнийг онцгойлон өгүүлсэн нэг илэрхий шалтгаан нь Мормоны Номыг хожмын үеийн хүмүүст зориулан бичсэн бөгөөд (өөрсдөө их дайн тулааныг үзсэн) эдгээр бичээч эцсийн өдрүүдэд харгис хэрцгий байдал, зөрчилдөөн нь хүмүүсийн харилцаанд хамгийн түгээмэл харагдах шинж байх болно гэж бидэнд бошиглон сэрэмжлүүлж буй явдал юм.

Хожмын өдрүүд дэх зөрчилдөөний талаарх миний онол анхдагч зүйл биш нь ойлгомжтой. Бараг 2000 шахам жилийн өмнө, эцсийн өдрүүдэд “дайн[ууд болон] дайны цуурхлууд”4 байх болно хэмээн Аврагч сэрэмжлүүлсэн бөгөөд хожим нь “дэлхийгээс амар амгалан нь авагдах [болно]”5 хэмээн хэлсэн байдаг. Зөрчилдөөн нь чөтгөрөөс ирдэг6 гэж бидэнд шаргуу заасан энэхүү Энх Амгалангийн Ханхүү, “хайрлах сэтгэл[гүй],” хамтдаа нэг нэгнээ хайрлан амьдрах учраа олдоггүй өнөө үеийн хүн төрөлхтний дундах хүмүүсийн төлөө Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт уйлдаг нь гарцаагүй.7

Ах эгч нар аа, бид эргэн тойрондоо дэндүү их зөрчилдөөн, уур бухимдал, бүдүүлэг зан авирыг хардаг. Аз болоход, Дэлхийн 3-р дайн гараагүй болохоор орчин үеийнхэнд тулалдах шаардлага байгаагүй мөн Их хямралд хүргэсэн 1929 оныхтой адил уналтад дэлхийн эдийн засаг өртөөгүй байна. Гэхдээ бид өөр төрлийн Дэлхийн 3-р дайнтай учраад байна, дайснаа устгах тулалдаан биш, харин Бурханы хүүхдүүдийг нэг нэгнээ илүү ихээр халамжлан, зөрчилдөөнөөр дүүрсэн дэлхийд шархыг эдгээхэд туслуулахаар дуудан, цэрэгт татаж байна. Бидэнд тулгараад байгаа Их хямрал нь хадгаламжин дахь мөнгөө алдсантай холбоотой биш, харин өөрөө өөртөө итгэх итгэлээ алдсантай болон бидний эргэн тойронд итгэл, найдвар, энэрэл бодитой дутагдаж байгаатай холбоотой. Илүү гэгээтэй өдрүүдийг бий болгож, нийгэмд эдийн засгийг сайжруулахад хэрэгтэй зэмсгийг Есүс Христийн сайн мэдээнд элбэг дэлбэг хангаж өгсөн байдаг. Бид бас дэлхийнхэн өөрсдийн бүтэлгүйтэлд сайн мэдээний эдгээр зарчим, бататган бэхжүүлэх гэрээнүүдийг хувиараа болон нийгэмд бүрэн дүүрэн хэрэгжүүлдэггүй байхыг зөвшөөрч болохгүй.

Иеховагийн хэлсэнчлэн, “салхи шуурганд туугдсан, тайвширшгүй” дэлхийд Түүний нэрлэснээр “амар тайвны гэрээг” бид хэрхэн олох вэ? Бидэнд “үүрдийн найрсаг сэтгэлээр” нигүүлсэлтэй хандах болно, мөн хүүхдүүдэд маань амар амгаланг өгөх болно8 хэмээн хэлсэн Түүнд хандсанаар бид үүнийг олдог. Дэлхийгээс амар амгалан ерөнхийдөө авагдана гэж тунхагладаг айдас төрүүлэм өөр бошиглолууд болон сэтгэл түгшээх судрууд байдаг хэдий ч бошиглогчид маань, тухайлбал бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсон бидэнд энэ нь бидний хувь хүн бүрээс авагдах ёстой биш гэж заасан билээ!9 Христийн амилсны энэхүү баяраар хувийн арга замаар амар амгаланг хэвшүүлж, Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын ач ивээл болон эдгээгч гаврыг өөрсдөдөө, гэр бүлдээ мөн эргэн тойронд байгаа хүмүүстээ өгөхийг хичээцгээе. Аз болоход, бүр гайхал төрүүлэм зүйл нь, энэхүү тайвшруулам тос нь бидэнд “мөнгөгүйгээр мөн төлбөргүйгээр”10 боломжтой болгогдсон билээ.

Өнөөдөр энэ дэлхий даяарх цуглаанд оролцож байгаа хүмүүсийн дунд бие махбодын, сэтгэл санааны, нийгмийн эсвэл санхүү, өөр олон арван төрлийн бэрхшээлийн хэд хэдийг туулж байгаа олон хүн байгаа учраас ийм тусламж болон найдвар нь маш хэрэгтэй байна. Гэхдээ бид тэдгээрийн олныг дан ганц өөрсдийн хүчээр бие даан шийдэх хүч чадалгүй, учир нь бидэнд хэрэгтэй тусламж бөгөөд амар амгалан бол “ертөнцийн өгдгөөс өөр”11 төрлийн амар амгалан юм. Үгүй ээ, үнэхээр хүнд хэцүү бэрхшээлүүдэд бидэнд судруудад хэлдгээр “тэнгэрийн хүч” хэрэгтэй. Мөн эдгээр хүчийг авах боломжтой болохын тулд бид уг судруудад дурдсанаар “зөв шударга ёсны зарчмуудын”12 дагуу амьдрах хэрэгтэй. Зарчим болон хүч чадлын хоорондын холбоог ойлгох нь хүн төрөлхтний хэзээ ч суралцаж чадахгүй байгаа нэг сургамж юм гэж тэнгэр, газрын Бурхан хэлдэг билээ!13

Эдгээр нь ямар зарчмууд вэ? Эдгээр зарчмыг бидний судруудад ахин дахин жагсаасан байдаг төдийгүй энэ Ерөнхий чуулган шиг чуулганаар бас ахин дахин заадаг. Мөн манай эрин үед, “Ай Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив?”14 хэмээн бошиглогч Иосеф Смитийн хэлсэн залбирлын хариуд эдгээр зарчмыг түүнд заасан юм. Либерти шоронгийн хүйтэн хөндий хязгаарлагдмал нөхцөлд түүнд зөв шударга ёсны зарчимд тэсвэр тэвчээр, номхон дөлгөөн зан, чин сэтгэлийн хайр багтдаг гэж заасан билээ.15 Эдгээр зарчим байхгүй тохиолдолд бид хэрүүл маргаан, дайсагнал дунд амьдрах нь тодорхой байв.

Манай цаг үед зарим газарт байхгүй байгаа зөв шударгын зарчмын талаар би та нартай хэсэг ярьж болох уу? Ерөнхийдөө бол, би ирээдүйдээ итгэдэг, баяр хөөртэй хүн. Дэлхий дээр маань сайн сайхан, үзэсгэлэнт зүйл зөндөө их байгаа. Түүхийн ямар ч үеэс илүүтэйгээр бид материаллаг адислалыг эдэлж байгаа, гэхдээ бид 21-р зууны соёл иргэншилд ихээр, үүний дунд бас Сүмд дэндүү олон гунигт амьдралыг харж байдаг. Хүмүүс өөрсдийгөө зөвтгөн гэрээг зөрчин, зүрхийг шархлуулдаг болжээ. Зурагтаар, кинонд байнга гардаг бэлгийн харьцааны гэм нүгэл болон үүнийг дүрсэлдэг бүдүүлэг хэлийг бодоод үзээрэй. Эсвэл ажлын байранд гардаг бэлгийн харьцааны дарамт, өөр бусад зохисгүй авирын талаар ихээр уншдагаа анхаараад үз дээ. Гэрээнүүдийн дагуу ариун нандин байхын хувьд, нандин зүйлийг түгээмэл болгож, ариун зүйлийг хилэнцэт болгох нь хэт олонтоо байна. “Ертөнцийн өгдгийн адил” аашилж, алхаж, ярихыг хүсэж байгаа хүмүүст хэлэхэд, энэ нь амар амгалан байдалд хүргэнэ гэж хүлээх хэрэггүй. Би Их Эзэний нэр дээр энэ нь тийм байдалд хүргэхгүй гэж амлаж байна. Эртний нэгэн бошиглогч “ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”16 хэмээн нэгэнтээ хэлсэн билээ. Бүжиг дууссаны дараа, бишгүүрчдэд заавал мөнгө төлөх хэрэгтэй байдаг бөгөөд олонтоо төлбөр нь нулимс, харамсал байдаг юм.17

Эсвэл заримдаа бид өөр төрлийн дарамт эсвэл гутаалт доромжлолыг хардаг, гэхдээ Их Эзэн Есүс Христийн шавь нар ийм зан авирт орохгүйн тулд хэчнээн олон дахин болгоомжтой байх хэрэгтэй билээ. Бид ямар ч нөхцөлд бие махбод, сэтгэл санаа, шашны удирдлагын юм уу өөр ямар нэгэн хүчирхийлэл, ёсон бус албадлагын эсвэл шударга бус эзэгнэлийн гэм буруутай байх ёсгүй. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэ индрээс “гэр орныхноо дарлагч”18 гэж нэрлэсэн хүмүүсийн талаар Сүмийн эрэгтэйчүүдэд хандан ярихад би эрч хүчийг нь мэдэрч байснаа санаж байна.

Тэрээр “Эхнэрээ хүчирхийлэн дарлах нь үнэхээр эмгэнэлтэй, туйлын жигшмээр явдал юм. Эхнэрээ дарамталдаг, гутаан доромжилдог, шударга бусаар эзэгнэдэг энэ Сүмийн ямар ч эр хүн санваар эзэмшихүйц зохистой биш. … [Тэр эрэгтэй] ариун сүмийн эрхийн бичгийг эзэмшихээр зохистой биш”19 гэж хэлсэн билээ. Үүнтэй адил жигшмээр зүйл бол хүүхдийг хүчирхийлэн дарамтлах явдал20 бөгөөд бусад төрлийн хүчирхийлэл ч үүнд багтана гэж тэр хэлсэн.

Сүмийн итгэлтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүр хүүхдүүд ч маш олон тохиолдолд Их Эзэний ариун сүмд ариун нандин ёслолоор өөрсөдтэй нь лацдан холбогдсон хүмүүстэй найрсаг бусаар, бүр хор хөнөөлтэй ярьдаг нүгэлтэй байдаг. Хүн бүр гэр орондоо хайрыг мэдэрч, амар амгалан байж, аюулгүй байдлыг олох эрхтэй. Бид тэнд ийм орчин нөхцөлийг хадгалахыг хичээж байгаасай. Ийм байдлаар амар амгаланг тогтоогчид өгсөн амлалт нь Ариун Сүнс таны байнгын хамтрагч байх бөгөөд адислалууд “албадлагын арга хэрэгсэлгүйгээр” үүрд мөнхөд тань руу цутгах болно гэсэн амлалт байдаг21. Хэн нэгэн хатуу хэл, найрсаг бус үгийг хэрэглэн, “Гэтэлгэх хайрын дууг дуулах”22 боломжгүй.

Би эхэлсэн зүйлээрээ үгээ төгсгөе. Маргааш Христийн амилсан өдөр бөгөөд энэ нь Есүс Христийн сайн мэдээ болон Түүний Цагаатгалын зөв шударга ёсны зарчмууд хэрүүл маргаан, зөрчил, гутрал, зөрчлийг мөн үхлийг “алгасах” цаг юм. Энэ нь бидний төлөө авралын ажлыг дуусгах шийдэмгий байдлынхаа улмаас “бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрсэн” 23 Бурханы Хурганд бүх талаараа үнэнч байхаа үгээрээ болон үйлдлээрээ амлах цаг билээ.

Амьд Бурханы Хүү урвалт, шаналал зовлон, зохисгүй авир, харгис хэрцгий байдлыг туулан, бүх хүн төрөлхтний асар их нүглийг үүрч байхдаа, мөнх бус амьдралын урт зам дээрх биднийг хараад, “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ”24 хэмээсэн билээ. Христийн амилсны баяраа адислалтай, баяр хөөртэй, амар амгалан өнгөрөөх болтугай. Энх Амгалангийн Ханхүүгийн ачаар бид энэхүү өдрийн тоо томшгүй адислалыг хүртэх боломжтой болсон. Би Түүнд бүх зүрх сэтгэлээсээ хайртай бөгөөд энэ бол Түүний Сүм юм. Мөн би Түүний талаар Их Эзэн Есүс Христийн нэрээр эргэлзээгүйгээр гэрчилж байна, амен.