Ерөнхий чуулган
Чи чөлөөлөгдөх болно
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Чи чөлөөлөгдөх болно

Есүс Христ бол мөнх бус амьдралынхаа харанхуй үед ч барьж байх ёстой гэрэл юм.

Хайрт ах, эгч нар аа, би Африк тивээс та бүхэнтэй холбогдон үг хэлэх боломжтой байгаадаа талархаж байна. Өнөө үед бидэнд технологи байгаа нь мөн үүнийг хамгийн үр дүнтэй арга замаар ашиглан та бүхэнтэй холбогдох боломжтой байгаа нь адислал билээ.

2019 оны 9-р сард Мутомбо эгч бид хоёрыг Мэриланд Балтиморын номлолд удирдагчаар үйлчилж байхад номлолын удирдагчийн семинарт оролцохын хажуугаар Нью-Йоркийн Палмира дахь Сүмийн түүхэн газруудаар зочлох завшаан тохиосон юм. Бидний сүүлийн зочилсон газар Ариун төгөл байсан. Бидний хувьд Ариун төгөл рүү очих зорилго нь онцгой илэрхийлэлт юм уу үзэгдэл хүлээн авах явдал биш байсан хэдий ч бид энэ ариун газарт Бурханы оршихуйг мэдэрсэн юм. Бидний зүрх сэтгэл бошиглогч Иосеф Смитэд талархах талархлаар дүүрсэн.

Буцах замд Мутомбо эгч миний нүүр дүүрэн инээмсэглэн жолоо барьж явааг анзаараад, “Юунд ийм их баяртай байгаа юм бэ?” гэж асуув.

Би түүнд “Хайрт Натали минь, үнэн үргэлж худал хуурмагийг ялан дийлэх бөгөөд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ачаар дэлхий дээрх харанхуй үргэлжлэхгүй байх болно” гэж хариулсан.

Бурхан Эцэг, Есүс Христ хоёр нуугдсан байсан гэрлийг авчрахаар залуу Иосеф Смит дээр зочилсон ба бид “байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг[ийг]” (Сургаал ба Гэрээ 93:24) хүлээж авах боломжтой болсон юм.

Бараг хоёр зуу гаруй жилийн дараа ч олон хүн дайсны дэлхий даяар тархааж буй зарим уламжлал, худал хуурмагаас ангижрахын тулд үнэнийг эрэлхийлсэн хэвээр байна. Олон хүн “хүмүүний овжин заль мэхээр харалган болсон” (Сургаал ба Гэрээ 123:12). Паул ефесчүүдэд бичсэн захидалдаа “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” (Ефес 5:14) гэж заасан. Аврагч Өөрийг нь сонсдог бүх хүнд гэрэл нь байх болно хэмээн амласан билээ (2 Нифай 10:14-ийг үзнэ үү).

Гучин таван жилийн өмнө аав, ээж хоёр минь мөн адил харалган байсан бөгөөд үнэнийг мэдэхийг маш их эрэлхийлж, үнэнийг хаанаас хайж олох талаар санаа зовнидог байжээ. Аав, ээж хоёр маань хоёулаа уламжлалт ёс заншил нь хувь хүмүүст болоод гэр бүлийнх нь амьдралд гүн шингэсэн тосгонд төрсөн. Тэд залуудаа тосгоноо орхин, илүү сайхан амьдрал хайхаар хотод иржээ.

Тэд маш даруухан байдлаар гэрлэж, гэр бүл болсон юм. Бид жижиг байшинд аав, ээж, хоёр эгч, би бас бидэнтэй хамт амьдардаг үеэл ах гээд бараг наймуулаа амьдардаг байв. Эцэг эхтэйгээ хамт нэг ширээнд оройн хоол идэхийг хориглодог байсан тул бид үнэхээр гэр бүл мөн үү гэж би гайхдаг байлаа. Аавыгаа ажлаасаа гэртээ харьж ирэн, гэрийнхээ босгыг дөнгөж алхангуут бид гадаа гарахыг хүсдэг байсан. Эцэг эхийн маань гэрлэлтэд эв нэгдэл, жинхэнэ хайр байхгүйгээс болж бид унтаж ч чаддаггүй байсан ба бидний шөнө маш богино байдаг байв. Манай гэр зөвхөн хэмжээгээр жижиг байгаагүй, бас харанхуй газар байсан юм. Номлогчидтой уулзахаас өмнө бид ням гараг бүр өөр өөр сүмд явдаг байв. Миний аав, ээж хоёр дэлхийн өгч чадахгүй зүйлийг хайж байсан нь тодорхой байлаа.

Энэ байдал Заирт (өнөө үед Бүгд Найрамдах Ардчилсан Конго буюу Конго-Киншаса гэж нэрлэгддэг) үйлчлэхээр дуудагдсан анхны ахмад номлогчид болох ахлагч Хатчингс, Хатчингс эгч хоёртой уулзах хүртэл үргэлжилсэн юм. Биднийг Бурханаас ирсэн, тэнгэр элч шиг гайхалтай номлогчидтой уулзаж эхэлсэн үеэс гэр бүлд маань ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байгааг би анзаарч билээ. Баптисм хүртсэний дараа сэргээгдсэн сайн мэдээний ачаар бид шинэ амьдралын хэв маягтай болж эхлэв. Христийн үг бидний сүнсийг тэлж эхэлсэн. Бидний хүлээн авсан үнэнүүд танигдаж болохуйц байсан ба бид гэрлийг харж, тэрхүү гэрэл өдөр бүр гэрэлтэх үед тэдгээр үг бидний ойлголтыг гэгээрүүлж эхлэн, улмаар бидний хувьд гайхалтай зүйл болсон юм.

Сайн мэдээний яагаад гэсэн энэхүү ойлголт биднийг Аврагчтай илүү адилхан болоход тусалж байв. Манай байшингийн хэмжээ өөрчлөгдөөгүй; бидний нийгмийн нөхцөл байдал ч бас өөрчлөгдөөгүй. Гэхдээ биднийг өдөр бүр өглөө, оройдоо залбирахад эцэг эхийн маань зүрх сэтгэл өөрчлөгдөж байгааг би харсан. Бид Мормоны Номыг судалж, гэр бүлийн үдэш хийснээр үнэхээр гэр бүл болж чадсан юм. Бид ням гараг бүр өглөөний 6 цагт босоод сүмд явахаар бэлдэж, долоо хоног бүр Сүмийн цуглаанд оролцохын тулд замдаа олон цагийг өнгөрөөдөг байсан ч бувтналддаггүй байсан. Энэ нь үнэхээр гайхамшигтай туршлага байв. Өмнө нь харанхуйд алхаж байсан бид өөрсдийнхөө дундах харанхуйг хөөж (Сургаал ба Гэрээ 50:25-ыг үзнэ үү), “агуу гэрэл” (2 Нифай 19:2) харсан юм.

Нэг өдөр би гэр бүлийн залбирал хийхээр өглөө эрт босохыг хүсээгүй учраас “Энэ гэрт бидэнд зөвхөн залбирах, залбирах, залбирахаас өөр хийж чадах зүйл алга” гэж эгч нартаа бувтнаснаа санаж байна. Аав минь намайг сонссон байв. Тэр надад хариуд нь хатуу чанд боловч хайраар “Чи энэ байшинд байгаа цагт залбирч, залбирч, залбирсаар байх болно” гэж зааж сургаж байсныг би санаж байна.

Аавын минь хэлсэн үг өдөр бүр миний чихэнд сонсогддог байв. Мутомбо эгч бид хоёр өнөөдөр хүүхдүүдтэйгээ хамт юу хийдэг гэж та нар бодож байна? Бид залбирдаг, залбирдаг мөн залбирдаг. Энэ бол бидний өв юм.

Төрөлхийн сохор төрж, Есүс Христийн ачаар эдгэрсэн хүн хөршүүдийнхээ болон фарисайчуудын шахалт дарамтад орсны дараа ийнхүү хэлсэн байдаг.

“Есүс гэдэг хүн шавар зуурч, нүдийг минь шаваад, надад Силоам руу яваад, угаа гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон. …

… Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна” (Иохан 9:11, 25).

Бид ч бас сохор байсан, харин одоо харж байна. Тэр үеэс хойш сэргээгдсэн сайн мэдээ манай гэр бүлд нөлөөлсөн юм. Сайн мэдээний яагаад гэдгийг ойлгох нь гэр бүлийн маань гурван үеийг адисалсан бөгөөд ирэх олон үеийг маань ч адислах болно.

Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл мөн. Түүнийг дагадаг хүмүүс “харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12).

2016-аас 2017 оны хооронд бараг жилийн турш Касай бүс нутгийн хүмүүст маш эмгэнэлтэй зүйл тохиолджээ. Уламжлалт омгийн дайчид, засгийн газрын хүчний хоорондох зөрчилдөөнөөс болж хүмүүст маш харанхуй үе тохиогоод байв. Хүчирхийлэл Касай төв мужийн хотуудаас эхлэн өргөн хүрээгээр Касай бүс нутагт тархсан юм. Олон хүн аюулгүй байдлаа бодон гэрээ орхиж, бутанд нуугджээ. Тэдэнд хоол хүнс, ус гэх мэт үнэхээр ямар ч зүйл байгаагүй бөгөөд тэдний дунд Кананга бүс орчмын Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зарим гишүүн хүртэл байсан. Сүмийн зарим гишүүн цэрэг цагдаагийнханд алагдсан байв.

Бүх гудамж галын шугам болсон байсан учир Кананга дахь Нганза тойргийн Онорэ Мулумба ах болон түүний гэр бүлийнхэн хаашаа явахаа мэдэхгүйгээс байшиндаа нуугдсан цөөн хэдэн хүний тоонд орж байв. Нэгэн орой Мулумба ах болон түүний гэр бүлийнхнийг цэцэрлэгээс хүнсний ногоо олж ирэхээр гарч явахыг хөршийнд нь байрладаг цагдаагийн зарим эр анзаарчээ. Хэсэг цагдаа ирж, тэднийг гэрээс нь гаргаж, зэвсэгт хүчнийхээ зан үйлийг дагахыг сонго, эс тэгвээс үхэх болно гэж хэлсэн байна.

Мулумба ах “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн. Би болон миний гэр бүл Есүс Христийг хүлээн зөвшөөрдөг ба Түүнд итгэдэг. Бид гэрээнүүддээ итгэлтэй хэвээр үлдэж мөн үхэхийг хүлээн зөвшөөрөх болно” гэж зоригтойгоор хэлжээ.

Тэд “Та Есүс Христийг сонгосон болохоор таны биеийг ноход идэх болно” гэж хэлээд, эргэж ирнэ гэдгээ амлав. Гэхдээ тэд хэзээ ч эргэж ирээгүй бөгөөд гэр бүлийнхэн нь тэнд хоёр сар байхдаа дахин тэднийг хараагүй юм. Мулумба ах болон түүний гэр бүлийнхэн өөрсдийн итгэлийн бамбарыг асаасан хэвээр үлдсэн юм. Тэд гэрээнүүдээ санаж мөн хамгаалагдсан байсан.

Есүс Христ бол бидний мөнх бус амьдралдаа харанхуй үед ч барьж байх ёстой гэрэл юм (3 Нифай 18:24-ийг үзнэ үү). Бид Есүс Христийг дагахыг сонгох үедээ өөрчлөгдөхийг сонгодог. Христийн төлөө өөрчлөгдсөн хүн Христээр удирдуулж, мөн “Эзэн минь, Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?” гэсэн Паулын тавьсан асуултыг асуух болно (Үйлс 9:6). Бид “түүний мөрийг дагах болно” (1 Петр 2:21). Бид “Түүний явсанчлан … тийн явах учиртай” (1 Иохан 2:6). (Ezra Taft Benson, “Born of God,” Tambuli, Oct. 1989, 2, 6-г үзнэ үү.)

Та бид үхэшгүй байдлыг болон өргөмжлөлийн адислалуудыг авч болохын тулд бидний төлөө егүүтгэгдэж, оршуулагдан, гурав дахь өдрөө дахин босож ирэн, тэнгэрт дээшлэн одсон Түүнийг би гэрчилж байна. Тэр бол “гэрэл ба амь, мөн үнэн болой” (Ифер 4:12). Тэр бол төөрөлдсөн дэлхийн цорын ганц хариулт мөн цорын ганц эмчилгээ нь мөн. Тэр бол өргөмжлөлийн шилдэг жишиг, Есүс Христ юм. Есүс Христийн нэрээр, амен.