Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Бүлэг 27

Эцсийн өдрүүдэд харанхуй болон урвалт дэлхийг бүрхэх болно—Мормоны Ном ирэх болно—Гурван гэрч уг номыг гэрчлэх болно—Эрдэмт хүн тэрээр лацдагдсан номыг уншиж чадахгүй хэмээн хэлэх болно—Их Эзэн ер бусын ажил мөн гайхамшгийг үйлдэх болно—Исаиагийн 29 дүгээр бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэө 559–545 он.

1Гэвч, болгоогтун, эцсийн өдрүүдэд, өөрөөр хэлбэл харийнханы өдрүүдэд—тийм ээ, болгоогтун харийнханы бүх үндэстнүүд мөн түүнчлэн иудейчүүд, энэ газар дээр ирэх тэд мөн бусад газрууд дээр байх тэд аль аль нь, тийм ээ, бүр дэлхийн бүх нутгууд дээр, болгоогтун, тэд алдсуудад мөн бүх төрлийн жигшүүрт хэргүүдэд согтуурах бөлгөө—

2Мөн тэр өдөр ирэх болоход тэд аянга мөн газар хөдлөлт, мөн агуу дуу чимээ, мөн шуурга, мөн хуй салхи, мөн залгигч галтай түймрээр Түмний Их Эзэнээр зочлогдох болно.

3Мөн Сионы эсрэг тулалдах мөн түүнийг туйлдуулах бүх үндэстнүүд шөнийн үзэгдэл зүүд лугаа адил байх болно; тийм ээ, энэ нь тэдэнд, бүр зүүдлэх өлссөн хүний адил, мөн болгоогтун тэрээр идэх гэтэл тэрээр сэрнэ мөн түүний бодгаль хоосон байна, эсвээс зүүдлэх цангасан хүний адил, мөн болгоогтун тэрээр уух гэтэл тэрээр сэрнэ, мөн болгоогтун тэр харангадах болно, мөн бодгаль нь өлсгөлөн байх болно; тийм ээ, бүр Сион Уулын эсрэг тулалддаг бүх үндэстнүүдийн хүмүүс тийн байх болно.

4Учир нь болгоогтун, алдсыг үйлдэгч та нар бүгд, зогсоцгоо мөн гайхацгаа, өөрөөр хэлбэл та нар хашгирцгаана, мөн уйлах болно; тийм ээ, та нар согтох болно, харин дарсанд бус, та нар хөлчүүрхэх болно, харин хүчит ундаанд бус.

5Учир нь болгоогтун, Их Эзэн та нарын дээр гүн нойрны нөлөөг цутган юүлэх бөлгөө. Учир нь болгоогтун, та нар нүдээ аньж, мөн бошиглогчдыг эсэргүүцсэн; мөн та нарын алдсын учир та нарын захирагчид мөн үзмэрчдийг тэрээр халхалсан болой.

6Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан номны үгсийг та нарт авчрах болно, мөн тэдгээр нь үүрд нойрссон тэдний үгс байх болно.

7Мөн болгоогтун ном лацдагдах болно; мөн уг номонд Бурханаас өгсөн нэгэн илчлэлт байх болно, энэ дэлхийн эхлэлээс түүний төгсгөлийг хүртэлх буюу.

8Иймийн тул, лацдагдсан зүйлүүдийн учир, лацдагдсан зүйлүүд нь хүмүүсийн ёсон бус мөн жигшүүрт хэргийн өдөрт хүргэгдэхгүй бөлгөө. Иймийн тул уг ном тэднээс халхлагдах болно.

9Гэвч уг ном нэгэн хүнд хүргэгдэнэ, мөн тэрээр газар шороонд нойрссон тэдний үгс болох тэр номын үгсийг хүргэж, мөн тэрээр эдгээр үгсийг өөр нэгэнд хүргэх болно;

10Гэвч номыг хүргэхгүй бас лацдагдсан үгсийг тэрээр хүргэх нь үгүй. Учир нь уг ном Бурханы хүчээр лацдагдах болно, мөн лацдагдсан илчлэлт нь тэдгээр нь ирж болно гэсэн Их Эзэний өөрийнх нь тогтоосон цагийг хүртэл уг номонд хадгалагдах болно; учир нь болгоогтун, тэдгээр нь дэлхийн сууринаас түүний төгсгөл хүртэл бүх зүйлийг илчлэх болно.

11Мөн тэр номын лацдагдсан үгс дээвэр дээрээс уншигдах тэрхүү өдөр ирнэ; мөн тэдгээр нь Христийн хүчээр уншигдах болно; мөн хүмүүний үрсийн дунд байсан тэдгээр, мөн бүр дэлхийн төгсгөлийг хүртэл байх тэдгээр бүх зүйл хүмүүний үрсэд илчлэгдэх болно.

12Иймийн тул, миний ярьсан тэр хүнд уг ном хүргэгдэх тэр өдөр, уг ном дэлхийн нүднээс далдлагдах болно, тиймээс гурван гэрч үүнийг Бурханы хүчээр болгоохоос бусдаар нэг ч нүд үүнийг үзэх нь үгүй, уг ном хүргэгдэх түүнээс гадна буюу; мөн тэд уг номын мөн түүнд буй зүйлүүдийн үнэнийг гэрчлэх болно.

13Мөн Бурханы тааллын дагуу байх түүний үгийг хүмүүний үрсэд гэрчлэн өгүүлэх тэр цөөн хэдээс өөр үүнийг харах бусад нь үгүй; өөрөөр хэлбэл итгэлтний үгс нас барагсдаас мэт ярихыг Их Эзэн Бурхан хэлсэн болой.

14Иймийн тул, Их Эзэн Бурхан уг номын үгсийг урагш авчрахыг зорих болно; мөн тэрээр өөрийн үгийг байвал зохино хэмээсэн тооны гэрчүүдийн амаар нотлуулах болно; мөн Бурханы үгийг эсэргүүцэх түүнд халаг болох буюу.

15Гэвч болгоогтун, улиран тохиох дор Их Эзэн Бурхан уг номыг өгөөд, түүнд хэлнэ: Лацдагдаагүй эдгээр үгсийг авч мөн өөр нэгэнд хүргэ, тэрээр тэдгээрийг эрдэмт нэгэнд үзүүлж болохын тулд, хэлэх нь: Үүнийг унш, би танаас гуйя. Мөн эрдэмт тэр хэлнэ: Номыг нааш авчир, мөн тэдгээрийг би уншъя гэнэ.

16Мөн эдүгээ, дэлхийн алдар мөн эд хөрөнгө олохын тулд тэд үүнийг хэлэх болно, мөн Бурханы алдар суугийн төлөө бус болой.

17Мөн уг хүн хэлнэ: Би номыг авчирч чадахгүй, учир нь энэ нь лацдагдсан байна.

18Тэгэхэд эрдэмт нь хэлнэ: Би үүнийг уншиж чадахгүй.

19Иймийн тул улиран тохиох дор, Их Эзэн Бурхан номыг мөн түүний үгсийг суралцаагүй түүнд дахин хүргэх болно; мөн тэр суралцаагүй хүн хэлнэ: Бибээр суралцаагүй.

20Тэгэхэд Их Эзэн Бурхан түүнд хэлнэ: Эрдэмт нь тэдгээрийг үл уншина, учир нь тэд тэдгээрийг эсэргүүцэв, мөн би өөрийн ажлыг хийж чадна; иймийн тул чамд миний өгөх үгсийг чи унших болно.

21Лацдагдсан тэдгээр зүйлүүдэд бүү хүр, учир нь би тэдгээрийг өөрийн зохих цагт гарган авчрах болно; өөрөөр хэлбэл өөрийн ажлыг би өөрөө хийж чадна гэдгийг би хүмүүний үрсэд үзүүлэх болно.

22Иймийн тул, миний чамд зарлигласан тэдгээр үгсийг чи уншиж, мөн миний чамд амласан тэдгээр гэрчүүдийг авсны дараа, чи номыг дахин лацдана, мөн миний төлөө үүнийг далдлах болно, чиний уншаагүй үгсийг би өөрийн мэргэн ухаанд бүх зүйлийг хүмүүний үрсэд илчилбэл зохихыг хүртэл хадгалж болохын тулд буюу.

23Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан; мөн энэ дэлхийд би өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг би үзүүлэх болно; мөн тэдний итгэлийн дагуу байхаас бусдаар би хүмүүний үрсийн дунд ажиллах нь үгүй.

24Мөн түүнчлэн улиран тохиох дор Их Эзэн түүнд хүргэгдэх үгсийг унших түүнд ийн хэлэх болно:

25Энэ хүмүүс өөрсдийн амаар надад ойр болж, мөн тэдний уруул намайг алдаршуулна, харин зүрх сэтгэлээ надаас холдуулсан, мөн тэдний надад хандах айдас нь хүмүүний заавраар сургагдсаны хэрээр—

26Тиймийн тул, би энэ хүмүүсийн дунд гайхамшигт ажлыг, тийм ээ, ер бусын үйлийг мөн гайхамшгийг үйлдэхээр зорих болно, өөрөөр хэлбэл тэдний мэргэн ухаантны мөн суралцсаны ухаан нь мөхөх болно, мөн тэдний хэрсүү ухаантны ойлголт далдлагдах болно.

27Мөн өөрсдийн бодол зорилгыг Их Эзэнээс нуухаар гүнийг эрэлхийлэх тэдэнд халаг! Мөн тэдний ажлууд харанхуйд байдаг; мөн тэд хэлдэг: Хэн биднийг үзэж, мөн хэн биднийг мэдэх билээ? Мөн тэд түүнчлэн хэлдэг: Гарцаагүй зүйлийг урвуулан эргүүлэх тань ваарчны шавар адил үнэлэгдэх болно. Гэвч болгоогтун, би тэдэнд үзүүлэх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг, би тэдний бүх ажлыг мэднэ гэдгийг болой. Өөрөөр хэлбэл ажил нь үүнийг хийсэн эзнээ, тэрээр намайг хийгээгүй гэх хэрэг үү? Эсвэл аливаа үйлүүд нь үйлдэгсдээ тэрээр ойлголтгүй гэх хэрэг үү

28Түмний Их Эзэн хэлэв: Гэвч болгоогтун, Ливан шимт талбай болон хувиргагдах хүртэл бяцхан хугацаа үлдээд буйг би хүмүүний үрсэд үзүүлэх болно; мөн шимт талбай ой мэт үнэлэгдэх болно.

29Мөн тэр өдөр дүлий нь уг номын үгсийг сонсон, мөн хараагүй нэг нь тодорхой бус байдлаас ч, мөн харанхуйгаас ч харах болно.

30Мөн түүнчлэн номхон дөлгөөнчүүд нэмэгдэх болно, мөн тэдний баясал Их Эзэнд байх болно, мөн хүмүүний дунд ядуу нь Израилын Ариун Нэгэнд баясах болно.

31Учир нь Их Эзэн амьд нь эргэлзээгүйн адил тэд аймшигт нэгэн хий хоосонд авчрагдахыг харах болно, мөн элэглэгч нь үрэгдэхийг, мөн алдсыг хайгч тэд бүгд тусгаарлагдахыг болой;

32Мөн хүнийг үгээр нь хэрэгтэн болгогч, мөн олны нүдэн дээр зэмлэх түүнд урхи тавих тэднийг, мөн шударгыг хий хоосны тулд буцаах тэднийг болой.

33Тиймийн тул Иаковын угсааныхны талаар, Абрахамыг гэтэлгэсэн Их Эзэн тийн хэлэв: Иаков эдүгээ ичих нь үгүй, басхүү түүний нүүр цонхийсон байх нь ч үгүй болой.

34Гэвч тэрээр өөрсдийнх нь хүүхдүүд болох миний мутраар хийгдсэн ажлыг өөрсдийнхөө дунд байхыг хараад, тэд миний нэрийг бишрэн, мөн Иаковын Ариун Нэгэнийг биширч, мөн Израилын Бурханаас эмээх болно.

35Түүнчлэн сүнслэг байдалдаа алдаа хийгсэд, тэд ойлголтонд ирэх болно, мөн бувтнасан тэд сургаалыг суралцах болно.