2010–2019
Сүнслэг эрдэнэс
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Сүнслэг эрдэнэс

Та Их Эзэнд болон Түүний санваарын хүчинд итгэх итгэлээ хөгжүүлснээр Их Эзэний өгөхөөр бэлдсэн сүнслэг эрдэнэсийг ашиглах чадвар тань өсөн нэмэгдэнэ.

Гайхамшигтай дуу хөгжимд баярлалаа. Бид “Бурхан минь, бошиглогч илгээсэн танд талархъя” хэмээх дундын дууллыг дуулахаар босож зогсох үед надад ер бусын хүчтэй хоёр бодол орж ирлээ. Нэг нь энэ эрин үеийн бошиглогч Иосеф Смитийн тухай юм. Түүнийг гэсэн хайр, хүндлэл минь өдөр ирэх тусам өсөн нэмэгддэг. Хоёр дахь бодол нь намайг эхнэр, охид, зээ охид, зээнцэр охид руугаа харах үед орж ирсэн. Та нарын хүн нэг бүр миний гэр бүлийн нэг хэсэг гэдгийг хэлмээр санагдлаа.

Хэдэн сарын өмнө ариун сүмийн хишиг хүртэх ёслолын төгсгөлд би эхнэр Вэндидээ “Эгч нар ариун сүмд байдаг сүнслэг эрдэнэсээ ойлгодог байх гэж би найдаж байна” хэмээн хэлж билээ. Эгч нар аа, би үргэлж та нарын тухай боддог. Хоёр сарын өмнө би Вэндитэй хамт Пеннсильванийн Хармонид очихдоо ч бас бодож байсан.

Зураг
Аароны санваарын сэргээлт

Бид тэнд хоёр дахь удаагаа очсон бөгөөд хоёр удаа тэр ариун газраар алхаж явахад бидний сэтгэл ихэд хөдөлсөн юм. Хармонигийн ойролцоо Иохан Баптист Иосеф Смит дээр ирж, Аароны санваарыг сэргээжээ.

Зураг
Мелкизедек санваарын сэргээлт

Мөн тэнд төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар ирж, Мелкизедек санваарыг сэргээсэн.

Хармонид бошиглогч Мормоны Номыг орчуулж байх үед Эмма Хэйл Смит нөхрийнхөө анхны бичээчээр үйлчилсэн юм.

Мөн Хармонид Эммад хандсан, Их Эзэний тааллыг илэрхийлсэн илчлэлтийг Иосеф хүлээн авчээ. Их Эзэн судруудыг тайлбарлах, Сүмд ухуулах, Ариун Сүнсийг хүлээн авах, цаг заваа “ихийг суралцахад” зориулахыг Эммад зааварласан. Мөн Эммад “энэ дэлхийн зүйлсийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлсийг эрэлхийлж,” Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахигтун хэмээн зөвлөсөн билээ. Их Эзэн зааварчилгаагаа “Энэ бол бүгдэд хандах миний дуу хоолой болой”1 гэсэн няцаашгүй үгсээр төгсгөжээ.

Энэ газарт болсон бүхэн та нарын амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Санваарын сэргээлт Их Эзэний Эммад өгсөн зөвлөгөөтэй хамт та нарын хүн нэг бүрийг удирдаж, адисална. Санваарын сэргээлт ямар ч эрэгтэй хүнд чухал байдаг шиг эмэгтэй хүний тань хувьд бас чухал болохыг ойлгоосой гэж би маш их хүсдэг. Мелкизедек санваар сэргээгдсэн учраас гэрээгээ сахигч эмэгтэй, эрэгтэй хүмүүс бүгдээрээ “сүмийн сүнсний бүх адислалууд[ыг],”2 бидний хэлдгээр Их Эзэний Өөрийн хүүхдүүдэд бэлдсэн бүх сүнслэг эрдэнэсийг хүлээн авах боломжтой.

Бурхантай гэрээнүүд байгуулж, сахидаг, санваарын ёслолуудад зохистой оролцдог эмэгтэй, эрэгтэй хүн бүр Бурханы хүч чадлыг шууд хүлээн авах боломжтой. Их Эзэний өргөөнд хишиг хүртсэн хүмүүс гэрээнийхээ улмаас Бурханы санваарын хүчийн бэлгийг тэрхүү хүчийг хэрхэн ашиглах тухай мэдлэгийн бэлгийн хамт хүлээн авдаг.

Санваарын гэрээнүүдээс нь ирдэг Бурханы хүчний хишиг хүртсэн эмэгтэйчүүдэд санваар атгагч эрэгтэй хүмүүсийнхтэй адил тэнгэр нээлттэй байдаг. Би энэ үнэн та нарын амьдралыг өөрчилнө гэдэгт итгэж байгаа учраас энэ нь та нарын хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингээсэй гэж залбирч байна. Эгч нар аа, та нар гэр бүл, хайртай хүмүүстээ туслахын тулд Аврагчийн хүчийг байнга ашиглах эрхтэй.

Та “Гайхалтай сонсогдож байна. Гэхдээ би үүнийг хэрхэн хийх билээ? Би Аврагчийн хүчийг амьдралдаа хэрхэн олж авах вэ?” гэж бодож байж магадгүй.

Энэ үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарласан гарын авлага гэж байхгүй. Их Эзэний өөрийг тань мэдэж, бас хийгээсэй гэсэн зүйлсийг ойлгохыг эрэлхийлэх явцад Ариун Сүнс таны хувийн багш байх болно. Энэ үйл явц хурдан эсвэл амар хялбар биш хэдий ч сүнслэг байдлыг маань эрч хүчээр хангадаг. Бурханы хүч буюу санваарын хүчийг ойлгохын тулд Сүнстэй хамт хөдөлмөрлөхөөс илүү гайхалтай зүйл үгүй.

Өөрсдийн амьдралд Бурханы хүчийг ашиглахын тулд Их Эзэний Эммад болон та нарын хүн нэг бүрд зааварласан яг тэр зүйлс шаардлагатай гэдгийг би та нарт хэлж чадна.

Тиймээс би та нарыг Сургаал ба Гэрээний 25-р хэсгийг залбирч, судлан, Ариун Сүнсний та нарт заах зүйлсийг олж мэдээсэй гэж урьж байна. Өөрт өгөгдсөн хүч чадлыг олж авч, ойлгож, ашигласнаар хувийн сүнслэг байдлыг олох хичээл зүтгэл тань танд баяр хөөр авчирна.

Энэ хичээл зүтгэл танаас дэлхийн олон зүйлийг хойш тавихыг шаардах болно. Заримдаа бид дэлхий дээрх зөрчилдөөн, өргөн тархсан уруу таталт, хуурамч зарчмуудаас холдох талаар зүгээр нэг яриад өнгөрдөг. Гэвч жинхэнээсээ ийн үйлдэхийн тулд та амьдралдаа нарийн нягт, тогтмол дүн шинжилгээ хийдэг байх шаардлагатай. Ингэвэл Ариун Сүнс танд юу цаашид шаардлагагүйг, юу танд цаг зав, эрч хүчээ зарцуулахад зохистой биш болохыг хэлж өгнө.

Та дэлхийн сатааруулах зүйлсэд анхаарахаа болих үед одоо танд чухал мэт байгаа зарим зүйлийн ач холбогдол багасаж, гэм хоргүй мэт санагдах дэмий зүйлсийг хийхээ болино. Их Эзэнд амьдралаа зориулах энэхүү насан туршийн үйл явцыг эхлүүлж, цааш үргэлжлүүлснээр таны үзэл бодол, мэдрэмж, сүнслэг хүч чадалд гарах өөрчлөлтүүд таныг гайхшируулна!

Одоо сэрэмжлүүлэх цөөн үг хэлье. Бурханы хүчийг дуудах таны чадварыг үгүйсгэх хүмүүс байх болно. Таныг өөртөө эргэлзэхэд хүргэж, зөв шударга эмэгтэйн онцгой сүнслэг чадварыг тань багасгахыг хүсэх хүмүүс байх болно.

Таныг баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ, эсвэл Их Эзэний өргөө болох ариун сүмд хүлээн авсан, хүлээн авах гэж байгаа мэдлэг, хүч чадлын агуу чадавхаа ойлгоосой гэж дайсан хүсдэггүй нь тодорхой. Ариун сүмд зохистой үйлчилж, шүтэн бишрэх бүрдээ Бурханы сүр хүчээр зэвсэглэн, таны дээр “захирч байх” Түүний тэнгэр элчүүдийн хамт явдаг болохоо таныг ойлгож мэдээсэй гэж Сатан үнэхээр хүсдэггүй.3

Сатан болон түүний үйлчлэгчид таныг өөрт байгаа, адислагдаж болох сүнслэг бэлгүүдээ ойлгож ухаарахад саад болохыг байнга хичээх болно. Харамсалтай нь, зарим саад бэрхшээл өөр хүний болчимгүй үйлдлээс үүсдэг. Та нарын хэн нэгнийг санваарын удирдагч үл тоомсорлосон юм уу танд итгээгүй гэж бодохоор, эсвэл эр нөхөр, эцэг, найз гэж бодсон хүмүүс тань дарамтлан хүчирхийлж, хуурч мэхэлсэн гэж бодохоор сэтгэл минь өвддөг. Та нарын зарим нь гадуурхагдаж, үл хүндлэгдэж, буруугаар ойлгогдсонд би маш их харамсаж байна. Ийм гэм нүглүүд Бурханы хаант улсад орших газаргүй.

Нөгөө талаас, тойрог, гадасны зөвлөлүүдэд эмэгтэйчүүдийг оролцуулахыг хичээнгүйлэн эрэлхийлдэг санваарын удирдагчдын талаар олж мэдэхдээ би баяртай байдаг. Санваарын хамгийн чухал үүрэг нь эхнэртээ анхаарал халамж тавих явдал гэдгийг нотлон харуулдаг эр нөхрүүдээс би урам зориг авдаг.4 Эхнэрийнхээ илчлэлт хүлээн авах чадварыг ихэд хүндэлж, түүнийг эрх тэгш хамтрагчийнх нь хувьд эрхэмлэн хайрладаг ямар ч эрийг би сайшаан магтана.

Үнэнч шударга, эрэлхийлэгч, хишгээ хүртсэн хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйн сүр жавхлан, хүч чадлыг ухаарсан ямар ч эр хүн эхнэрээ өрөөнд орж ирэхэд нь босож зогсон хүндэтгэл үзүүлэх ёстой мэт санагддагт гайхах хэрэггүй!

Цагийн эхлэлээс эмэгтэй хүмүүс зөвийг буруугаас ялгах чадвар буюу ёс суртахууны онцгой луужингаар адислагдсаар ирсэн. Энэ бэлэг нь гэрээ байгуулж, түүнийгээ сахигчдад илүү ихээр өгөгдөж, харин Бурханы зарлигуудыг зориуд үл хайхрагчдад багасаж ирдэг юм.

Бурхан эрэгтэй хүмүүсээс зөв бурууг ялгахыг бас шаарддаг бөгөөд би үүнээс ямар нэгэн байдлаар тэднийг чөлөөлөөгүй гэдгээ нэмж хэлмээр байна. Хайрт эгч нар аа, алдаанаас үнэн мөнийг ялгах, нийгмийн ёс суртахууныг хамгаалдаг байх та нарын чадвар энэ хожмын өдрүүдэд амин чухал байна. Бид та нарыг бусдад тийн үйлдэхийг заана гэдэгт найддаг. Хэрэв энэ дэлхий дээрх эмэгтэйчүүдийн ёс суртахууны зөв шударга байдал алдагдвал дэлхий хэзээ ч ахиж сайжрахгүй гэдгийг би шулуухан хэлье.

Хожмын үеийн гэгээнтэн бид дэлхийнх биш, харин Израилын гэрээт хүмүүс билээ. Бид хүмүүсийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхээр дуудагдсан.

Би эмэгтэйчүүд болон санваарын талаар хэдэн зүйлийг нэмж тодруулахыг хүсэж байна. Бишоп, гадасны ерөнхийлөгч гэх мэт санваарын түлхүүрийг атгагч нэгний удирдлаган доор дуудлагад үйлчлэхээр адислагдахад, тухайн дуудлагыг хийж гүйцэтгэх санваарын эрх мэдэл танд өгөгддөг.

Үүнтэй адил, та ариун сүмд орох бүрдээ санваарын ёслолуудыг гүйцэтгэх бүрэн эрхтэй. Ариун сүмийн хишиг тань таныг ийн үйлдэхэд бэлтгэдэг.

Та хишгээ хүртсэн боловч санваар атгагч эрэгтэй хүнтэй гэрлээгүй бөгөөд хэн нэгэн нь танд “Танай гэрт санваартан байдаггүй нь харамсалтай” гэж хэлбэл энэ нь буруу ташаа гэдгийг ойлгоорой. Танай гэр оронд санваар атгагч байхгүй байж болно. Гэхдээ та Бурханы ариун сүмд Түүнтэй ариун нандин гэрээнүүдийг хүлээн авч мөн байгуулсан. Тэдгээр гэрээнээс Түүний санваарын хүчний хишиг танд цутган орж ирдэг. Мөн таны нөхөр нас барвал та гэр орноо тэргүүлэх болно гэдгийг сана.

Зөв шударга, хишгээ хүртсэн хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйн хувьд та Бурханаас өгөгдсөн хүч, эрх мэдлээр ярьж, заадаг. Зөвлөгөө эсвэл харилцан ярианы аль алинд, Христийн сургаалыг заахад таны дуу хоолой бидэнд хэрэгтэй байна. Гэр бүл, тойрог, гадасны зөвлөлүүдэд таны хувь нэмэр хэрэгтэй байна. Таны оролцоо нэн чухал бөгөөд хэзээ ч энэ нь талаар өнгөрөхгүй!

Хайрт эгч нар аа, таныг бусдад үйлчлэх үед хүч чадал тань өсөн нэмэгдэх болно. Таны залбирал, мацаг, судар судлахад зориулдаг цаг, ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажил дахь үйлчлэл танд тэнгэрийг нээж өгөх болно.

Санваарын хүчийн талаар өөрийн олж чадах бүх үнэнийг залбирч судлахыг би та нараас гуйж байна. Та нар Сургаал ба Гэрээний 84, 107-р хэсгүүдийг эхлээд судлаарай. Энэ хэсгүүд та нарыг өөр шүлгүүд рүү аваачна. Судар болон өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн зааврууд эдгээр үнэнээр дүүрэн байдаг. Таны ойлголт нэмэгдэж, та Их Эзэнд болон Түүний санваарын хүчинд итгэх итгэлээ хөгжүүлснээр Түүний бэлдсэн энэхүү сүнслэг эрдэнэсийг ашиглах чадвар тань өсөн нэмэгдэнэ. Ингэснээр, та нар нэгдмэл бөгөөд Их Эзэний ариун сүмд лацдан холбогдсон, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийг хайрлах хайраар дүүрэн мөнхийн гэр бүлийг үүсгэхэд илүү сайн тусалж чадах болно.

Нэг нэгэндээ тохинуулах, сайн мэдээг тунхаглах, гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх, нас барагсдыг гэтэлгэх бидний бүхий л хүч чармайлт ариун сүмд нэгдэн холбогддог. Одоо бид дэлхий даяар 166 ариун сүмтэй болсон ба нэмж олныг барьж байгаа.

Та нарын мэдэж байгаачлан, Солт Лэйк ариун сүм, Ариун сүмийн талбай, Сүмийн албаны байртай залгаа төвийн өөрчлөн шинэчлэх ажил энэ оны сүүлээр эхэлнэ. Энэ ариун сүм энэ үед бидэнд нөлөөлсний адилаар ирээдүй хойч үед сүнслэгээр нөлөөлөхийн тулд хадгалан хамгаалагдаж, бэлтгэгдэх ёстой.

Сүм өсөж хөгжихийн хэрээр олон ариун сүм шинээр баригдаж, илүү олон гэр бүл бүх адислалаас хамгийн агуу нь болох мөнх амьдралыг авах боломжтой болно.5 Бид ариун сүмийг Сүмийн хамгийн ариун нандин газар хэмээн үздэг. Шинэ ариун сүм барих төлөвлөгөөгөө танилцуулах бүрд энэ нь бидний түүхийн нэг чухал хэсэг болдог билээ. Энэ үдэш бидний ярьсанчлан, эгч нар та бүхний оролцоо ариун сүмийн ажилд амин чухал бөгөөд та нарын хамгийн чухал ач холбогдолтой сүнслэг эрдэнэсээ хүлээн авах газар бол ариун сүм юм шүү.

Одоо намайг найман шинэ ариун сүм барих төлөвлөгөөг зарлах үед анхааралтай хийгээд хүндэтгэл бишрэлтэй сонсоно уу. Хэрэв та нарын хувьд онцгой санагдах газарт ариун сүмийг зарлах юм бол зүрхэндээ талархан, толгойгоо бөхийлгөн залбирахыг зөвлөж байна. Бид дараах байршлуудад ариун сүмүүд барих төлөвлөгөөгөө танилцуулж байгаадаа баяртай байна. Сьерра Леонын Фритаун, Ютагийн Орем, Папуа Шинэ Гвинейн Порт-Морсби, Арканзасын Бэнтонвилл, Филиппинийн Баколод, Техасын Макаллэн, Гватемалын Кобан, Ютагийн Тэйлорсвилл. Баярлалаа, хайрт эгч нар аа. Эдгээр төлөвлөгөөг анхааралтай сонсож, хүндэтгэл бишрэлтэй байсанд тань бид гүнээ талархаж байна.

Одоо эцэст нь, би та бүхэнд өөрт өгөгдсөн санваарын хүчийг ухаарч ойлгон, Их Эзэнд болон Түүний хүчинд итгэх итгэлээ хөгжүүлснээр та тэрхүү хүчийг өсгөн нэмэгдүүлэх болтугай хэмээх адислалыг үлдээмээр байна.

Хайрт эгч нар аа, би та нарыг гүнээ хүндэтгэж, талархаж, хайрлаж явдаг гэдгээ илэрхийлье. Бурхан амьд гэдгийг би даруухнаар тунхаглаж байна. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.