2010–2019
Хувиршгүй бөгөөд бат бөх итгэл найдвар
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Хувиршгүй бөгөөд бат бөх итгэл найдвар

Их Эзэнд найдна гэдэг нь Түүний цаг хугацаанд итгэн, амьдралын шуургыг даван гарах тэсвэр тэвчээртэй байхыг шаарддаг.

Манай хүү Дан Африкт номлолд байхдаа хүндээр өвдөөд, хангамж, нөөц боломж муутай нэгэн эмнэлэгт хүргэгдсэн юм. Өвдсөнөөсөө хойш бичсэн анхны захиаг нь уншихдаа бид хүүгээ сэтгэлээр унасан байгаа байх гэж бодтол тэр “Би түргэн тусламжийн өрөөнд хэвтэж байхдаа хүртэл амар амгаланг мэдэрсэн. Би амьдралдаа хэзээ ч ингэж хувиршгүй бөгөөд бат бөх аз жаргалтай байж үзээгүй” гэж бичсэн байв.

Энэ үгсийг уншаад, эхнэр бид хоёрын сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Хувиршгүй бөгөөд бат бөх аз жаргал. Аз жаргалыг ингэж дүрсэлж байхыг бид хэзээ ч сонсож байгаагүй ч түүний үгс үнэн байв. Хүүгийн минь дүрсэлсэн аз жаргал бол зүгээр л таатай мэдрэмж эсвэл сэтгэл хөөрөл биш, харин өөрсдийгөө Бурханаар хүрээлүүлж, бүх зүйлд 1Түүнд итгэх үед ирдэг амар амгалан, баяр баясгалан гэдгийг бид мэддэг. Амьдрал хүнд хэцүү, тодорхой бус үед ч гэсэн Бурхан бидний бодгальд амар амгаланг өгч, Христэд найдах болгосон цаг мөч бидний амьдралд бас байсан.2

Хэрэв Адам, Ева хоёр унаагүй байсан бол “тэд зовлонг мэдээгүйн учир, баяр баясал үгүй, гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан. ...

Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.

Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө”3 хэмээн Лихай заасан.

Хачирхалтай нь, хэрэв бид Их Эзэнд мөн Түүний төлөвлөгөөнд итгэх юм бол зовлон зүдгүүр, уй гашуу биднийг баяр баясгаланг мэдрэхэд бэлтгэж байдаг юм. Энэ үнэнийг 13-р зууны нэгэн яруу найрагч маш сайхан илэрхийлсэн байдаг. “Уй гашуу таныг баяр баясгаланд бэлтгэдэг. Энэ нь шинэ баяр баясгаланд орон зайг нь бэлдэж өгөхийн тулд гэрийн чинь бүх зүйлийг хүчтэй шүүрдэн гаргадаг. Энэ нь шинэ ногоон навч ургуулахын тулд зүрхний тань мөчир дээрх шарласан навчсыг сэгсэрдэг. Энэ нь дарагдсан шинэ үндэснүүдэд завсар зай гаргаж өгөхийн тулд ялзарсан үндэснүүдийг суга татдаг. Зүрх сэтгэлээсээ сэгсрэн гаргасан ямар ч уй гашууны орон зайг илүү сайн зүйлүүд эзэлнэ.”4

Ерөнхийлөгч Расселл М.Нэлсон “Түүний баяр баясгалан хувиршгүй бөгөөд бидний‘зовлон зүдгүүрүүд … хэсэг хугацаанд байх болно,’ [Сургаал ба гэрээ 121:7] мөн бидний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно” хэмээн тайвшруулдаг. 5 Зовлон зүдгүүрүүд маань биднийг илүү агуу баяр баясалыг мэдрэх боломж олгоно.6

Сайн мэдээний сайн сайхан мэдээлэл болгон уй гашуу, зовлон зүдгүүрээс ангид байдаггүй, харин уй гашуу, зовлон зүдгүүр нь “Христийн баясалд автагдаж”7 болох зорилго, утга учраар дүүрэн амьдралыг амладаг. “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан”8 хэмээн Аврагч тунхаглажээ. Түүний сайн мэдээ бол найдварын захиас билээ. Уй гашуу нь Есүс Христэд найдах найдвартай нэгдэн, үүрд баяр баясгалантай байх амлалтыг өгдөг.

Бид жаредчуудын амлагдсан газар луу хийсэн аяллын түүхийг өөрсдийн мөнх бус амьдралын аялалтай зүйрлэн ашиглаж болно. Их Эзэн Жаредын ахад болон түүний хүмүүст “Би чиний өмнө дэлхийн бүх газруудаас дээгүүрт сонгомол тэр нутаг тийш явах болно”9 хэмээн амласан. Тэрээр далайн хөлгүүд барьж босгохыг тэдэнд зарлигласан ба тэд Их Эзэний заавраар дуулгавартай ажиллан, хөлгүүдийг босгожээ. Гэвч ажил өрнөх явцад Жаредын ах Их Эзэний хөлгийн загвар хангалттай сайн биш байгаад санаа нь зовж эхлэв. Тэрээр:

“Ай Их Эзэн, таны надад зарлигласан ажлыг би гүйцэлдүүлэв, мөн би таны заасны дагуу хөлгүүдийг бүтээлээ.

Мөн болгоогтун, Ай Их Эзэн, тэдэн дотор гэрэл үгүй болой.”10

Ай Их Эзэн, бид энэ их усыг харанхуйд гатлахыг та зөвшөөрнө гэж үү?”11 гэж хашхирчээ.

Та нар хэзээ нэгэн цагт Бурханд ийнхүү зүрх сэтгэлээ нээж үзсэн үү? Их Эзэний зарлигласны дагуу амьдрахаар хичээсээр байхад зөв шударга шаардлагууд тань хангагдахгүй байвал энэ амьдралыг харанхуйд туулах ёстой юу гэж танд бодогдож байсан уу?12

Үүний дараа Жаредын ах хөлөг дээр амьд үлдэж чадах эсэхэд илүү их санаа зовж байгаагаа илэрхийлдэг. Тэрээр: “Мөн бид дотор нь буй агаараас өөр амьсгалах зүйл үгүйн учир, түүнчлэн бид үрэгдэх буюу”13 гэж хэлсэн. Амьдралын зовлон бэрхшээлд амьсгал тань давчдан, тэнгэр дэх гэртээ хэрхэн эргэж очих талаар бодох нь байтугай, яаж энэ өдрийг давж гарах билээ гэж танд бодогдож байсан уу?

Их Эзэн Жаредын ахтай хамт асуудал болгоныг нь шийдвэрлэснийхээ дараа “Би та нарыг далайн давалгаа, мөн урагш түрэх салхи, мөн ирэх үерийн эсрэг [арга зам] эс бэлтгэх аваас та нар энэхүү агуу гүнийг гаталж эс чадна”14 гэж тайлбарлажээ.

Эцсийн эцэст Их Эзэний тусламжгүйгээр жаредчууд амлагдсан газарт очиж чадахгүй болохыг Тэрбээр ойлгуулсан. Тэд хөлгөө залахгүй байсан тул агуу гүн усыг гатлах цорын ганц арга зам нь Түүнд итгэн найдах явдал байв. Эдгээр үйл явдал болон Их Эзэний сургамж заавар Жаредын ахын итгэлийг гүнзгийрүүлж, Их Эзэнд найдах найдварыг нь хүчирхэгжүүлсэн болов уу.

Залбирлууд нь түүнд байсан асуулт, санаа зовоож байсан зүйлүүдийг нь хэрхэн итгэл, найдварын илэрхийлэл болгон өөрчилснийг харна уу.

“Ай Их Эзэн, та бүх хүчийг эзэмшдэг, мөн хүмүүний тусын тулд та ямарвааг хийж чадна гэдгийг би мэднэ. ...

Болгоогтун, Ай Их Эзэн, та үүнийг хийж чадна шүү дээ. Та, хүмүүсийн ойлголтонд өчүүхэн мэт харагддаг агуу хүчийг үзүүлж чадахыг бид мэднэ.”15

Дараа нь жаредчуудыг ”усан онгоцон дээрээ гарцгаан, мөн өөрсдийгөө Их Эзэн Бурхандаа даатгаад далайд хөвж одов”16 хэмээн цэдэглэсэн байдаг. Даатгах гэдэг нь хүлээлгэн өгөх эсвэл бууж өгөх гэсэн утгатай. Жаредчууд аялал нь яг хэрхэн явагдахыг мэдэж байсан болохоор хөлөг онгоцон дээр гараагүй. Тэд Их Эзэний хүч чадал, сайн сайхан, нигүүлсэлд итгэн найдаж сурсан болохоор мөн ийн Их Эзэний мутарт өөрсдийгөө болон тэдэнд байсан бүх эргэлзээ, айдсаа хүлээлгэн өгөхөд бэлэн байсан учраас онгоцонд суусан.

Саяхан манай ач хүү Абэ дээш доош болдог морин тойруулга тоглоом дээр суухаас айж, хөдөлдөггүй тоглоом дээр суухыг хүссэн. Эмээ нь түүнд морин тойруулгыг аюулгүй гэж хэлж ятгасны эцэст тэр эмээдээ итгэж, тоглоом дээр суугаад, нүүр дүүрэн инээмсэглэн, “Би айж байгаа ч үүн дээр тоглоно” гэж хэлсэн. Жаредчуудад ийм л мэдрэмж төрсөн байх. Бурханд итгэж найдах нь заримдаа эхлээд аюултай мэт санагдаж болох ч дараа нь баяр баясгалан авчирдаг.

Зураг
Абэ морин тойруулга тоглоом дээр

Жаредчуудын хувьд аялал нь амархан байгаагүй юм. “Тэдний дээр задрах уулс мэт давалгаануудаас ... болон далайн гүнд тэд олонтаа автагдсан бөлгөө.”17 Гэсэн ч “салхи [тэднийг] амлагдсан нутаг тийш үлээхээ хэзээ ч зогссонгүй”18 хэмээн цэдэглэгдсэн байдаг. Ялангуяа бидний амьдралд хүчтэй хар салхи, ширүүн давалгаа болж байхад үүнийг ойлгоход амаргүй ч Бурхан Өөрийн хязгааргүй сайн сайхнаар үргэлж биднийг гэр лүү маань чиглүүлэн үлээдгийг мэдээд, бид тайтгарч болно.

Цааш нь “Тэд урагш туугдаж байв; мөн далайн ямар ч мангас тэднийг сүйтгэж, ямар ч халим тэднийг гэмтээж чадсангүй; мөн тэд усан дээр ч, мөн усан дор ч байсан тэд үргэлжид гэрэлтэй байлаа”19 гэж цэдэглэгджээ. Бид үхэл, бие махбодын болон сэтгэцийн өвчин, бүх төрлийн зовлон бэрхшээлийн асар том давалгаа бидний дээр бууж ирдэг дэлхийд амьдарч байна. Гэсэн ч Есүс Христэд итгэж, Түүнд итгэн найдахыг сонгосноор бид ч гэсэн усан дээр ч мөн доор ч үргэлж гэрэлтэй байх боломжтой. Бурхан тэнгэрлэг гэр лүү маань биднийг чиглүүлэхээ хэзээ ч зогсохгүй гэсэн хөдөлшгүй баталгааг бид авч болно.

Жаредчууд хөлөг онгоцтойгоо шидэгдэн явахдаа “Их Эзэнийг магтан дуулж байв; ... мөн бүх л өдрийн турш Их Эзэнд талархан мөн магтаж байв, мөн шөнө болоход, тэд Их Эзэнийг магтахаа зогссонгүй.”20 Тэд зовлон бэрхшээлтэй байхдаа ч баяр баясгаланг мэдэрч, талархаж байсан. Амлагдсан нутагт арай очоогүй байсан ч Их Эзэнд хувиршгүй бөгөөд бат бөх итгэж найдаж байсан учраас тэд амлагдсан адислалууддаа баярлаж байв.21

Жаредчууд 344 хоног усан дээр урагш туугджээ.22 Та үүнийг төсөөлж байна уу? Их Эзэнд найдна гэдэг нь Түүний цаг хугацаанд итгэн, амьдралын шуургыг даван гарах тэсвэр тэвчээртэй байхыг шаарддаг.23

Эцэст нь жаредчууд “амлагдсан нутгийн эрэгт газардав. Мөн амлагдсан нутгийн эрэгт тэд хөл тавиад, тэдэнд түүний үзүүлсэн эрхэм их нигүүлслийн улмаас, тэд газрын гадаргуу доош өөрсдөө мэхийн, Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, мөн Их Эзэний өмнө баяр хөөрийн нулимс дуслуулсан бөлгөө.”24

Хэрэв гэрээгээ итгэлтэй сахих юм бол бид ч гэсэн нэгэн өдөр гэртээ аюулгүй харьж, Их Эзэний өмнө бөхийн, амьдралд маань үзүүлсэн Түүний олон тооны нигүүлсэлд, тухайлбал илүү их баяр баясгаланд орон зай гаргахаар уй гашууд автсаныхаа төлөө баярын нулимс унагах болно.25

Хэрэв бид Есүс Христэд болон бидний амьдралд зориулсан тэнгэрлэг зорилгод хувиршгүй бөгөөд бат бөх итгэлтэй байж өөрсдийгөө Их Эзэнд даатгавал Тэрээр бидэнд итгэл хайрлаж, бодгальд маань амар амгаланг өгч, Өөрөөр нь “дамжин ирэх чөлөөлөлтөндөө найдах”26 найдварыг өгнө гэдгийг би гэрчилж байна.

Есүс бол Христ гэдгийг би гэрчилж байна. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм.”27 Түүний ач ивээл та нарт хангалттай ба аврах хүч чадалтай. 28 Тэр бол дэлхийн гэрэл, амьдрал, итгэл найдвар.29 Тэрбээр биднийг мөхүүлэхгүй.30 Есүс Христийн нэрээр, амен.