2010–2019
Түүний нэрийг эрхэмлэн дээдлэх нь
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Түүний нэрийг эрхэмлэн дээдлэх нь

Гэрээгээр хэн болж, хэнд харьяалагдах болсноо илэрхийлэн бид Есүс Христийн нэрээр дуудагддаг.

Эцэг эхчүүд хүүхдээ төрөхийг баярлан хүлээхдээ, шинэ хүүхдэдээ нэр сонгох үүрэг хүлээдэг. Магадгүй таныг төрөхөд ч гэсэн үе удам дамжиж ирсэн гэр бүлийнхээ нэрийг өгсөн байж болох юм. Эсвэл танд өгсөн нэр тэр жилд эсвэл төрсөн бүс нутагт тань нийтлэг тархсан нэр байсан байж магадгүй.

Бошиглогч Хиламан эхнэртэйгээ хамт нялх хөвгүүд Нифай, Лихай хоёртоо гэр бүлийнхээ утга учиртай нэрийг өгсөн. Хиламан хожим хөвгүүддээ:

“Анхны эцэг өвгөдийнхөө нэрсийг би та нарт өгсөн билээ … та нар өөрсдийн нэрсийг санахдаа тэднийг санаж болно хэмээн; мөн та нар тэднийг санахдаа та нар тэдний үйлүүдийг санаж болно … тэдгээр нь сайн байсан гэдэг нь хэлэгдэж, мөн түүнчлэн бичиглэгдсэнийг мэдэж болно.

Тиймийн тул, хөвгүүд минь, сайн болох түүнийг та нар үйлдээсэй хэмээнэ би”1 хэмээн хэлсэн байдаг.

Нифай, Лихай хоёрын нэр өвөг дээдсийнхээ сайн үйлүүдийг санахад нь тусалж мөн сайн үйлс хийхэд тэднийг урамшуулдаг байв.

Эгч нар аа, бид бүгд хаана амьдардаг, ямар ч хэлээр ярьдаг бай, 8 настай эсвэл бүр 108 настай ч бай, эдгээртэй ижил зорилгыг агуулсан онцгой нэрээр дуудагддаг.

“Христэд баптисм хүртсэн [бид] бүгдээрээ Христийг өмссөн юм … Учир нь [бид] бүгд Христ Есүс дотор нэг болой.”2

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд бид “юуны өмнө Христийн нэрийг өөрсөд дээрээ авах хүсэлтэй байгаагаа амла[ж], үүнийгээ баптисмын ёслолоор баталдаг.”3 Уг гэрээгээр бид Түүнийг үргэлж санаж, Түүний зарлигуудыг дагана, бусдад үйлчилнэ хэмээн амладаг. Энэ гэрээг сахих хүсэл зориг маань биднийг Хүндэтгэлийн өдөр ариун ёслолоос хүртэх үед шинэчлэгдэж, “шинэ амийн дотор явах” адислалд эргээд баяр хөөртэй болцгоодог.4

Төрөхдөө авсан нэр маань хувь хүний хувьд бидний хэн болохыг илэрхийлдэг ба газар дэлхий дээрх гэр бүлд маань харьяалуулдаг. Харин баптисм хүртэж, “дахин төрөх” үед бидний хэн болох талаарх ойлголт өргөжин тэлдэг. “Та нарын хийсэн гэрээний учир та нар … Христийн хүүхдүүд гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, … та нарыг оюун санаагаар тань төрүүллээ; учир нь та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн бөлгөө.”5

Иймд бид гэрээгээр хэн болж, хэнд харьяалагдах болсноо илэрхийлэн, Есүс Христийн нэрээр дуудуулдаг. Мөн “хүмүүний үрсэд аврал ирж чадах тэр нэгээхэн ч өөр нэр өгөгдөхгүй, басхүү нэгээхэн ч өөр зам, мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн Төгс Хүчит Их Эзэн, Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу.”6

Христийн нэрийг Түүнийг төрөхөөс өмнө мэддэг байсан. Хаан Бенжаминд тэнгэр элч “Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, … мөн түүний эх Мариа гэгдэх болно”7 хэмээн бошиглосон байдаг. Бурханы хүүхдүүдэд “нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг”9 мэдүүлэх зорилгоор Түүний “гэтэлгэлийн хайрын”8 ажлыг газар дэлхий дээр сайн мэдээ байсан бүхий л цаг үед Адам, Ева хоёроос эхлэн өнөөг хүртэл мэдүүлсээр иржээ.

Өнгөрсөн жил ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эгч нарт хандаж, “тараагдсан Израилыг цуглуулахад тусалснаар ирээдүйн зүг чигийг тодорхойлох” “бошиглолын гуйлтыг” хүргэсэн билээ. Тэрээр биднийг Мормоны Номоо уншиж, “Аврагчийн талаар ярьж, дурдаж буй шүлэг бүрийг тэмдэглэхэд” урьсан. Тэр биднээс “Гэр бүл, найз нөхөдтэйгөө Христийн тухай ярьж, Христэд баясаж мөн Христийн талаар номлоход санаачилга гаргаарай” гэж хүссэн. Магадгүй та нар “та … тэдэнтэй хамт Аврагчид илүү ойртох болно. Мөн өөрчлөлтүүд, бүр гайхамшиг ч тохиолдож эхлэх болно”10 гэсэн түүний өгсөн амлалтын үр жимсийг үзэж эхэлсэн байх аа.

Аврагчийг үргэлж дурсан санах амлалт нь олон хүн цугларсан газарт эсвэл үйлдлийг маань Бурханаас өөр хэн ч үл харж чадах хүнгүй газарт ч гэсэн үнэн болон зөв шударгын төлөө зогсох хүчийг бидэнд өгдөг. Түүнийг болон өөрсдөдөө авсан Түүний нэрийг санаж байх юм бол бидэнд өөрсдийгөө дорд үзэн харьцуулах эсвэл хэт дөвийлгөн үнэлэх шаардлага гарч ирдэггүй билээ. Харцаа Аврагч өөд чиглүүлэх юм бол бид өөрсдийгөө яг хэн болохыг, тухайлбал Бурханы хайрт хүүхэд гэдгээ хардаг.

Гэрээгээ санаж явах нь дэлхийн зүйлст санаа зовохыг багасгаж, өөртөө итгэлгүй байдлыг эр зориг болгон хувиргаж, сорилт бэрхшээл ирэх үед итгэл найдварыг бидэнд өгдөг юм.

Бид гэрээний зам дээрээ хөгжин дэвжиж явахдаа бүдрэх аваас бид зөвхөн Түүний нэрийг мөн Түүний бидэнд үзүүлдэг өгөөмөр хайрыг санадаг байх ёстой. “Учир нь түүнд бүх хүч чадал, бүх мэргэн ухаан, мөн бүх ойлголт байдаг, тэрээр бүх зүйлийг ухаардаг мөн наманчлах мөн түүний нэрэнд итгэдэг тэд[энд] … нигүүлсэнгүй Нэгэн бөлгөө.”11 Үнэхээр харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр “илүү сайныг хийж, илүү сайн байхыг”12 эрэлхийлдэг хүмүүсийн хувьд Есүсийн нэрээс өөр эгшиглэнт сайхан зүйл үгүй билээ.

Ерөнхийлөгч Нэлсон “Нам тайван, тав тухтай байдлаар Христэд итгэгч байх өдрүүд тань нэгэнт өнгөрсөн. Таны шашин бол зөвхөн ням гарагт Сүм дээр үзэгдээд өнгөрдөг төдий зүйл биш юм. Энэ нь ням гаргийн өглөөнөөс эхлэн бямба гаргийн шөнийг хүртэл үнэнч шавь гэдгээ харуулахыг хэлнэ. … Их Эзэн Есүс Христийн ‘хагас цагийн’ шавь гэсэн ойлголт байдаггүй”13 гэж заажээ.

Христийн нэрийг өөр дээрээ авах бидний хүсэл бол албан ёсны хэдэн үг солилцохоос илүү чухал зүйл юм. Энэ нь идэвхгүй амлалт эсвэл соёлын зохиомол ойлголт биш. Энэ нь ёслол эсвэл бидний зүүдэг нэрийн тэмдэг ч биш юм. Энэ нь зүгээр нэг тавиур дээрээ тавьдаг эсвэл ханандаа өлгөдөг хэллэг биш юм. Түүний нэрийг бид “өмсөж,”14 зүрхэндээ сийлж, “төрхөнд[өө] шингээсэн”15 байх ёстой.

Аврагчийн цагаатгагч золиосыг бид бодох, үйлдэх, бусадтай харилцахдаа үргэлж санадаг байх ёстой. Тэрээр бидний нэрээс гадна бидний хэн болохыг үргэлж санадаг билээ. Аврагч:

“Учир нь бүсгүй хүн хөхүүл хүүхдээ мартаж, хэвлийнээсээ унасан хүүгээ тэр өрөвдөн хайрлахгүй байж чадна гэж үү? Тийм ээ, тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй, Ай Израилын угсаа.

Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн”16 хэмээн тунхагласан.

Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит “Өөр дээрээ авсан нэрээ эрхэмлэн дээдэл. Яагаад гэвэл, нэг л өдөр та нарт … Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө … [тэдгээр нэрээр] юу хийснээ тайлагнах онцгой боломж, үүрэг өгөгдсөн билээ”17 гэж заажээ.

Нифайн болон Лихайн нэрийг утга учиртай сонгосны адилаар биднийг Их Эзэн Есүс Христийн үнэнч шавь хэмээн нэрлэж мөн бичиж болохоор байна уу? Өөр дээрээ дуртайяа авсан Есүс Христийн нэрийг бид хүндэлдэг үү? Бид Түүний өгөөмөр хайрын сэтгэл болон гэтэлгэх хүчнийх нь “үйлчлэгч ба гэрч”18 байж чадаж байна уу?

Саяхан би Мормоны Номыг сонсож байлаа. 2 Нифайн сүүлчийн бүлэгт өмнө нь хэзээ ч тийм утгаар уншиж байгаагүй тийм нэгэн зүйлийг Нифай хэлэхийг би сонссон юм. Энэ бүхэл цэдгийн туршид тэрээр “Гэтэлгэгч,” “Израилын Ариун Нэгэн,” “Бурханы Хурга,” “Мессиа” хэмээн зааж мөн гэрчилсэн байлаа. Харин цэдгийг дуусгахдаа тэрээр: “Би тодорхой байдлыг бахаднам; би үнэнийг бахаднам; би өөрийн Есүсийг бахаднам, учир нь тэр бодгалийг минь тамаас гэтэлгэсэн билээ”19 хэмээн хэлэхийг би сонсов. Эдгээр үгийг сонсоход зүрх сэтгэл минь баясаж, би үүнийг ахин дахин сонссон. Би өөрийнхөө нэрийг таньж, түүнд хариулдаг шиг энэ шүлгийг таньж, хариулж байсан юм.

“Тийм ээ, миний нэрийг авахад бэлэн энэ хүмүүс адислагдсан болой; учир нь миний нэрээр тэд нэрлэгдэх болно; мөн тэд минийх болой”20 хэмээн Их Эзэн айлдсан.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд бид Түүний нэрийг хайр, сүсэг бишрэл, сайн ажил үйлсээрээ хүндлэн дээдэлж, “Христийн нэрийг [өөрсдийнхөө дээр] дуртайяа”21 авах болтугай. Тэр бол “Бурханы Хурга, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүү!”22 гэдгийг би гэрчилж байна. Түүний ариун хүүхэд болох Есүс Христийн нэрээр, амен.