2010–2019
Эзэнд итгэ
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Эзэнд итгэ

Бидний цорын ганц найдвар бол Их Эзэнд болон Түүний хүүхдүүдээ хайрлах хайранд итгэх явдал юм.

Хайрт ах, эгч нараа, миний өмнө хүлээн авсан нэгэн захидал хэлэх үгийн минь сэдвийн оршил болж байна. Захидлыг бичсэн хүн мөнхийн хань нь нас барсан хүний ариун сүмийн гэрлэлтийн тухай эргэцүүлэн боджээ. Тэр эмэгтэй түүний хоёр дахь эхнэр аж. Тэрээр дараагийн амьдралдаа өөрийгөө өөрийн гэсэн гэр оронтой байх уу эсвэл өөрийнхөө нөхөртэй болон түүний анхны эхнэртэй хамт амьдрах ёстой юм болов уу? гэсэн асуултыг тавьсан байв. Би түүнд зөвхөн Эзэнд итгэ гэж хариулсан.

Би нэгэн үнэлж явдаг хамтрагчаасаа сонссон туршлагыг түүний зөвшөөрөлтэйгөөр хуваалцаж, яриагаа үргэлжлүүлмээр байна. Хүүхдүүдийнхээ эх, хайрт эхнэрийгээ нас барсны дараа тэр аав дахин гэрлэжээ. Зарим том болсон хүүхдүүд нь дахин гэрлэхийг нь хүчтэй эсэргүүцэж, Сүмийн нэр хүндтэй удирдагч болох ойр дотны хамаатнаасаа зөвлөгөө авахаар эрэлхийлэв. Сүнсний дэлхийн нөхцөл байдал, харилцаа, Эцсийн шүүлтийн дараа үргэлжлэх алдар суугийн хаант улсууд зэрэг зүйлийг хөндсөн тэдний эсэргүүцэх болсон шалтгааныг сонсоод, тэрхүү удирдагч маань “Та нар буруу зүйлд санаа зовоод байна. Та нар өөрсдөө тэр газарт очих уу, үгүй юу гэдэгтээ л санаа зовох хэрэгтэй. Үүнд анхаарлаа төвлөрүүл. Хэрэв та нар тэнд очих юм бол тэр нь бүхэлдээ та нарын төсөөлж байгаагаас ч илүү гайхалтай байх болно” гэж хэлжээ.

Хэчнээн сайхан тайтгаруулсан сургаал вэ! Их Эзэнд итгэ!

Нас барсныхаа дараа амилуулагдахынхаа өмнө бидний очиж амьдрах сүнсний дэлхийн талаарх асуултууд хүмүүсийн сэтгэлийг зовоодог гэдгийг би хүлээж авсан захидлуудаасаа олж мэдсэн. Бидний мөнх бус амьдралдаа туулсан цаг зуурын нөхцөл байдал, асуудлууд сүнсний дэлхийд ч гэсэн үргэлжлэх болно гэж зарим хүн боддог. Бид сүнсний дэлхийн нөхцөл байдлын тухай чухамдаа юу мэддэг вэ? Энэ сэдвээр БЯИС-ийн шашны нэг профессорын бичсэн зүйл үүнийг зөв тайлбарласан байна гэж би боддог. “Бид сүнсний дэлхийн талаар жишиг бүтээлүүдээс юу мэдэж авдаг вэ гэж өөрсдөөсөө асуухад хариулт нь ‘бидний боддог шиг тийм ч ихийг биш’ гэсэн хариулт байдаг.”1

Мэдээж, бие махбод маань үхсэний дараа ч гэсэн бид сүнсний дэлхийд сүнс болж, үргэлжлүүлэн амьдарна гэдгийг бид судраас мэддэг. Сүнсний дэлхий нь амьдралынхаа туршид “зохистой” буюу “зөв шударга” байсан болон ёс бус байсан хүмүүсийн хооронд хуваагдсан байдаг гэж судрууд бидэнд заадаг. Мөн зарим итгэлтэй сүнс сайн мэдээг ёс бусчуудад, мөн дуулгаваргүй байсан хүмүүст заана гэдгийг тайлбарладаг (1 Петр 3:19; Сургаал ба Гэрээ 138:19–20, 29, 32, 37-г үзнэ үү). Хамгийн чухал зүйл гэвэл, орчин үеийн илчлэлт нь авралын ажил сүнсний дэлхийд үргэлжлэх болно гэдгийг илчилж буй явдал (Сургаал ба Гэрээ 138:30–34, 58-ыг үзнэ үү) бөгөөд мөнх бус амьдралынхаа туршид наманчлалаа бүү хойшлуулаасай гэж сануулсан байдаг (Aлма 13:27-г үзнэ үү), мөн тэнд ч бас зарим зүйлийг наманчлах боломжтой гэдгийг бидэнд заадаг (Сургаал ба Гэрээ 138:58-ыг үзнэ үү).

Сүнсний дэлхий дэх авралын ажил нь сударт “боолчлол” хэмээн дүрсэлсэн нөхцөлөөс сүнснүүдийг чөлөөлөх ажлыг багтаасан байна. Сүнсний дэлхийд бүгд зарим нэг хэлбэрийн боолчлолд байдаг. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн Сургаал ба Гэрээний 138-р хэсэгт орсон агуу илчлэлтэд зөв шударгыг үйлддэг нас барагсдын дунд “амар амгалан” байсан (Сургаал ба Гэрээ 138:22), тэд Амилалтыг хүлээн (Сургаал ба Гэрээ 138:16-г үзнэ үү), “өөрсдийнх нь сүнс биенээс нь салаад их удсаныг боолчлол хэмээн үздэг ажгуу” (Сургаал ба Гэрээ 138:50) гэжээ.

Ёс бусчууд мөн бас нэгэн боолчлолын улмаас зовж шаналж байдаг. Наманчлаагүй нүглүүдийнхээ улмаас тэд төлөөлөгч Паулын хэлснээр сүнсний “шоронд” байдаг (1 Петр 3:19; мөн Сургаал ба Гэрээ 138:42-ыг үзнэ үү). Эдгээр сүнсийг “боолчлогдогсод” гэх юм уу “хүлэгдсэн” (Сургаал ба Гэрээ 138:31, 42) эсвэл “гадаад харанхуйд хаягдсан” ба амилалт, шүүлтээ хүлээж байх зуур тэдэнд “уйлаан, мөн гаслан, мөн шүдээ хавирах нь байх болно” (Алма 40:13–14) хэмээн тайлбарлажээ.

Сүнсний дэлхийд байгаа бүгдийн амилуулалт хэдийгээр өөр өөр цагт өөр өөр бүлэгт тохиолддог боловч Есүс Христийн Амилалтаар энэ нь нэгэнт баталгаатай болсон (1 Коринт 15:22-ыг үзнэ үү). Уг тогтоосон цаг мөч ирэх хүртэл сүнсний дэлхийд хийгдэх үйл ажиллагаа нь авралын ажилтай холбоотой болохыг бидэнд судрууд хэлж өгдөг. Харин бусад зүйлийн тухайд асар багыг илчилжээ. Сайн мэдээ нь мэдлэггүй, нүглээ наманчлаагүй, дуулгаваргүй хүмүүст номлогдож байгаа бөгөөд тэд боолчлолоос чөлөөлөгдөж, өөрсдийг нь хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд зориулсан адислалуудыг хүлээн авахын тулд урагшилж болно.

Зөв шударга, хөрвөгдсөн бодгалиудын сүнсний дэлхий дэх боолчлол нь тэд өөрсдийг нь төлөөлж энэ дэлхийд үйлдэгдэх ёслолуудаар баптисм хүртэж, Ариун Сүнсний адислалуудыг авахаа хүлээх явдал бөгөөд магадгүй тэдэнд эдгээрийг хийлгэхийн тулд бусдыг өдөөх нь зөвшөөрөгдсөн ч байж болох юм (Сургаал ба Гэрээ 138:30–37, 57–58-ыг үзнэ үү.)2 Эдгээр мөнх бус төлөөлөн гүйцэтгэх ёслолууд нь санваарын хүчний доор шоронд байгаа сүнснүүдэд сайн мэдээг номлох, зөв шударгын эздийн хүрээг тэлэхийн төлөө урагш явах сэдлийг мөн төрүүлдэг.

Эдгээр үндсэн ойлголтоос гадна, бидний жишиг судруудад нас барсны дараах болон Эцсийн шүүлтийн өмнөх сүнсний дэлхийн талаар асар бага зүйл агуулагдсан байдаг.3 Бид сүнсний дэлхийн талаар өөр юу мэдэх вэ? Сүмийн олон гишүүн сүнсний дэлхийд юмс хэрхэн ажилладаг эсвэл хэрхэн зохион байгуулагдсан байдаг тухай үзэгдэл үзэж эсвэл бусад илчлэлтийг хүлээн авсан байдаг боловч эдгээр хувийн илчлэлтийг Сүмийн албан ёсны сургаал хэмээн ойлгож эсвэл зааж болохгүй. Түүнчлэн үхэлд их ойрхон очсон туршлагуудын тухай ном зэрэг хэвлэн нийтлэгдсэн эх сурвалжуудад гишүүдийн болон бусад хүний таамаглал болгож буй зүйл олон байдаг нь мэдээж.4

Энэ бүх зүйлийн тухайд, өнгөрсөн Ерөнхий чуулганууд дээр ахлагч Д.Тодд Кристоффэрсон болон Нийл Л.Андэрсэн нарын өгсөн мэргэн сэрэмжлүүлгийг санадаг байх нь чухал. Ахлагч Кристоффэрсон: “Сүмийн өнгөрсөн болон орчин үеийн удирдагчийн хэлсэн үг болгоныг сургаал гэж үзэх ёстой биш гэдгийг бас санах хэрэгтэй. Нэгэн удирдагчийн нэг удаа хэлсэн үг өөрийнх нь хувийн, тунгаан бодсон үзэл бодлыг нь л илэрхийлдэг болохоос бүхэл Сүмийг бүхэлд нь хамарсан албан ёсны зүйл биш гэдгийг Сүмийн гишүүд ойлгодог”5 гэж заасан.

Дараагийнх нь чуулган дээр ахлагч Андэрсэн уг зарчмын тухай: “Аль нэг сургаалыг Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын 15 гишүүн бүгдээрээ адилхан заадаг. Бидний сургаал хэн нэгний хэлсэн тодорхой бус үгсээр халхлагдсан байдаггүй”6 гэж заажээ. Энэ зарчмын тод жишээ бол бүх 15 бошиглогч, үзмэрч, илчлэгчийн гарын үсгээ зурж, баталсан гэр бүлийн тунхаг юм.

Гэр бүлийн тунхаг зэрэг албан ёсны зүйлээс гадна бусад бошиглогч, төлөөлөгчийн баталсан, Сүмийн ерөнхийлөгчдийн өгсөн бошиглолын сургаалууд мөн үүний жишээ юм. Сүнсний дэлхий дээрх нөхцөл байдлын талаар бошиглогч Иосеф Смит тохинууллынхаа төгсгөл үед хоёр сургаалыг заасан ба түүний залгамжлагчид тэдгээрийг олонтоо заадаг байсан. Эдгээр сургаалын нэг нь Кинг Фоллет хэмээх номлолд агуулагддаг ба зөв шударга байсан гэр бүлийн гишүүд сүнсний дэлхийд хамтдаа байх болно гэсэн сургаал юм.7 Нөгөөх нь түүний амьдралынхаа сүүлийн жилд нэгэн оршуулган дээр хэлсэн “сүнсний дэлхийд … зөв шударга хүмүүсийн сүнс агуу бөгөөд илүү алдар суу бүхий ажилд өргөмжлөгдөх болно. … Тэд биднээс холгүй байгаа бөгөөд бидний бодол, мэдэрч буй зүйлс болон хөдөлгөөн бүрийг мэдэж ойлгодог төдийгүй эдгээр зүйлийн төлөө зовж байдаг”8 гэсэн мэдэгдэл юм.

Тэгэхээр миний өмнө дурдсан сүнснүүд хаана амьдардаг вэ гэсэн асуултад юу гэж хариулах вэ? Хэрвээ тэр асуулт танд сонин эсвэл ач холбогдолгүй мэт санагдаж байгаа бол та өөрийнхөө талаар олон асуулт тавин, энэ тухай бодож үзнэ үү. Эсвэл өнгөрсөн үед хэзээ нэгэн цагт ямар нэгэн хүнээс сонссон зүйлд үндэслэн хариулахыг оролдсон тэдгээр асуултаа бодно уу? Сүнсний дэлхийн талаар байж болох бүх асуултад би хоёр хариултыг санал болгож байна. Нэгдүгээрт, Бурхан хүүхдүүддээ хайртай бөгөөд бидний хүн нэг бүрийн хувьд хамгийн сайныг үйлдэх нь дамжиггүй гэдгийг санагтун. Хоёрдугаарт, надад хариултыг нь олж чадахгүй байсан олон асуулт байх үед хамгийн их тустай байсан бөгөөд хэдийн танил болсон дараах Библийн сургаалыг санагтун.

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод.

Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.” (Сургаалт үгс 3:5–6).

Нифай “Ай Их Эзэн, би танд найдсан билээ, мөн би танд үүрд найдах болно. Би найдлагаа маханбодийн гарт тавих нь үгүй”(2 Нифай 4:34) гэсэн үгсээр агуу дууллаа төгсгөсөн.

Бид бүгд сүнсний дэлхийн нөхцөл байдлын талаар хувь хувьдаа гайхдаг байж болно. Эсвэл бүр үүнийг бусад хариулт аваагүй асуултынхаа хамт гэр бүл дотроо эсвэл бусад нууцлаг орчинд хэлэлцдэг байж болно. Гэвч албан ёсны сургаалын жишгийг хангаагүй зүйлийг албан ёсны сургаал мэт заахгүй эсвэл хэрэглэхгүй байцгаая. Тэгэх нь Их Эзэний ажлыг урагшлуулдаггүй, харин ч бүр зарим хүний амар тайван эсвэл Их Эзэний төлөвлөгөөгөөр бидний хүн нэг бүрд олгогдсон хувийн илчлэлтийн дагуу суралцахаар эрэлхийлэх урмыг мохоодог. Хувийн ойлголтод эсвэл таамагт хэт их найдах нь ойлгож мэдэх, гэрээний зам дээрээ урагшлахад чухал хичээл зүтгэл гаргах, суралцах зэрэг явдлаас бүр холдуулж магадгүй юм.

Их Эзэнд итгэх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн танил бөгөөд үнэн сургаал билээ. Энэ нь гэгээнтнүүдийг хүнд мөрдлөг хавчлага, дааж давшгүй мэт саад тотгортой тулгарах үед Иосеф Смитийн өгсөн сургаал байсан.9 Энэ нь одоо ч гэсэн бидний сурах гэсэн хичээл зүтгэлд эсвэл одоогоор илчлэгдээгүй байгаа юм уу Сүмийн албан ёсны сургаал болон батлагдаагүй зүйлээс амар тайвныг олох гэсэн оролдлогод саад тулгарсан үед баримталж болох хамгийн сайн зарчим байсаар байна.

Мөн энэ зарчмыг ирэх амьдрал дахь лацдан холболт эсвэл мөнх бус амьдралд тохиолдсон тодорхой үйл явдлуудад эсвэл гэм нүглээс болж дахин зохицуулалт хийх хүсэлтэй байх үед гарч ирэх хариулт аваагүй асуултуудад хандахад баримтлах болно. Бид маш их зүйлийг мэддэггүй учраас бидний цорын ганц найдвар бол Их Эзэнд болон Түүний хүүхдүүдээ хайрлах хайранд итгэх явдал юм.

Дүгнээд хэлбэл, бид сүнсний дэлхийн талаар юу мэддэг вэ гэвэл, Эцэгийн болон Хүүгийн авралын ажил тэнд ч гэсэн үргэлжилдэг. Бидний Аврагч боолчлогсдод эрх чөлөөг тунхаглах ажлыг эхлүүлсэн (1 Петр 3:18–19; 4:6; Сургаал ба Гэрээ 138:6–11, 18–21, 28–37-г үзнэ үү) бөгөөд зөв шударга, туршлагатай элчүүд сайн мэдээг болон наманчлалын цэвэршүүлэгч нөлөө хэрэгтэй хүмүүст наманчлалыг үргэлжлүүлэн номлосоор байна (Сургаал ба Гэрээ 138:57-г үзнэ үү). Тайлбарласан бүх зүйлийн гол зорилго бол орчин үеийн илчлэлтээр өгөгдсөн Сүмийн албан ёсны сургаал юм.

“Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно,

Мөн тэд зөрчлийнхөө цээрлэлийг төлсний, мөн угаагдан цэвэршсэний дараа, ажлуудынхаа дагуу шагналаа хүлээн авах болно, учир нь тэд авралыг өвлөгчид бөлгөө” (Сургаал ба Гэрээ 138:58–59).

Бидний хүн нэг бүрийн үүрэг бол сэргээгдсэн сайн мэдээний сургаалыг заах, зарлигуудыг дагах, бие биенээ хайрлаж тусалдаг байх, мөн ариун сүмүүдэд авралын ажлыг гүйцэтгэх явдал юм.

Би энд хэлсэн зүйлийнхээ үнэн болохыг мөн энэ чуулган дээр заагдсан ба заагдах үнэнийг гэрчилж байна. Энэ бүх зүйл Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон. Тэрээр “Эцэгийг алдаршуулж, түүний гарын бүх ажлыг авардаг бөлгөө” гэдгийг бид орчин үеийн илчлэлтээс мэдэж авдаг (Сургаал ба Гэрээ 76:43; онцлон бичилт нэмэгдсэн). Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. “What’s on the Other Side? A Conversation with Brent L. Top on the Spirit World,” Religious Educator, vol. 14, no. 2 (2013), 48.

  2. Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith (1976), 309–10; Joseph Smith, “Journal, December 1842–June 1844; Book 2,” p. 246, The Joseph Smith Papers, josephsmithpapers.org -ийг үзнэ үү.

  3. Сүнсний дэлхийн талаар хамгийн их эш татдаг Иосеф Смитийн илчлэлт нь “Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно” (Сургаал ба Гэрээ 130:2). Үүгээр сүнсний дэлхий гэхээсээ илүү алдар суугийн хаант улсыг тайлбарласан байж болох юм, учир нь үргэлжлүүлэн “гагцхүү энэ нь эдүгээ бидний эдэлдэггүй тийм алдар суу болох мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” (2-р шүлэг) гэсэн байдаг.

  4. Жишээлбэл, George G. Ritchie, Return from Tomorrow (1978) ба Raymond Moody, Life after Life (1975).

  5. Д.Тодд Кристоффэрсон, “The Doctrine of Christ,” Liahona, 2012 оны 5-р сар, 88; мөн Joseph F. Smith, Gospel Doctrine, 5-р хэвлэл (1939), х. 42-ыг үзнэ үү. Жишээлбэл, Сургаал ба Гэрээ 74:5-д төлөөлөгч Паулын өөрийн биеэр заасан зүйлийг тайлбарласныг үзнэ үү.

  6. Нийл Л.Андэрсэн, “Итгэлийн тань сорилт,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 49–ийг үзнэ үү.

  7. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 198-ыг үзнэ үү.

  8. History of the Church, 6:52; included in Teachings of the Prophet Joseph Smith, 326; often quoted, as in Henry B. Eyring, To Draw Closer to God (1997), 122; see also Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), chapter 38, “The Spirit World.”

  9. Teachings: Joseph Smith, 231-ыг үзнэ үү.