2010–2019
Захиас, утга учир, олон түмэн
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Захиас, утга учир, олон түмэн

Өнөөгийн тасралтгүй түчигнэх чимээ шуугиан, бөмбөрийн цохилт дунд бид амьдрал, итгэл, үйлчлэлийнхээ төвд Христийг тавихыг хичээх болтугай.

Ах, эгч нар аа, энэ бол өнгөрсөн 4-р сард Ерөнхий чуулганыг гэрээсээ үзэж буй долоон сартай Самми Хо Чин.

Зураг
Самми Хо Чин чуулган үзэж байгаа нь.

Ерөнхийлөгч Нэлсоныг болон бусад ерөнхий эрх мэдэлтнийг дэмжин батлах цаг болоход Самми угжаа бариад, гар нь завгүй байв. Тиймээс тэр өөрийн чадах зүйлийг хийжээ.

Зураг
Самми Хо Чин дэмжин батлах үеэр.

Самми хөлөөрөө дэмжин батлах гэсэн цоо шинэ ойлголтыг бий болголоо.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын чуулганд тавтай морилно уу. Жилд хоёр удаа болдог энэ цуглааны утга учрын талаар ярихын тулд би Шинэ Гэрээний Лукээс нэгэн түүх хуваалцъя.1

“[Есүсийг] Иериход ойртон ирэх үед нэгэн сохор хүн гуйлга гуйн замын хажууд сууж байв.

Хажуугаар нь өнгөрөх олны дууг сонсоод, тэр юу болоод байгааг лавлажээ.

Назарын Есүс явааг хүмүүс түүнд хэлэв.

Тэгтэл мөнөөх сохор хүн —Давидын Хүү, Есүс ээ! Намайг өршөөгөөч!” гэв.

Зоримог зангаас нь цочирдсон цугларагсад тэр хүнийг дуугүй байлгах гэж оролдоход “тэр улам чангаар … хашхирав.” Шаргуу байсных нь ачаар түүнийг Есүс дээр авчирсан ба Тэрээр хараа оруулж, эдгээж өгөхийг итгэл дүүрэн гуйхыг нь сонссон юм.2

Энэ товчхон дүрслэлийг унших болгонд миний сэтгэл хөдөлдөг. Бид эндээс тэр эрийн зовлонг мэдэрч, бас Аврагчийн анхаарлыг татах гэж хашхирахыг нь бараг л сонсох шиг болдог. Түүнийг амаа хамхихаас татгалзахад нь, үнэндээ хүн бүр түүнийг дуугүй бай гэж хэлсэн ч бууж өгөөгүйгээр барахгүй, харин ч дуугаа өндөрсгөсөнд бид инээмсэглэдэг. Энэ бол тууштай итгэлийн сайхан түүх юм. Гэхдээ бүх судрын адил бид үүнийг хэдий их уншина, төдий чинээ олон зүйлийг олж мэднэ.

Тэр эрийн эргэн тойронд сүнслэг байдлын хувьд мэдрэмжтэй хүмүүс байсан нь сайн хэрэг болж дээ гэсэн бодол сүүлийн үед надаас салахаа болив. Түүнийг “Юу болоод, хүмүүс цуглараад байгаа юм бэ?” гэж үл таних эмэгтэй, эрэгтэй хэдэн хүнээс асуухад тэд дуу шуугианы шалтгаан буюу “Асуудлын Эзэн” нь Есүс байсан гэдгийг тодорхойлж чадаж байсанд л энэ түүхийн бүх утга учир оршиж байгаа юм. Бид тэдний хоорондоо солилцсон хэдхэн үгээс сургамж авч болно. Итгэл, үнэмшлийн талаарх асуултын тухай жинхэнэ итгэл үнэмшилтэй хүмүүсээс асуух хэрэгтэй! Есүс “Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү?” гээд, “[Хэрэв тийм бол] хоёулаа нүхэнд унах биш үү?”3 хэмээн асуусан.

Итгэл, үнэмшлийн ийм эрэл хайгуул эдгээр чуулганы зорилго бөгөөд өнөөдөр бидэнтэй нэгдсэнээр энэ нь хамтын хүчин чармайлт юм байна гэдгийг та нар ухааран ойлгох болно. Та сайхан харагдаж байна. Энд янз бүрийн газраас янз бүрийн гэр бүлүүд цугларан ирсэн байгааг та харж болно. Хуучин найзууд баярлан уулзалдаж, гайхалтай сайхан найрал дуу дуулахад бэлдэн, харин эсэргүүцэгчид нөгөө л дуртай сэдвээрээ чанга хашхирна. Хуучны номлогчид хамт үйлчилж байсан хамтрагчдаа хайж байхад дөнгөж номлолоосоо буусан номлогчид огт өөр шинэ хамтрагчаа хайдаг (та нар миний хэлснийг ойлгосон байх!). Мөн гэрэл зургууд? Энэ талаар яриад ч хэрэггүй! Биднийг гар утсаа барихад л “гишүүн бүр номлогч” хэмээх үгийн утга “гишүүн бүр зурагчин” болж хувирдаг. Энэ бүх хөл хөөрцөг, бужигнаан дунд хэн нэг нь “Энэ бүхэн ямар утга учиртай юм бэ?” гэж асуух нь гарцаагүй.

Бидний уншсан Шинэ Гэрээний түүхэнд өгүүлсэн харах чадвараар адислагдсан хүмүүс чуулганы үеэр тогтсон энэ олон уламжлалын төвд Есүс Христ байгааг олж харахгүй л бол энэ нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх биз ээ. Бид эрэлхийлж буй зүйлийнхээ алсын хараа, Түүний амласан эдгэрэл, энд болж буй зүйлсийн ач холбогдлыг ойлгохын тулд энэ бүх хөл хөөрцгийг хойш тавьж, анхаарлаа Аврагч руу хандуулах ёстой. Үг хэлж буй хүн бүрийн залбирал, дуулах бүх хүний итгэл найдвар, ирсэн зочин бүрийн шүтлэг бишрэл бүгд энэ Сүмийн Тэргүүн болох амьд Христ, Бурханы Хурга, Амар Амгалангийн Ханхүүгийн сүнсийг урьж авчрахад чиглэсэн байх ёстой.

Бид Түүнийг олохын тулд заавал чуулганы төвд ирэх хэрэггүй. Хүүхдийг Мормоны Номыг анх удаа уншин, Абинадайн эр зоригийг юм уу 2000 залуу дайчны тулаанд явсныг бишрэх үед бид энэхүү гайхамшигт судрын түүхийн төвд Есүс оршдог ба бараг бүх хуудсан дээр Тэрээр амилж, номон дээрх итгэлийг түгээсэн хүн бүрийг хооронд нь холбодог гэдгийг түүнд эвтэйхэн нэмж хэлж болно.

Үүнтэй адил манай шашин шүтлэгийн талаар найзыг маань суралцаж байхад шашны маань зарим өвөрмөц тал, зан үйлд хэрэглэгддэг мэдэхгүй үг хэллэг, ууж идэх зүйлд тавьсан хориг, онцгой нөхцөлд хэрэглэх хүнсний нөөц, анхдагчдын аялал, гэр бүлийн цахим ургийн мод, дээд зэргийн мах шарж өгдөг гэж боддог тоолохын аргагүй олон гадасны төв гэх мэт зүйлсэд тэд самгарддаг байх. Тэгэхээр, найзыгаа үзэж харах, уншиж сонсох олон шинэ зүйлтэй танилцах үед хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг нь орхиж, энэ бүхний утга учир, мөнхийн сайн мэдээний цохилох зүрх нь болох Тэнгэрлэг Эцэг Эхийн хайр, тэнгэрлэг Хүүгийн Цагаатгалын бэлэг, Ариун Сүнсний тайтгаруулагч удирдамж, хожмын өдөр сэргээгдсэн бүх үнэн гэх мэт зүйлс дээр анхаарлыг нь төвлөрүүлэх ёстой.

Хүмүүс анх удаа ариун сүмд ороод, бүр их гайхаж магадгүй. Бидний үүрэг бол ариун нандин бэлгэдэл, илчлэгдсэн зан үйл, ёслолын хувцас, дүрс бичлэг зэргийг тэнд бишрэн шүтэхээр очих зорилго болох Аврагчид анхаарах анхаарлыг нь сарниулахгүй, харин ч Түүн рүү хандуулахад анхаарах ёстой. Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд Тэрээр бидний оюун ухаан, зүрх сэтгэлийн төвд орших ёстой. Орох үүдэн дээрх бичээсээс эхлээд тэнд өнгөрүүлсэн хамгийн сүүлчийн хоромд ч Түүний агуу сургаал ариун сүмийн ёслолуудад нэвт шингэсэн байдгийн адил бидний бие махбодод ч нэвт шингэсэн байх ёстой. Бидний харж болох бүх гайхамшиг дундаас юуны өмнө ариун сүм дэх Есүсийн учир утгыг бид олж харах ёстой.

Сүүлийн хэдхэн сард Сүмээс гаргасан зоримог шинэ санаачилга, мэдэгдлүүдийг авч үзье. Бид нэг нэгэндээ тохинуулахдаа юм уу Хүндэтгэлийн өдрийг сахихаа сайжруулахдаа эсвэл хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан шинэ хөтөлбөрийг хүлээн авахдаа энэ бүхэн Авралын хадан дээр бат бөх суурилахад бидэнд туслах харилцан уялдаа холбоотой ажил гэдгийг харалгүйгээр салангид, харилцан холбоогүй зүйл гэж харах юм бол бошиглолын дагуу хийгдэж буй өөрчлөлтийн жинхэнэ утга учрыг олж харж чадахгүй.4 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн илчлэгдсэн нэрийг ашигла хэмээн бидэнд хэлснээр үүнийг хийхийг зорьсон гэдэгт би итгэлтэй байна.5 Хэрэв Есүс, тухайлбал Түүний нэр, сургаал, үлгэр жишээ, бурханлаг байдал бидний шүтлэг, бишрэлийн төвд байх ёстой л юм бол бид Алмагийн нэгэнтээ заасан “Ирэх олон зүйл буйг та нарт хэлнэ; [гэвч] болгоогтун, тэд бүгдээс илүү чухал нэгэн зүйл буй— … Гэтэлгэгч өөрийн хүмүүсийн дунд ирж мөн амьд[ардаг]”6 хэмээх үнэнийг хүчирхэгжүүлэх болно.

Иосеф Смитийн амьдарч байсан 19-р зуунд Христэд итгэгч гэрчүүдийн тэмцэл энд тэндгүй өрнөж байв.7 Гэвч тэрхүү онгиргон сэргээгчдийн дэгдээсэн үймээн самуун Аврагчийг чин сэтгэлээсээ эрэлхийлж байсан бяцхан хүү Иосефт асуудлыг улам ойлгомжгүй болгож байжээ. Өөрийнх нь нэрлэснээр тэр “харанхуй, үймээн самуун[тай]”8 тэмцэлдсээр, ганцаараа ойн цоорхойд очиж, Аврагчийн сайн мэдээний талаар бидний энд дурдсанаас ч илүү чухал гайхамшигт гэрчийг харж, сонссон. Төсөөлж, бодож ч байгаагүй харах бэлгийг авснаар Иосеф өөрийн Тэнгэрлэг Эцэг, ертөнцийн агуу Бурханыг мөн Түүний төгс Ганц Хүү болох Есүс Христийг үзэгдлээр харсан билээ. Дараа нь бидний өглөөний ярьсан зүйлийг Эцэг Өөрийн жишээгээр үзүүлэн, Есүс рүү зааж, “Энэ бол Миний Хайртай Хүү. “Түүнийг сонс!”9 хэмээв. Есүсийн тэнгэрлэг шинж чанар, авралын төлөвлөгөөнд гүйцэтгэдэг чухал үүрэг, Бурханы мэлмийн өмнө эзлэх байр суурийн талаар тэрхүү долоохон үгээс илүү сайн илэрхийлэх боломж үгүй.

Шуугиан ба үймээн самуун уу? Хөл үймээн, хэрүүл маргаан уу? Энэ бүгдээр дэлхий дүүрэн байна. Үнэндээ үл итгэгчид, итгэгчдийн аль аль нь энэ үзэгдлийн талаар болон миний өнөөдрийн дурдсан бараг бүх зүйлийн талаар маргалдсан хэвээр байна. Хэрэв та нар асар олон үзэл бодол дундаас арай илүү тодорхой харж, утга учрыг нь ойлгохыг хичээж байгаа бол би та нарыг хариултаа Есүсээс Өөрөөс нь авахыг зөвлөе. Мөн эртний Иерихо дахь зам дээр сохор эр хараа орсноос хойш 1800 жилийн дараа Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлын талаарх төлөөлөгчийн гэрчлэлээ үлдээе. Би та бүхэнд энэ хоёрын адил, мөн түүхэнд гэрчилсэн өөр олон хүний адилаар амьдралдаа үзэж, сонсож болох хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл бол Есүсийг дэргэдүүрээ өнгөрөхийг10 биш, харин бидэн рүү ирж, бидний дэргэд зогсож, бидэнтэй хамт байхыг харах явдал юм гэдгийг гэрчилж байна.11

Ах, эгч нар аа, өнөөгийн тасралтгүй түчигнэх чимээ шуугиан, бөмбөрийн цохилт дунд бид Христийг амьдрал, итгэл, үйлчлэлийнхээ төвд тавихыг хичээх болтугай. Үүнд л жинхэнэ утга учир оршиж байгаа юм. Зарим өдөр бидний алсын хараа муудаж, итгэл буурч, итгэл үнэмшил маань соригдож, бид цэвэршүүлэгдэх болно. Тэр үед бид “Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч”12 хэмээн чанга хашхирах болтугай. Би төлөөлөгчийн бадрангуй сэтгэлээр мөн бошиглогчийн итгэл үнэмшлээр Тэрээр таныг сонсож, “Хараа ор. Итгэл чинь чамайг эдгээв”13 хэмээн хэлнэ гэдгийг амлаж байна. Ерөнхий чуулганд тавтай морил. Есүс Христийн нэрээр, амен.