2010–2019
Намайг бүү мэхэл
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Намайг бүү мэхэл

Бид Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар үргэлж зөв замаар хөтлөгдөж, мэхлэгдэхгүй байх болно.

Өнөөдөр би хүн бүхэнд, ялангуяа ирээдүй хойч үеийнхэн болох Хүүхдийн хэсгийн хүүхдүүд, залуу эрэгтэйчүүдэд мөн залуу эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Их Эзэний өнөө үеийн бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон та нарыг маш их хайрладаг. Тийм ч учраас тэрээр өнгөрсөн жил Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтаар та нарт хандан үг хэлсэн ба үүнийгээ “Израилын найдвар”1 гэж нэрлэсэн билээ. Есүс Христийн сэргээгдсэн үнэн бөгөөд амьд сүмийн хойч үе, ирээдүй болсон та нарыг ерөнхийлөгч Нэлсон “Израилын найдвар” хэмээн онцлон дуудахыг бид үе үе сонсдог.

Хайрт залуу найзууд минь, би гэр бүлийнхээ хоёр түүхийг хуваалцаж, үгээ эхэлье.

102 дахь Далматин

Олон жилийн өмнө би ажлаасаа гэртээ ирээд, газраар нэг, гаражийн хаалгаар болон улаан тоосгон байшингийн маань хаа сайгүй цагаан будаг болсон байхыг хараад мэл гайхсан. Би тэр хавийг сайтар шалгаад, будаг нь хатаагүй байгааг олж мэдэв. Будагны ул мөр гэрийн маань арын талбай руу явсан байсан тул би түүнийг даган явлаа. Тэнд би таван настай хүүгээ гартаа багс барьчихсан, нохойныхоо араас хөөж байгааг олж харав. Манай сайхан хар лабрадорын тал нь цагаан болсон байв!

“Чи юу хийж байгаа юм бэ?” гэж би цоглог дуугаар асуув.

Хүү маань зог тусан над руу нэг, нохой руу нэг, цагаан будаг дусалж байгаа багсаа нэг хараад, “Би түүнийг 101 Далматин кинон дээр гардаг хар толботой нохой шиг болгомоор байна” гэж билээ.

Зураг
Хар тэнгис
Зураг
Далматин

Би нохойдоо хайртай байсан. Би түүнийг төгс гэж боддог байсан ч хүү маань тэр өдөр өөр бодолтой байж л дээ.

Судалтай муурын зулзага

Миний хоёр дахь түүх хөдөө, хотоос хол байшинд амьдардаг байсан элэнц авга ах Гроверын тухай юм. Авга ах Гровер их хөгширч байлаа. Түүнийг нас барахаас өмнө хөвгүүдээ түүнтэй танилцуулах хэрэгтэй гэж бид бодсон юм. Тиймээс, нэг өдөр бид түүний жирийн л нэг гэр лүү машинаар олон цаг явж очсон. Бид түүнтэй уулзаад, хөвгүүдээ түүнтэй танилцуулахаар хамт суув. Яриад удаа ч үгүй байхад тэр үед тав, зургаан настай байсан хоёр хүү маань гадаа гарч тогломоор байна гэлээ.

Авга ах Гровер тэдний хүсэлтийг сонсоод, доош тонгойсноо тэдэн рүү ширтэв. Үрчлээ сууж, өтөлсөн царайтай энэ үл таних хүнээс хөвгүүд маань жаахан жийрхэж байлаа. Тэрээр “Болгоомжтой байгаарай, гадаа олон өмхий хүрэн байгаа шүү” гэж баргил хийгээд сөөнгө дуугаар тэдэнд хэлэв. Үүнийг сонсоод Лиса бид хоёр маш их цочирдсон ба өмхий хүрэн тэдэн рүү шингэнээ цацах вий гэж санаа зовсон. Биднийг үргэлжлүүлэн ярьж хөөрч байх хооронд хөвгүүд удалгүй гадаа тоглохоор гарсан юм.

Зураг
Өмхий хүрэн

Дараа нь, бид машиндаа суугаад гэр лүүгээ явахдаа би хөвгүүдээсээ “Та нар өмхий хүрэн харсан уу?” гэж асуулаа. Тэдний нэг нь: “Үгүй ээ, бид ямар ч өмхий хүрэн хараагүй. Гэхдээ бид нуруун дээрээ цагаан судалтай хар муурын зулзага харсан!” гэж хариулав.

Агуу Мэхлэгч

Амьдралын тухай, бодит байдлын талаар ямар нэгэн зүйл олж мэдсэн гэнэн цайлган хүүхдүүдийн тухай эдгээр түүх бидэнд инээмсэглэл бэлэглэж болох ч илүү гүн гүнзгий ойлголтыг харуулдаг.

Эхний түүх дээр манай хүү сайхан нохой тэжээдэг байсан ч гартаа хувинтай будаг, багс бариад өөрийн төсөөлсөн бодит байдлыг бий болгохоор шийдсэн байсан.

Хоёр дахь түүхэнд, хөвгүүд маань өмхий хүрэнтэй таарахад учирч болох таагүй аюулын талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэд өмнө нь тулгарч байсан зүйлээ зөв таньж чадаагүйн улмаас харамсалтай үр дагаварт хүргэх эрсдэлд орсон. Эдгээр нь бодит зүйлийг өөр зүйл хэмээн ойлгож, эндүүрсэн тухай түүхүүд юм. Дээрх тохиолдлуудад гарсан үр дагавар нь бага байсан.

Гэсэн хэдий ч, өнөөдөр олон нь эдгээр асуудалтай илүү их тулгардаг. Тэд юмсыг үнэхээр байгаагаар нь харах чадваргүй эсвэл үнэнд сэтгэл хангалуун бус байдаг тул өөрчлөх гэж оролддог. Түүнчлэн, биднийг туйлын үнэнээс зориуд хол байлгах үүднээс бий болсон хүчтэй нөлөөнүүд өнөөдөр ч оршиж байна. Эдгээр хууран мэхлэлт, худал үг гэнэн эндүүрлээс хавьгүй илүү байдаг ба ихэнх тохиолдолд өчүүхэн бага биш, харин маш ноцтой үр дагавартай байдаг.

Худал бүгдийн эцэг болох агуу хууран мэхлэгч Сатан биднийг аливаа зүйлийн бодит байдалд эргэлзэн эсвэл мөнхийн үнэнийг үл тоомсорлон эсвэл тэдгээр үнэнийг илүү тааламжтай гэж үзсэн зүйлээрээ орлуулах гэж үздэг. “Тэрээр Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг”2 ба Бурханы хүүхдүүдийг сайныг муу мөн мууг сайн гэдэгт итгүүлэх чадвараа сайжруулах гэж олон мянган жилийг зарцуулж, төлөвлөсөөр ирсэн.

Тэрбээр өмхий хүрэн нь муурын зулзагатай адил эсвэл будаг байхад лабрадорыг далматин болгон өөрчилж болно гэх мэтээр мөнх бус бодгалиудыг итгүүлэх чадвараараа нэрд гарсан.

Зураг
Мосе Бурханыг нүүр нүүрээрээ харсан

Их Эзэний бошиглогч Мосе ийм асуудалтай нүүр тулгарсан ба яг энэ зарчмын жишээг одоо бүгдээрээ судрууд дээрээс харцгаая. “Мосе нэгэн үлэмжийн өндөр ууланд дээш аваачигдсан, … Бурханыг нүүр нүүрээрээ харж, мөн тэрээр түүнтэй ярилцсан.”3 Бурхан Мосед түүний мөнхийн шинж чанарын талаар заажээ. Мосе хэдийгээр мөнх бус мөн төгс төгөлдөр биш ч Бурхан Мосе “чибээр миний Төрсөн Ганцтай адил билээ; мөнхүү миний Төрсөн Ганц нь Аврагч байх болно”4 хэмээн хэлсэн.

Энэ гайхамшигт үзэгдэлд Мосе Бурханыг болгоосон ба мөнх бус ч гэлээ өөрийгөө Бурханы хүү гэдэг чухал зүйлийг ойлгосон юм.

Энэ гайхалтай үзэгдэл дуусахад юу болсныг анхааралтай сонс доо. “Мөнхүү улиран тохиох дор … Сатан түүнийг сорихоор ирж, хэлэв: Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн!”5Чи хэн бэ? Учрыг болгоогтун, түүний Төрсөн Ганцын адил Бурханы хүү байна би, мөн бибээр чамайг шүтэх ёстой тэр алдар суу чинь хаана байна?”6 гэж Мосе зоригтой хариулжээ.

Өөрөөр хэлбэл, Мосе “Чи намайг хуурч мэхэлж чадахгүй, учир нь би чамайг хэн гэдгийг мэднэ. Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн. Чамд Түүний гэрэл мөн сүр жавхлан байхгүй. Тиймээс би яагаад чамайг шүтэж, чиний хууран мэхлэлтэнд орох юм бэ?” гэж хэлэв.

Одоо Мосегийн цааш юу гэж хариулсанд анхаарлаа хандуулаарай. Тэрээр “Эндээс зайл чи, Сатан; намайг бүү мэхэл7 гэж тунхагласан.

Дайсны уруу таталтын эсрэг өгсөн Мосегийн хүчтэй хариултаас ухаарах зүйл бидэнд их бий. Танд уруу татагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх үед үүнтэй адил хариу үйлдэл үзүүлэхийг би та нарт уриалж байна. Бодгалийнхаа дайсанд: “Зайл! Чамд ямар ч алдар суу байхгүй. Намайг бүү уруу тат мөн намайг бүү мэхэл! Би хэн гэдгээ мэднэ---би Бурханы хүүхэд. Би туслахыг гуйж, өөрийн Бурханаа үргэлж дуудах болно” гэж тушаан хэл.

Гэсэн хэдий ч дайсан биднийг хууран мэхэлж, доромжлох гэсэн хорон сэдлээсээ амархан татгалздаггүй. Тэрээр Мосе дээр ч амархан шантраагүй, харин хэн бэ гэдгийг нь үүрд мөнхөд мартуулахыг хүссэн.

Буруу эрхэлсэн хүүхэд мэт аашлан, “Сатан чанга дуугаар хашгирч, мөн газарт уураа гарган тушааж, Би Төрсөн Ганц байна, намайг шүт” гэв.8

Үүнийг дахин авч үзэцгээе. Та нар түүний юу гэж хэлснийг сонсов уу? “Би Төрсөн Ганц байна. Намайг шүт!”

Үнэндээ энэ Агуу Мэхлэгч: “Санаа зоволтгүй ээ, би чамд ямар ч муу юм хийхгүй. Би өмхий хүрэн биш; би зүгээр л нэг гэмгүй хар цагаан судалтай муурын зулзага” гэж хэлсэнтэй яг адил юм.

Зураг
Мосе Сатаныг эсэргүүцсэн нь

Дараа нь Мосе Бурханыг дуудаж, Түүний тэнгэрлэг хүчийг хүлээн авав. Хэдийгээр дайсан чичрэх үед газар доргиж байсан ч Мосе бууж өгөөгүй. Түүний дуу хоолой шийдэмгий, тод байлаа. “Надаас тонил, Сатан, учир нь алдар суугийн Бурхан болох гагцхүү энэ Бурханыг л би шүтэх болно”9 хэмээн тушаан хэлэв.

Эцэст нь, тэр “… Мосегийн дэргэдээс тонилов.”10

Их Эзэн ирээд, Мосег дуулгавартай байсных нь төлөө адисалсны дараа:

“Адислагдсан болой чи, Мосе, … мөн чибээр их уснаас илүү хүчтэй болгогдох болно. …

Мөн харагтун, би чамтай бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байна”11 гэж хэлсэн.

Мосегийн дайсныг эсэргүүцсэн эсэргүүцэл амьдрал ямар байхаас үл хамааран хүн бүрийн хувьд тод томруун, урам өгсөн үлгэр жишээ билээ. Тэр таныг хууран мэхлэх гэж оролдох үед юу хийхээ мэддэг байна гэдэг бол таны хувьд маш хүчтэй захиас юм. Мосегийн адил та нар ч бас тэнгэрлэг тусламжийн бэлгээр адислагдсан.

Зарлигууд ба адислалууд

Мэхлэгдэхгүй эсвэл уруу таталтад бууж өгөхгүйгээр та нар Мосегийн адил энэ тэнгэрлэг тусламжийг хэрхэн олж авч болох вэ? Энэ эрин үед тэнгэрлэг туслалцаа үзүүлэх тов тодорхой сувгийг Их Эзэн Өөрөө дараах байдлаар тунхаглан баталсан. “Иймийн тул, Их Эзэн бибээр, дэлхийн оршин суугчид дээр ирэх тэрхүү сүйрлийг мэдэх учраас, өөрийн үйлчлэгч бага Иосеф Смитийг дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу.”12 Энгийнээр хэлбэл, “эхлэлээс төгсгөлийг”13 мэддэг Их Эзэн бидний өнөө үеийн өвөрмөц бэрхшээлүүдийг мэддэг гэж бид хэлж болно. Тиймийн тул, Тэрээр ихэнх нь хортны хуурамч нөлөө, түүний довтолгооноос үүдэлтэй сорилт, уруу таталтыг эсэргүүцэх арга замыг бидэнд өгсөн билээ.

Арга зам нь энгийн юм. Бурхан Өөрийн үйлчлэгчдээр дамжуулан бидэнтэй, хүүхдүүд бидэнтэйгээ ярьж, зарлигуудыг өгдөг. Бид дөнгөж сая миний эш татсан шүлгийг “Их Эзэн бибээр, өөрийн үйлчлэгч [Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоныг] дуудан, тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн ажгуу” хэмээн өөрөөр хэлж болох юм. Энэ нь алдар суут үнэн биш гэж үү?

Их Эзэн агуу Анхны үзэгдлээс эхлэн Иосеф Смиттэй тэнгэрээс үнэхээр ярьсан гэдгийг би гэрчилж байна. Мөн Тэрээр манай энэ цаг үед ерөнхийлөгч Нэлсонтой ярьдаг. Бурхан өнгөрсөн үед бошиглогчидтой харьцаж, хүүхдүүдээ энэ амьдралд аз жаргал руу, дараагийн амьдралд сүр жавхлан руу хөтлөх зарлигуудыг өгсөн гэдгийг би гэрчилж байна.

Бурхан одоо бидний амьд бошиглогчид зарлигуудыг үргэлжлүүлэн өгсөөр байгаа. Сайн мэдээг илүү гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн байдлаар заах удирдамж, гэрийн болон айлчлагч багшийг тохинууллаар сольсон явдал, ариун сүмийн дүрэм журам, ёслолуудад оруулсан өөрчлөлт, 2020 оноос эхлэх Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан шинэ хөтөлбөр гэх мэт жишээнүүд олон бий. Аврагчийн Сүмийг газар дэлхий дээр сэргээж, өнөө үед бошиглогчийг дуудсан, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний Хүү Есүс Христийн сайн сайхан, нигүүлслийг би бахдан биширдэг. Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэнээр хэцүү цагийг цаг хугацааны бүрэн байдлаар нөхдөг юм.

Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй

Бошиглогчид маань өгөгдсөн зарлигуудыг дуулгавартай дагах нь зөвхөн мэхлэгчийн нөлөөнөөс зайлсхийх төдийгүй удаан үргэлжлэх баяр баясгалан, аз жаргалыг мэдрэх түлхүүр болдог. Энэ тэнгэрлэг томьёо бол энгийн. Зөв шударга байдал буюу зарлигуудыг дуулгавартай дагах нь адислалуудыг авчирдаг ба адислалууд нь бидний амьдралд аз жаргал буюу баяр баяслыг авчирдаг.

Гэсэн хэдий ч дайсан Мосег хуурах гэж оролдсонтой адилаар та нарыг хуурахыг хичээдэг. Тэр үргэлж хуурамч дүр эсгэдэг ба яг хэн болохоо нуухыг үргэлж хичээдэг. Тэрээр дуулгавартай байх нь таны амьдралыг зовлон зүдгүүртэй болгож, аз жаргалыг тань тонодог гэж хэлдэг.

Түүний зарим заль мэхийн талаар бодоорой. Жишээлбэл, тэр мансууруулах бодис эсвэл архины хөнөөлт үр дагаврын үнэнийг нууж, энэ нь таашаал авчирна хэмээн санал болгодог. Тэр биднийг олон нийтийн сүлжээнд байх боломжтой хор уршиг дагуулсан харьцуулалт, бодит байдлаас сайхан амьдрал зэргийг багтаасан сөрөг зүйлүүдэд живүүлдэг. Үүнээс гадна, тэр порнограф, цахим орчинд бусад руу эрээ цээргүй дайралт хийх явдал, бидний зүрх сэтгэл, оюун санааг эргэлзэхэд хүргэх бусад харанхуй, хор хөнөөлтэй онлайн контентуудын зүсийг өнгөлөн далдалдаг. Тэрээр “Зөвхөн намайг л дага, тэгвэл та нар үргэлж баяр баясгалантай байх болно” хэмээн худал шивнэдэг.

Олон зуун жилийн өмнө Мормоны Номын нэгэн бошиглогчийн бичсэн “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”14 гэсэн үгс бидний өнөө үед онцгой хамааралтай. Сатаны хуурамч зүйлc юу вэ гэдгийг бид таньж мэдэх болтугай. Бидний бодгалийг устгаж, өнөөгийн баяр баясгалан, ирээдүйн алдар сууг биднээс хулгайлахыг эрэлхийлдэг нэгний худал хуурмаг чанар, нөлөөг таньж, түүний эсрэг зогсох болтугай.

Эрхэм хүндэт ах эгч нар аа, бид үргэлжлүүлэн үнэнч, сонор сэрэмжтэй байх ёстой. Учир нь энэ бол үнэнийг ялган таних, Их Эзэний дуу хоолойг Түүний үйлчлүүлэгчдээр дамжуулан сонсох цорын ганц арга зам юм. “Сүнс хуурах нь үгүй, мөн үнэнийг хэлдэг. … Эдгээр зүйлүүд, бидний бодгалиудын авралын тулд бидэнд тодорхой үзүүлэгдсэн билээ. Учир нь Бурхан түүнчлэн эртний бошиглогчдод тэдгээрийг ярьсан бөлгөө.”15 Бид Бүхнийг Чадагч Бурханы гэгээнтнүүд, Израилын найдвар! Бид гуйвж дайвах уу? “Бид тулалдаанаас ухрах уу эсвэл зайлсхийх үү? Үгүй ээ! … Итгэлтэйгээр Бурханы зарлигт, бүх зүрх, сэтгэл, үйлээрээ бид бүгд үнэнч байх болно.”16

Би Израилын Ариун Нэгэн—Есүс Христийн нэрийг гэрчилж байна. Түүний хязгааргүй болоод мөнхийн золиосоор боломжтой болсон, Түүний байнгын хайр, үнэн, баяр баяслын талаар би гэрчилж байна. Бид Түүний зарлигуудыг дуулгавартай дагаснаар үргэлж зөв замаар хөтлөгдөж, мэхлэгдэхгүй байх болно. Бидний Аврагч Есүс Христийн ариун нэрээр, амен.