2010–2019
Амлалт болоод гэрээнүүдээ сахих нь
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Амлалт болоод гэрээнүүдээ сахих нь

Та нарыг үг тань тангараг болдог гэдгийг санаад, Их Эзэнд болон бусдад амладаг амлалт, тэдэнтэй байгуулдаг гэрээнүүдээ чин шударгаар бодож үзээсэй гэж би урьж байна.

Хайрт ах, эгч нар аа, энэ хуралдааныг өндөрлөх үед бид Есүс Христийн сайн мэдээний үнэний талаар өнөөдөр төрсөн гэрчлэлээ зүрх сэтгэлдээ санаж байх болтугай. Бид Их Эзэн Есүс Христийн үйлчлэгчид мөн бөгөөд Тэр бидний Аврагч гэдэг амлалтыг Түүнд бататгахаар энэхүү ариун нандин цаг мөчийг хамт өнгөрүүлэхээр адислагдлаа.

Амлалт авч, гэрээнүүд байгуулж бас сахихын ач холбогдол оюун санааг маань эзэмддэг. Үгэндээ эзэн болох, итгэл хүлээх, хэлсэндээ хүрэх, ариун нандин гэрээнүүдээ дагахаар чармайх, шударга байх нь таны хувьд хэр чухал вэ? Их Эзэнд болон бусдад өгсөн амлалтдаа үнэнч амьдарснаар бид Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очих гэрээний зам дээр алхдаг бөгөөд амьдралдаа Түүний хайрыг мэдэрдэг.

Амлалт авч, гэрээнүүд байгуулж бас сахихад маань бидэнд агуу Үлгэр жишээ үзүүлэгч бол Аврагч Есүс Христ билээ. Тэрээр Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр амлалт өгч, дэлхийд ирсэн. Тэрбээр сайн мэдээний зарчмуудыг үг, үйлдлээрээ заасан. Биднийг дахин амьдарч болохын тулд Тэр бидний нүглийг цагаатгасан. Тэр Өөрийн өгсөн амлалт болгоныг биелүүлсэн.

Хүмүүс бидний талаар ингэж хэлж чадах болов уу? Хэрвээ бид жаахан хуураад, бурууг үйлдвэл эсвэл өгсөн амлалтаа сайн биелүүлэхгүй байвал ямар аюулд орох вэ? Хэрэв бид гэрээнүүдээсээ холдвол яах бол? Бидний үлгэр жишээгээр бусад хүн “Христэд ирэх” болов уу? Хэлсэн үг тань тангараг мэт байдаг уу? Амлалтаа биелүүлэх нь дадал хэвшил биш, харин Есүс Христийн шавь хүний зан чанар юм.

Их Эзэн мөнх бус амьдрал дахь бидний сул талыг мэддэг тул “зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсож байх болно”1 хэмээн амласан. Би баталгаа, тайвшрал, илүү сүнслэг ойлголт юм уу хүч чадал хэрэгтэй үед Түүний оршихуйг мэдэрч, гүнээ даруусдаг ба Түүний тэнгэрлэг нөхөрлөлд талархдаг.

Их Эзэн “Нүглээ орхиж мөн надад ирдэг, мөн миний нэрийг дууддаг, мөн дуу хоолойг минь дуулгавартай дагадаг, мөн зарлигуудыг минь сахьдаг бодгаль болгон миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэдэх болно”2 хэмээн хэлсэн. Энэ нь Түүний эцсийн зорилго ч байж магадгүй.

Би өсвөр насандаа хэлсэндээ хүрэхийн чухлыг мэдэж авсан. Скаутын тангаргийг хэлэхээр бэлэн зогсдог байсан маань үүний нэг жишээ юм. Бид Америкийн хөвгүүдийн скаутын байгууллагатай одоо хамтран ажиллахаа больж байгаа ч энэ нь миний хувьд болон энэ Сүмийн хувьд түүхэн чухал өв байх болно. Скаутын байгууллагад болон скаутын удирдагчаар ажиллаж байсан олон эрэгтэй, эмэгтэйчүүдэд бас хамгийн ач тустай хүмүүс болох ээжүүдэд болон Скаутын хөтөлбөрт оролцож байсан залуу эрэгтэйчүүдэд бид “Баярлалаа” гэж хэлье.

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ахлагч Квинтэн Л.Күк хоёр өсвөр үеийнхэнд анхаарлаа дахин хандуулж, бүлгүүдээ илчлэгдсэн үнэнтэй нийцүүлэх өөрчлөлтүүдийг дөнгөж саяхан энэ хуралдаанаар зарлалаа. Үүнээс гадна, өнгөрсөн ням гарагт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ерөнхийлөгч Баллард хоёр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм даяар Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан шинэ хөтөлбөрийг тайлбарласан билээ. Энэ нь бидний Их Эзэн Аврагч, Есүс Христэд төвлөрсөн дэлхий даяарх хөтөлбөр юм. Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга энэхүү шинэ чиглэлд нэгдмэл байгаа бөгөөд Их Эзэн биднийг алхам тутамд маань удирдаж байсан гэдгийг би гэрчилж байна. Би Сүмийн хүүхэд, өсвөр үеийнхний төлөө сайн мэдээнээс суралцах, үйлчлэл, үйл ажиллагаа, хувийн өсөлт хөгжил зэргээр дамжуулан гэртээ болон сүм дээр аль алинд нь тэдэнд анхаарлаа хандуулах гэж байгаад баяртай байна.

Ирэх жилийн буюу 2020 оны өсвөр үеийнхний уриа нь “явж бас биелүүл” хэмээх Нифайн сонгодог амлалт юм. Тэрээр “Мөнхүү улиран тохиох дор би, Нифай, эцэгтээ хандаж хэлрүүн: Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана гэдгийг би мэдэх учраас би явж бас Их Эзэний зарлиг болсон тэр зүйлүүдийг биелүүлэх болно”3 гэж бичсэн. Энэ нь эрт үед өгөгдсөн хэдий ч бид өнөөдөр Сүмд тэрхүү амлалтыг дагадаг.

“Явж бас биелүүл” гэдэг нь дэлхийн арга замаас илүү сайныг сонгож, хувийн илчлэлт хүлээн аваад, үүний дагуу үйлдэж, ирээдүйдээ найдвартай, итгэлтэй, зөв шударга амьдарч мөн Есүс Христийг дагах гэрээг байгуулж, үүний дагуу амьдран, тэгснээр дэлхийн Аврагч болох Түүнийг хайрлах хайраа нэмэгдүүлэх гэсэн утгатай.

Гэрээ бол Бурхан ба бидний хоорондох хоёр талт амлалт юм. Сүмийн гишүүдийн хувьд бид баптисм хүртэхдээ өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авах, Түүнтэй адил амьдрах гэрээг байгуулдаг. Мормоны Усанд баптисм хүртсэн хүмүүсийн адил бид Түүний хүмүүс болохын тулд “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэхэд …; мөн гашуудах тэдний хамт гашуудахад; … тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч байхаар”4 гэрээлдэг. Сүмд бид нэг нэгэндээ тохинуулдаг нь яг тэрхүү амлалтуудыг дагах шийдвэрийг маань харуулдаг.

Бид ариун ёслолоос хүртэж байхдаа өөрсөд дээрээ Түүний нэрийг авахын тулд гэрээгээ шинэчилж мөн өсөн сайжрах нэмэлт амлалтуудыг өгдөг. Бидний өдөр тутмын бодол, үйлдлүүд том, жижиг ямар ч бай, өөрсдийгөө Түүнд зориулах шийдвэрийг маань харуулж байдаг. Хариуд нь Тэрээр “хэрэв та нар намайг үргэлж санах юм бол миний Сүнс та нартай хамт байх болно”5 хэмээх нандин амлалтыг өгсөн.

Бид өгсөн амлалт, байгуулсан гэрээгээ сахидаг уу? Эсвэл тэдгээр нь хөнгөн хийсвэр, хайнга үйлдэгдсэн учраас амархан зөрчигддөг шийдвэр байдаг уу? гэж өнөөдөр би асуумаар байна. Бид хэн нэг хүнд “би чиний төлөө залбирна” гэж хэлчихээд, дараа нь залбирдаг уу? “Би очиж тусална” гэж амлачихаад, очиж тусалдаг уу? Бид өрөө төлнө гэж хэлчихээд, өрөө төлдөг үү? Бид өөр гишүүнийг шинэ дуудлагад дэмжин баталж, дэмжлэг үзүүлэхээр гараа өргөчихөөд, дараа нь дэмждэг үү?

Өсвөр настай байхад маань миний ээж орныхоо хөлд надтай хамт суугаад, мэргэн ухааны үгийг дагаж амьдрахын чухлыг үнэн сэтгэлээсээ ярьж өгч билээ. “Би олон жилийн өмнөх бусдын туршлагаас мэргэн ухааны үгийг дагаагүйгээс сүнслэг байдал болон мэдрэмжээ алддаг болохыг мэдэж авсан” гэж ээж минь хэлсэн. Тэр миний нүд рүү ширтэж байсан бөгөөд би түүний үгс зүрх сэтгэлд маань шингэхийг мэдэрсэн. Тэр: “Ронни (ээж минь намайг Ронни гэж дууддаг байв) чи мэргэн ухааны үгийг үргэлж дагана гэж өнөөдөр надад амла” гэж хэлж билээ. Би түүнд тэр амлалтыг баттай өгсөн бөгөөд эдгээр он жилийн турш би тэр амлалтдаа хүрсээр байгаа.

Намайг өсвөр насандаа байхад мөн хожим нь согтууруулах ундаа элбэг дэлбэг байдаг бизнесийн хүрээнд байх үед тэрхүү амлалт надад тусалсан. Би Бурханы хуулиудыг дагах шийдвэрийг урьдчилан гаргасан бөгөөд тэр шийдвэрийг ахин гаргах хэрэггүй байсан. Их Эзэн “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй”6 хэмээн хэлсэн. Тэр Мэргэн ухааны үгийг сахидаг хүмүүст юу гэж хэлж байна вэ? Бидэнд эрүүл мэнд, хүч чадал, мэргэн ухаан, мэдлэг, биднийг хамгаалах тэнгэр элчүүд өгөгдөх болно гэж хэлж байгаа юм.7

Хэдэн жилийн өмнө охидын маань нэг нь лацдан холбогдох гэж байсан тул Расбанд эгч бид хоёр Солт Лэйкийн ариун сүмд байж байв. Бид ёслолд оролцох насанд хүрээгүй байсан бага охинтойгоо ариун сүмийн гадаа зогсож байхдаа Бурханы гэгээн ариун сүмд лацдан холбогдохын чухал ач холбогдлын талаар түүнд ярьсан юм. Олон жилийн өмнө ээжийн маань заасанчлан, бид охиндоо “Бид чамайг ариун сүмд баттай лацдан холбуулаасай гэж хүсэж байна. Мөнхийн ханиа олоод, ариун сүмд лацдан холбогдох өдрийг товлоно гэдгээ амлаасай гэж бид хүсэж байна” гэж хэлсэн. Охин маань ч бидэнд амласан.

Зураг
Ахлагч Расбандын охин нөхрийнхөө хамт

Бидний харилцан яриа болон өөрийнх нь амлалт түүнийг хамгаалж, “юу хамгийн чухал” болохыг сануулж байсан гэж охин минь хэлж билээ. Хожим нь тэр нөхөртэйгөө ариун сүмд лацдан холбуулахдаа ариун нандин гэрээнүүдийг байгуулсан.

Ерөнхийлөгч Нэлсон: “Бид ариун нандин гэрээнүүд байгуулж, тэрхүү гэрээнүүдээ яг таг сахисан үедээ өөрсдийн амьдрал дахь Аврагчийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг”8 хэмээн заасан юм.

Бид нэг нэгэндээ өгсөн амлалтаа сахиснаар Их Эзэнд өгсөн амлалтаа сахих магадлал өндөр байдаг. “Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг”9 хэмээн Их Эзэн хэлсэн байдгийг бүү мартаарай.

Судрууд дахь амлалтуудын жишээг надтай хамт авч үзнэ үү. Мормоны Номд Аммон болон Мозаягийн хөвгүүд “Бурханы … үгийг номлохоор”10 шийдсэн байв. Аммоныг леменчүүдэд баригдахад леменчүүдийн хаан Лемонайн өмнө түүнийг авчрав. Тэр хаанд “би таны зарц байх болно”11 гэж амлажээ. Дээрэмчид хааны хонин сүргийг хулгайлахаар ирэхэд Аммон тэдний гарыг цавчив. Хаан маш ихээр гайхширч, сайн мэдээний талаарх Аммоны захиасыг сонсон, хөрвүүлэгддэг.

Хуучин Гэрээнд Рут хадам ээждээ “таны явах газар уруу би явна”12 хэмээн амладаг. Тэр хэлсэн үгэндээ хүрсэн. Шинэ Гэрээний сургаалт зүйрлэлд сайн самари хүн, гэмтсэн аянчныг халамжлах юм бол “та илүүг зарвал би буцахдаа танд дахин төлье”13 хэмээн буудлын эзэнд амладаг. Мормоны Номд Зорам, Нифай нар ах дүүстэйгээ аглаг буйд руу явахаар амладаг. Нифай “Зорамыг бидэнд тангараг тавихад, түүний талаарх бидний айдас замхрав”14 хэмээсэн.

Судруудад өгүүлсэн “Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” хэмээн “эцгүүдэд” өгөгдсөн эртний амлалт юу гэсэн утгатай вэ?15 Дэлхийн өмнөх амьдралд бид Бурханы төлөвлөгөөг сонгохдоо бид Израилыг хөшигний хоёр талд цуглуулахад тусална гэж амласан юм. Олон жилийн өмнө ахлагч Жон А.Видцөү “Бид Их Эзэний хамтрагчид болсон. Энэ төлөвлөгөө хэрэгжих эсэх нь зөвхөн Эцэгийн ажил, бас Аврагчийн ажил байхаас гадна бидний ажил болсон юм”16 хэмээн тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Нэлсон дэлхий даяар аялж байхдаа “Өнөөдөр цугларалт нь дэлхий дээр болж байгаа хамгийн чухал зүйл юм.18 Бид цугларалтын тухай ярихдаа энэхүү гол үнэнийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм”17 хэмээн хэлсэн.

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би та бүхэнд урилга өгч, амлалтаар үгээ өндөрлөе. Эхлээд урилга өгье. Та нарыг үг тань тангараг болдог гэдгийг санаад, Их Эзэнд болон бусдад амладаг амлалт, тэдэнтэй байгуулдаг гэрээнүүдээ чин шударгаар бодож үзээсэй гэж би урьж байна. Хоёрдугаарт, та нарыг үүнийг хийх үед мөн амьдрал, гэр бүлээ болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг өсгөн бэхжүүлэхээр цуцашгүй чармайлт гаргах үед Их Эзэн таны үгсийг баталж, үйлдлийг тань зөвтгөх болно. Хайрт ах, эгч нар аа, Тэр та нартай хамт байх ба та нар өөрсдөдөө итгэлтэйгээр “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно … учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан”18 хэмээн тэсэн ядан хүлээх болно.

Үүнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж мөн амлаж байна, амен.