2010–2019
Гэрээнд харьяалагдах нь
2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Гэрээнд харьяалагдах нь

Бурханд харьяалагдаж, Түүний гэрээний замаар нэг нэгэнтэйгээ хамт алхах нь гэрээнд харьяалагдсанаас ирэх адислал юм.

Хайрт ах, эгч нар аа, Хүүхдийн хэсгийн нэг хүүхэд залбирч сурч байсан нэг түүх байдаг. Тэр хүүхэд “А үсэг, Б үсэг … Ё үсгийг өгсөнд баярлалаа” гэснээ “Э, Ю, Я үсгийн төлөө талархаж байна. Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, 1-ийн тоо, 2-ын тоог өгсөнд баярлалаа” гэж залбирч байлаа. Хүүхдийн хэсгийн багш санаа нь зовсон ч тэвчээртэй хүлээж. Нөгөөх хүүхэд цааш үргэлжлүүлэн “5-ын тоо, 6-гийн тоог өгсөнд баярлалаа. Хүүхдийн хэсгийн багшийг өгсөнд баярлалаа. Тэр багш маань миний залбирч дуусахыг тэвчээртэй хүлээсэн цорын ганц хүн юм” гэж хэлсэн.

Тэнгэрлэг Эцэг хүүхэд бүрийн залбирлыг сонсдог. Тэр биднийг ирж итгэн, гэрээ байгуулснаар Сүмд нь холбоо хамааралтай болоход цаглашгүй хайраар урьж байдаг.

Энэ дэлхий хий хоосон зүйлс, илбэ шид, эргэлзээ төөрөгдлөөр дүүрчээ. Олон зүйл түр зуурын, хуурамч мэт байдаг. Бид хуурамч баг, худал хуурмаг зан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн таалагдсан, таалагдаагүй тэмдэглэгээг хойш тавих үедээ хуурмаг дүр, түрхэн зуурын харилцаа, хувийн зуурдын ашиг сонирхлын эрэл хайгуулаас илүү дээр зүйлийг хүсэх болно. Утга учиртай зүйлсэд хариулт олох арга зам байгаа нь талархууштай.

Бид гэрээ байгуулан, Бурханыг болон эргэн тойрны хүмүүсээ хайрлах Бурханы хоёр агуу зарлигийг дагахдаа танихгүй хүний юм уу гадны зочны хувиар биш, гэртээ байгаа Түүний хүүхдийн хувиар ханддаг.1 Логикийн хувьд зөрчилдөөнтэй мэт санагдах ч одоо ч үнэн хэвээр байгаа эртний нэгэн ойлголт бий. Бид гэрээнд харьяалагдах замаар өөрсдийнхөө эгэл хүнийг орхисноор эрх чөлөөт, идэвх зүтгэлтэй бодит нэгнийг буюу өөрсдийнхөө хамгийн сайн мөнхийн хувилбарыг олж2, хамгийн чухал харилцаагаа тодорхойлдог. Гэрээнд харьяалагдах гэдэг нь бурханлаг байдлын хүчийг бидний амьдралд авчирдаг ёслолуудаар дамжуулан Бурханд болон нэг нэгэндээ чанд амлалт өгөхийг хэлнэ.3 Бид байгаагаараа гэрээ байгуулах үедээ байгаагаасаа илүү болдог. Гэрээнд харьяалагдах нь бидэнд өөрчлөгдөх орон зай, түүх, чадавхыг өгдөг. Энэ нь амь амьдралд болон авралд хүргэх итгэлийг төрүүлдэг.4

Тэнгэрлэг гэрээнүүд Бурханыг гэх хайрын мөн Бурханаас ирэх хайрын эх үүсвэр тул бие биенээ хайрлах хайрын үндэс болдог. Бурхан Тэнгэрлэг Эцэг маань биднийг өөрсдөөс маань илүү мэддэг мөн хайрладаг. Есүс Христэд итгэх итгэл болон хувь хүний өөрчлөлт (наманчлал) нь нигүүлсэл, ач ивээл, өршөөл авчирдаг. Эдгээр нь мөнх бус амьдралдаа өвчин зовлон, ганцаардал, шударга бус явдалтай тулгарах үед биднийг тайтгаруулдаг. Тэнгэрлэг Эцэг маань Бурхан учраас биднийг Өөрийнх нь хамгийн агуу бэлэг болох баяр баясал, мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн хүсдэг.5

Бидний Бурхан бол гэрээний Бурхан юм. Тэрээр мөн чанарынхаа дагуу “гэрээг сахьж, мөн нигүүлслийг үзүүлдэг.”6 “Цаг хугацаа үргэлжлэн байхад, эсвээс газар дэлхий оршсоор байхад, эсвээс үүний гадаргуу дээр аврагдаж болох ганцхан боловч хүн байхад”7 Түүний гэрээ оршсоор байх болно. Бид энэ амьдралдаа тодорхой бус байдал, эргэлзээ дунд тэнүүчлэн явах учиргүй. Харин “үхлийн хүлээснээс илүү хүчтэй”8 үнэ цэн бүхий гэрээт харилцаанд баясах ёстой.

Бурханы ёслол, гэрээнүүд бүх хүнд адил тэгш шаардагддаг ба хувь хүн бүрд хувьчлан гүйцэтгэгддэг. Бурханы шударга ёсонд газар бүрийн бүх насны бүх хүн авралын ёслолуудыг хүлээн авах боломжтой. Хувь хүн санал болгосон ёслолуудыг хүлээн авах эсэхээ өөрөө сонгосноор сонгох эрх хэрэгждэг. Бурханы ёслолууд бол Түүний гэрээний зам дээрх замын тэмдэг мөн. Бид Бурханы хүүхдүүдээ гэртээ буцаан авчрах төлөвлөгөөг гэтэлгэлийн төлөвлөгөө, авралын төлөвлөгөө, аз жаргалын төлөвлөгөө гэж нэрлэдэг. Есүс Христ “төгс цагаатгалыг хийсэн”9 учраас бид гэтэлгэгдэж, аврагдаж, селестиел аз жаргалд хүрэх боломжтой болсон.

Бурханд харьяалагдаж, Түүний гэрээний замаар нэг нэгэнтэйгээ хамт алхах нь гэрээнд харьяалагдсанаас ирэх адислал юм.

Нэгдүгээрт, гэрээнд харьяалагдах нь “шинэ гэрээний зууч”10 болох Есүс Христэд төвлөрдөг. Бид “Эцэгийн гэрээн дэх Христ[ээр] … ариусгагдсан”11 үед бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно. Эцсийг хүртэл итгэлтэй хэвээр үлдсэн хүмүүст бүхий л сайн сайхан, амлагдсан адислал ирдэг. “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний … баярт байдал” нь “биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдаж,” “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд орших”12 явдал юм.

Бид гэрээгээ дээдлэн амьдарснаар зарим үед тэнгэр элчүүдийн оршихуйд байгаагаа мэдэрч болно. Мөн бид хөшигний наад, цаад хоёр талаас биднийг хайрлаж, адисалдаг хайртай хүмүүсийнхээ хайр хамгааллыг мэдэрнэ.

Саяхан Гонг эгч бид хоёр гэрээнд харьяалагдахын хамгийн гайхамшигтай жишээг эмнэлгийн нэгэн өрөөнд олж харсан. Нэгэн залуу аавд бөөр яаралтай шилжүүлэн суулгах шаардлага тулгарчээ. Гэр бүлийнхэн нь уйлж, шилжүүлэн суулгах бөөр олдоосой гэж залбирч, мацаг барьж байв. Амийг нь аврах бөөр олдсоныг дуулаад, эхнэр нь “Тэр хүний гэр бүл сайн байгаасай” гэж чимээгүйхэн хэлсэн. Гэрээнд харьяалагдах гэдэг нь төлөөлөгч Паулын хэлснээр, “бидний хэн хэн нь нөгөөгийнхөө, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих”13 явдлыг хэлдэг.

Амьдралынхаа замд бид Бурханд итгэх итгэлээ гээж магадгүй ч Бурхан хэзээ ч бидэнд итгэх итгэлээ гээхгүй. Өөр үгээр бол, Түүний үүдний гэрэл үргэлж асаалттай хэвээр. Тэрээр замыг нь заах гэрээнүүд рүү ирэхэд, буцаж ирэхэд биднийг урьж байдаг. Тэрээр биднийг “холоос хараад,”14 бүр тэврэн авахад ч бэлэн хүлээж байдаг. Бид олж авсан туршлагынхаа хэв загвар, гол шугам, холбогдсон цэгүүдийг итгэлийн нүдээр харах үедээ, ялангуяа бэрхшээлтэй, гунигтай, зовлонтой үедээ, түүнчлэн баяр баясгалантай үедээ Түүний нигүүлсэл, тусламж дэмжлэг байсныг харж чаддаг. Бид ойр ойрхон унаж, бүтэлгүйтсэн ч гэсэн Түүн рүү зүтгэсээр байх юм бол Тэрээр бидэнд алхам алхмаар туслах болно.

Хоёрдугаарт, Мормоны Ном бол бидний гэрээнд харьяалагдсаны гарт баригдах нотолгоо юм. Мөн Мормоны Ном нь шинэ гэрээ хэмээн бошиглогдсон, Бурханы хүүхдүүдийг цуглуулах амлагдсан зэмсэг билээ.15 Бид Мормоны Номыг бие даан эсвэл бусадтай чимээгүйхэн эсвэл хамт чанга унших үедээ Бурханаас “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асууж,” Мормоны Ном үнэн гэсэн Бурханы баталгааг Ариун Сүнсний хүчээр хүлээн авч чадна.16 Энэ нь Есүс Христ бол бидний Аврагч, Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч, Их Эзэний Сүмийг Өөрийнх нь нэрээр буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж нэрлэсэн гэдэг баталгааг багтаадаг.17

Мормоны Ном Лихайн үр удам болох “бошиглогчдын хүүхдүүд”18 та нарт эртний болон өнөө үеийн гэрээгээр дамжуулан ярьдаг. Та нарын эцэг өвгөд үр удам нь болох та нарыг газар шорооноос хашхирах мэт дуу хоолойг нь танина гэсэн Мормоны Ном дахь гэрээт амлалтыг хүлээн авсан.19 Унших үед тань сонсогддог тэрхүү дуу хоолой та нарыг “гэрээний хүүхдүүд”20 гэдгийг мөн Есүс бол та нарын Сайн Хоньчин гэдгийг гэрчилдэг.

Мормоны Ном биднийг нэг бүрчлэн, Алмагийн үгээр “тэр өөрийн Сүнсийг [бидэн] дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн [Их Эзэнтэй] гэрээ”21 байгуулахад урьдаг. Бид илүү дээр болж өөрчлөгдөхийг, өөрөөр хэлбэл нэгэн хүний хэлснээр “зовлонт байхаа больж, аз жаргалтай байхыг” хүсэх үедээ удирдамж чиглүүлэг, тусламж дэмжлэг, хүч чадал хүлээн авах чадвартай болдог. Бид гэрээгээр дамжуулан Бурханд болон үнэнч итгэгчдийн бүлэгт харьяалагдахаар ирж, Христийн сургаалд амлагдсан адислалыг хүртэж чадна.22.

Түүний бүх хүүхдийг адислах сэргээгдсэн санваарын эрх мэдэл нь гэрээнд харьяалагдахын гурав дахь бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ эрин үед Иохан Баптист, төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Бурханы санваарын эрх мэдлийг сэргээхээр алдар суут элчийн хувиар Бурханаас илгээгдсэн.23 Бурханы санваар болон ёслолууд дэлхий дээрх харилцааг илүү утга учиртай болгодог ба гэрээт харилцааг тэнгэрт хүчинтэй болгодог.24

Санваар нь төрөхөөс үхэх хүртэл буюу нярайн нэрээс авахуулаад булшийг хүртэл адислах хүчтэй. Санваарын адислалууд эдгээж, тайтгаруулж, зөвлөдөг. Хүүдээ уурласан аав хайраар дүүрэн санваарын адислалыг хүүдээ өгөх үедээ уучлалаас ирэх хайрыг мэдэрчээ. Гэр бүлээсээ ганцаархнаа Сүмийн гишүүн, залуухан бүсгүй сүнсээр өдөөгдсөн санваарын адислалыг авах хүртлээ өөрийг нь хайрлах Бурханы хайрыг мэдэхгүй явжээ. Дэлхий даяарх эрхэм хүндэт патриархууд патриархын адислал өгөхөөр өөрсдийгөө сүнслэгээр бэлтгэдэг. Патриарх та нарын толгой дээр гараа тавих үедээ та нарыг гэх Бурханы хайрыг мэдэрч мөн илэрхийлдэг. Тэрээр та нарыг Израилын угсааны аль овгийн удам болохыг хэлж өгдөг. Мөн Их Эзэнээс ирэх адислалуудыг илэрхийлдэг. Аавыг нь патриархын адислал өгөх өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хэрхэн Сүнсийг хамтдаа урьдаг тухайгаа бусдад санаа тавьдаг жирийн нэгэн патриархын эхнэр надад хэлж билээ.

Эцэст нь хэлэхэд, гэрээнд харьяалагдсанаар ирэх адислалууд нь бид Их Эзэний бошиглогчийг дагаж, гэрлэлт зэргийг оролцуулан гэрээний дагуу баяртай амьдрах үед ирдэг. Бид хань ижил, гэр бүлээ өөрөөсөө илүүтэй аз жаргалтай байлгахыг өдөр бүр сонгосноор уг гэрээн дэх гэрлэлт ариун нандин, мөнхийн болдог. “Би” нь “бид” болсноор бид хамтдаа өсөж хөгждөг. Бид хамтдаа хөгширч, хамтдаа залууждаг. Бид амьдралынхаа туршид өөрсдийгөө умартан, бие биенээ адисалснаар мөрөөдөл, баяр баясал маань энэ амьдралд болон мөнхөд ариусгагдаж байгааг олж хардаг.

Хэдийгээр бид өөр өөр нөхцөл байдалтай тулгарах хэдий ч чадах бүхнээ хамгийн сайнаараа хийж мөн бүх замынхаа турш Их Эзэний тусламжийг чин сэтгэлээсээ хүсэж, эрэлхийлэх үед Тэрээр Өөрийн цаг хугацаанд Өөрийн арга замаар мөн Ариун Сүнсээрээ биднийг удирдан чиглүүлэх болно.25 Гэрлэлтийн гэрээнүүд нь гэрээ байгуулж буй хүмүүсийн чөлөөт сонголтоор хүчинтэй болдог. Энэ нь сонгох эрхийг хүндэтгэх Бурханы болон бидний хүндэтгэлийг сануулагч мөн Түүний тусламжийг хамтдаа эрэлхийлэх үед ирэх адислал болдог.

Үе удмаараа гэрээнд харьяалагдахын үр жимс гэр оронд мөн зүрх сэтгэлд мэдрэгддэг. Үүнийг хувийн туршлагаараа харуулахыг минь зөвшөөрнө үү.

Гонг эгч бид хоёр бие биедээ дурлаж, гэрлэхийг хүсэж байхдаа сонгох эрх, шийдвэрийн талаар ойлгож мэдсэн юм. Хэсэг хугацаанд бид хоёр өөр тивийн хоёр өөр улсад амьдарч байв. Иймээс л би өөрийгөө олон улсын харилцаагаар докторын зэрэг хамгаалсан гэж шулуухан хэлж чаддаг.

Би “Тэнгэрлэг Эцэг минь, би Сюзантай гэрлэх нь зөв үү?” гэж асуухдаа амар амгалан мэдэрсэн. Гэхдээ “Тэнгэрлэг Эцэг минь, би Сюзанд хайртай, түүнтэй гэрлэмээр байна. Би чадах чинээгээрээ хамгийн сайн нөхөр, эцэг байх болно гэж амлаж байна” гэж чин сэтгэлээсээ залбирч сурсан үед буюу намайг үйлдэл хийж, хамгийн сайн шийдвэрээ гаргах тэр үед л надад хамгийн хүчтэй сүнслэг баталгаа ирсэн.

Одоо манай Гонг, Линдзигийн FamilySearch дэх гэр бүлийн мод, түүх, зургууд олон үе удмын гэрээнд харьяалагдсан амьдралын туршлагаар дамжуулан олж нээн мөн холбогдоход бидэнд тусалж байна.26 Бидний хувьд эрхэм хүндэт өвөг дээдсийнхээ зарим нэгийг би дурдъя.

Зураг
Алис Блауэр Бангэртэр

Нэг өдөр гурван гэрлэх санал авч байсан элэнц эмээ Алис Блауэр Бангэртэр маань цөцгий машиндангаа нэхмэлийн ажлаа хийж, ном уншихын тулд цөцгийний машинаа гишгүүртэй болгож өгөхийг нөхрөөсөө хүсжээ.

Зураг
Лой Кюй Чар

Элэнц өвөө Лой Кюй Чар маань хүүхдүүдээ үүрээд, гэрийнхээ хэдэн эд зүйлийг илжгэндээ ачаад, Хавайн Биг айландын галт уулын нутгийг хөндлөн туулсан юм. Чарын гэр бүлийн үе дамжсан итгэл үнэмшил, золиос өнөөдөр ч гэр бүлийг маань адисалдаг.

Зураг
Мэри Алис Пауэлл Линдзи

Нөхөр, ууган хүү хоёр нь хэдхэн хоногийн зайтай гэнэт нас барах үед Грам Мэри Алис Пауэлл Линдзи таван нялх хүүхэдтэй үлджээ. 47 жил бэлэвсэн амьдарсан Грам орон нутгийн удирдагчид, гишүүдийн үйлчлэлийн хайр дэмжлэгээр гэр бүлээ өсгөжээ. Энэ олон жилийн турш Грам хэрэв Их Эзэн өөрт нь тусалбал хэзээ ч гомдоллохгүй гэж Түүнд амласан аж. Их Эзэн түүнд тусалсан ба тэр хэзээ ч гомдоллоогүй юм.

Ах, эгч нар аа, Ариун Сүнсний гэрчилснээр, сайн хийгээд мөнхийн бүх зүйл Бурхан бидний Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христийн болон Түүний Цагаатгалын бодит байдал дээр төвлөрдөг. Бидний Их Эзэн Есүс Христ бол шинэ гэрээний Зуучлагч. Есүс Христийг гэрчлэх нь Мормоны Номын гэрээний зорилго мөн.27 Бурханы сэргээгдсэн санваарын эрх мэдэл тангараг, гэрээгээр дамжуулан Бурханы бүхий л хүүхдийг гэрээн дэх гэрлэлтээр төдийгүй үе удам, хувь хүний адислалаар адислах зорилготой.

Аврагч маань “Би бол Альфа ба Омега, Их Эзэн Христ бөлгөө; тийм ээ, бүр би бол эхлэл ба төгсгөл, дэлхийн Гэтэлгэгч тэрбээр бөлгөө”28 хэмээн тунхагласан.

Тэрээр гэрээнд харьяалагдах бүхий л тал дээр маань, эхнээс эцсийг хүртэл бидэнтэй хамт байдаг. Би үүнийг Есүс Христийн ариун нандин нэрээр гэрчилж байна, амен.