Институт
22-р хичээлд бэлтгэх материал: Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд Есүс Христтэй хамт оролцох


“22-р хичээлд бэлтгэх материал: Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд Есүс Христтэй хамт оролцох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“22-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Ариун сүмийн гадна буй залуу эрэгтэйчүүд

22-р хичээлд бэлтгэх материал

Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд Есүс Христтэй хамт оролцох

Та Тэнгэрлэг Эцэг таныг яагаад яг энэ цаг үед дэлхий дээр илгээсэн талаар бодож байсан уу? Тэргүүн зөвлөлийн зөвлөх байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Сэргээлт өнөө үед үргэлжилсээр байгаа бөгөөд бид “дэлхийн түүхэн дэх хамгийн гайхалтай цаг мөчүүдийн нэгд” амьдарч байна хэмээн заасан. (“(Та Сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78) Аврагч Өөрийн Сүмийг үргэлжлүүлэн удирдаж, дэлхий дээрх хүн бүрийн авралын төлөө ажилласаар байгаа. Энэхүү хичээлийг судалж байхдаа та Түүний агуу ажилд хэрхэн нэгдэж болох талаар эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд миний хийх хэсэг юу вэ?

Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан дэлхий дээр сайн мэдээгээ сэргээж, Өөрийн “үнэн бөгөөд амьд сүмийг” дахин зохион байгуулсан (Сургаал ба Гэрээ 1:30). Далын ахлагч бага Лигранд Р.Көртис ийн хэлжээ.

Зураг
Ахлагч Бага Лигранд Р.Көртис

Бурханы Иосеф Смитээр дамжуулан илчилсэн бүхэн гайхамшигтай байсан ч Сэргээлтийг Иосеф Смитийн амьд байх цаг хугацаанд хийж дуусгаагүй. Түүний дараа дараагийн бошиглогчдоор дамжуулан ариун сүмийн ажил тасралтгүй явагдаж, нэмэлт судрууд гарч ирэн, олон хэл дээр судрын орчуулга хийгдэж, сайн мэдээг дэлхий даяар тараан, Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг, санваарын чуулгууд болон Сүмийн зохион байгуулалт, дэг журамд орсон өөрчлөлт гэх мэт олон зүйлийг бид хүлээн авсан. …

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр “Бид Сэргээлтийн үйл явцын гэрч юм. Хэрэв та Сүмийг бүрэн сэргээгдсэн гэж үзэж байвал дөнгөж эхлэлийг нь л харж байна. Өөр олон зүйл ирэх болно.” (“Үргэлжлэн явагдаж буй Сэргээлт,” Лиахона, 2020 оны 4-р сар)

Зураг
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт залбирч буй номлогчид

Их Эзэн Өөрийн ажлыг үргэлжлүүлэн дэлгэх үед бид хэрхэн оролцож болох талаар бодох нь бидний хүн нэг бүрийн хувьд чухал юм. Ерөнхийлөгч Угдорф ийнхүү асуужээ.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бидний мөнх бус амьдралын хугацаа дуусахад энэ чухал цаг үед өөрсдийн амьдралд болон Их Эзэний ажлыг урагшлуулахад оруулсан хувь нэмрийнхээ талаар бид ямар туршлага хуваалцаж болох вэ? …

Энэ ариун ажилд өөрсдийгөө бүрэн дайчлахгүй байснаар хувь хүн, гэр бүл мөн Христийн Сүмийн хувьд алдах зүйл дэндүү их.

Есүс Христийн дагалдагч байна гэдэг нь өдөрт нэг удаа эсвэл долоо хоногт нэг удаа чармайх явдал биш юм. …

Бүгдээрээ сэрүүн байж мөн сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь бид “агуу ажлын суурийг тавьж” [Сургаал ба Гэрээ 64:33], Аврагчийг эргэж ирэхэд бэлтгэж байгаа билээ. (“Та Сэргээлтийн ажлын үеэр унтаж байна уу?,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78, 81)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сүмийн удирдагчдын сүүлийн үед заасан зүйлс, Сүмийн бодлого журмын өөрчлөлтүүд эсвэл үргэлжлэн явагдаж буй Сэргээлтийн нэг хэсэг болсон Сүмийн ерөнхий мэдэгдлүүдийг бод. Ерөнхий чуулган дээр заасан, Сүмийн вэбсайт (ChurchofJesusChrist.org) дээр тавигдсан эсвэл Church’s Newsroom (newsroom.ChurchofJesusChrist.org) дээр зарлагдсан зүйлсийн талаар эргэцүүлэн бод. Эдгээр өөрчлөлт болон заасан зүйлс таны хувьд ямар утга учиртай вэ?

2-р хэсэг

Би үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд хэрхэн оролцож болох вэ?

Ерөнхийлөгч Нэлсон үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцож болох нэг арга зам бол Израилыг цуглуулахад туслах явдал хэмээн заажээ. Тэрээр ийн тунхагласан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. …

 … Чи өнөөдөр энэ дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэргийн томоохон хэсэг баймаар байна уу?

Энэ үнэ цэнтэй хожмын өдрүүдэд чи Израилыг цуглуулахад тусалмаар байна уу? Сонгогдсон нэгэн чи сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоогүй байгаа сонгогдсон хэн нэгнийг олоход сайн дураараа туслах уу? (Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон нар, “Израилын найдвар” [дэлхий даяарх өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Лиахона сэтгүүлийн хавсралт, 8, ChurchofJesusChrist.org)

Израилын цугларалт нь Абрахам, Исаак, Иаков нарын үр удамд амлагдсан гэрээ, адислалуудыг бүх хүнд боломжтой болгодог учраас агуу ач холбогдолтой юм (Эхлэл 26:3–4; 35:11–12; Абрахам 2:8–11-ийг үзнэ үү).

Эрт дээр үед Израилын угсаа, Бурханы гэрээт хүмүүс гэрээгээ зөрчиж, Их Эзэнийг үл тоомсорлосон. Тэд “бүх үндэстний дунд” тараагдсан билээ (1 Нифай 22:3; мөн 4–5-р шүлгийг үзнэ үү). Гэсэн хэдий ч, бошиглогчид эцсийн өдрүүдэд Их Эзэн израилчууд болон дэлхийн бүх үндэстний дунд “гайхамшигт ажлыг” (1 Нифай 22:8) хийх болно хэмээн бошиглон хэлсэн. Тэр тараагдсан Израилыг цуглуулж, гэрээгээ тэдэнд мэдүүлэх болно (1 Нифай 15:12–16; 22:8–10-ыг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 22:11–12-ыг уншаад, Израилын цугларалт хэрхэн бүх хүнийг адисалж болохыг олж мэд.

Мөн ерөнхийлөгч Нэлсон Израилын цугларалтын тухай ийн хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Израилын цугларалт бол төгсгөл биш юм. Энэ бол эхлэл. Бидний тэвчиж хүрэх ёстой төгсгөл нь ариун сүмийн хишиг болон лацдан холбох ёслолуудыг багтаадаг. Энэ нь бид удам угсаагаараа эсвэл үрчлүүлэх замаар Бурхантай гэрээний харилцаанд орж, Түүнтэй болон гэр бүлийнхэнтэйгээ үүрд мөнхөд хамт байх алхмыг багтаадаг. Энэ бол Бурханы алдар суу—Түүний хүүхдүүдийн мөнх амьдрал мөн. (“Мормоны Ном, Израилын цугларалт ба Хоёр дахь ирэлт,” Лиахона, 2014 оны 7-р сар)

Зураг
Ариун сүмийн урд зогсож буй залуу эмэгтэйчүүд

Та Израилын цугларалтын хамрах хүрээг бодохдоо, үүнд оролцохын тулд юу хийж чадахаа бодож болно. Ерөнхийлөгч Нэлсон “Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг” гэж тайлбарлажээ (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102).

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон цугларалт дахь өөрийн хийж болох хэсгийг хэрхэн олж мэдэх талаар ийнхүү заасан.

Зураг
Ерөнхийлөгч Бонни Х.Кордон

Энэхүү цугларалтын нэг хэсэг болохын тулд, бусдыг Христэд авчрахын тулд юу хийж болох тухайгаа Тэнгэрлэг Эцэгээс асууж залбир. Төрсөн мэдрэмжүүдээ бичиж аваад, тэдгээрийн дагуу үйлдэхдээ зоригтой бай. Боломжууд нь бидэнтэй адил янз бүр байгаа. Бидний хүн нэг бүрийг илүү өндөр түвшин рүү өгсөхөд уриалан дуудаж байдаг бошиглогчдоо би талархаж байна. (Facebook, June 3, 2018, facebook.com/YWPresident)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Израилын цугларалтад өөрийн тусалж болох нэг юм уу хоёр арга замыг залбиран байж бодож ол. Төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэх төлөвлөгөө гаргаж, бич.  

3-р хэсэг

Би үнэхээр өөрчлөлт хийж чадах болов уу?

Зарим үед та Их Эзэний ажлыг хийхээр хичээх үедээ өөрийгөө хангалтгүй гэж бодож байж болох юм. Ийм мэдрэмж мэдрэх үедээ Их Эзэний ажлыг хэзээ ч ганцаараа хийдэггүй гэдгээ санах нь чухал.

Чидуны моддын ёгтлолд бошиглогч Зинос чидуны модны талбайг дэлхийтэй харьцуулсан байдаг. Таримал чидуны мод нь Израилын угсааг, зэрлэг чидуны мод нь харийнхныг төлөөлдөг. Түүхийн төгсгөлд талбайн Эзэн Есүс Христ бүх модыг жимстэй болгохын тулд бүх хүчээ дайчлан ажилладаг (Иаков 5:47-г үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иаков 5:70–72-ыг уншаад, Их Эзэн зарцтайгаа талбайд ажиллах үеийн тэдний хоорондын харилцааг олж мэд.

Их Эзэнтэй хамт хөдөлмөрлөх гэдэг нь таны хувьд ямар утгатайг бод. Аврагч хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан “Мөн та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (Сургаал ба Гэрээ 84:88) гэж хэлсэн.

Зураг
Аврагчийн мутар

Ахлагч Ким Б.Kларк Далын гишүүнээр үйлчилж байхдаа Аврагчийн дэмжлэгийн талаар ийн хэлсэн байдаг.

Зураг
Ахлагч Ким Б.Kларк

Гэхдээ Аврагчийн “Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг” [Иохан 16:32] гэсэн үгсийг санаарай. Энэ нь бидний хувьд ч үнэн юм. Бид ганцаараа биш. Их Эзэн Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай бөгөөд бидэнтэй хамт байдаг. Есүс Эцэг рүүгээ харж, агуу цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлсэн учир бид Түүнийг бидэнд тусална гэсэн бат итгэлтэйгээр Түүн рүү харж болно. (“Есүс Христ рүү харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67, 68)

Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Их Эзэний ажлыг хийж байхдаа Түүний тусламжийг мэдэрч байсан үеэ бод. Мөн гэр бүлийнхээ гишүүнээс эсвэл найзаасаа амьдралынхаа туршлагаас хуваалцахыг хүсэж болно. Ангидаа хуваалцах бэлтгэлтэй ир.