Институт
26-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христтэй илүү адилхан болох


“26-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христтэй илүү адилхан болох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“26-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Есүс Христ тусламж хэрэгтэй хүнд тохинуулж байгаа нь

26-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христтэй илүү адилхан болох

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр “чин сэтгэлээсээ бүгдийг өөрийнх нь жишээг дагахыг хүссэн билээ” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Түүнтэй илүү адилхан болохыг хичээх нь насан туршийн аялал юм. Бид үүнийг аажмаар, зөвхөн Аврагчийн тусламжтайгаар гүйцэтгэдэг (Моронай 10:32-ыг үзнэ үү). Та энэ хичээлийн материалыг судалж байх явцдаа, Аврагчтай адил болох хичээл зүтгэлээ илүү зорилготой болгохын тулд юу хийж болох талаар бодож үз.

1-р хэсэг

Их Эзэн намайг ямар хүн болоосой гэж хүсэх байсан бэ?

Нифайчууд болон леменчүүдийн дунд үйлдсэн тохинууллынхаа дараахан Есүс Христ шинээр дуудагдсан арван хоёр шавьдаа үзэгджээ. Тэрээр тэдэнд Өөрийн сайн мэдээний талаар илүү ихийг зааж, үүрэг хариуцлагад нь зааварчилсан (3 Нифай 27:13–26-г үзнэ үү). Аврагч “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээн тэдэнд хэлсэн.

Зураг
Христ гурван нифай шавийн хамт, Гари Л.Капп

Аврагчтай адил “байх” урилгыг бүх шавьд нь зориулан өгсөн юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийнхүү заасан.

Зураг
Ахлагч Дэйл Г.Рэнланд

Бид баптисм хүртэхийг сонгосноор Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, өөрсдийгөө Түүгээр тодорхойлуулах сонголт хийдэг. Бид Түүнтэй илүү адил болж, Түүний зан чанарыг хөгжүүлнэ хэмээн амладаг. (“Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23)

Аврагчийн зан чанаруудаас хэдийг тунгаан бодоход нэг хором зарцуул. “Christlike Attributes” (2:53) видеог үзэх нь тустай байж болох юм.

Аврагчтай адил болох амлалт нь биднийг Түүний тухай мэдэхээс илүү зүйлд хөтөлдөг. Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бидэнд ямар нэг зүйлийг мэддэг болохыг заадаг дэлхийн сургуулиудтай адилгүй нь Есүс Христийн сайн мэдээ биднийг ямар нэг зүйл болоход урьдагт оршино. …

Есүс Христийн сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгийн биднийг ямар хүмүүс болоосой гэж хүсдэг шиг тийм хүмүүс хэрхэн болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм. (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 32)

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Аврагчтай адил болох бидний эрэл хайгуулын тухай ийн хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Тухайн хүний амьдрал Христийн загварт хамгийн ойр дөхөж очсон бол тэр хамгийн агуу мөн хамгийн адислагдсан мөн баяр баяслаар дүүрэн нэгэн юм. Энэ нь дэлхийн эд хөрөнгө, эрх мэдэл эсвэл нийгмийн байдалтай огт хамаагүй. Агуу байдал, адислагдсан байдал, баяр хөөртэй байдлын цорын ганц үнэн сорилго бол амьдрал нь Их Эзэн Есүс Христийнхтэй адил болоход хэр дөхсөн байгаад оршино. Тэр бол зөв зам, бүрэн үнэн ба элбэг дэлбэг амь юм. (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2)

Зураг
Номлогчид ахмад хүнтэй ярилцаж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Христийнхтэй адил үлгэр жишээ үзүүлсэн таньдаг нэг хүнээ бод. Түүнтэй холбоо барьж, Аврагчтай адил амьдрахыг хичээснээр хэрхэн адислагдсаныг нь асуухыг бод.

2-р хэсэг

Би Есүс Христтэй илүү адилхан болохын тулд юу хийж болох вэ?

Далын ахлагч Скотт Д.Вайтинг Есүс Христтэй илүү адилхан болох үйл явцын талаар ийн заасан.

Зураг
Ахлагч Скотт Д.Вайтинг

Түүнтэй адил болох сануулгыг ойлгох нь сайн зүйл боловч энэ ойлголтоо эгэл хүнээ алхам алхмаар өөрчлөх хүсэл тэмүүлэлтэйгээ нэгтгэх хэрэгтэй. Ийм хүсэлтэй болохын тулд бид Түүний хэн гэдгийг мэдэх ёстой. Бид Христийн зан чанаруудыг тодорхой хэмжээгээр мэддэг байх ёстой бөгөөд судар, шүтлэг бишрэлийн цуглаан болон өөр ариун газруудаас энэ зан чанаруудыг эрэлхийлэх ёстой. Бид Түүний тухай илүү ихийг мэдэж эхэлмэгц бусдаас Түүний зан чанаруудыг олж харах болно. Энэ нь биднийг аян замд маань урамшуулна. Учир нь бусад хүн Түүний зан чанарыг ямар нэг хэмжээгээр олж авч чадаж байхад бид ч бас олж авч чадна. (“Түүнтэй адил болох нь,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13).

Ахлагч Вайтингийн заасанчлан, бид Есүс Христийн зан чанаруудыг судруудаас олж харж болно (жишээлбэл: Матай 5:3–11; Алма 13:28; Сургаал ба Гэрээ 4:5–7-г үзнэ үү). Мөн төлөөлөгч Петр бидэнд Аврагчийн “тэнгэрлэг хүчээр” бид Аврагчийн “тэнгэрлэг мөн чанарыг” (2 Петр 1:3, 4) хүлээн авч чадна гэж заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

2 Петр 1:4–8-ыг уншаад, Аврагчийн тусламжтайгаар хүлээн авч, хөгжүүлж болох тэнгэрлэг зан чанаруудыг тэмдэглэж авахыг бод. (Нэмэлт санааг “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” хэсгээс үзнэ үү.)

Та өөрийгөө Аврагчтай харьцуулах үедээ заримдаа сэтгэлээр унаж, урамгүй болж магадгүй. Ийм үед Аврагч хүртэл “эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин ач ивээл дээр ач ивээлийг хүлээн авсан” (Сургаал ба Гэрээ 93:12) гэдгийг санаарай. Өсөн нэмэгдэж буй ахиц дэвшлээсээ та баяр баясгаланг олж чадна.

Та ганцаараа үүнийг хийж чадахгүй гэдгийг сана. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэргүүн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байхдаа ийнхүү заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Христийнхтэй адил зан чанарууд бол Бурханы бэлэг юм. Тэдгээрийг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй.

Бид бүгдэд хэрэгтэй энэ тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд үнэгүй өгсөн. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэнэ гэдэг нь Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд найдах буюу Түүнд төгс байдлаар итгэл хүлээлгэхийг хэлнэ. … Бид Аврагчтай илүү адил болохыг эрэлхийлэхдээ өөрсдийн амьдралыг тогтмол дахин үнэлж цэгнэн, үнэн наманчлалын замаар дамжуулан Есүс Христийн ач гавьяа болон Цагаатгалын адислалууд дээр тулгуурлах хэрэгтэй. (“Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх нь,” Лиахона, 2008 оны 10-р сар, 8–12)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг хичээх явцдаа ямар сорилтуудтай тулгарч байсан эсвэл тулгарч болох вэ? Их Эзэнтэй илүү адилхан болоход Тэр танд хэрхэн тусалж чадах вэ эсвэл хэрхэн тусалсан бэ?

3-р хэсэг

Их Эзэн намайг Христийнхтэй адил ямар зан чанарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаасай гэж хүсэх бол?

Та хөгжүүлэхийг хүсэж буй Христийнхтэй адил зан чанаруудыг бодох үедээ өөрийн давуу болон сул талуудыг олж тодорхойл. Та яг одоо анхаарлаа хандуулахыг хүсэж буй зан чанараа тодорхойлохын тулд дараах суралцах үйл ажиллагааг ашиглаж болно.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

  1. Хөгжүүлэхийг хүсэж буй зан чанарыг тодорхойл. Их Эзэний танаас цаашид хөгжүүлэхийг хүсэж байгаа Христийнхтэй адил зан чанарын талаар залбирч байгаад тунгаан бод. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж ([2019], 132) дахь “Зан чанарын үйл ажиллагаа”-г хийж гүйцэтгэх нь танд тустай байж магадгүй.

  2. Аврагчаас суралц. Таны ажиллахаар сонгосон зан чанарыг Есүс Христ хэрхэн үлгэрлэн харуулсан тухай бод. Та энэ зан чанарын жишээг судраас олж уншиж болно. Аврагчийн үлгэр жишээг тунгаан бодох явцдаа, сурсан зүйлээ тэмдэглэ.

  3. Орчин үеийн жишээг олж тодорхойл. Таны ажиллахаар сонгосон зан чанарыг үлгэрлэн харуулсан хэн нэгний тухай бод. Тэр хүнтэй ярилцаж, энэ зан чанарыг төлөвшүүлэхэд нь юу тусалсан талаар олж мэдэхийг бодоорой. Төрсөн бодол санаа, төрсөн сэтгэгдлээ бич.

Хичээлийн үеэр энэ туршлагаас сурсан зүйлээ хуваалцахад бэлэн бай.

Та Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллахдаа ахиц дэвшлээ тогтмол хяна. Бусадтай өөрийгөө бүү жиш. Жижиг амжилтуудад баярла. Алдаануудаасаа суралц. Таныг Аврагчтай илүү адилхан болохоор хичээх үед Тэр тусламж, хүч чадал өгнө гэдэгт итгэ.

Зураг
Хүүхэдтэй эмэгтэйд хаалга онгойлгож өгч буй залуу эрэгтэй