Институт
4-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох нь


“4-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023),

“4-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Аниргүй нам гүм байгалийн зураг

4-р хичээлд бэлтгэх материал

Их Эзэний Бүтээлтээс зорилго, баяр баясал олох нь

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Биднийг хүрээлэн байгаа байгалийн гайхамшгийг бүгдээрээ цаг гарган анхааралтай ажиглан харж, Бурханы бидэнд зориулан бүтээсэн энэ дэлхийн талаар илүү ихийг сурч мэдэхэд өөрсдийгөө зориулбал юу тохиолдохыг бодож үзээрэй!” хэмээн хэлсэн (“God’s Love for His Children,” Ensign, May 1988, 57). Та бүтээлтийн гайхамшгийн талаар эргэцүүлэхдээ Бүтээгчийн талаар болон бидний төлөөх Түүний зорилгын талаар юу сурч мэдэж болох талаар бодоорой.

1-р хэсэг

Бүтээлтийн зорилгыг ойлгох нь миний амьдралд хэрхэн илүү их утга учрыг авчирч чадах вэ?

Шөнийн тэнгэрийн оддыг ажиглан харж байхад танд ямар бодол, мэдрэмж төрж байсан бэ? Магадгүй та гайхаж, биширч, хүндэлж эсвэл өөрийгөө өчүүхэн мэт мэдэрч байсан байх.

Зураг
Шөнийн одод

Одон орон судлалын шинжлэх ухаан бидэнд сансар огторгуйн агуу уудам цар хүрээ, багтаамжийн ердөө өчүүхэн хэсгийг л харуулдаг. Зөвхөн манай тэнгэрийн заадаст л гэхэд “200-аас 400 тэрбум од байдаг бөгөөд энэ нь хэдэн тэрбум тэнгэрийн заадасны зөвхөн нэг нь юм. … Харж болох сансар огторгуйн бүх тэнгэрийн заадас нийлээд ойролцоогоор 30 тэрбум их наяд одыг агуулдаг. Гэсэн ч энэ тоо нь оршин байгаа бүх одны өчүүхэн жоохон хэсэг нь ч байж магад” (R. Val Johnson, “Worlds without Number,” Ensign, Aug. 2013, 45).

Бүтээлтийн гайхалтай үзэгдэлд Мосе манай дэлхийг оршин суугчдынх нь хамт харахаас гадна хязгааргүй өргөн уудам орчлон ертөнц огторгуйн талаар олж мэджээ. Мөн Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлага доор бүх зүйлийг бүтээсэн гэдгийг тэр мэдэж авсан (Мосе 2:1; Мозая 3:8; Иохан 1:1–3-ыг үзнэ үү). Мосе Бурханы гарын бүтээлийг хараад, “агуу ихээр гайхаж мөн гайхашран” (Мосе 1:8), “Би танаас гуйя, эдгээр зүйлүүд яагаад ийм байгааг, мөн та тэдгээрийг юугаар хийснийг надад хэлээч?” хэмээн асуужээ (Мосе 1:30-ийг мөн 27–37-р шүлгийг үзнэ үү).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мосе 1:33, 38–39-ийг уншаад, Мосе яагаад Бурхан ийм хязгааргүй өргөн уудам ертөнцийг болон үүн дээрх бүхий л амьдралыг бүтээсэн талаар юу ойлгож мэдсэнийг олж мэд.

Тэргүүн зөвлөлийн гишүүн байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Бүтээлт дэх Бурханы зорилгын талаар ингэж хэлжээ.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Орчлон ертөнцийг бүтээсэн гол шалтгаан нь бид болохыг Бурхан өөрөө хэлсэн! Түүний ажил, алдар суу, энэхүү гайхамшигт орчлон ертөнцийн зорилго нь хүмүүн төрөлхтнийг аварч мөн өргөмжлөх явдал билээ. … Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүдийн хувьд бид өөрсдийн чадавхад хүрч болохын тулд Тэрээр орчлон ертөнцийг бүтээжээ.

Энэ нь хүмүүний хувьд зөрчилдөөнтэй зүйл буюу Бурхантай харьцуулахад хүмүүн нь юу ч биш; гэхдээ Бурханы хувьд бид маш чухал. (“Та нар Түүнд чухал,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–23)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын орчлон ертөнцийг бүтээсэн гол шалтгаан нь бид гэдгийг мэдэх нь танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

2-р хэсэг

Би Их Эзэний бүтээлүүдээс илүү агуу баяр баяслыг хэрхэн олж авч чадах вэ?

Бурхан тэнгэр, газрыг бүтээснийхээ дараа долоо дахь өдөр нь бүх ажлаасаа амарсан бөгөөд “миний хийсэн бүх зүйл дуусав, мөн бибээр, Бурхан тэдгээр нь сайн байсныг харлаа” (Мосе 3:2) хэмээсэн. Тэгээд Тэр долоо дахь өдрийг адислав. Та Бүтээлтийн сайн сайхныг харахад цаг гаргаж буй Бүтээгчийн талаар юу мэдэж авсан бэ? Өнгөрсөн долоо хоногт та хэр олон удаа алхаагаа сааруулж, Их Эзэний бүтээлүүдэд баясах цагийг өөртөө гаргасан бэ?

Зураг
Замаар алхаж буй хүн

Аврагч бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтээрээ Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахидаг хүмүүст ирдэг материаллаг болон сүнслэг адислалуудыг тодорхойлсон (Сургаал ба Гэрээ 59: 9–19-ийг үзнэ үү). Эдгээр адислалд “дэлхийн бүрэн байдлыг” (Сургаал ба Гэрээ 59:16) таашаах адислал багтдаг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 59:16–20-ийг уншаад, Их Эзэний бүтээлүүдээс бидэнд үр ашиг хүртээж болох арга замуудыг олж мэд.

Дэлхий дээрх бүх гайхамшгаас Бурханы хамгийн агуу бүтээл нь бид юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр “өөрсдийнхөө дүр төрхөөр, … хүнийг зохион байгуулахаар … эрэгтэй мөн эмэгтэйг бий болгохоор … явцгаав” (Абрахам 4:26–27). Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн гэрчилжээ.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

Бидний бие ариун нандин бөгөөд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, Бурхан Тэргүүтний гайхамшигтай, оргил бүтээл юм. (“Be Ye Clean,” Ensign, May 1996, 48)

Зураг
Хүүхдээ тэвэрч буй эх хүн

Бие махбод хүлээн авах нь бидний мөнхийн өсөлт хөгжлийн үндэс юм (Сургаал ба Гэрээ 93:33–34-ийг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Бидний бие махбод мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байхдаа хүлээн авч чадахааргүй байсан туршлагуудыг өргөн хүрээнд гүн гүнзгий, хүч чадалтайгаар олж авах боломжтой болдог. (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50)

Аврагчийн эсрэг, Сатан бидний бие махбодын бурханлаг зорилгыг гуйвуулж, биеэ буруу ашиглахад уруу татдаг. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Сюзан В.Таннэр

[Сатан] олон хүнийг ариун бус явдал, зохисгүй байдал, дур зоргоороо байх, донтолт зэргээр дамжуулан агуу бэлэг болох бие махбодоо бохирдуулахад уруу татдаг. Тэр зарим хүнийг биеэ голоход ятгаж, бусад хүнийг биеэ шүтэн бишрэхэд уруу татдаг. Аль ч тохиолдолд тэр бие махбодыг зүгээр л нэг зүйл гэж үзэхэд дэлхийнхнийг уруу татдаг.

Бидний бие махбод бол ариун сүм. Бид бие махбодтой учраас … Тэнгэрлэг Эцэгээс ялгаатай биш харин ч илүү адилхан. Их Эзэн бие махбодыг маань мөнх оршихуйд ариусгаж, өргөмжилж болохын тулд бид мөнх бус оршихуйд бие махбодынхоо ариун байдлыг хүндэтгэдэг байх болтугай. (“The Sanctity of the Body,” Ensign, Nov. 2005, 13, 15)

Зураг
шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Өнөөдөр өөрийнхөө бие махбодын бэлэг болон бүтээлтийн үзэсгэлэн гоог харж баясахад хэдхэн минут зарцуул. Гарч алх, борооны чимээг сонс, шинэхэн цэцэгсийг үнэрлэ, шинэ жимс ид, үүлсийг ажигла, гол горхины дэргэд суу, оддыг хар, шувуудын жиргээг сонс эсвэл нялх хүүхэд тэвэр. Бие махбодын бэлэг болон энэ дэлхийн бүтээлүүд танд хэрхэн баяр баясал авчирдаг тухай бичиж тэмдэглэ. Хичээлийн үеэр туршлагаа хуваалцахад бэлэн байгаарай.

3-р хэсэг

Би судруудыг болон шинжлэх ухааныг судалснаар Их Эзэний бүтээлүүдийн талаарх ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлж чадах вэ?

Бурханы бүтээлүүдийн талаар сурч мэдэх нэг арга бол шинжлэх ухаанаар дамжуулан сурах явдал юм. Жишээлбэл: Бид анагаах ухаанаар дамжуулан хүний бие махбод хэрхэн ажилладаг тухай, экологиор дамжуулан биологийн төрөл зүйлийн тухай, цаг уур судлалаар дамжуулан цаг агаарын төлөв зэрэг олон хүчин зүйлийн талаар ихийг сурч мэддэг.

Зураг
Цахилгаан

Судруудтай зөрчилддөг шинжлэх ухааны зүйлсийн талаар суралцах үе гарч болно. Зөрчилдөөн мэт санагдсан зүйлтэй тулгарсан үед, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах ойлголт тустай байж болох юм.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Шинжлэх ухаан, шашин хоёр хоорондоо зөрчилддөггүй. Зөрчилдөөн нь шинжлэх ухаан, шашин хоёрын аль нэгнийх нь эсвэл хоёулангийнх нь талаар бүрэн дүүрэн мэдлэггүйгээс болж үүсдэг. …

… Бүх үнэн бол Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг юм. Үнэн шинжлэх ухааны лабораториос эсвэл Их Эзэний илчлэлтээр ирэхээс үл хамааран хоорондоо авцалддаг. (“Church Leaders Gather at BYU’s Life Sciences Building for Dedication,” Church News, Apr. 17, 2015, ChurchofJesusChrist.org).

Зураг
Микроскоп ашиглаж буй эрдэмтэн

Шинжлэх ухаан бидэнд байгалийн үйл явц хэрхэн явагддагийг тайлбарлахад тусалдаг бол Их Эзэний сайн мэдээ яагаад гэдэг дээр төвлөрдөг. Шинжлэх ухаан, шашин хоёр ихэвчлэн өөр өөр төрлийн асуултуудад хариулдаг. Судар дахь бошиглогчид голдуу биднийг Бүтээгчийн тухай болон Түүний зорилгын талаар ойлгох хэрэгтэй гэдгийг онцолдог. (“Шинжлэх ухаан болон үнэний төлөөх бидний эрэл хайгуул,” Лиахона, 2016 оны 7-р сар, 54–57-г үзнэ үү.) Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс шинжлэх ухааны мэдлэгийн хязгаарлагдмал байдлын талаар ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Шинжлэх ухааны арга барил нь бидний нэрлэдгээр шинжлэх ухаанаар батлагдсан үнэнд хүргэдэг. Гэвч ‘шинжлэх ухаанаар батлагдсан үнэн’ нь амьдралын бүх үнэнийг багтаадаггүй. ‘Судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцдаггүй’ (Сургаал ба Гэрээ 88:118) хүмүүс үнэний талаарх өөрсдийн ойлголтыг шинжлэх ухааны арга барилаар баталж болох зүйлээр хязгаарладаг. …

Бид хэн гэдгээ мөн мөнх бус амьдралын утга учир, нас барсныхаа дараа хаашаа очих талаарх үнэнийг мэдэж, үүнийхээ дагуу үйлдсэнээр жинхэнэ, эцэс төгсгөлгүй баяр баясгаланг олох болно. Эдгээр үнэнийг шинжлэх ухааны буюу шашны бус арга замаар сурч мэдэх боломжгүй. (“Үнэн ба төлөвлөгөө,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–29)

Бид Бүтээлтийн талаарх сүнслэг болон шинжлэх ухааны ойлголтоо нэгтгэх үед хэдийгээр бидэнд хариулагдаагүй асуулт байсан ч энэ нь Бурханы талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлдэг. Та өөрт байгаа асуултын талаар бодохдоо, Мянган жилийн үед “дээр байдаг зүйлүүд, мөн дор байдаг зүйлүүд, дэлхийн дотор, мөн дэлхий дээр байдаг, мөн тэнгэрт байдаг зүйлүүдийг” (Сургаал ба Гэрээ 101:34) зэрэг бүх зүйл илчлэгдэх болно гэдгийг санаарай.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

We Lived with God (Бид Бурхантай амьдарч байсан)” (4:00) видеог үзээд, Бүтээлтийн талаар шинжлэх ухаан болон шашнаас мэдэж авсан зүйлүүдээ эргэцүүлэн бодоорой. Эдгээр мэдэж авсан зүйл тань Бүтээлтийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн гүнзгийрүүлж болох вэ? (Мосе 6:63; Алма 30:44-ийг үзнэ үү).