Институт
25-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх


“25-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“25-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Аврагч шавь нартаа зааж байгаа нь

25-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх

Есүс Христийн жинхэнэ шавь байснаар бид өдөр бүр баптисмын гэрээгээ хүндэтгэх боломжтой байдаг. Бид Түүний шавь нарын хувьд Аврагчийг дагаж, Түүний сургаалын дагуу амьдрах амлалт өгдөг (Сургаал ба Гэрээ 41:5-ыг үзнэ үү). Аз болоход, шавь байх нь уралдаан эсвэл тэмцээн биш. Харин энэ бол Есүс Христ болон бусад шавийн дэмжлэгээр хийдэг насан туршийн аялал юм (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Та энэхүү эцсийн бүлэгт заасан үнэнүүдийг судлах явцдаа, Есүс Христийн итгэлтэй шавь байхыг хичээх үедээ авч болох тусламж, адислалуудын талаар бодож үз.

1-р хэсэг

Бид Аврагчийн үлгэр жишээнээс шавь байх талаар юу сурч болох вэ?

Шавь гэдэг нь үнэнч дагалдагчийг хэлдэг. Есүс Христ шавь байхын үлгэр жишээг хамгийн сайн үзүүлсэн. Бусдыг хайрлах Түүний хайр, Эцэгийнхээ тааллыг дагасан Түүний шавь байх чанар бидний хувьд гайхалтай үлгэр жишээ юм. Аврагч Эцгийнхээ тааллыг биелүүлэхийн тулд Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналахаасаа хэдхэн цагийн өмнө төлөөлөгчдийнхөө хөлийг зөөлхөн угаахаар саатжээ. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ үйл явдлыг ийн тайлбарласан.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Дээгүүр өнгөрөх баярын сүүлчийн ариун нандин зоогийг бэлдэж байх үед Есүс гүн гүнзгий, хүчтэй сэтгэл хөдлөлд автсан байв. Тэр л ганцаараа юу хүлээж байгааг мэдэж байлаа. …

Зоогийн үеэр, Христ ийм бодол мэдрэмж тээн чимээгүй босож, боол эсвэл үйлчлэгч шиг алчуураа бүслээд, төлөөлөгчдийн хөлийг угаахаар сөгдсөн юм. … Тэр эцсийнхээ цаг мөчийг хүртэл мөн түүнээс ч цааш тэднийг дэмжсээр байсан үйлчлэгч байсан. (“He Loved Them unto the End,” Ensign, Nov. 1989, 25)

Зураг
Есүс Петрийн хөлийг угааж байгаа нь

Энэхүү ариун үйлчлэлийнхээ дараа Есүс төлөөлөгчдөдөө Түүний шавь байхыг эрэлхийлдэг хүн бүрийг удирдан чиглүүлэх үнэнүүдийг заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иохан 13:14–17, 34–35, 14:15-ыг уншаад, Есүс Христийн шавь байх талаар сурч мэдсэн зүйлээ тэмдэглэх талаар бодож үз.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Силвиа Х.Оллрэд эгч ийн хэлсэн.

Зураг
Силвиа Х.Оллрэд эгч

Бид бие биенээ хайрлаж, бие биедээ үйлчлэх ёстой. Энэ нь үнэн хэрэгтээ Есүс Христийн жинхэнэ Сүмд шавь байхын мөн чанар юм. (“Шавь нарын мөн чанар,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Судраас эсвэл өөрийнхөө амьдралаас шавь байхын мөн чанарыг үлгэрлэсэн хэн нэгний тухай бод. Хичээл дээр жишээгээ хуваалцахад бэлэн бай.

2-р хэсэг

Есүс Христийн дагалдагчийн хувьд надаас юу шаардагдаж болох вэ?

Есүс шавь байх жишгийг “Хэн нэгэн нь Миний араас дагахыг хүсвэл, тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дагаг” (Лук 9:23) хэмээн тогтоожээ. Тэрээр “Загалмайгаа үүрэх хүний хувьд бүхий л бурханлиг бус явдлыг, түүнчлэн дэлхийн тачаангуй сэтгэлийг өөртөө үгүйсгэж мөн миний зарлигуудыг сахих ёстой” гэж тайлбарласан (Иосеф Смитийн Орчуулга, Матай 16:26; мөн 25-р шүлгийг үзнэ үү [Иосеф Смитийн Орчуулгын хавсралтаас. Энэ хавсралтыг https://churchofjesuschrist.org/study/scriptures/jst?lang=eng гэсэн холбоосоор орж үзнэ үү]).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

Зураг
Ахлагч Үлиссэс Соарэс

Загалмайгаа үүрч, Аврагчийг дагахын тулд бид Түүний үлгэр жишээг дагаж, Түүнтэй адил болохыг хичээн, амьдралын аливаа нөхцөлийг тэвчээртэй даван гарч, эгэл хүний шунал хүслийг тэвчин, жигшиж, Их Эзэнийг хүлээх хэрэгтэй. (“Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 131)

Зураг
Христ, залуу баян захирагч хоёр, Хэйнрих Хофманн

Нэгэн баян залуу удирдагч Аврагчаас мөнх амьдралыг өвлөхийн тулд юу хийх ёстойг асуужээ.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Матай 19:16–21-ийг уншаад, (1) Залуугийн асуултуудаас юу нь танд сэтгэгдэл төрүүлсэн бэ? (2) Аврагч залуу эрд шавь байх талаар юу заасан бэ? гэсэн хоёр асуултын хариултыг хайж ол.

Далын ахлагч Ларри Р.Лорэнс бид энэ судрын түүхийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар ийн заасан.

Зураг
Ахлагч Ларри Р.Лорэнс

Би та бүхэнд үе үе сүнслэг дасгал хийж байхыг, магадгүй энэ үдэш залбирч байхдаа ийн үйлдэхийг санал болгож байна. “Өсөж хөгжихөд маань надад юу саад болж байна вэ?” Өөрөөр хэлбэл, “Надад юу дутагдаж байна вэ? зэрэг асуултуудыг Их Эзэнд даруухнаар тавь. Тэгээд хариултыг нь чимээгүйхэн хүлээ. Хэрэв та чин сэтгэлээсээ асуусан бол хариулт нь удалгүй тодорхой болно. Энэ нь зөвхөн танд зориулсан илчлэлт байх юм. (“What Lack I Yet?,” Liahona Nov. 2015, 35)

Харамсалтай нь түүхэнд өгүүлсэн баян залуу “гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэрээр маш их хөрөнгөтэй байв” (Матай 19:22) гэж судруудад заадаг. Их Эзэний шавь байх нь үргэлж золиос гаргахыг шаардах болно. Гэвч ерөнхийлөгч Жэймс Э.Фауст Тэргүүн зөвлөлд үйлчилж байхдаа ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

Энэ амьдрал дахь амар амгалан, ирэх амьдрал дахь мөнх амьдралын тухай Аврагчийн агуу амлалтыг харгалзан үзвэл, дагалдагч байх нь төлөх ёстой үнэ юм. Энэ бол бидний төлөхгүй байж чадахгүй үнэ юм. Шавь байх шаардлага нь амлагдсан адислалтай харьцуулшгүй бүр маш бага байдаг. (“Discipleship,” Liahona, Nov. 2006, 20)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

“Надад өөр юу дутагдаж байна вэ?” гэсэн асуултыг залбирч байгаад тунгаан бодох цаг гарга. Та Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхдээ, Тэргүүн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Шавь болох [зам дээрх анхны алхам нь аз болоход бидний яг одоо зогсож байгаа газраас эхэлдэг]!” гэсэн үгийг санаарай. (“Шавь болох зам,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 84)

3-р хэсэг

Шавь байх сорилтуудтай тулгарахдаа би хэрхэн хүчирхэгжиж, тууштай байж чадах вэ?

Хэрэв танд заримдаа шавь байхын амлагдсан адислалууд нь үнэ цэнтэй эсэх талаар бодол төрвөл “[Их Эзэний] зам бол энэ амьдралд аз жаргал уруу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org) гэдгийг сана. Бошиглогч Иаков: “Зөв шударгыг үйлдэгсэд, Израилын Ариун Нэгэний гэгээнтнүүд, Израилын Ариун Нэгэнд итгэсэн тэд, дэлхийн загалмайнуудыг тэвчиж …тэд тэрхүү Бурханы хаант улсыг өвлөх ажгуу, мөн тэдний баяр үүрд бялхаж байх болно” (2 Нифай 9:18) хэмээн гэрчилсэн.

Та өөрөөсөө “Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ?” гэсэн Аврагчийн эрт үед шавь нартаа тавьсан асуултыг асууж болно (Maтай 16:26).

Зураг
Инээмсэглэж буй залуу хүн

Их Эзэн шавь нартаа мөнхийн шагналуудыг амлаад зогсохгүй, Түүнийг дагахаар хичээх үед маань биднийг адисалдаг. Түүний биднийг адисалдаг арга замуудын нэг нь энэ амьдралд үүрдийн баяр баясгаланг өгөх явдал юм. Гэхдээ бид өөр адислалуудыг ч гэсэн хүлээн авдаг. Төлөөлөгч Паул ромчуудад бичсэн захидалдаа Их Эзэн Өөрийг нь дагадаг хүмүүсийг сорилттой үед нь хүртэл дэмждэг зарим арга замын талаар эргэцүүлэн бичсэн байдаг.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ром 8:16–18, 28, 35, 38–39-ийг уншаад, Их Эзэн таны Түүнийг дагах хүчин чармайлтад хэрхэн туслах талаар бод.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Та Аврагчийг дагахыг хичээх явцдаа одоо тулгарч буй тодорхой сорилт эсвэл хийх гэж буй өөрчлөлтөө бич. Дараа нь Аврагчийг хайрлах таны хайр, мөн Түүний таныг гэх хайр нь танд итгэлтэй шавь байхад хэрхэн тусалж болохыг бич.