Институт
8-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийг амлагдсан Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь


“8-р хичээлд бэлтгэх материал: Есүс Христийг амлагдсан Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“8-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Есүсийн талаар суралц, Дан Бөрр

8-р хичээлд бэлтгэх материал

Есүс Христийг амлагдсан Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь

Бие махбод, оюун санаа, сэтгэл санааны эсвэл сүнслэг байдлын ямар нэгэн хэлбэрийн сорилт бэрхшээл туулж байсан үеэ бод. Та нар хаанаас тусламж хүссэн бэ? Эртний бошиглогчид Мессиа биднийг тайтгаруулж, хүчирхэгжүүлж, эдгээхээр ирэх болно гэж гэрчилж байсан. Та эдгээр бошиглолоос заримыг уншиж байхдаа, Есүс Христ Мессиа танд хэрхэн тусалж чадах талаар эргэцүүлэн бодоорой.

1-р хэсэг

Есүс Христийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөх нь намайг хэрхэн эдгээх вэ?

Бид Их Эзэний Хоёр дахь ирэлтийг харуулддагтай адил Хуучин Гэрээн дэх гэрээт хүмүүс чөлөөлөгч Мессиагийн анхны ирэлтийг хүсэн хүлээж байсан. Хуучин Гэрээний бошиглогчдын хэлснээр, Мессиа Давид хааны үр удам байх бөгөөд Өөрийн хүмүүсийг чөлөөлнө гэжээ. “Шинэ Гэрээнд Есүс Христ гэж нэрлэдэг нь грек хэлээр Мессиа гэсэнтэй адил юм” (Судруудын удирдамж, “Мессиа”).

Мессиагийн тухай болон Түүний үйл хэргийн талаар Исаиа хэд хэдэн бошиглол бичсэн (Исаиа 9:6; 7:14–15; 11:1–9; 35:5; 51:4–8; 52:9–10-ыг үзнэ үү).  

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Исаиа 61:1–3-ыг уншаад, Мессиаг болон Түүний үйл хэргийг дүрсэлсэн үг, хэллэгийг тэмдэглэж авахыг бод. (Тэмдэглэл: Эрт дээр үед үнсийг гашуудал зовлонгийн үеэр харууслаа илэрхийлэх зорилгоор толгой дээр цацдаг байсан. Ёслолын хувцас өмсөж, өөрийгөө тосолсноор ёслолд бэлдэх нь уламжлал байв. Модыг голдуу хүмүүсийн бэлгэдэл болгон ашигладаг байжээ.)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Исаиа 61:1–3-ын талаар “Эдгээр шүлгийг, ялангуяа Мессиагийн талаарх жинхэнэ утгыг авч үзвэл, бичигдсэн хамгийн сэтгэл хөдөлгөсөн, утга учир бүхий шүлгүүдэд тооцогдоно” хэмээн хэлсэн (Christ and the New Covenant [1997], 89).

Зураг
Бошиглогч Исаиа Христийн төрөхийг зөгнөн хэлсэн нь, Харри Андэрсон

Иймэрхүү бошиглол иудейчүүдийг чөлөөлөлтийн найдвар, хүлээлтээр дүүргэж байсан бол Шинэ Гэрээний үед “олон иудейчүүд зөвхөн үндэсний илүү агуу цэцэглэлт хөгжилтийн төлөө Ромын эзэгнэлээс чөлөөлөх чөлөөлөгчийг хүсэн хүлээж байлаа” (Судруудын удирдамж, “Мессиа”). Есүс тэдний хүлээлтэд нийцээгүй тул олон хүн Түүнийг удаан амлагдсан Мессиа гэснийг хүлээн зөвшөөрөөгүй.

Зураг
Есүс Назар хотод синагог дээр, Грэг К.Олсэн

Жишээлбэл: Тохинууллынхаа эхэнд Есүс Өөрийн төрсөн хот Назар луу эргэн очиж, Хүндэтгэлийн өдөр синагогт орсон. Тэр судраас уншихаар зогсоод, хуйлмал бичээсийг нээж, Исаиа 61:1–2-ыг чанга уншив. Дараа нь Тэр энэхүү Мессиагийн бошиглол биелж байна гэдгийг тунхаглажээ (Лук 4:16–21-ийг үзнэ үү). Тэнд байсан хүмүүс уурлаж, Түүнийг алахаар завджээ (Лук 4:22–30-ийг үзнэ үү).

 

Назарт байсан хүмүүсийн адил бид ч бас тус бүрдээ Есүсийг Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх ёстой. Их Эзэний мессиагийн үйл хэргийн хувийн мөн чанарын талаар Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийнхүү гэрчилсэн юм.

Зураг
Ахлагч Гэррит В.Гонг

Тэр зөвхөн эрт дээр үед биш, одоо; зөвхөн зарим хүний хувьд ч биш бүх хүний хувьд амьдардаг. Тэрээр шархалсан зүрхийг эдгээж, олзлогдогчдыг чөлөөлж, сохруудад хараа оруулж, дарамтад байгсдыг чөлөөлөх гэж ирсэн мөн эдүгээ ч ирдэг [Лук 4:18-ыг үзнэ үү]. Бидний хүн нэг бүр энэ бүхнийг мэдэрч байсан. Түүний гэтэлгэлийн амлалтууд бидний өнгөрсөн, одоогоос эсвэл ирээдүйн төлөөх сэтгэл зовнилоос маань үл хамааран үйлчилдэг. (“Хосанна, Халлелуяа—Амьд Есүс Христ: Сэргээлт, Христийн амилсны баярын утга учир,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Зүрх сэтгэл тань эмтэрсэн эсвэл бодгаль тань шархалсан үед Мессиа танд хэрхэн тусалсан бэ? Та энэ асуултад яаж хариулахаа мэдэхгүй байвал Түүний тусламж, эдгээгч хүчийг амьдралдаа эрэлхийлэх нь яагаад чухал болох талаар эргэцүүлэн бодоорой.

2-р хэсэг

Мессиа надад тусалж, намайг эдгээх боломжтой болгосон юуг хийсэн бэ?

Та өвдөж, зовж шаналах талаар ядаж бага ч болтугай хувийн туршлагаасаа мэдэж байгаа байх. Мөн та эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралаас харсан байж болно. Бүх цаг үеийн бүхий л хүмүүний төлөө, мөн таны төлөө бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын бүх шаналал зовлонг амсах нь Есүс Христийн хувьд ямар байсныг төсөөлөхийг хичээ.

Исаиа 53 бол Есүс Христийн бидний төлөө амссан зовлон шаналлын талаарх судар дээрх хамгийн гүн утга учир бүхий илчлэлтүүдийн нэг юм. Тиймээс ч ахлагч Холланд энэ бол “Их Эзэн Есүс Христийн амьдрал, үхэл, цагаатгагч золиосны тухай хамгийн эрхэм дээд, хамгийн урт, хамгийн уянгын тунхаглал юм” гэжээ (Christ and the New Covenant [1997], 89).

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Исаиа 53:3–6, 8, 11–12-ыг уншаад, таныг эдгээж, гэтэлгэхийн тулд Мессиа юу амссаныг тэмдэглэж авахыг бод.  

Зураг
Христийг дооглон тохуурхсан нь, Карл Хэйнрих Блох

Бошиглогч залуу Алма нифайчуудад номлож байхдаа Мессиагийн шаналлын гүн гүнзгий, өргөн хүрээтэйг дүрслэн хэлсэн.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 7:11–12-ыг уншаад, Есүс юуны төлөө, яагаад зовж шаналсан тухай анхааралтай тунгаан бод. (Тэмдэглэл: Халамжлах гэдэг нь “дэм, дэмжлэг үзүүлэх; зовсон, гачигдсан, бачимдсан үед нь туслах, зовлонгоос салгах, зовлон шаналлаас чөлөөлөх, туслах” (Webster’s Dictionary [1828]) гэсэн утгатай.

Зураг
Гунигтай харагдаж буй залуу бүсгүй

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

[Есүс Христ] 33 жилийн мөнх бус амьдралдаа эсэргүүцэл, хавчлага, бие махбодын өлсгөлөн, цангаа, зүдрэл, ганцаардал, үг хэлээр дайрах болон бие махбодын хүчирхийллийг амсаж, эцэст нь нүгэлт хүмүүсийн гарт тарчлагдан үхсэн. Гетсеманийн цэцэрлэгт Калварийн загалмайд Тэрээр бидний бүх өвчин, зовлон зүдгүүр, уруу таталт, өвдөлт, сул дорой чанарыг мэдэрсэн юм.

Бид ямар ч зовлон амссан бай, Тэрээр эдгэрлийн эх булаг билээ. Аливаа төрлийн хүчирхийлэл, хайртай нэгнээ алдсан цочирдом мэдээ, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл, хилс хэрэг, харгис хэрцгий хавчлагыг туулж эсвэл нүгэл хилэнц, буруу ойлголтоос болж сүнслэг бэртэл гэмтэл авсан хэнийг ч дэлхийн Гэтэлгэгч эдгээж чадна. Гэвч Тэр урилгагүйгээр орж чадахгүй. Бид Түүн рүү ирж, гайхамшгуудаа үйлдэх боломжийг Түүнд олгох хэрэгтэй. (“Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Аврагчид Өөрийн гүйцэтгэсэн Цагаатгалын ачаар бүхий л өвчин шаналал, сорилт бэрхшээлийг халамжлах, туслах хүч байдаг. Түүний хүч сул доройг эдгээдэг ч судрууд болон бидний туршлагууд заримдаа Тэрээр бидэнд өөрсдийн сул доройг даван туулах хүч эсвэл тэвчээрийг өгснөөр биднийг халамжилдаг буюу бидэнд тусалдаг гэж заадаг. (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өөрийн таньдаг, сорилт бэрхшээлтэй нөхцөлд тэмцэж байгаа хэн нэгний талаар бод. Биднийг хүчирхэгжүүлж, чөлөөлөх Есүс Христийн чадварын талаар тэдэнтэй хуваалцаж болох зурвас бичихийг бодож үзээрэй. Танд ийнхүү үйлдмээр санагдаж байвал тэдэнтэйгээ хуваалцаарай.