Институт
27-р хичээлд бэлтгэх материал: Дэлхийн гэрэл болон амиас итгэл найдвар олох


“27-р хичээлд бэлтгэх материал: Дэлхийн гэрэл болон амиас итгэл найдвар олох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“27-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Дэлхийн гэрэл, Ховард Лайон

27-р хичээлд бэлтгэх материал

Дэлхийн гэрэл болон амиас итгэл найдвар олох

Хэдийгээр бид өөрсдийн амьдралыг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг ч бүгдэд маань харанхуй, цөхрөлийн мэдрэмжүүд үе үе мэдрэгддэг. Эдгээр мэдрэмж нүгэл, айдас, эргэлзээ, төөрөгдлөөс үүдэлтэй байж болно. Тэдгээр нь бидний мөнх бус амьдралын туршлагын нэгээхэн хэсэг юм. Судлах явцдаа та “дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org) болох Есүс Христээс хүч чадал хэрхэн олж авах талаар бод.

1-р хэсэг

Есүс Христийн өгдөг гэрэл, амь намайг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

Мессиа дэлхийд гэрэл болно гэж Исаиа бошиглосон (Исаиа 49:6; 60:1–3-ыг үзнэ үү). Есүс Христ “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) гэж тунхаглахдаа, өөрийгөө бошиглогдсон Мессиа гэдгээ баталсан.

Тэргүүн зөвлөлийн зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарлажээ.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Есүс Христ бол бидний ойлголтыг түргэсгэдэг гэрлийн эх сурвалж бөгөөд түүний сургаал, үлгэр жишээ бидний замыг гэрэлтүүлж, хүч чадал нь биднийг сайныг хийхэд ятгадаг учраас дэлхийн гэрэл юм. (“The Light and Life of the World,” Ensign, Nov. 1987, 63, 64)

Есүс Христ нифайчууд, леменчүүдэд үзэгдэхдээ “Мөн болгоогтун, би бол дэлхийн гэрэл ба амь” гэж тунхагласан (3 Нифай 11:11 тодотгол нэмэгдсэн; мөн Мозая 16:9-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Өүкс дэлхийн амийн хувьд Аврагчийн гүйцэтгэх үүргийн талаар ийн хэлжээ.

Судруудад хэлсэнчлэн, “Үхлээс чөлөөлөх түүний агуу хийгээд мөнхийн төлөвлөгөөн дэх” (2 Нифай 11:5) хосгүй цорын ганц байр суурийнхаа улмаас Есүс Христ бол дэлхийн амь амьдрал мөн. …

[Тэр] бол дэлхийн амь, учир нь Түүний амилалт, Цагаатгал биднийг бие махбодын болон сүнслэг үхлээс авардаг. (“The Light and Life of the World,” Ensign,Nov. 1987, 64, 65)

Зураг
Дэлхийн гэрэл, Брэнт Борап

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Шэрон Юбанк эгч Есүс Христ бидний амьдралын гэрэл, амь байхын чухлыг харуулсан нэг туршлага хуваалцсан юм.

Зураг
Шэрон Юбанк эгч

Халамжийн нийгэмлэгийн байран дахь ажлын өрөөнөөс маань Солтлэйк ариун сүм гайхалтай сайхан харагддаг. Орой бүр нар жаргах үед яг тогтсон цагт ариун сүмийн гаднах гэрлүүд асдаг. Ариун сүм бол цонхны маань гадна орших байнга гэрэлтэх, тайвшруулагч гэрэлт цамхаг юм.

Өнгөрсөн 2-р сарын нэгэн үдэш нар жаргасны дараа ажлын өрөө маань маш бүүдгэр болсон байв. Цонхоор хартал ариун сүм харанхуй, гэрэл нь асаагүй байлаа. Би гэнэт бодолд автав. Олон жилийн турш, орой бүр хардаг байсан ариун сүмийн шовх оройнууд надад харагдахгүй байв.

Гэрлийг харна гэж боддог газраа харанхуйг харсан маань өсөж хөгжихийн тулд бидэнд байх ёстой үндсэн хэрэгцээнүүдийн нэг бол гэрлийн эх үүсвэр болох Есүс Христтэйгээ холбоотой байх явдал гэдгийг надад сануулсан. Тэрээр бидний хүч чадлын эх үүсвэр бөгөөд Дэлхийн Гэрэл, Амь билээ. Түүнтэй хүчирхэг холбоо тогтоохгүй бол бид сүнслэг байдлаараа мөхөж эхэлдэг. Сатан үүнийг мэддэг тул бидэнд тулгардаг дэлхийн шахалт дарамтыг ашигладаг. Тэр бидний гэрлийг бүдгэрүүлж, холбоог маань таслан, тэжээлийн үүсгүүрийг салгаж, харанхуйд ганцааранг минь үлдээхийг хичээж байна. (“Христ бол харанхуйг гийгүүлэгч гэрэл,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та дэлхийн гэрэл болон амьтай холбогдохын тулд хүчин чармайлт гаргаснаар амьдралдаа ямар адислалуудыг авсан бэ? Энэ холбоог илүү бат бөх болгохын тулд та юу хийж болох вэ?

2-р хэсэг

Есүс Христэд төвлөрөх нь надад хэрхэн итгэл найдвар төрүүлдэг вэ?

Дэлхийн гэрэл, амь болох Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь бидний амьдралыг олон талаар нь адисалж чадна. Үүний нэг нь бидэнд итгэл найдвар өгөх явдал юм.

Тэргүүн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Есүс Христийн гэрэл болон амь хэрхэн итгэл найдвар авчирдгийг ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Бурханы гэрэл бол бодит. Энэ нь бүх хүнд боломжтой билээ! Энэ нь бүх зүйлд амьдралыг өгдөг [Сургаал ба Гэрээ 88:11–13-ыг үзнэ үү]. Үүнд хамгийн гүн шархыг ч илааршуулах хүч буй. Энэ нь бидний бодгалийн ганцаардал, өвчин шаналалд эдгээгч болж чадна. Түүнчлэн цөхөрсөн үед бидэнд илүү гэрэл гэгээтэй найдварын үрийг суулган өгч чадна. (“Бурханы гэрлийн найдвар,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85)

Судрын удирдамжаас бид “Бидний өдөр тутмын хэл ярианд [найдвар] гэдэг үг ихэвчлэн тодорхой бус утга санааг агуулдаг. Жишээ нь, цаг агаар өөрчлөгдөнө гэж найдаж байна эсвэл найз маань зочилно гэж найдаж байна гэж бид хэлж болно. Гэвч сайн мэдээний хэлэнд найдвар нь лавтай, хөдөлшгүй, бодитой гэсэн үг юм. Бошиглогчид ‘гуйвшгүй найдлага’ (Алма 34:41) тавих, ‘амьд найдвартай’ (1 Петр 1:3) байх талаар ярьдаг (Судрын удирдамж, “Найдвар,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Зураг
Инээмсэглэж буй залуу хүн

Та өөрт тохиолддог сорилт бэрхшээлүүдийг бодож байхдаа, бошиглогч Мормон нифайчуудын амьдралд сүнслэг харанхуй ноёрхсон цаг үед амьдарч байсныг санаарай (Мормон 1–6-г үзнэ үү). Эдгээр хүнд хэцүү үед Мормон итгэл найдвараа хэрхэн нэмэгдүүлэхийг заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Моронай 7:40–42-ыг уншаад, итгэл, найдвар, Есүс Христийн Цагаатгал гурвын хоорондын хамаарлыг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийнхүү заасан.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Христэд итгэх итгэл, Түүний сайн үйл, нигүүлсэл, ач ивээлд бүрэн найдахад бэлэн байх хүсэл нь Түүний Цагаатгалаар дамжуулан амилуулалт болон мөнх амьдралд итгэж найдахад хүргэдэг (Moронай 7:41-ийг үзнэ үү). Ийм итгэл, найдвар нь бид бүгдийн олж авахыг хүсдэг ухамсрын амар амгаланг амьдралд маань авчирдаг. (“Тиймийн тул тэд айдсаа дарав,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)

Мормонтой адил бошиглогч Ифер ч бас хүнд хэцүү цаг үед амьдарч байсан (Ифер 11-ийг үзнэ үү). Мөн Мормоны нэгэн адил Ифер бидэнд хамгийн хүнд хэцүү цаг үед ч Есүс Христээс найдвар олж болохыг заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ифер 12:4-ийг уншаад, Христэд найдах найдвар бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж болохыг олж мэд.

Найдварын хүч чадлын талаар илүү ихийг мэдэхийн тулд ерөнхийлөгч Угдорфын хэлсэн дараах үгийг унш.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Итгэл найдвар бол Сүнсний бэлэг юм [Моронай 8:26-г үзнэ үү]. …

[Энэ] бол … Их Эзэн бидэнд өгсөн амлалтаа биелүүлэх болно гэсэн гуйвшгүй итгэл юм. Энэ нь бид одоо Бурханы хуулиуд болон Түүний бошиглогчдын үгсийн дагуу амьдарвал, ирээдүйд адислалуудыг хүлээн авах болно гэсэн итгэл юм. Энэ нь бидний залбирал хариулагдана хэмээн итгэж, хүсэн хүлээхийг хэлдэг. Энэ нь өөртөө итгэх итгэл, ѳѳдрѳг үзэл, урам зориг, цѳхөршгүй тэвчээрээр илэрдэг. …

Бидний амьдралын энэ хэсэг өнөөдөр хэчнээн бүрхэг харагдаж байлаа ч Есүс Христийн амьдрал, золиосны ачаар бидний амьдралын номын төгсгөл хамгийн том хүлээлтээс маань давж гарна гэдэгт бид найдаж, итгэлтэй байж болно. (“Найдварын хязгааргүй хүч,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 26, 27)

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Дараах судруудын түүхүүдээс нэг юм уу хэд хэдийг унш, эсвэл өөрийнхөө хүссэн түүхийг сонго. Их Эзэнд итгэх итгэл бидэнд найдвар авчирч чадна гэсэн нотолгоог хай. Сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад бэлэн бай.

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та судалсан судрын хэсэг эсвэл түүхээс найдварын талаар юу сурсан бэ? Та итгэл найдварын сүнслэг бэлгийг хайх үедээ энэ бэлгийг амьдралдаа урихын тулд юу хийж чадах вэ?