Институт
1-р хичээлд бэлтгэх материал: Аврагчаас суралцах Түүний урилгыг хүлээн авах нь


“1-р хичээлд бэлтгэх материал: Аврагчаас суралцах Түүний урилгыг хүлээн авах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“1-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Цугларагсдын дундах эмэгтэй рүү харан инээмсэглэж буй Аврагч

1-р хичээлд бэлтгэх материал

Аврагчаас суралцах Түүний урилгыг хүлээн авах нь

Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ (Шашин судлал 250) ангид тавтай морилно уу. Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга Аврагчийн талаар “Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүмүүст ийм хүчтэй нөлөө хэн ч үзүүлж байгаагүй” гэж хэлсэн (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Энэ анги та нарт Есүс Христийн талаар илүү ихийг суралцсанаар амьдралдаа Түүний нөлөөг нэмэгдүүлэх ариун нандин боломж олгодог.

Энэ ангийн бэлтгэх материалыг таны хувийн сургалтыг сайжруулж, бусадтай сургамжтай яриа өрнүүлэхэд таныг бэлтгэснээр Аврагчид илүү ойртоход туслах зорилгоор бүтээсэн. Үүнд холбоотой судрууд, Сүмийн удирдагчдын хэлсэн дэмжлэг үзүүлэгч мэдэгдлүүд, холбоотой видеонууд, суралцаж буй зүйлээ тунгаан бодож, хэрэгжүүлэх урилгууд багтана. Хичээл бүрд Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлж, Түүний талаар илүү ихийг сурч мэдэхэд тань тус болох нэмэлт эх сурвалжийг багтаасан “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” гэх сонгон суралцах хэсгийг хавсаргав.

1-р хэсэг

Есүс Христээс болон Түүний үүрдийн сайн мэдээнээс суралцах нь миний амьдралыг хэрхэн өөрчилж чадах вэ?

Та өөрийгөө Их Эзэний тохинууллын цаг үед Палестинд амьдарч байсан гэж төсөөл. Та Назарын Есүс хэмээгдэх нэгэн багшийн тухай олон гайхалтай зүйл сонсоод, өөрийн биеэр очиж, түүнийг сонсохыг хүсэж байна. Есүсийг хайж олоход, Тэр олон хүнд зааж байв. Тэрээр Баптисч Иоханы агуу байдлыг зарлан тунхаглаж, хүмүүсийн итгэлгүй байдлыг буруушаав (Матай 11:7–24-ийг үзнэ үү). Дараа нь Тэр амьдралыг өөрчлөх боломжтой урилгыг өгсөн.

Зураг
Есүс шавь нартаа зааж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Maтай 11:28–30-ийг уншаад, энэхүү урилгыг хүлээн авсан нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн эсвэл өөрчилж болох талаар тунгаан бод.

Есүс Христ үүнтэй адил урилгыг өнөө үед өгсөн. Бид наманчилж болохын тулд Аврагч бидний гэм нүглийг цагаатгахад төлсөн цаглашгүй үнийн талаар гэрчилснийхээ дараа “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” (Сургаал ба Гэрээ 19:23) хэмээсэн.

Зураг
Над дээр ир, Эва Тимоти

Энэхүү урилгын талаар Далын ахлагч Ким Б.Kларк ийн заасан.

Зураг
Ахлагч Ким Б.Kларк

Аврагчийн “Надаас суралц” гэсэн урилга нь гүн гүнзгий судлах Их Эзэний арга замтай гайхалтай зохицсон, харилцан уялдаа холбоотой хоёр утгыг илэрхийлдэг гэсэн үг.

“Надаас суралц” гэдгийн эхний утга нь намайг мэдэхийн тулд суралц гэсэн үг юм.

… Түүнийг мэдэх гэдэг нь сүнсээрээ Түүнээс төрж, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэн, Түүний охид хөвгүүд болох явдал юм. …

“Надаас суралц” гэдгийн хоёр дахь утга нь Надаас суралц гэсэн утгатай.

… Бид сударт өөрсдийгөө бүрэн зориулсан үедээ Түүний төгс жишээнээс суралцаж байдаг. … Бид Есүс Христэд итгэх итгэлээр өөрсдийн хийвэл зохих хэсгийг хийх ёстой ч биднийг хийх үед … Тэрээр бидний зөв шударга үйлдэл хийх чадамжийг сайжруулан, Өөртэй нь илүү адил болоход туслах амлалт өгдөг. (“Learn of Me” [СБС-ийн шашны багш нарт өгсөн захиас, 2018 оны 1-р сарын 26], ChurchofJesusChrist.org; тодотгол нэмсэн)

Аврагчаас суралцах нэг гол арга зам бол Түүний үүрдийн сайн мэдээг судалж, дагаж амьдрах явдал юм. “Сайн мэдээ гэдэг нь ‘сайн сайхан мэдээ’” гэсэн утгатай (Bible Dictionary, “Gospels”). Сайн мэдээний сайн сайхан мэдээ нь юу вэ?

Аврагч Өгөөмөр нутаг дахь леменчүүд, нифайчуудад хийсэн тохинууллынхаа төгсгөлд сайн мэдээнийхээ утга учир, зорилгыг тодорхой, энгийнээр тайлбарласан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

3 Нифай 27:13–16, 20–21-ийг уншаад, сайн мэдээ яагаад сайн сайхан мэдээ болох шалтгаануудыг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Сайн сайхан мэдээ” нь үхэл болон тамаас зугтаж чадахыг, алдаа болон нүглүүдийг ялж чадахыг, найдвар байгааг, тусламж өгөгдөхийг, шийдэж болшгүйг шийдэгдэхийг, дайснууд ялагдахыг хэлнэ. Сайн сайхан мэдээ нь нэг л өдөр хүн бүрийн булш хоосорч, хүн бүрийн бодгаль дахин цэвэр болж, Бурханы хүүхэд бүр өөрт нь амьдрал өгсөн Эцэгтээ эргэн очиж чадна гэсэн мэдээ байсан юм. (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8–10)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх одоогийн ойлголт, гэрчлэлээ бодож үз. Та Түүний тухай болон Түүний сайн мэдээний талаар илүү ихийг суралцахын тулд ямар зорилго тавихыг хүсэж байна вэ? Та Түүний нөлөөг нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох вэ? Зорилгуудаа бичиж тэмдэглэн, ирэх долоо хоногуудад үе үе эргэн харж байх талаар бод.

2-р хэсэг

Би Аврагчийн тухай болон Түүний үүрдийн сайн мэдээний талаар суралцах чадвараа хэрхэн нэмэгдүүлж чадах вэ?

Бид шашны бус мэдлэгийн нөлөөнд гүнзгий автсан дэлхийд аж төрж байна. Шашны бус мэдлэг нь шашны эсвэл сүнслэг гэж тооцогддоггүй дэлхийн мөн чанарт төвлөрдөг. Жишээ нь: Шинжлэх ухааны судалгаагаар шашны бус мэдлэгийг олж авдаг. Энэхүү мэдлэг нь чухал бөгөөд технологи, анагаах ухаан, газар тариалан, зам тээвэр, харилцаа холбооны гайхалтай хөгжил рүү хөтөлсөн. Шашны бус зүйлсийг сурч судлахтай зэрэгцэн үнэнийг олж мэдэх илүү сүнслэг гүн гүнзгий арга зам бий.

Далын ахлагч Пол В.Жонсон сүнслэг болон шинжлэх ухааны зүйлсийг сурахыг ийм аргаар ялгаж салгасан.

Зураг
Ахлагч Пол В.Жонсон

Сүнслэг зүйлсийг сурах нь шинжлэх ухааны зүйлсийг сурахаас өөр арга барил шаарддаг. Шинжлэх ухааны арга ухаан нь үнэхээр ашиг тустай ч зөвхөн үүгээр сүнслэг мэдлэг хэзээ ч ирэхгүй. Сүнслэг зүйлсэд суралцахад ухаан шаардах хэдий ч энэ нь хангалттай биш юм. Бид сүнслэг зүйлсийг зөвхөн Сүнсээр л сурдаг. (“A Pattern for Learning Spiritual Things” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012],, ChurchofJesusChrist.org)

Зураг
Уншиж буй эмэгтэй

Их Эзэн сүнслэг зүйлийг сурах талаар бошиглогч Иосеф Смитэд “бүгдээр итгэлгүй байгаа учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн” (Cургаал ба Гэрээ 88:118) хэмээн илчилжээ.

Бидний ихэнх нь судалснаар хэрхэн сурахыг мэднэ. Харин бид хэрхэн итгэлээр сурдаг вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид Есүс Христийн зарлигуудыг сахиж, “үргэлж Түүнийг сана[снаар]” [Моронай 4:3] Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлдэг. Цаашилбал, бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх бүрд итгэл маань өсөн нэмэгдэж байдаг. Итгэлээр суралцах гэдэг ийм л утгатай.

Жишээлбэл: Олны үзэл бодол биднийг дорд үзсэн ч гэсэн Бурханы хуулийг дуулгавартай дагах итгэлтэй байх бүрдээ эсвэл гэрээгээ цуцлахыг дэмждэг зугаа цэнгэл эсвэл үзэл суртлыг сөрөн зогсох бүрдээ бид итгэлээ хөгжүүлж байдаг ба энэ нь улмаар бидний итгэлийг өсгөн нэмэгдүүлдэг юм.

Цаашилбал, Мормоны Номыг байнга шимтэн уншихаас өөр бидний итгэлийг хөгжүүлдэг зүйлс цөөн байдаг. Өөр ямар ч ном Есүс Христийн талаар ийм хүчтэй, тодорхой гэрчилдэггүй. …

Бид зөвхөн Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн буулгыг үүрснээр жинхэнэ аюулаас ангид байж чадах нь мэдээж. Бурхангүй амьдрал айдсаар дүүрэн байдаг бол Бурхантай амьдрал амар амгалангаар дүүрэн байдаг. Учир нь сүнслэг адислалууд итгэлтэй байдлаас улбаалан ирдэг. Хувийн илчлэлт хүлээн авах нь эдгээр адислал дотроос хамгийн агуу адислалын нэг юм. (“Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Итгэлээр суралцах зарчмын үлгэр жишээ болсон сударт гардаг хүмүүс эсвэл таньдаг хүмүүсийнхээ талаар бод. Ангид хуваалцах бэлтгэлтэй байхын тулд цөөн хэдэн жишээг жагсаан бич. Та түүнчлэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр юу сурч мэдсэнээ бичиж тэмдэглэж болно.