Институт
15-р хичээлд бэлтгэх материал: Ариун ёслолоор дамжуулан Есүс Христэд илүү ойртох


“15-р хичээлд бэлтгэх материал: Ариун ёслолоор дамжуулан Есүс Христэд илүү ойртох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“15-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Намайг дурс, Волтэр Рэйн

15-р хичээлд бэлтгэх материал

Ариун ёслолоор дамжуулан Есүс Христэд илүү ойртох

Хамгийн сүүлд ариун ёслолоос хүртсэн тухайгаа бод. Танд ямар байсан бэ? Та Аврагчийн Цагаатгалд болон Түүнтэй харилцах гэрээт харилцаандаа хэр зэрэг анхаарал хандуулсан бэ? 4-р бүлгийн хичээлүүдийг судалж байхдаа Есүс Христ мөн Түүний Цагаатгалыг илүү хувийн шинж чанартай, холбоо хамааралтай, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болгохын тулд юу хийж болох талаараа эргэцүүлэн бодох боломж танд гарах болно.

1-р хэсэг

Ариун ёслол надад Аврагчид илүү ойртоход хэрхэн тусалж болох вэ?

Есүс Гетсеманийн цэцэрлэгт очихоосоо хэдхэн цагийн өмнө арван хоёр төлөөлөгчдөдөө Алгасал баярын зоог бэлдэхийг зааварлажээ (Матай 26:17–19-ийг үзнэ үү). 1500 орчим жилийн турш Израилын угсааныхан Алгасал баярыг тэмдэглэж, устгагч тэнгэр элч нараас гэтэлгэгдсэнээ бэлгэдэн согоггүй хурганы цусыг ашигладаг байсан (Гэтлэл 12:21–28; 13:14–15-ыг үзнэ үү). Уг зоогийн дараа Бурханы Хурга Есүс Христ цусаа урсгахдаа Алгасалын бэлгэдлийг гүйцэлдүүлж, дэлхийн Аврагч болсон юм (Иохан 1:29; 1 Петр 1:18–19-ийг үзнэ үү). Тэрээр сүүлчийн Алгасалын зоогийн нэгэн хэсэг болгож “Түүний агуу их цагаатгагч золиослолыг сануулахаар ариун ёслолыг өгсөн” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org). Аврагчийн Цагаатгалд Гетсеманийн цэцэрлэг дэх Түүний зовлон шаналал, загалмай дээрх үхэл болон Түүний алдар суут Амилалт багтдаг.

Зураг
Есүс Сүүлчийн зоог дээр талх хувааж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Матай 26:26–28-ыг уншаад, Есүс Христээс ариун ёслолыг хүлээн авах нь ямар байх байсныг төсөөлөн бод.  

Талх, дарс юм уу ус нь ариун ёслолын ариун бэлгэдэл юм. Бэлгэдэл гэдэг нь аливаа ойлголт, шинж тэмдэг эсвэл санааны биет төлөөллийг хэлдэг. Дараах санаануудыг судлахдаа, ариун ёслолын бэлгэдлүүд Аврагчийг болон Түүний бидний төлөө хийсэн зүйлсийг хэрхэн сануулдаг тухай тунгаан бод.

  • Эртний израилчууд аглаг буйдад 40 жил болохдоо, өдөр бүр манна буюу “тэнгэрийн талхаар” (Иохан 6:31; мөн Дуулал 78:24–25-ыг үзнэ үү) тэтгэгдэж байв. Есүс Христ маннагийн талаар ярихдаа “Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм . … Энэ талхыг идэгч нь мөнхөд амьдарна” (Иохан 6:51, 58) хэмээсэн.

  • Есүс Христийн бие Цагаатгалын нэг хэсэг болон “бидний төлөө зовон шаналсан” (бидний төлөө шархдаж, эмтэрч, зовсон) (“Назарын Есүс, Аврагч Хаан,” Дуулал, д. 92). Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Эмтэлж, хуваасан талхны хэсэг бүр өвөрмөц байдгийн адил талхнаас хүртэж буй хувь хүмүүс мөн адил өвөрмөц байдаг” (“Important Aspects of Missionary Work Remain Unchanged, Says Elder Oaks,” Church News, June 30, 2017, ChurchofJesusChrist.org) хэмээн хэлжээ.

  • Анхны ариун ёслолд Есүс Христийн цусыг бэлгэдэн дарсыг ашиглажээ. Бид Түүний цусаар цэвэрлэгддэг (1 Иохан 1:7-г үзнэ үү). Өнөө үед бид цэвэрлэх утгыг илэрхийлдэг (Сургаал ба Гэрээ 27:2-ыг үзнэ үү) амьдралын амин чухал хэрэгцээ болох усыг ашигладаг. Худаг дээр Есүс самари эмэгтэйд хандан, Түүний бидэнд өгдөг ус нь “мөнх амь өөд оргилох булгийн ус болно”(Иохан 4:14) хэмээн хэлсэн.

  • Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон “[Христийн] махыг идэж, цусыг уух гэдэг зүйрлэл нь илүү гүн утга учиртай бөгөөд энэ нь Христийн онцлог шинж, зан чанарыг өөрийн болгоно. … Ариун ёслолын талх, уснаас долоо хоног бүр хүртэж байхдаа Түүний зан чанар, нүгэлгүй амьдралын загварыг өөрсдийн амьдрал, мөн чанарт бүрэн дүүрэн нэгтгэх талаар бодох нь бидэнд тустай” хэмээн заасан (“Тэнгэрээс бууж ирсэн амьд талх,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23).

Зураг
ариун ёслолын бэлгэдлүүд
Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Дараах асуултуудад хариулж бич. Талх, усны бэлгэдлийн утга учрын юу нь таны сэтгэлд хүрдэг вэ? Та дараагийн удаа ариун ёслолын үеэр талх, уснаас хүртэхдээ Аврагчийн талаар юуг дурсан санахыг хүсэж байна вэ?

2-р хэсэг

Ариун ёслолоос хүртэх нь хэрхэн Их Эзэний хүчийг илүү ашиглах боломжийг надад олгож чадах вэ?

Есүс Христ нифайчууд болон леменчүүдийн дунд тохинуулах үедээ шавь нартаа эрх мэдэл олгож, Өөрийн Сүмийн гишүүдэд ариун ёслол адислан түгээхийг зарлиг болгосон. Тэрээр “Үүнийг та нар хийхээр … би талхыг хувааж мөн үүнийг адисалж мөн үүнийг та нарт өгсний адилаар үргэлж чармайх болно” (3 Нифай 18:6; мөн 5-р шүлгийг үзнэ үү) хэмээсэн. Олонтоо хамтдаа цуглаж, ариун ёслолоос зохистойгоор хүртэх нь мөн өнөө үед Их Эзэний өгсөн нэгэн зарлиг юм (Сургаал ба Гэрээ 20:75; 59:9-ийг үзнэ үү).

Зураг
Есүс нифайчуудад ариун ёслолыг адисалж, хүртээсэн нь
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлдэхээр судлах

3 Нифай 18:7, 10–12; 20:8–9-ийг уншаад, ариун ёслолыг адисалж, түгээж, хүртэх Их Эзэний зарлигийг итгэлтэйгээр дагадаг хүмүүст Түүний амласан адислалуудыг олж мэд.

Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байсан Шэрил A.Эсплин эгч мөн Их Эзэний ариун ёслолоор дамжуулан бидэнд санал болгодог адислалуудын талаар ийн хэлжээ.

Зураг
Шэрил A.Эсплин эгч

Биднийг ариун ёслолын залбирлуудыг сонсож, гэрээнүүдээ дагах амлалтыг дахин өгөх үед ариун ёслол нь сүнслэг байдлыг хүчирхэгжүүлэх туршлага болдог. … Бид ариун ёслолоос хүртэхдээ Бурханы Хүүг зөвхөн ариун ёслолын богинохон хугацааны туршид бус, харин үргэлж дурсан санана гэж Түүнд гэрчилдэг. …

Биднийг Аврагчийн Цагаатгалаар ирдэг гэтэлгэгч, боломж олгогч хүчийг тунгаан бодох үед ариун ёслол нь жинхэнэ сүнслэг туршлагатай болох цаг мөч болдог. …

… Санваартан ах бидний бодгалийн төлөө гараа сунган; бидэнд ариун нандин бэлгэдлийг өгч байгаа нь Аврагч нигүүлслийн мутраа сунгаад, Өөрийнх нь цагаатгагч золиосоор боломжтой болсон наманчлал, уучлал, тайтгарал, найдварын үнэ цэнтэй бэлгүүдийг хүртэхэд биднийг урьж байгаатай адил юм.

Бид ариун ёслолын ач холбогдлыг тунгаан бодох тусам энэ нь бидний хувьд улам ариун нандин, утга учиртай болдог. (“Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 12–14)

Зураг
Ариун ёслолоос хүртэж буй залуу
Зураг
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христэд итгэдэг үлгэр жишээч итгэлтэй найз эсвэл хамаатан садантайгаа холбоо барь. Тэднээс ариун ёслолын үеэр илүү хүндэтгэлтэй байхын тулд юу хийдгийг нь асуу эсвэл Аврагчийг үргэлж дурсан санахыг хэрхэн хичээн чармайдаг талаараа хуваалцахыг хүс. Суралцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад бэлэн бай.

3-р хэсэг

Би үнэхээр ариун ёслолоос хүртэхүйц зохистой эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Төлөөлөгч Паул Сүмийн гишүүдийг ариун ёслолоос хүртэхээсээ өмнө өөрсдийгөө “шалгаж” (1 Коринт 11:28) байхад урамшуулсан. Тэгээд тэр “Учир нь идэж ууж буй хүн биеийг зөв нягтлалгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна” (1 Коринт 11:29; мөн 27–28-р шүлэг; 3 Нифай 18:28–29-ийг үзнэ үү) хэмээн сэрэмжлүүлжээ. Ял шийтгэл гэдэг нь хүний өсөлт хөгжлийг хязгаарлана гэсэн үг (Судруудын удирдамж, “Ял,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Ахлагч Жон Х.Гробэрг Далын гишүүнээр үйлчилж байхдаа хувийн зохистой байдлыг үнэлэх дараах зааврыг санал болгожээ.

Зураг
Ахлагч Жон Х.Гробэрг

Хэрэв бид сайжрах (наманчлах ёстой зүйлээ мэдэх) хүсэлтэй, санваарын ямар нэг хориг хязгаарлалт тавиулаагүй бол зохистой байгаа нь тэр. Гэхдээ, хэрэв сайжрах хүсэлгүй мөн Сүнсний удирдамжийг дагах бодолгүй бол бид ариун ёслолоос хүртэхүйц зохистой байна уу эсвэл хувийн наманчлал болон өсөж хөгжих хүслийг төрүүлэх ариун ёслолын эрхэм нандин зорилгыг элэглэн тохуурхаж байна уу? гэдгээ асуух ёстой. (“The Beauty and Importance of the Sacrament,” Ensign, May 1989, 38)

 

Зураг
шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Та ариун ёслолоос хүртэхэд бэлдэхдээ, тэрхүү ариун нандин туршлагыг аль болох үр дүнтэй байлгахын тулд юу хийж болохоо бодож үзнэ үү. Өөрийн амьдралыг эргэцүүлснээр бэлтгэлээ эхлүүлж болно. Хэрэв та өөрийгөө ариун ёслолоос хүртэх зохисгүй гэж үзэж байгаа бол бишоп, салбарын ерөнхийлөгчтэйгөө цаг тохирч, асуудлаа хуваалцаж болно.