Институт
17-р хичээлд бэлтгэх материал: Үхлийг давсан Есүс Христийн ялалтаас найдварыг олох


“17-р хичээлд бэлтгэх материал: Үхлийг давсан Есүс Христийн ялалтаас найдварыг олох,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023),

“17-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Зураг
Есүс Христийн хоосон булш

17-р хичээлд бэлтгэх материал

Үхлийг давсан Есүс Христийн ялалтаас найдварыг олох

Бидний бие бол адислал юм. Эрүүл саруул үедээ тэгж бодох нь амархан. Харин өлссөн, өвдсөн, гэмтсэн эсвэл чадвараа алдсан үед ямар байдаг билээ? Гэр бүлийн тань гишүүн насны нөлөөгөөр эрүүл мэнд нь доройтохыг харж байсан уу? Эсвэл та хайртай хүнээ үхэлд алдаж байсан уу? Бие махбодын зовлон шаналал, үхлийн талаар бодохдоо Есүс Христэд болон Түүний Амилалтад итгэх итгэлээ гүнзгийрүүлэх нь хэрхэн найдвар, амар амгаланг авчирч чадах талаар эргэцүүлэн бод.

1-р хэсэг

Аврагчийн Амилалтын түүхийг судлах нь миний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Есүс Христийг цовдолсны дараа биеийг нь бунханд тавьжээ. Гурав дахь өдрийн өглөө Магдалын Мариа бунхан хоосон байгааг олж хараад, гашуудан уйлав. Хоёр тэнгэр элч түүнээс яагаад уйлж байгааг нь асуув. Тэрээр “Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй” (Иохан 20:13) гэв.

Зураг
Мариа булшны дэргэд уйлж байгаа нь
Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иохан 20:14–18-ыг уншаад, амилсан Аврагчийг харсан анхны гэрч байх нь ямар байх байсныг төсөөл. (“Надад гар бүү хүр” гэсэн хэллэгийг Иосеф Смитийн Орчуулга дээр “Намайг бүү тэвэр” хэмээн орчуулсан байдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки Их Эзэн Мариад: “Би Эцэг рүүгээ дээшлэх учраас намайг тэвэрч болохгүй” хэмээн хэлсэн байх гэж хэлжээ [The Mortal Messiah: From Bethlehem to Calvary (1981), 4:264].  

Аврагч энэ дэлхий дээрх амилсан анхны хүн байсан нь Цагаатгалын нэг хэсэг юм. Түүний сүнс төгс төгөлдөржиж, үхэшгүй мөнх бие махбодтой нь эргэн нэгдсэн. Хожмын үеийн төлөөлөгчид: “Тэрээр дахин амилсан Их Эзэний хувьд амьдралдаа хайрлаж байсан хүмүүс дээрээ ирсэн. Тэрээр бас эртний Америкт буй ‘бусад хониндоо’ (Иохан 10:16) тохинуулсан юм. Орчин үед … Тэр Эцэгтэйгээ хамт Иосеф Смит хүүгийн өмнө гарч ирсэн” гэж гэрчилжээ (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” ChurchofJesusChrist.org).

Есүс Христийн Амилалт бол судрууд дээрх хамгийн анхааралтай цэдэглэсэн үйл явдлуудын нэг юм (Russell M. Nelson, “Life after Life,” Ensign, May 1987, 8–10-ыг үзнэ үү). Аврагчийн Амилалтын талаарх гэрчлэлээ гүнзгийрүүлэхийн тулд дараах нүдээр үзсэн гэрчүүдийн түүхээс нэг юм уу түүнээс олныг унш.

Зураг
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Эдгээр түүхээс нэг юм уу хэд хэдийг уншиж байхдаа төрсөн бодол, сэтгэгдлээ хэдэн хором зарцуулан бичиж тэмдэглэ.

2-р хэсэг

Амилалтын талаарх илүү гүнзгий ойлголт нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг минь хэрхэн нэмэгдүүлж чадах вэ?

Таны бие махбод мөнхийн ач холбогдолтой бөгөөд энэ амьдрал болон дараагийн амьдрал дахь таны аз жаргалын түлхүүр юм. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд “салшгүй холбогдсон сүнс ба элемент[бие] нь баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг; мөн эдгээр нь салахад, хүмүүн баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй” (Сургаал ба Гэрээ 93:33–34) хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийн тухай үзэгдэлд харснаа “нас барагсад өөрсдийнх нь сүнс биеэс нь салаад их удсаныг боолчлол хэмээн үздэг ажгуу” (Сургаал ба Гэрээ 138:50) хэмээжээ. Бурханы хүүхдүүдийн төлөөх төлөвлөгөөнд Амилалт хэчнээн чухал болох тухай бод.

Төлөөлөгч Паул Коринтын гэгээнтнүүдэд хандан бичсэн захидалдаа, хэрэв Есүс Христ үхлээс амилаагүй байсан бол “бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно” (1 Коринт 15:14) гэж заасан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Коринт 15:17–22; 2 Нифай 9:8–9-ийг уншаад, Есүс Христ амилаагүй байсан бол бидэнд юу тохиолдох байсныг эргэцүүлэн бод.

Зураг
Есүс таван зуун хүнд үзэгдэв, Грант Ромни Клаусон

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бидэнд Амилалтын талаарх зарим нэмэлт сургаалын утга санааг ойлгоход тусалсан.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргаан болон амьдралын асуултуудад хариулсан амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан л юм бол Тэрээр бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурхан, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.

Тиймээс Түүний заасан зүйлс үнэн бөгөөд Бурхан худлаа ярьдаггүй.

Тиймээс Тэр Өөрөө хэлсэнчлэн, Тэр бол дэлхийн Бүтээгч.

Тиймээс Түүний заасанчлан, диваажин болон там нь үнэн бодитой юм.

Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.

Тиймээс тэнгэр элч нарын хэлснээр Тэр дахин ирж, “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно” (Итгэлийн тунхаг 1:10).

Тиймээс бүх хүний хувьд амилалт болоод эцсийн шүүлт байх болно. (“Есүс Христийн амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134)

Зураг
Тэр амьд, Саймон Дюви

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Аврагчийн Амилалтыг мөнхийн талаас нь харан ийн заажээ.

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Түүхийн хамгийн агуу үйл явдлууд нь хамгийн олон хүнд хамгийн удаан хугацаагаар нөлөөлдөг үйл явдлууд байдаг. Энэ жишгээр бол Эзэний Амилалтаас өөр ямар ч үйл явдал хувь хүмүүст болон үндэстнүүдэд илүү чухал байх аргагүй юм. (“The Meaning of Easter,” Ensign, Apr. 1992, 2)

Зураг
шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн Амилалтын чухал ач холбогдлыг бодон, энэ талаарх ойлголт, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж чадах вэ?

3-р хэсэг

Амилалтын талаарх гэрчлэл нь надад хэрхэн итгэл найдвар, амар амгаланг авчрах вэ?

Танд болон ойр дотнын хүмүүст тань тулгарч байсан эсвэл тулгарч байгаа бие махбодын сорилт бэрхшээлийн талаар бодож үз. Нас барсан гэр бүлийн гишүүд эсвэл дотнын найз нөхдийнхөө тухай бод. Далын ахлагч Пол В.Жонсон эдгээр хүнд бэрх мөнх бус туршлагын талаар дараах ойлголтыг санал болгосон.

Зураг
Ахлагч Пол В.Жонсон

Хүн бүрд биеийн болон оюун санааны мөн сэтгэл хөдлөлийн хязгаарлалт, сул тал гэж байдаг. Хэдийгээр эдгээр саад бэрхшээлийн зарим нь одоо хэцүү байж болох ч эцсийн эцэст шийдвэрлэгдэх болно. Биднийг амилуулагдсаны дараа эдгээр асуудлын аль нь ч бидэнд саад болж чадахгүй. …

… Амилалтын гайхамшиг, эцсийн эмчилгээг орчин үеийн анагаах ухааны хүрээнд тайлбарлаж болохгүй. Гэхдээ энэ нь Бурханы хүчнээс давсан зүйл биш юм. …

… Үр хүүхдээ оршуулан, эхнэр нөхрийнхөө авсны хажууд уйлж, эцэг эх, хайртай нэгнээ алдан эмгэнэн гашуудаж байсан бүх хүний хувьд Амилалт нь агуу найдварын эх сурвалж болдог юм. Тэднийгээ зөвхөн сүнсэн байдлаар биш, харин амилсан биетэй дахин харна гэдэг нь ямар гайхалтай хувь тохиол вэ! (Пол В.Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–113)

Зураг
Аврагч эмэгтэй рүү мутраа сунгаж байгаа нь

Амилсан Христийг нүдээр харсан гэрчийн хувьд төлөөлөгч Паул үхлийг давсан Аврагчийн ялалтад баяссан.

Зураг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Коринт 15:53–55-ыг уншаад, Аврагчийн Амилалтад итгэж найдах нь үхлийн зовлон шаналлыг хөнгөлдөг тухай эргэцүүлэн бод.

Тайлбар: Энд гардаг “үл муудах” гэсэн хэллэг нь бидний бие цаашид өгөршиж муудахгүй мөн үхэхгүй гэсэн утгатай.

Зураг
шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Та Амилалтын талаар олж мэдсэн зүйлээ гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглаж болох вэ? Таны таньдаг хүмүүсээс хэн нь Аврагчийн Амилалтын талаарх таны бодол, мэдрэмжийг сонссоноор адислагдаж болох вэ? Юу бодож, мэдэрдгээ тэр хүнтэй хуваалцах талаар бод.